| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0104/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/111 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1925006500076 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Бийг 2019 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-50 дугаар байрны орчмоос НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 1.74 граммыг бэлтгэсэн, улмаар уг ургамлаа 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 09 сарын 08-ныг хүртэл хугацаанд Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-50 дугаар байрны урд талын гаражийн хаалганы хажуу дахь бетон хашлага, төмөр хайс хоёрын дунд хийж хадгалсан/яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн мэдүүлсэн “2019 оны 6 дугаар сард Улаанбаатар хотоос ирээд 3-50-р байрны хажуу хайсны дотор “өвс” байхаар нь жаахныг авч тэнд нь хатаасан. 8 дугаар сард найзтайгаа уулзахдаа биедээ аваад явж байсан. Би энэ ургамалыг хэрэглэхгүй байя гэж хичээсэн боловч харагдангуут түүсэн. Хэрэглэсний дараа ядрангуй сэтгэл санаа уналтын байдалтай болдог. Хааяа хий юм харагддаг. 2016 оноос хааяа хэрэглэдэг болсон. Ялаа эдэлж байх хугацаанд энэ юмнаас гарч сална гэж бодож байна. Ээждээ тусалж байгаагүйдээ харамсаж байна. Би хичээх болно, өөрийгөө ялсан болохоо харуулна” гэсэн мэдүүлэг,
- Хүний биед болон гадуур хувцасанд үзлэг хийж,....2ш тусдаа уутанд боосон нийт 1,74 гр ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас 1ш зэрэг зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11-р хуудас/
- Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-14-р хуудас/
-Гэрч Б.Даариймаагийн мэдүүлсэн“...2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжиж шөнө би эрүүлжүүлэх баривчлах байрны эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Эрүүлжүүлэх байрны цагдаагаар цагдаагийн дэд ахлагч П.Бямбасүрэн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн шөнө хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар зөрчил гаргасан гэх Б гэдэг нэртэй хүнийг эрүүлжүүлэх баривчлах байранд авчирсан. Бийг хүлээн авахдаа биед нь Бямбасүрэн үзлэг хийхэд нунтаг ургамал мэт зүйл гарч ирсэн гэж надад хэлсэн. Би очиж харсан. Энэ талаар тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байгаа жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдсэн. Б нь ямар ч байсан архи уучихсан байсан, хэр зэрэг согтолттой байсан талаар би санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
-Гэрч П.Бямабсүрэнгийн мэдүүлсэн “...2019 оны 09 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө би эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн шөнө хөдөлгөөнт эргүүлийн цагдаа Эрдэнэбаяр, Учралсайхан нар зөрчил гаргасан гэх Б гэдэг нэртэй хүнийг эрүүлжүүлэх баривчлах байранд авчирсан. Бийг хүлээн авахдаа биед үзлэг хийхэд нунтаг ургамал мэт зүйл гарч ирсэн гэж надад хэлсэн. Тухайн үед эрүүлжүүлэх баривчлах байрны эмч Даариймаа болон хөдөлгөөнт эргүүлийн цагдаа Эрдэнэбаяр, Учралсайхан нар хамт байсан. Энэ талаар тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байгаа жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5113 дугаартай ...“... 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “....Шинжилгээнд ирүүлсэн Б.Бээс хураан авсан 1.74 гр” гэж хаягласан жижиг уутанд болон тамхи мэт ороосон ургамал мэт зүйл, нийт 1.7441 грамм ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бээс хураан авсан 1.74 гр” гэж хаягласан жижиг уутанд болон тамхи мэт ороосон ургамал мэт зүйл нийт 1.7441 грамм ургамалд тус тус дельта-9-тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9- тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг. Шинжилгээнд зориулж ирүүлсэн жижиг уутанд болон тамхи мэт ороосон ургамал мэт зүйлээс 0,1 граммыг зарцуулсан болно....” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/
- Орхон амайг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 34-39-р хуудас/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 69-70-р хуудас/
-Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн Б.Б нь мансууруулах төрлийн бодис хэрэглэснээр одоо тухайн бодист онош хөнгөн хэлбэрийн хамаарал гэсэн эмгэгтэй байна. Б.Б нь эмчийн хяналтанд байдаггүй, эмчилгээ хийлгэж байгаагүй. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Б.Б нь мансууруулах төрлийн бодис агуулсан ургамалд донтолтгүй байна. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй” гэх дүгнэлт /хх-ийн 72-74-р хуудас/
- Яллагдагч Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 06-р сард 3-50-р байрны урд талын байрны хайсан дотор мансууруулах төрлийн ургамал ургасан байсан. Тэгэхээр нь би жаахныг түүж аваад хатаагаад гялгар уутанд хийгээд өвс түүсэн газраа гаражийн хажуугаар хийгээд нуугаад хэсэг хугацаанд үлдээчихсэн юм. 2019 оны 09 –р сарын 08-ны өдөр найз Одбаяртай уулзахаасаа өмнө нуусан өвсөө аваад найзтайгаа Соёлын ордны урд уулзсан...Одбаяр найз маань стакан хагалчихсан үл ойлголцон улмаар нь эзэн нь цагдаад дуудлага өгөөд бид нарыг эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлэх байран дээр ирээд миний биед цагдаа нар үзлэг хийгээд байж байтал нөгөө гялгар уутанд болон ороодог тамхи шиг ороочихсон байсан мансууруулах төрлийн ургамал миний биенээс гаргаж ирээд тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 65-66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын 08-ныг хүртэл хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 3-50-р байрны хашаанаас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтггэж, мөн тэнд нь хадгалсан ба 2019 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө биедээ авч явж байсан болох нь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд хүргэгдэж үед илэрсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримт бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Бийн, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан ”дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд-өвсийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон...сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан... гэмт хэргийн шинжтэй, санаатай, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгчийн үйлдэл хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэжээ. Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна.
Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг, 3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно гэж тус тус заасан.
Мөн хуулийн 13.1-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох өвсийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд “Гэм буруугаа хүлээж, хариуцлагатайгаар уучлал гуйж, өөрийгөө ялна гэдэгтээ итгэлтэй байгаа. Энэ үйлдэл нь өмнөх тогтоол гарахаас өмнөх үйлдэл тул анх удаагийн хэрэг гэж үзнэ. Гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа тул хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэж мэтгэлцжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “анх удаагийн хэрэг” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч урьд 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үйлдэлдээ 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгүүлсэн ба 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр прокурорын дүгнэлтээр, шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Харин энэ удаагийн хэрэг нь өмнөх шийтгэл тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг байх тул үйлдлийн хувьд анх удаа” гэж үзэхгүй юм.
Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Шүүгдэгчийн насны байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэрэг хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзсэн ба оногдуулах хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэгтгэж эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.74 грамм нунтаг ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг заалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н овгийн Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон 2020 оны 47 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.74 гр нунтаг ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч,иргэний нэхэмжлэгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ