Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/112

 

                          

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тд холбогдох эрүүгийн 2025000630068 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Т

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Тг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 1-26 тоотод хамтран амьдрагч Ц.Батхуягийн нуруу, гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй гэх мэдүүлэг,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/

-Шүүгдэгч С.Тгийн согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 11-р хуудас/

-Хохирогч Ц.Батхуягийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  “...Тэр өдөр өглөө Т бид хоёр нийгэмшүүлэх байрнаас гараад хорооллын эцэс дээр очоод Үрлээ, Соёлоо нартай тааралдаад гэрт нь буюу Рашаантын 1-26 тоотод хамт очсон. Бид нар 2 шил 0,75 литрийн архи аваад хувааж уусан. Би хоёр дахь шилтэй архийг ууж байхдаа нэлээн согтсон. Тэгсэн чинь гэнэт Т намайг хутгаар нуруу, гуя руу 2 удаа хутгалсан. Тухайн үед Т намайг яагаад хутгалсан талаар би огт мэдэхгүй байна. Манай хүн /Т/ архи уусан үедээ ааш авиртай болчихдог. Бид хоёр юунаас болж маргалдсан, яагаад намайг хутгалсан гэдгийг би огт мэдэхгүй байна. Би эмчилгээ хийлгээгүй биеийн байдал хэвийн байна, надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/

-Гэрч Гэрч П.Алтмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ..“...2020 оны 01 сарын 16-ны өдөр Рашаант баг 1-26 тоотод төрсөн эгч П.Соёлмаагийн гэрээс гурил будаа авах гээд хашаагаар нь ортол гэрээс зүс таних Т гэдэг эгч гартаа хутга барьчихсан өөдөөс ирэхээр нь юун хутга барьчихсан юм бэ гэж асуухад Хуягаа ахыг чинь хутгалчихлаа гэхээр нь би гартаа барьчихсан хутгыг нь булааж аваад Т эгчийг дагуулаад байшин руу ортол манай эгч Соёлмаа нөхөр Хүрэлбаатарын хамтаар орон дээр хэвтэж байсан харин Хуягаа ах орон дээр гуя хэсгийн өмд нь цус болчихсон нэвтрээд цус гоожоод байхаар нь би эмнэлэг дуудсан. Би Т эгчээс яагаад та Хуягаа ахыг хутгалсан юм бэ гэж асуухад “яадаг юм, дургүй хүргээд байхаар нь хутгалсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

-Гэрч М.Алтанбекийн мөрдөн байцаалтад өгсөн ”... тэр өдөр би ажлын байран дээрээ ажлаа хийж байхад яаралтай түргэн тусламжийн төв дээрээс яаралтай хүн ирлээ гэхээр нь би яваад очтол 50 орчим насны эрэгтэй бусдад хутгалуулсан гэх өгүүлэмжтэй ирсэн байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

-гэрч П.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд сэрсэн чинь манай төрсөн дүү Алтмаа манай гэрийн хутга барьчихсан орж ирээд Т Хуягаа ахыг хутгалчих байна шүү дээ би хутгыг нь булаагаад авчихлаа гэж хэлээд орж ирсэн. Манай гэрийн буйдан шал дээр цус болчихсон байсан. Т Батхуягийн нуруу гуя хэсэгт хутгалсан байсан. Тэгээд Алтмаа эмнэлэг цагдаа дуудсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 131 дугаартай, Ц.Батхуягийн биед нуруу, баруун гуянд шарх үүсчээ. Нуруунд үүссэн ангархай шарх нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, нурууны нэг шарх, баруун гуяны шарх нь мэс заслын оёдолтой байх тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. Дээрх шархнууд нь тус бүрдээ эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 2020 оны 01 сарын 16-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх- ийн 26-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаартай “Ц.Батхуягийн биенээс авсан цусанд этилийн спирт илэрч байна. Ц.Батхуягийн биенээс авсан гэх цусанд 3,00 промилл процент этилийн сирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай “С.Тгийн биенээс авсан цусанд этилийн спирт илэрч байна. Ц.Батхуягийн биенээс авсан гэх цусанд 2,05 промилл процентэтилийн сирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 1-26 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Батхуягийн нуруу, гуя хэсэгт хутгаар хатгаж биед нь нуруу, баруун  гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 131 дугаартай дүгнэлтээр Ц.Батхуягийн биед нуруу, баруун гуянд шарх бүхий гэмтэл учирсан бөгөөд тус гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана” гэж дүгнэсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч С.Тгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд санаатай халдаж хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Тг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 1-26 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Батхуягийн нуруу, гуя хэсэгт хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа маргахгүй байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Би их согтуу байсан, үйлдлээ сайн мэдэхгүй байгаа. 70 хувийн группт байдаг. Группийн мөнгөөрөө байр түрээслэж амьдардаг. Торгуулийг төлөх болно. Дахин архи уухгүй гэжээ.        

 Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.Батхуяг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, Монгол стандарт нэртэй 0.75 литрийн архины шил 2 ширхэг, Монгол стандарт нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт С.Тг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.Тгийн цагдан хоригдсон 06 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, торгох ялын 15 нэгжийг цагдан хоригдсон нэг хоногтой дүйцүүлэн ялаас 90,000 төгрөгийг хасаж эдлэх ялын хэмжээг 360 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6 сарын хугацаанд, сард 60,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, Монгол стандарт нэртэй 0.75 литрийн архины шил 2 ширхэг, Монгол стандарт нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ