| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0067/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/72 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2025000680075 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Аийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сум Жаргалант баг *** тоотод Б.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар нь гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй гэх мэдүүлэг
-Хохирогч Б.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...” 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн нөхөр Аийн хамт найз Б-н гэрт очсон. Манай найзууд болох Б , Б нар хамт явсан. .. бид нар 3 шил архи хувааж уусан. Манай нөхөр согтоод эмэгтэй хүний тухай яриад байхаар нь би нөхөр Аийн зүүн талын хацар орчим нэг удаа алгадсан. Гэтэл нөхөр маань зөрүүлээд намайг цээж рүү түлхээд газар унагасан. Би газар унахдаа зүүн талаараа унасан. Босоод ирэхэд зүүн мөр, гуя хэсэг хөндүүр болсон байсан. Нөхөр бид хоёрыг Батнаран салгасан. Өөр зүйл болоогүй. Тухайн үед би өөрөө бас согтсон байсан. Өөр зодоон цохион болоогүй. ......Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний мөр тухайн үед хөхөрсөн байж байгаад хэд хоноод зүгээр болчихсон юм. Нөхөр бид 2 одоо эвлэрсэн байгаа ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р , 38-р хуудас/
-гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: ...” А яаж байгаа юм бэ гэж хэлээд эхнэр С гийнхаа цээж рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Эхнэр С нь газар орны булан хавьд унасан. Тэгэхлээр нь би Аийг очиж салгасан ’’ гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
-шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 133 дугаартай ... Б.С-н биед цээжний зүүн урд хэсэг, зүүн мөр, зүүн гуяанд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/
-гэрч Ц.Ч-н мөрдөн байцуаалтад өгсөн: ....гэтэл Аийн эхнэр С чи намайг хүмүүсийн хажууд доромжлоод байна гээд Аийг нэг удаа хацарт нь алгадаад авсан. Гэтэл А чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд манай том өрөө рүү эхнэр С гаа аваад орсон. Тэгээд удаагүй байтал С ёо ёо гээд хашгирсан. Энэ үед манай нөхөр тэр хоёрын араас очиж салгасан. Намайг том өрөөндөө ороход С газар уначихсан байсан. Манай нөхөр Батнаран Аийг салгаж байсан. Өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сум Жаргалант багийн *** тоотод согтуурсан үедээ эхнэр Б.С-тай маргалдаж цээж рүү нь цохиж унаган биед нь цээжний зүүн урд хэсэг, зүүн мөр, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 133 дугаартай дүгнэлтээр Б.С-н биед учирсан цээжний зүүн урд хэсэг, зүүн мөр, зүүн гуяанд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана” гэж дүгнэсэн ,шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Б.Аийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв,прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сум Жаргалант багийн *** тоотод Б.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа маргахгүй байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Б.С нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн /хх-ийн 45-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Б.Аийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А