| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0724/Э |
| Дугаар | 716 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 716
2020 07 29 2020/ШЦТ/716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Ц.Буянхишиг,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809017330827 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 13-нд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-2, хүүгийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Б нь хохирогч Б.Бохүүд "жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Номин" худалдааны төвийн гадна 350.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Бийг хохирогч Б.Бохүүд "жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Номин" худалдааны төвийн гадна 350.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Бөд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч М.Бөд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Бохүүд "жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Номин" худалдааны төвийн гадна 350.000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь:
хохирогч Б.Бохүүгийн "...Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Батмөнх /88198857/ эхнэр /89161218 гэх хүнд жолооны үнэмлэх гаргуулахаар 350.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэгээд уг 350.000 төгрөгийг надаас бэлнээр авахдаа 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дотор жолооны үнэлэхийг чинь гаргаж өгнө. Харин 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр надтай ирж уулзаад жолооны шалгалтаа өгөх хэрэгтэй гэж хэлэхээр нь уг хэлсэн өдөр нь утсаар нь залгаж шалгалтаа хэдэн цагаас хаана өгөх талаар асуухад жолооны шалгалт хойшилсон байгаа, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон гэж хэлсэн юм. Тэгээд тус хэлсэн өдөр нь би Батмөнх гэх хүн рүү шалгалтаа хэзээ, хаана өгч болох талаар залгаж асуухад мөн л хойшилсон, давтан шалгалтад орж болно гэж хэлсэн бөгөөд одоог хүртэл үнэмлэх гаргаж өгөөгүй ба мөнгөө буцаан авах талаар асуухад Батмөнх гэх хүн "чи ингэж болдог юм уу, удахгүй чиний үнэмлэх гарна хүлээж бай" гэж хэлээд утсаа тасалсан юм. ...Тухайн үед надаас 350.000 төгрөг хүлээж авахдаа иргэн Батмөнх нь Булганаас ирсэн 2 хүн байгаа юм хэрвээ чамайг мөнгөө өгөөд явуулбал энэ хоёр хүнийхтэй хамт яаралтайгаар гаргаад өгье гэж хэлэхээр нь итгээд мөнгөө өгсөн юм. ...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр хорооллын "Номин" худалдааны төвийн дэргэд байрлах жолооны курсыг ажиллуулдаг гэж надад хэлж зааж өгч байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Яллагдагч М.Бийн "...Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны орчимд зүс таних Б.Бохүү жолооны үнэмлэх яаралтай гаргаж авах шаардлагатай байна гэж надад хэлэхээр нь би "Энх-Орчлон хүү" гэх нэртэй жолооны курсын захирал Болдмөнхтэй утсаар яриад гаргаж өгөх боломжтой юу гэж асуухад шалгалтад нь оруулаад гаргаж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Бохүүд шалгалтад ороод гаргаж өгөх юм байна гэхэд Б.Бохүү эхний шалгалтад хоцроод ирсэн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа шалгалт нь хойшилж би тухайн үед эхнэрээсээ салж байсан учир дугаараа солиод Б.Бохүүтэй холбогдож чадаагүй. Жолооны курс-т өгөх төлбөрийг би авсан юм..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Бөд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Бөд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч М.Бөд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч М.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР