Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 0028

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2018/0028

   Төв аймаг

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан иргэн Г.Батмөнхөөс гаргасан “Төв аймгийн Жаргалант “сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/670 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн эвлэрлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Төв аймгийн Жаргалант сумын иргэн Г.Батмөнх би Жаргалант сумын ацын аманд байрлах 30 га газрыг 2004 оноос 2017 он одоог хүртэл 13 жил тасралтгүй газрын татвараа жил бүр төлж эзэмшиж байхад 2015 онд Засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд нь миний эзэмшлийн 30 га газраас М.Эрдэнэбилэгт 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/670 тоот захирамжтай, газар эзэмших 486544 тоот гэрчилгээтэй, 18555368133425 нэгж талбарын дугаартай 9 га газрыг хууль бусаар олгосон байна. Би энэ газрыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 370 дугаар захирамжаар төмс хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшиж, 0034688 дугаартай газрын гэрчилгээ авч, кадастрын зураглал хийлгэн, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан болно. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/670 дугаар давуу эрхээр иргэн М.Эрдэнэбилэгт газар эзэмшүүлсэн захирамжийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/670 дугаар давуу эрхээр иргэн М.Эрдэнэбилэгт газар эзэмшүүлсэн захирамж нь Жаргалант сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, миний эзэмшлийн газартай давхцуулан газар эзэмшүүлсэн, иргэнд давуу эрхээр газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль болон бусад холбогдох эрх бүхий актуудыг зөрчсөн байна. Дээрх захирамжийн улмаас манай газраас 3,6 га газрыг чөлөөлүүлэхээр иргэн М.Эрдэнэбилэг нь Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган иргэн миний газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөхөд хүрээд байна. Иймд дээрх захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. гэжээ.

Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... М.Эрдэнэбилэгийн газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэж тайлбар өгсөн боловч 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр талууд хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Батмөнх, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл нар нь харилцан тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

            Иргэн Г.Батмөнх, М.Эрдэнэбилэг нарын маргаж буй Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Ац моломын” аманд байрлах 9 га газрыг гуравдагч этгээд М.Эрдэнэбилэгт өгөх,

            Жаргалант сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж иргэн Г.Батмөнхөд 2019 онд багтааж, 9 га газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулах гэж харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... хариуцагчтай эвлэрэх гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” мөн хуулийн 68.2-д “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Г.Батмөнх, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл нар нь 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН