Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

Д.Одончимэгт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Б.Манлайбаатар                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                    Прокурор                            Д.Нямдэлэг

    Хохирогч                                Б.Сарантуяа

    Шүүгдэгчийн өмгөөлөгч     Г.Амартүвшин   

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 356 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бүрэнхан овогт Пүрэвдагвын Одончимэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000122 дугаартай,  3 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч П.Одончимэг нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Номадс хоспитали” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд санхүүгийн аргаар 87.305.544 төгрөгийг хувьдаа завшиж “Номадс хоспитали” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх П.Одончимэгт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 356 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Бүрэнхан овогт Пүрэвдагвын Одончимэгт холбогдох 201718000122 тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

-Яллагдагч Бүрэнхан овогт Пүрэвдагвын Одончимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Нямдэлэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Үүнд: Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасны дагуу дүгнэлт хийсэн атлаа шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн удирдлага болгосон заалтад энэ талаар дурьдаагүй, харин Шүүхийн тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар буюу хуульд байхгүй зүйл заалтаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд П.Одончимэгт холбогдох Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 356 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. П.Одончимэгийн хувьд санхүүгийн баримтанд засвар хийсэн гэж хүлээн зөвшөөрдөг ч энэ үйлдлийг талийгаач захирлын заавраар хийсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас талийгаач захирал болон П.Одончимэгийн дансны хуулгыг авч үзэхэд цалингийн данс нь нэг л данс байдаг. Талийгаач энэ данснаас гадна 2-3 данстай, нэг дансаар 20 гаруй сая төгрөг, нөгөө дансаар нь 30 гаруй сая төгрөг цалингаас гадна орсон байдаг. Ямар учраас 20, 30 сая төгрөг дансанд орж байгаа энэ байдлыг тодорхой болгох үүднээс шинжээч томилж шалгуулах шаардлагатай гэж үзсэн. Нөхөр нь бизнес хийдэг гэдэг ч би ойр зуурын мөнгө өгдөг гэсэн мэдүүлэг байдаг. Талийгаач захирлын дансанд ороод байгаа мөнгийг хэний данснаас хэзээ ямар учраас ороод байгааг шалгуулах хүсэлтэй байна” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: “...Шинжээч томилж дүгнэлт гаргуулж, дахин шүүхэд шилжүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Тодорхойлох нь:

 

Бүрэнхан овогт Пүрэвдагвын Одончимэг  нь  Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Номадс хоспитали” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд санхүүгийн аргаар 87.305.544 төгрөгийг хувьдаа завшиж “Номадс хоспитали” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх П.Одончимэгт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 356 дугаартай шүүгчийн захирамжаар:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Бүрэнхан овогт Пүрэвдагвын Одончимэгт холбогдох 201718000122 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

-Яллагдагч Бүрэнхан овогт Пүрэвдагвын Одончимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийн дагуу П.Одончимэгт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүхийн шүүгч нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой заалт болох Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгтэй хамт уг хуулинд байхгүй 33.1 дүгээр зүйлийн 6 гэсэн заалтыг удирдлага болгож, шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын     15-ны өдрийн 356 дугаартай  захирамжийг гаргасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

 

Гэвч анхан шатны шүүхийн шүүгч нь  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “...Энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэсэн заалтыг удирдлага болгон дээрх захирамжийг гаргасан байх тул Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 356 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.8 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Одончимэгт холбогдох хэрэгт дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 356 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

  Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын  2017 оны 12 дугаар сарын     11-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын      15-ны өдрийн 356  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

           

 

 

                                    ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ