Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0078

 

 

 

 

 

 

 

 

                         Н.Бын нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Н.Б

Нэхэмжлэгч Н.Б

Хариуцагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/439 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 702 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0323/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Баас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд холбогдуулан “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/439 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 702 дугаар шийдвэрээр: 

“...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан Н.Бын нэхэмжлэлтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд холбогдуулан гаргасан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/439 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... 1.Тус шүүхийн шинжилгээний алба нь анх /2009 он/ байгуулагдахдаа дэд даргын орон тоотой байсан ба 2015 оноос дэд даргын орон тоог шинжилгээний асуудал хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн болгон өөрчилсөн байдаг. Үүний дараа ШШҮХ-ийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны орон тооны дээд хязгаарыг батлахдаа Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын орон тоог нэмэгдүүлж өгсөн.

Миний бие Захиргаа, хангамжийн асуудал хариуцсан дэд даргаар томилогдсоноос хойш тус албаны материаллаг баазыг бэхжүүлэх албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байсан.

Аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь босоо удирдлагатай байгууллага тул орон нутгийн төсвөөс ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгддэггүй, албан хаагчдын ажиллах нөхцөл, техник хэрэгсэл дутмаг байсныг орон нутгийн удирдлагуудад ойлгуулан ажиллаж байх хугацаандаа албаны материаллаг баазыг эрс сайжруулан ажилласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны орон тоо, албан тушаалын цол ангиллыг батлаад, манай байгууллага өөрсдөө дотроо хаанаа юу юу хэрэгтэй вэ гэдгийг шийдээд захирлын тушаалаар аймгуудын бүтэц, орон тоог баталдаг” гэж тайлбарласан байна. Үүнээс харахад шаардлагатай үедээ захирлын тушаалаар шинэ орон тоо бий болгож асуудлаа шийдвэрлүүлж, материаллаг баазаа бэхжүүлж авсны дараа “манай бүтцэд ийм орон тоо анхнаасаа байхгүй байсан” гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх гэсэн явуургүй санааг хэрэгжүүлж үүндээ гэр бүлийг минь хүртэл татан оролцуулах гэж хичээж буй нь Төрийн албанд байж боломгүй ёс зүйгүй асуудал гэж үзэж байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад миний ажиллаж байсан орон тоог байхгүй болоогүй, ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газарт шилжүүлж, криминалистикийн шинжилгээний газар шинээр дэд даргын орон тоотой болсон.

2.Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцжээ” гэсэн дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгохоор заасан.

Хуулийн дээрх заалтын агуулга нь албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаа бөгөөд миний тохиолдлын хувьд байсан орон тоо нь хасагдсан шийдвэр огт байхгүй, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны дэд даргын орон тоог ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газарт шилжүүлсэн атлаа орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 702 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/42, 2020 оны Б/216 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцэд аймгийн шүүхийн шинжилгээний албанд Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаал, орон тоо батлаагүй, гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар батлагдаагүй албан тушаал, орон тоонд буюу Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд нэхэмжлэгчийг томилон ажиллуулж байсан нь хууль зөрчсөн шийдвэр бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.   

Нэгэнт Сайдын тушаалаар батлагдсан орон тоонд тусгагдаагүй албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон тул хариуцагчийн 2020 оны Б/439 дүгээр тушаалаар Н.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримталсныг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзнэ.  Энэ тохиолдолд хуулийн дээрх заалтын дагуу мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэлгийг авах эрх нэхэмжлэгчид үүсч, улмаар маргаан бүхий тушаалд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгосон нь хуульд нийцжээ.

Харин Орхон аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний албаны дэд даргын орон тоог ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газарт шилжүүлсэн талаарх гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

Учир нь тухайн орон тоог шилжүүлсэн шийдвэртэй бус өөрийг нь ажлаас чөлөөлсөн хариуцагчийн тушаалтай маргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх нь зөв.

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлын хариуцлага алдсан, эсхүл үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй тул давж заалдах гомдлын “…Захиргаа, хангамжийн асуудал хариуцсан дэд даргаар томилогдсоноос хойш тус албаны материаллаг баазыг бэхжүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байсан…” гэх тайлбараар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан орон тоо, бүтцийн талаар дүгнэлт өгөх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудал болох бөгөөд Сайдын тушаалыг үндэслэж гарсан хариуцагчийн шийдвэрийг хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН