Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01215

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаар шийдвэр,

архан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: С.Б

         Хариуцагч: “Д” Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-д холбогдох

   Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,071,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би “Д” ТӨХК-д харуулаар ажиллаж байгаад ажлаас халагдсан. Шүүх 2017-03-16-ны өдөр ажилд эгүүлэн тогтоох тухай 311 дугаар шийдвэр гаргасан боловч ажилдаа ороогүй байна. Иймд  ажилгүй байгаа хугацааны цалинтанцэх хэмжээний олговорт 4,071,4480 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг ажлаар хангах ёстой гэж дурдсан. “Д” ТӨХК-ийн харуулын албанд 4 орон тоо байсан боловч 2015 онд 5 хүн ажиллаж байсан учир  С.Быг ажилд эгүүлэн тогтоож ажиллах орон тоо байгаагүй. С.Бын хувьд өөрийнх нь ажлын байр байгаагүй, харуулын албаны дарга н.Туяатай хувийн таарамжгүй харилцаатай, маргаантай байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2017 оны 09 дүгээр сараас эхэлсэн. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон байдал, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан нэхэмжлэгчид 1.000.000 гаруй төгрөг шилжүүлсэн. Иймд С.Бод дахин ажилгүй байсан хугацааны цалин гаргаж өгөх боломжгүй гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан 3.411.240 төгрөгийг “Д” ТӨХК-иас гаргуулан С.Бод олгож, нэхэмжлэлээс 660.240 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  төрийн санд тушаасан нийт 75.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75.700 төгрөг гаргуулан С.Бод олгож шийдвэрлэсэн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Д” ТӨХК-с 4,071,480 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80.093,68 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

       Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Д” ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлаар харуулын албаны орон тоог 2015-2016 онуудад 4 хүнээр баталж тогтоол гарсан байхад урьд нь захирлаар ажиллаж байсан н.Чинбат нь 4 орон тоон дээр 5 хүнийг ажиллуулснаас болж одоо хүртэл ажлын байрны маргаан тасрахгүй, байгууллагад цалин хөлс төлөх хохирол үүсээд байгаа юм. Энэ асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар удаа дараалан авч хэлэлцсэн. Шүүх  орон тоо байхгүй тохиолдолд ажлаар хангах тухай үүрэг болгосны дагуу нэхэмжлэгчийг 2017-12-15-ны өдөр цалин хөлсийг бууруулахгүйгээр Дулааны станцын түлш дамжлагын машинчийн орон тоон дээр ажиллуулахаар тушаал гарсан. Гэтэл С.Б байгууллага дээр хүрэлцэн ирэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, харилцан тохиролцох талаар ярилцахгүй зөвхөн шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гэж яваад байгаа нь ажил хийхгүй зөвхөн мөнгө авах сонирхолтой гэж үзэхээр байгаа. Манай байгууллага заагдсан орон тооны хүмүүсийг ажиллуулж цалин хөлс олгох үүрэгтэй бөгөөд дахин нэг хүнийг халах нь Хөдөлмөрийн хуулийг зөрчихөд хүргэх тул С.Быг харуулын албанд ажиллуулах боломжгүй гэдгийг шүүх анхаарч үзэхгүй бодит байдалд нийцэхгүй хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Түүнчлэн, С.Бод 2017-03-17-ны өдрөөс 2017-11-30-ны өдөр хүртэл ажлын хоног 179 хоног байхад шүүх энэ хоногийг анхаарч үзэхгүй хуанлийн хоногоор амралтын болон баяр ёслолын өдрүүдийг оруулан буруу тооцож цалин хөлс гаргасан. Иймд  шийдвэр, магадлалыг хянан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          С.Б 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  шаардсан /хх 1, 27-28, 39/  байна.  

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...2017-03-17-ны өдрөөс 2017-11-30-ны өдөр хүртэлх хоногт... нэг өдрийн цалинг 18,340 төгрөгөөр тооцож 3,411,240 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэжээ. 

         Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангахдаа  “...шүүх  ажилгүй байсан хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тооцсон нь буруу...” гэсэн дүгнэлт хийсэн байв.

        Хариуцагч хяналтын гомдолдоо “...нэхэмжлэгчийг харуулын албанд ажиллуулах боломжгүй, орон тоо байхгүй тул цалин хөлсийг нь бууруулахгүйгээр түлш дамжлагын машинчаар ажиллуулах тушаал гаргасанг шүүх анхаарч үзсэнгүй... түүнчлэн, шүүх ажлын хоногийг буруу тооцож цалин хөлс гаргасан...” гэсэн үндэслэл заажээ. 

       “Д” ТӨХК-ийн гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1/. Ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

        С.Быг “Д” ТӨХК-ийн харуулын ажилд эгүүлэн тогтоох, 2016-12-17-ны өдрөөс 2017-03-16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 1,137,080 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай 311 дүгээр шийдвэрийг Дархан-уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017-03-16-ны өдөр гаргасныг  Дархан-уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017-05-08-ны өдөр хянаж, 71 дугаартай  магадлал гаргажээ.     

        Нэхэмжлэгчийг Д ТӨХК-ийн харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос 1,137,080 төгрөг гаргуулах тухай шийдвэр хүчин төгөлдөр  байх тул хариуцагч нь С.Быг харуулын ажилд эгүүлэн авах үүрэгтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт нийцсэн байна.

        “...орон тоо байхгүйгээс нэхэмжлэгчийг харуулын албанд ажиллуулах боломжгүй байсан...” нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох буюу шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй юм.  

         2. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

        Дархан-уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-03-16-ны өдрийн 311 дүгээр шийдвэр биелэгдээгүй нь тогтоогдсон тул С.Б уг шийдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

       Харин давж заалдах шатны шүүх олговрыг С.Б ажилгүй байсан бүх хугацаагаар тооцоогүйгээс гадна тооцооны алдаа гаргасан, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг  дутуу тооцсон мөн хариуцагчийн гомдлын талаар магадлалын “тогтоох” хэсэгт заагаагүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  Тодруулбал:

         а/. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2017-03-17-ны өдрөөс 2018-01-23-ны өдрийг дуустал хугацаагаар тооцсон нь дутагдалтай болжээ.

         С.Бын нэхэмжлэлийн агуулгаас үзвэл тэрээр Дархан-уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-03-16-ны өдрийн  шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан бүх хугацааны олговорыг шаардсан /хх 1, 27, 39/ байна.

         Иймд 2017-03-17-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2018-02-11-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож, нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд нийцнэ.

         2017-03-17-ны өдрөөс 2018-02-11-ний өдрийг дуустал 220 хоног, нэг өдрийн цалин 18,340 төгрөг байх тул нийт 4,034,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг магадлалд оруулна. Олговол зохих 4,034,800 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг хасаж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт холбогдох бичилтийг хийх нь хариуцагчийн үүрэг болно. 

         б/. С.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017-11-28-ны өдөр 100 төгрөг болон 75,600 төгрөг /хх 3, 4/, 2018-01-23-ны өдөр 9.000 төгрөг /хх 40/ нийт 84,700 төгрөг төлснийг шүүх магадлалд дутуу тусгасан байх тул залруулах нь зүйтэй гэж үзлээ. 

        в/. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс гадна хариуцагч /хх 82-83, 92/ гомдол гаргасан бөгөөд шүүх гомдлыг хэлэлцэж /хх 96-98/ хангаагүй атлаа энэ талаар магадлалд заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д нийцээгүй байна.   

        Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг  хангав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...4.071.480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бод олгосугай..” гэснийг “...4,034,800 төгрөг гаргуулж С.Бод олгож, нэхэмжлэлээс 36,680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ... ” гэж., “...төлсөн 75.700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ТӨХК-с 80.093,68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Бод олгосугай...” гэснийг “...төлсөн 84.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Д”ТӨХК-с 78,967 төгрөг гаргуулж, С.Бод олгож, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 80.093,63 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ