Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0737/з |
Дугаар | 221/МА2022/0136 |
Огноо | 2022-02-17 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0136
“Х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч “Х” ХХК, Гуравдагч этгээд “М о” ХХК,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч “Х” ХХК,
Хариуцагч: Хариуцагч Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс,
Гуравдагч этгээд: “М о” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1105 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “М о” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205069912 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Х” ХХК-ийн барьцаанд бүртгэхийг даалгах тухай“,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 816 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2020/0737/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1105 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “М о” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205069912 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Х” ХХК-ийн барьцаанд бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр: ”Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4, 30.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.14-д тус тус заасныг баримтлан “Х” ХХК-ний нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хийхээс татгалзсан” 1105 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “М о” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205069912 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Хны барьцаанд бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.1. ... Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ...эрхтэй” хэмээн зааж өгсөн.
3.1.2. ... Прокурорын 1782 дугаар зөвшөөрөлд “... барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг улсын бүртгэлийн ерөнхий газарт” гэж заасан ньтухайн барилгын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхийг хязгаарласан заалт байгаа нь тун ойлгомжтой байна.
3.1.3. ... Тухайн хязгаарлалт нь аливаа өмчийг бусдад шилжүүлэх буюу худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх гэсэн тохиолдолд л хамааралтай юм.
3.1.4. ... Иймд аливаа өмчийн өмчлөх эрхийн захиран зарцуулахаас бусад эрхүүд болох эзэмших, ашиглах эрхүүд энэхүү хязгаарлалтад хамааралгүй юм.
3.1.5. ... Прокурорын 1782 дугаар зөвшөөрлөөр тавьсан хязгаарлалт нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд хамааралтай.
3.1.6. ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14-д хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой ...эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон хэдий ч тухайн хориг нь зөвхөн эрх бүхий хууль хяналтын байгууллагаас тавьсан хязгаарлалтын хүрээнд үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг бусдад шилжүүлэх буюу захиран зарцуулах эрхийг хязгаарласан шийдвэрийг дээр дурдсан эд хөрөнгийн бүртгэлийн бүхий л төрөлд хамаатуулан хэрэглэх хуулийн үндэслэлгүй байна.
3.1.7. ... Аливаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хууль эрх зүйн хувьд үүссэнд тооцогдож, үүнийг нь цорын ганц, дахин давтагдахгүй дугаараар улсын бүртгэлд бүртгэж, үүнийг нь нотолж гэрчилгээ гэх үнэт цаасыг гарган өгч, түүнд нь өмчлөгчийн нэр, хуулийн этгээдийн хэлбэр, регистрийн дугаар зэрэг нарийн мэдээллүүдийг тусгаж өмчлөгчийн эрхийг баталгаажуулдаг шаардлагыг хангаагүй бол аливаа үл хөдлөх эд хөрөнгийг хэн нэгний өмч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
3.1.8. ... Газрын нэгж талбарын дугаар нь зөвхөн тухайн барилгын байршлыг заахад ач холбогдолтой болохоос биш хэний өмч гэдгийг тодорхойлоход хамааралгүй юм.
3.1.9. ... Иймд, өмчлөгчийн эрх, өмчлөх эрхийн бүрдэл эрх, түүний дагалдах эрхүүд, өмчлөх эрхийн баталгаа болсон улсын бүртгэлийн тогтолцоо, түүний багц хуулиуд, өмчлөх эрхийн хуулийн хязгаарлалтын хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тогтолцоо зэргийг үгүйсгэсэн, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг илтэд ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.2.1. ... Анхан шатны шүүх прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан барилгын шилжилт хөдөлгөөн гэдэгт тухайн барилгыг бусдад барьцаалуулах эрхийг мөн адил хамааруулж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
3.2.2. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг прокурорын зөвшөөрлөөр зохих байгууллагад даалгах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалуулснаар тухайн хөрөнгөд шилжилт хөдөлгөөн хийсэн буюу эрх шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
3.2.3. Тодруулбал, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн гэдэгт тухайн хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжих явдлыг ойлгох нь зүйтэй бөгөөд үүнийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх харилцааг, 16 дугаар зүйлээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хийх харилцааг тус тусад нь зохицуулсан хуулийн системээс харж болно.
3.2.4. Хэрвээ, улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хийснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд өөрчлөлт орох эрх зүйн үр дагавартай байсан бол хууль тогтоогч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгийн “өмчлөх эрхийн шилжилт” болон “барьцааны эрх”-ийн бүртгэлийг 11, 16 дугаар зүйлүүдээр тусад нь зохицуулахгүй байсан.
3.2.5. Түүнчлэн өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө бусдад барьцаалуулснаар өмчлөгчийн тухайн хөрөнгөө захиран зарцуулах эрхэд аливаа хязгаарлалт тогтоохгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх тухайн хөрөнгөд шилжилт хөдөлгөөн хийх үндэслэл болохгүй.
3.2.6. Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь прокурорын зөвшөөрлийн дагуу тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээ /үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах/-нд хамаарахгүй байхад тус банкны барьцааны эрхийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.2.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
4. Хариуцагчаас гуравдагч этгээд болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдлуудыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хяналаа.
2. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлууд үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3.1. Иргэн С-ийн О-д Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/50 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1681000250/18641310393633 дугаартай, 332 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000732262 дугаар гэрчилгээ олгожээ. (1 дэх хавтсын 44 дэх тал)
3.2. С.О нэгж талбарын 1681000250/18641310393633 дугаартай, 332 м.кв хэмжээтэй, контор, үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн дээрх газраа 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2018/02 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” (1 дэх хавтсын 45 дахь тал)-гээр “Д ц” ХХК-д шилжүүлжээ.
3.3. Улмаар “Д ц” ХХК 2018 ны 12 дугаар сарын 26-ны өдөр “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 47/1 тоот хаягт байрлах 1503 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, 50 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2205068171 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт (1 дэх хавтсын 35 дахь тал) гаргасныг үндэслэн нийслэлийн Улсын бүртгэлийн газар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн 306 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 4 давхар тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205069912 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000658992 дугаар гэрчилгээг олгосон. (1 дэх хавтсын 92 дахь тал)
3.4. Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс “М о” ХХК-ийн “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 47/1 дүгээр байр, 4 давхар, /Ү-2205069912/ хаягтай 306 м.кв оффис үйлчилгээний талбайг барьцаалан “Х” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн зээлийн гэрээг барьцаанд яаралтай бүртгүүлэх тухай” 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлт (1 дэх хавтсын 70 дахь тал)-ийг нь үндэслэн барьцааны гэрээг, “Х” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлт (1 дэх хавтсын 75 дахь тал)-ийг үндэслэн Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийг тус тус бүртгэжээ.
3.5. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1782 дугаар зөвшөөрөл (1 дэх хавтсын 70 дахь тал)-өөр “Нэр бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт ач холбогдол бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плазагийн зүүн талд байрлах “Д ц” ХХК-ийн эзэмшлийн 332 м.кв газарт конторын барилгын зориулалтаар баригдаж буй барилгыг болон газрыг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах, ... хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байгаа” үндэслэлээр ”Д ц” ХХК-ийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18641310393633 дугаартай газарт барьж буй барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан.
3.6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийхээр, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх“-ийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглохоор тус тус заасан.
3.7. Энэ тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллага “М о” ХХК-аас “Х” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ““М о” ХХК-ийн өмчлөлийн Y-2205069912 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах барьцааны эрхийг бүртгүүлэх тухай” мэдүүлгийг хүлээн авч, холбогдох бүртгэл хийх боломжгүй.
3.8. Тодруулбал, прокурорын байгууллагаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18641310393633 дугаартай газарт барьж буй барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан учир хариуцагч Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1105 дугаар албан бичгийг хуульд нийцээгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх үндэслэлгүй.
3.9. Иймд энэ талаар нэхэмжлэгчийн “прокурорын зөвшөөрлийн дагуу хийсэн тусгай тэмдэглэлээр үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүй”, гуравдагч этгээдийн “прокурорын зөвшөөрөл нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд хамааралтай” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.
3.10. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК, гуравдагч этгээд “М о” ХХК-ийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР