| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0113/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/131 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч Л.Сосорбурам
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Эд холбогдох эрүүгийн 2025000820083 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Э
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Эыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт зочид буудлын гадна талын авто машины зогсоол дээр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Л.Сосорбурамын эрх чөлөөнд нь халдаж нүүрэн тус газар нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эын мэдүүлсэн “гэм буруугаа хүлээж байгаа” гэх мэдүүлэг,
-хохирогч Л.Сосорбурамын шүүх хуралдаанд мэдүүлсэн ”01 дүгээр сарын 24-нд ээжүүд салхинд гарч пиво уусан. Э өөрийгөө хянах чадваргүй согтож намайг зодож хохирол учруулсан. Толгой байнга өвдөж байгаа. Ажлаасаа гарсан. Чөлөө авч нүүр амаа эмчлүүлсэн. Толгой өвдөөд мэдрэлийн эмнэлэгт 5 хоногийн эмчилгээ хийлгэсэн. 600,000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан, 5 хоногийн эмчилгээ 130,000 төгрөг болсон, зодох үед гинж алга болсон 220,000 төгрөг, өмсөж байсан хар өнгийн цамж урагдсан 35,000 төгрөг, сорвины тос, толгойн эм зэрэг нийт 1,043,000 төгрөг нэхэмжилж байна “гэх мэдүүлэг,
-хохирогч Л.Сосорбурамын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн ээж Азаа миний утасруу залгаад орой уулзах уу, хүүхдүүд амарч байгаа юм чинь хэдүүлээ хальт гарах уу гэж хэлсэн. ...Удалгүй Азаа, Сэрчмаа, Э нар ирээд бид нар хамт пиво уусан...Баар хаасны дараа Эын машинтай эмэгтэй найз нь ирээд бид нар машинд сууж өндөрлөг гарсан. Өндөрлөг гарахаас өмнө Азаа бид хоёр дэлгүүрээс пиво авсан. Өндөрлөг дээр пиво уугаад сууж байхад баарны гадаа танилцсан хоёр залуу ирээд 1 шил архи ууж байгаад бид нар харилаа гэж хэлээд салаад явсан. Өндөрлөгөөс буухдаа Эын найзын машинд Сэрчмаа, Азаа Э бид 5 хамт явж байсан ба Э намайг танихгүй хоёр эрэгтэй хүн дуудлаа гэх мэтээр хэл амаар доромжлоод миний үснээс дараад баруун нүдний урд хэсэг, хүзүүг хумсаараа урчихсан. Энэ явдал машинд болсон. Би машинаас буугаад цагдаад дуудлага өгсөн юм. Миний хувьд Эыг цохиж зодсон зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/
-Гэрч П.Сэрчмаагийн мөрдөн байцаалтад өгсөн... Тэгээд Эрдэнэт зочид буудлын ар талд би машинаа тавьчихсан байсан болохоор миний машины хажууд намайг буулгах гэж ирэхэд Сосорбурам, Э хоёр машинд хоорондоо маргалдаад нэг нэгнийхээ үснээс зулгаасан. Аззаяа тэр хоёрыг салгахад Сосорбурамын нүүрийг Э урчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
-Гэрч Б.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд Эрдэнэт зочид буудлын ар талд Сэрчмаа машинаа тавьчихсан байсан болохоор очиход Сосорбурам. Э хоёр машинд хоорондоо маргалдаад нэг нэгнийхээ үснээс зулгаасан. Би тэр хоёрыг салгахад Сосорбурамын нүүрийг Э урчихсан байсан. Цагдаад Сосорбурам дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дугаартай “...Л.Сосорбурамын биед баруун нүдний урд буланд зулгарсан шарх, нүүр ба хүзүүнд олон тооны зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Баруун нүдний урд буланд зулгарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүр ба хүзүүнд олон тооны зулгаралт эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/
-Хохирогч Л.Сосорбурамын нүүрэнд учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг /хх-ийн 36-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэт “зочид буудлын авто машины зогсоол машин дотор хамт явсан эмэгтэй Л.Сосорбурамтай маргалдан улмаар үснээс нь зулгааж нүүрэн тус газар нь маажиж биед нь баруун нүдний урд буланд зулгарсан шарх, нүүр ба хүзүүнд олон тооны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Эын бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогч нар шалтгаангүй архидан согтуурснаас энэ хэрэг гарсан байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Л.Сосорбурамын баруун нүдний урд буланд зулгарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө иргэн Л.Сосорбурамын эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эмчилгээний зардал 90300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “ Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Сосорбурам өөрөө эхлээд миний үснээс зулгааж арагш дарсан. Би машины урд талын суудал дээр, Сосорбурам ард талд сууж байсан. Гинжтэй байсныг хараагүй. Харин цамц нь урагдсан байсан. Маргааш нь уулзаж эмнэлэг явъяа гэхэд үгүй гээд 15 сая төгрөг нэхсэн гэжээ.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч 1,043,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хоромхон, тамедин, бинт, 10,300 төгрөг, сорвины тос 39,000 төгрөг, цамцны үнэ 35,000 төгрөг, боолтны 6000 төгрөг нийт 90300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Харин шинжээчийн дүгнэлтээр толгойд ямар нэг гэмтэл доргилт илрээгүй байх тул толгойн эм, мэдрэлийн эмчийн эмчилгээний зардал болон 220,000 төгрөгийн гинж байсан эсэх, 600,000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр, ажлын гэрээ зэргээр нотлогдоогүй тул нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болголоо. Хохирогчийн нэхэмжлэлийн нийт үнэнд 39,000 төгрөгийн сорвины тосны үнэ орогүй байх тул баримтыг үндэслэн нэмж тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч А овогт Ч.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ч.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд , сард 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Эаас 90,300 төгрөг гаргуулан хохирогч Л.Сосорбурамд /Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоот 5-41 тоот /ИН87122200, утас 95116673/ олгуулж, хохирогчийн нэхэмжлэлээс 992,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ