Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 0027

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 13 өдөр

  Дугаар 123/ШШ2018/0027

                      Төв аймаг

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, шүүгч Ч.Одсүрэн, шүүгч Н.Дамдинсүрэн /Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/ тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн аймгийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, сонгуулийн хороог байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, П.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч М.Хатанзориг, иргэдийн төлөөлөгч Ц.Сарантуяа, нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороог байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Үндэслэл нь: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт сонгууль явагдаж, тухайн ээлжит сонгууль явагдсанаас хойш Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14, 70.5.16-д заасан заалтуудыг Монгол ардын намаас нэр дэвшсэн О.Бадарч, Ц.Доржсүрэн, Б.Баярбилэг, Б.Батзориг нар зөрчсөн болохыг Ханбогд суман дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар шийтгэвэр, мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалаар тогтоосон. Дээрх 4 нэр дэвшигч нь ийнхүү Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл 70.5.14, 70.5.16-д заасан заалтуудыг зөрчсөн учраас Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2.3-д зааснаар нэр дэвшигчдийг сонгуулийн нэрийн жагсаалтаас хасах хууль зүйн үр даавар гарч ирсэн. Энэ хууль зүйн үр дагавар буюу хууль зөрчсөн дээрх нэр бүхий  нэр дэвшигчдийг сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасах үйл хэргийг 2016 оны 04 дүгээр сард 21 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу гүйцэтгэх байсан боловч энэхүү сонгуулийн хороо нь 2016 оны 08 дугаар сард татан буугдсан. Ингээд энэ хэргийг буюу нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах, дахин сонгууль явуулах боломжгүй болоод байна. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д заасан үндэслэлээр Өмнөговь аймгийн Ардчилсан намын зүгээс Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд удаа дараа хандаж нэр бүхий этгээдүүдэд арга хэмжээ авч өгнө үү?, цаашлаад сонгуулийн хороог дахин байгуулах тал дээр асуудлыг удаа дараа тавьсан боловч ямар нэгэн тодорхой алхам хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Шалтгаан нь юу вэ гэхээр нөгөө хууль бусаар сонгуульд ялалт байгуулсан 4 хүмүүс нь өөрсдөө Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 2 нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч буюу Сонгуулийн хороог байгуулах эрх бүхий субъект байгаа юм. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйл болон 154 дүгээр зүйлд зааснаар улс төрийн нам нь аймаг нийслэлийн сонгуульд өөрсдийн нэр дэвшигчээ нэр дэвшүүлэх өрсөлдүүлэх эрхтэй байдаг. Хавтас хэргийн 1-р хавтасны 11 дүгээр хуудсанд Сонгуулийн ерөнхий хороонд Өмнөговь аймгийн Ардчилсан намын зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороог байгуулж, дахин сонгууль явуулах талаар шаардлага хүргүүлсэн. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 тоот бичгээр Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д зааснаар сонгуулийн хороог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна гэх хариуг өгсөн. Дээрх шаардлагыг буюу Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хороог байгуулах талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сугарт хүргүүлсэн байдаг. Энэ талаар үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч сонгуулийн хороог байгуулах талаар бидэнд хандаагүй учраас эс үйлдэхүй гэж байхгүй гэж яриад байх шиг байна. Бид хандаагүй биш хандсан. Ингээд бидний энэ шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй сонгуулийн хороог дахин байгуулаагүй төдийгүй нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах боломжгүй гэсэн хариуг Сугар дарга өгсөн байдаг. Ямар нэгэн байдлаар хурлаараа хэлэлцэж шийдээгүй. Тэгэхээр хариуцагчийн өмгөөлөгчийн хэлээд байгаачлан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрт гомдол гаргах ёстой гэж үзэж байгааг үгүйсгэх үндэслэл байна. Дээрх сонгуулийн маргаантай асуудлаар Сонгуулийн ерөнхий хороог байгуулахгүй байгаа эс үйлдэл нь өөрөө хууль бус байна гэж үзэж байгаа. Дээрх 4 нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдгийг шүүхээр тогтоолгох 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нөгөө сонгуулийн хороо нь татан буугдсан. Ингээд Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ямар субъект сонгуулийн түр хороог дахин байгуулах вэ гэхээр тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байдаг. Жишээлбэл Орхон аймагт ч мөн адил ийм асуудлаар сонгуулийн хороог байгуулж байсан практик манайд байдаг. Тэгээхээр хууль зөрчөөд иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын Тэргүүлэгч болчихсон хүмүүс хурал хийгээд өөрсдийнхөө нэрийг хасуулах Сонгуулийн ерөнхий хороог байгуулахгүй гацаагаад байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Гэтэл дээрх хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж, эрхийг хязгаарлаж байгаа нь өөрөө хууль бус бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэл нь өөрөө хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн ерөнхий хороог байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол хууль зөрчөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч болоод явж байгаа нь өөрөө зөв үү? Нийслэлийн давж заалдах шатны шүүх үүнийг хууль бус үйлдэл гэдгийг нь тогтоосон. Цэвэр шударгаар өрсөлдөж, өнөөдөр Монголын төрд шударга үнэнч ххүмүүс нь ажилламаар байна шүү дээ. Ийм учраас дээрх өмгөөлөгчийн хэлсэн саналыг дэмжиж байна. Товчхондоо Монгол улсын нийтлэг эрх ашиг гэж үзэж байна. Өөрсдөө хууль бусаар гараад ирсэн хүмүүс яаж шударгаар ажиллах юм бэ гэсэн шаардлагыг нэн түрүүнд тавьж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хатанзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, хурлын дарга нарын үйл ажиллагааг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулдаг. Энэ маргаад байгаа асуудал нь өөрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах гэж яриад байгаа. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах гомдлоо гаргаагүй байдаг. Хэрэв гаргасан бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хурлаараа хэлэлцээд тогтоол гаргана. Ийм зүйл гаргаагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийннэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-д хурлын даргад дээрх асуудлаар гомдлоо гаргаад, хурлын дарга цаашаа хэлэлцүүлэх саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд оруулах ёстой байгаа. Гэтэл энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй талаар 2017 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч талд хариугаа өгсөн. Учир нь өмнөх сонгуулийн үр дүн хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Хоёрт нь энэ талаарх маргааныг шүүх эцэслэн шийдээгүй байгаа гэсэн ийм л хариуг өгсөн юм. Тэгэхээр энийг эс үйлдэхүй гэж ойлгож болохгүй гэж бодож байна. Мөн үүн дээр нэхэмжлэгчийн яг ямар эрх ашиг зөрчигдсөн юм бэ? Хэрэв зөрчигдсөн гэж үзэж байгаа бол өнөөдөр мандатаа аваад бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа нэр бүхий хүмүүсийн эрхийг хүчингүй болгох асуудал яригдана. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар хууль зөрчсөний улмаас бусдын эрх ашиг зөрчигдсөнийг маргаан бүхий асуудлыг таслах шийдвэрлэх байгууллагын шийдвэрээр тогтоосон тохиолдолд хүчингүй болгоно гэж заасан. Тэгэхээр энэ маргаантай асуудлыг сонгуулийн хороо болон шүүх хүчингүй болгоогүй атал хэрхэн яаж эс үйлдэхүй болох юм бэ? Эс үйлдэхүй гэдэг чинь Захиргаа ерөнхий хуулийн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар иргэн, байгууллагын гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан үйлдлийг л эс үйлдэхүй гэж ойлгодог шүү дээ. Гэтэл энэ эс үйлдэхүй байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас Өмнөговь аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд огт хандаагүй бөгөөд хурлын даргад хандсан байдаг. Хурлын даргаас дээрх асуудлаар тодорхой хариу өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн маргаантай асуудлаар шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа тул дахин сонгуулийн хороог байгуулах боломжгүй гэж хариу өгсөн байдаг. Мөн үүн дээр дээрх нэр бүхий 4 хүнийг хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон боловч яг хэний эрх зөрчигдсөн талаар тогтоож 4 нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргаагүй. Тэгээд Хурлын Төлөөлгөгчдийн тогтоол болон нэр дэвшигчдийн бүрэн эрх хэрэгжиж байгаа тохиолдолд бидний зүгээс нэрсийн жагсаалтаас хасах болон дахин сонгуулийн хороог байгуулах боломжгүй юм. Ингэхээр ямар нэгэн эс үйлдэхүй байна гэж ойлгож болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсөн төлөөлөгч Ө.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгуулийн дүнг хүчингүй болгосон тохиолдолд дахин сонгууль явуулах хуулийн заалттай байгаа. Гэтэл өмнөх сонгуулийн дүн хүчинтэй байхад дахин сонгууль явуулах болон дахин сонгуулийн хороог байгуулах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Ямар тохиолдолд дахин сонгууль явуулах вэ гэхээр Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-т зааснаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх газрын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд дахин сонгууль явуулна гэж заасан байгаа. Хэдийгээр Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн талаар шүүхээс тогтоосон боловч энэ талаар хөөн  хэлэлцэх хугацаа дууссан учраас хариуцлагаас чөлөөлнө гэсэн ийм заалт бас байгаа. Мөн үүнээс улбаалаад нэг жишээ татахад өмнөх Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг харахад Ганбаатар нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн учраас түүнийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр шүүхээс гарсан байдаг. Ийм учраас түүнийг сонгуулийн  хорооноос нэрийг нь хассан. Үүнтэй адилаар дээрх 4 нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн боловч тодорхой нэг байгууллагаас нэрсийн жагсаалтаас албан ёсоор хасах шийдвэр гараагүй бөгөөд мөн хэний ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа нь тодорхой бус байдаг. Ийм учраас дахин сонгууль явуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

Иргэдийн Төлөөлөгч Ц.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, сонгуулийн хороог байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Харин нэхэмжлэгч талаас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  “... Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч “энэхүү нэмэгдүүлсэн шаардлагаа энэ шүүх хуралдаанд дэмжихгүй, дээрх үндсэн шаардлагаа дэмжин оролцож шийдвэрлүүлнэ” гэсэн тул нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болохыг  дурьдах нь зүйтэй байна.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч талаас, “... Сонгуулийн ерөнхий хороонд Өмнөговь аймгийн Ардчилсан намын зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгуулийн хороог байгуулж, дахин сонгууль явуулах талаар шаардлага хүргүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 тоот бичгээр Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д зааснаар Сонгуулийн хороог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна гэх хариуг өгсөн. Мөн дээрх шаардлагыг буюу Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д зааснаар сонгуулийн хороог байгуулах талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугирт хүргүүлсэн. Хариуцагч Сонгуулийн хороог байгуулах талаар бидэнд хандаагүй учраас эс үйлдэхүй байхгүй гэж яриад байна. Бид хандсан. Ингээд бидний энэ шаардлагаар тэргүүлэгчид хэлэлцэж хариу өгөөгүй, сонгуулийн хороог дахин байгуулаагүй төдийгүй нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах боломжгүй гэсэн хариуг Х.Сугар дарга өөрөө өгсөн байдаг. Тэгэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрт гомдол гаргах ёстой гэж үзэж байгааг үгүйсгэх үндэслэл байна. Дээрх сонгуулийн маргаантай асуудлаар Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэл нь өөрөө хууль бус байна гэж үзнэ. Сонгуульд 4 нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдгийг шүүхээр тогтоогдсоны дараагаар нэрсийн жагсаалтаас хасуулах гэхээр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нөгөө сонгуулийн хороо нь татан буугдсан. Ингээд Сонгуулийн тухай хуульд  зааснаар ямар субъект сонгуулийн түр хороог дахин байгуулах вэ гэхээр тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байдаг, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Цогтцэций суманд дахин сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрх зүйн үндэслэл үүссэн байхад сонгуулийн хороог байгуулахгүй байгаа нь хууль шүүхийн шийдвэрийг эс тоож, тус тойрогт шударгаар өрсөлдсөн Ардчилсан намын нэр дэвшигчид болон сонгогчдын сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна” гэж, хариуцагч талаас, “ ... Нэхэмжлэгч талаас Өмнөговь аймгийн хорооноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд огт хандаагүй бөгөөд хурлын даргад хандсан байдаг. Хурлын даргаас дээрх асуудлаар тодорхой хариу өгсөн. Өөрөөр хэлбэл сонгуулийн маргаантай асуудлаар шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа тул дахин сонгуулийн хороог байгуулах боломжгүй гэж хариу өгсөн байдаг. Мөн үүн дээр дээрх нэр бүхий 4 хүнийг хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон боловч яг хэний эрх зөрчигдсөн талаар тогтоож 4 нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргаагүй. Тэгээд Хурлын Төлөөлөгчдийн тогтоол болон нэр дэвшигчдийн бүрэн эрх хэрэгжиж байгаа тохиолдолд бидний зүгээс нэрсийн жагсаалтаас хасах болон дахин сонгуулийн хороог байгуулах боломжгүй юм. Ингэхээр ямар нэгэн эс үйлдэхүй байна гэж ойлгож болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож ... өгнө үү гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Маргааны үйл баримтаар, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан нам нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 01 тоот албан бичгээр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Сугир танаа гэж хаяглан “...Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 мандат бүхий 14 дүгээр тойрог буюу Цогтцэций суманд ... нэр дэвшсэн ... нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 тоот магадлалаар тус тус тогтоогдсон. ...Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар Цогтцэций суманд дахин сонгууль явуулах нөхцөл үүссэн. Иймд хууль шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж дахин сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар байгуулахыг шаардаж байна” гэсэн шаардлагыг хүргүүлсэн байна. [1]

Үүнд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х. Сугираас 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 20 дугаартай албан бичгээр “... Шүүхийн магадлалд нэр бүхий 4 гишүүнд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлсэн нь дахин сонгууль явуулах нөхцөл болохгүй юм. Шүүхийн магадлалд дахин сонгууль явуулах болон иргэдийн төлөөлөгч нарыг сонгосон сонгуулийн дүнг хүчингүй болгоогүй байна. ... Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д “сонгуулийн дүнг гаргасан шийдвэр хүчингүй болсон” тохиолдолд дахин сонгууль явуулах шийдвэрийг сонгуулийн хороо гаргаж, зохион байгуулахаар заасан байна. Иймд шүүхийн шийдвэр болон хуулиар сонгуулийн хороог байгуулан дахин сонгууль явуулах эрх зүйн боломж байхгүй байна” гэсэн хариуг өгчээ.[2]

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...Монгол Ардын намаас нэр дэвшсэн нэр бүхий 4 хүн нь хууль зөрчсөн нь тогтоогдсон. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар хууль зөрчсөн нь тогтоогдох л юм бол тухайн нэр дэвшигчийг жагсаалтаас хасах л ёстой. Энэ үйлдэл бол нэг талаасаа хүний сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж, нөгөө талаасаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа хэрэг гэж ойлгож байгаа. Үүнийг л зогсоох гэж хуулийн агуулга байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл шударгаар өрсөлдөх боломж олгоогүй, шударга сонгууль явагдаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа нь тогтоогдож байгаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчд нь хуульд зааснаар тухайн асуудлыг шийдэрлэх эрх үүрэг бүхий сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэл нь өөрөө хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороог байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж, ... орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшүүлэх, сонгуульд шударгаар өрсөлдөх эрх зөрчигдөж байгааг сэргээж өгнө үү“ гэж, хариуцагчаас “ ... Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-т зааснаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх газрын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд дахин сонгууль явуулна гэж заасан байгаа. Хэдийгээр Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн талаар шүүхээс тогтоосон боловч энэ талаар хөөн  хэлэлцэх хугацаа дууссан учраас хариуцлагаас чөлөөлнө гэсэн ийм заалт бас байгаа, мөн тэргүүлэгчдэд хандаагүй, даргад хаяглан хандсан нь өөр этгээдэд хандсан учир энд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй байхгүй” гэж үндэслээ тус тус тайлбарлажээ.

Үүнд холбогдуулан хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай” 8 дугаартай шийтгэвэрт [3] “... нэр дэвшигч О.Бадарч, Ц.Доржсүрэн, Б.Баярбилэг, Д.Батзориг нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосугай” гэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Л.Энхболд, Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нарт холбогдох захиргааны зарчлийн хэргийн тухай” 82 дугаартай магадлалд “... Нэгэнт зөрчил гаргагч Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нар Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдож байх тул тэдгээрийг гэм буруутай гэж үзнэ ...” [4]  гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч энэ шалтгаанаар буюу дээрх шийдвэрүүдэд заасан  Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14-т “сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах”, 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэсэн зөрчил гаргасан гэм буруутай болох нь тогтоогдсон байгаагаар сонгуульд шударгаар өрсөлдөх эрх зөрчигдсөн, улмаар хуулийн дагуу сонгуульд шударгаар өрсөлдөх эрхийг хангах асуудлыг шийдвэрлэх этгээдийг байгуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж тайлбарлах бөгөөд эндээс дээрх асуудлыг шийдвэрлэх этгээд буюу аймгийн Сонгуулийн хороо нь хуульд нийцүүлэн хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай болжээ.

Гэтэл тухайн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсэний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно”, 159.4-т “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж тухайн аймгийн Сонгуулийн хороо хэлэлцэж шийдвэрлэхээр байх тул асуудлыг шийдвэрлэх этгээдийг хариуцагч талаас байгуулж өгөхгүй байгаа буюу Сонгуулийн хороог байгуулахгүй, тус хорооны өмнөөс урьдчилсан дүгнэлт өгч байгааг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй”, 155 дугаар зүйлийн 155.1-т “Нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлнэ” гэж сонгуулийн хууль зөрчсөн болохыг хэрхэн тогтоох болон нам нь сонгуульд сонгуульд оролцох эрхтэй болохыг тодорхойлсноос гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн хороог байгуулах эрх хэмжээг тодорхойлсон, түүнчлэн тухайн хуулийн  32 дугаар зүйлийн 32.1.2-т “сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах”, 32.1.4-т “өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, албан бичигт эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгөх, шийдвэрлэх” гэж зааснаар Аймгийн Сонгуулийн хороо нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхолыг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй этгээд нь болох учир хариуцагчийн “сонгуулийн дүнг хүчингүй болгосон шийдвэр огт байхгүй” гэсэн тайлбар нь тус асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдийг бий болгоогүй байж, урьдчилан дүгнэлт хийсэн үндэслэлгүй тайлбар буюу хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл болж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан нам нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 01 тоот албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Сугир танаа гэж хаяглан хүргүүлсэн байх боловч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ... Сонгуулийн хороог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар байгуулахыг шаардаж байгаагаа тодорхой илэрхийлсэн, түүн дотор 4 хүн сонгуульд хууль бусаар өрсөлдсөн болох нь шүүхийн шийвэрээр тогтоогдсон гэсэн үндэслэл дурьдсан байх ба энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” гэж зааснаар хурлын дарга өөрөө бие даан хариу өгөх эрхгүй буюу Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх эрх хэмжээтэй байсан гэж үзэхээр байна. Үүнээс нэхэмжлэгч тал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Сугир танаа гэж гаргасан шаардлагыг тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан гаргаагүй гэсэн хариуцагчийн тайлбар нь үгүйсгэгдэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх” гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн судлан шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байгаагаар тус Хурлын Тэргүүлэгчидийн эс үйлдэхүй байхгүй гэсэн нь үндэслэлгүй тайлбар болох нь тогтоогдож байна.

Дээрхээс хариуцагч талаас “тухайн хүмүүст арга хэмжээ авсан” гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хууль зөрчсөн хувь хүний тухайд захиргааны арга хэмжээг нь хөөн хэлэлцэх хугацаагаар торгууль төлөх хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн боловч, хууль зөрчсөн гэм буруутайг тогтоосон шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Сонгуулийн хуульд зааснаар сонгуульд нэр дэвшигч нарын тэгш шударгаар өрсөлдөх, Сонгуулийн хуульд заасан эрхийг хангах асуудлыг шийдвэрлээгүй буюу энэхүү асуудлыг шийдвэрлэх этгээдийг бий болгуулах, түүгээр асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагчид хандан, түүний эрх хэмжээний хүрээнд хуульд заасан асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдийг байгуулан бий болгож, хуульд заасан арга журмын дагуу асуудлыг шийдвэрлүүлэх эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж,  уг асуудлыг шийдвэрлэх этгээдийг бий болох буюу тухайн шатны сонгуулийн хороог байгуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.4, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 14 дүгээр зүйлийн 14.1,  31 дүгээр зүйлийн 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4, 155 дугаар зүйлийн 155.1,  159 дүгээр зүйлийн 159.1, 159.3, 159.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан намын Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороог байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан намаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан намд олгосугай.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ЗОРИГТБААТАР

                                                     ШҮҮГЧ                              Н.ДАМДИНСҮРЭН

                                                     ШҮҮГЧ                              Ч.ОДСҮРЭН

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэрэг 1-ийн 13 дахь тал

[2] Хавтаст хэрэг 2-ын 14 дэх тал

[3] Хавтаст хэрэг 1-ийн 40-43 дахь тал

[4] Хавтаст хэрэг 1-ийн 6-10 дахь тал