Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01207

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/00092 дугаар шийдвэр,

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.Б

          Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, З.Ж, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

        Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Б миний бие  Э ХХК-д нийт 23 жил 10 сар тасралтгүй ажилласан. Э ХХК-ийн дэд захирал Д.Шинэбаатар нь үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг түр эзгүйд түүнийг төлөөлж гарын үсэг зурж 2017-11-06-ны өдөр Б/1789 тоот тушаал гаргаж, намайг Технологийн тээврийн Автомашины засварын хэсгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.  Энэ талаар 2017-11-13-ны өдөр мэдэгдсэн. Ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг үйлдвэрийн тэргүүн дэд захирал хөндлөнгөөс оролцон тушаал гаргаж  ажлаас халсан  нь хууль зүйн үндэслэлгүй юм.Энэ нь  Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан миний эрхийг ноцтой зөрчиж байна.Түүнчлэн, миний биед  үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс үзлэг хийсэн  нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх чөлөөнд халдаж улмаар миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдаж ёс зүйгүй аашилсан явдал юм. Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Би үйлдвэрийн бүс, ажлын байр, компанийн объектод согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирээгүй, хэрэглээгүй, архидалт зохион байгуулаагүй. Харин би 2017-11- 02-нд  ажлын бус цагаар найзынхаа гэрт тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэж архи уусан байсан. Мөн өглөө нь зүрх өвдөхөд долоогоны ханд эм уусан байсан. Би 11 дүгээр сарын 03-ны өглөө эмчид үзүүлэхээр явж байтал ажил дээрээс манай ажилтан утастаад хурдан ирэх шаардлагатай байна гэхээр нь би ажил дээрээ хурдан очих шаардлагын дагуу эмчид үзүүлэхгүй шууд ажил дээрээ очсон. Гэтэл тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж зөвхөн надад үзлэг хийж, ажлаас хална гэсэн. Учир нь тус үйлдвэрийн тэргүүн дэд захиралд, ажил олгогчийн ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг түүнд хуулиар олгоогүй байхад намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд миний дээрх үндэслэлээр шүүхэд гаргаж байгаа гомдлын шаардлагыг Хөдөлмөрийн хуулийн 128.1.2, 69.1, 46.1, 46.2-т зааснаар ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б нь Авто тээврийн байгууллагын Технологийн хэсгийн автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байхдаа 2017-11- 03-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж Э ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, хөдөлмөрийн 20/248 тоот гэрээний 4.2.11-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан.Иймд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, гэрээг цуцалсан. Б.Баяраад Э ХХК-ийн ерөнхий захирлын 2010-12- 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам”-ын дагуу 2017-11-03-ны өдөр сорил хийхэд 1.38 хувийн согтолттой гарсныг 53 тоот актаар баталгаажуулсан. Э ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх заалтад заасны дагуу компанийн үйл ажиллагааг ерөнхий захирал, түүний эзгүйд тэргүүн дэд захирал удирддаг болно. Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар нь Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016-07-21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор томилогдсон тул бүрэн эрхийнхээ хүрээнд ерөнхий захирлын 2017-11-06-ны өдрийн Б/1789 дугаар тушаалд гарын үсэг зурсан.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/00092 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Бг Э ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн бусад  шаардлагыг  татан авсныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/00092 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч асуулгах хүсэлтийг шүүх хангаагүй гэж гомдсон. Эдгээр гэрчүүд нь нэхэмжлэгч Д.Бг согтуу байсныг гэрчилнэ гэсэн бөгөөд хүний согтуу гэдгийг нотлох ажиллагаа нь Э ХХК-ийн ерөнхий захирлын 2010 оны А/737 тоот тушаалаар  журамаар буюу цусны шинжилгээгээр тогтооно гэж өөрсдөө журамласан.Иймд шүүх гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь энэхүү журмыг нь үндэслэснээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг цусан дахь этилийн спиртийн коцентрац хувиар тогтоодог тул шүүх энэ үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан гэж үзэж байна. Түүнчлэн, гэрчүүд бүгд Э ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, Д.Бтай ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй юм. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгч талуудаас хуралдаанаас өмнө гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагч тал гаргах хүсэлт, нотлох баримт байхгүй гэж хариулсан шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс шинжээч томилуулж Д.Б драйгер үлээлгэсэн баримт дээрх гарын үсэг Д.Бгийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргаагүй гэсэн үг. Тэгсэн мөртлөө анхан шатны шүүх шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисон гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн нь ИХШХШТХ-ийн 10 дугаар бүлэгт заасан анхан шатны шүүх хуралдааны дэг, мөн хуулийн 105 дугаар зүйлийг зөрчсөн юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтыг судалж дууссаны дараа нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг шүүгч асуухад гэнэт шинжээч томилуулах хүсэлт гаргасан юм. Үүнийг шүүх хүлээж авах үндэслэлгүй бөгөөд учир нь хүсэлт шийдвэрлэх шатанд хариуцагч хүсэлтээ гаргаагүй юм. Хэрэв энэ үе шатанд хариуцагчийн энэ хүсэлтийг хүлээж авсан бол шүүгч мөн хуулийн 105, 112-г зөрчих байсан. Тэгээд ч драйгер үлээлгэсэн баримт дээрх гарын үсгийг нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаагүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.Б 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Э” ХХК-н АТБ-ын Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох /хх 1, 82/ нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч /хх 23/ маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг давж  заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “... шүүх хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнд хамаарна...” гэсэн дүгнэлт хийжээ.   

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хэргийг хянан шийдвэрлэхэд шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан байхад /хх 84/ шүүх уг хүсэлтийг хангах эсхүл хангахаас татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргаагүй буюу хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийн “... хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ...” гэснийг зөрчсөн байна.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дүгээр зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иймд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл буюу шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар  дүгнэлт хийгээгүй болно.

        Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтын хэмжээнд зохигч талыг мэтгэлцүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ