Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/146

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан шүүхийн танхимд хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох эрүүгийн 2025000650080 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц.Бийг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр Согоот” гэх уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 1.452м.күб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Баян-Өндөр сум руу 51-98 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 156,816 /нэг зуун тавин зургаан мянга найман зуун арван зургаа/ төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 4-5-р хуудас/

         -хохирогч Ц.Хонгорзулын мэдүүлсэн ... Согоот гэх уул нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрладаг. Аль ч газраас ямар ч нэр төрлийн модыг ямар ч зориулалтаар бэлтгэсэн бай төрийн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх, тээвэрлэх зөвшөөрлийн бичиг авч байж мод бэлтгэх ёстой. Зөвшөөрөлд заасны дагуу модыг заасан хэмжээний дагуу бэлтгэж тээвэрлэх хугацааг нарийвчлан зааж өгсөн байдаг. Манай аймгийн тухайд Байгаль орчин аялал жуулчлалын газраас мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой юм. Шинжээчийн дүгнэлтээр иргэн Ц.Бийн тээвэрлэж явсан мод нь түлээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс гэдэг мод байна. Экологи эдийн засгийн үнэлгээ гарсан учир шинжээчийн дүгнэлтэд заасан үнээр үнэлж байна. Энэ үйлдэлд миний зүгээс гарах гомдол санал байхгүй, хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

-Гэрч Б.Лундааралдийгийн мэдүүлсэн“ ... 2020 оны 01 сарын 17-ны өдрийн орой аав Б маань Булган аймгийн Сэлэнгэ сумаас өөрийн машинаар ирсэн. Тухайн үед манайх түлээний модгүй байсан учраас аав өглөө нь түлээний мод авчирна гээд машинаа асаагаад явсан. Өдөр 13 цагийн үед машиныг хашаа руу оруулж байхад цагдаа нар ирж шалгасан. Аль уул руу явж мод бэлдсэнийг мэдэхгүй, сүүлд ааваас асуухад Согоот уул руу явсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

-Гэрч Ч.Баасандуламын мэдүүлсэн “ ... 2020 оны 01 сарын 17-ны орой хадам аав Б Булган аймгийн Сэлэнгэ сумаас өөрийн машинаар ирсэн. Манайх түлээний модгүй байсан учраас маргааш нь буюу 01 сарын 18-ны өдөр хадам аав түлээ авчирна гээд машинаа асаагаад явсан. Өдөр 13 цагийн үед иртэл цагдаагийн машин хүрээд ирсэн. Мод хөрөөдсөн цахилгаан хөрөө манай хадам аавын хөрөө, аав маань түлээнд ганцаараа явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

- Гэрч Г.Цэцэгжаргалын мэдүүлсэн “... 51-98 ОРО улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг 4 жилийн өмнө худалдаж авсан. Ноднин жил Б энэ машиныг надаас худалдаж авахаар болоод эхлээд 1 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг хавар ямаа самнасны дараа өгье гэж тохирсон. Би өөрөө унаж хэрэглэдэггүй учраас Бт өгсөн. Ер нь бол ноднин жилээс Б унаж хэрэглэж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

- Гэрч Э.Ууганбаярын мэдүүлсэн “ ... 2020 оны 01 сарын 18-ны өдөр миний бие замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа Б.Давааренчины хамтаар Вокзалын орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 13 цагийн орчимд 51-98 ОРО улсын дугаартай Делика загварын тээврийн хэрэгсэл Вокзалын урд талын гармаар гараад урд талын гэр хороолол руу явсан юм. Тэгэхээр нь ан, гөрөө хийж яваад ирсэн хүмүүс байж магадгүй гээд шалгахаар араас нь дагаж явсаар нэг айлын хашаа руу орох үед нь очиж шалгаж үзтэл Б гэж иргэн машиндаа мод ачсан байсан. Зөвшөөрлийг нь асуутал зөвшөөрөл аваагүй гэж хэлсэн бөгөөд Согоот уулын наад хэсгээс ганцаараа явж модоо бэлдсэн гэж хэлсэн. Машинаа хашаанд оруулж байсан бөгөөд машин дотор Б ганцаараа байсан. Биднийг шалгах үед хүү, бэр хоёр нь гэрээс гарч ирсэн. Машинд 15 ширхэг 1 метрээс 1.5 метрийн урттай моднууд байсан. Мөн машинд модны хөрөө байсан. Ингээд машиныг Цагдаагийн газар дээр авчирч илтгэх хуудас бичиж өгсөн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ жолоочид байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

-Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Шинжээчийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн №01 дугаартай “... 51-98 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан 1,452 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ, нийт ойн санд учруулсан хохирол 156,816 төгрөгөөр тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Delica загварын автомашин 2,500,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-34-р хуудас/

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарыан 05-ны өдрийн “цахилгаан хөрөө 98000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-40-р хуудас/

-51-98 оро улсын дугаартай MITSUBISHI DELICA загварын тээврийн хэрэгсэл нь иргэн Ш.Цэцэгжаргалын нэр дээр бүртгэлтэй болно гэх Автотээврийн төвийн тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоол /хх-ийн 85, 86, 87-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 56-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

             Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Согоот” гэх уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 1.452м.күб хуурай шинэс мод хөрөөдөж бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр  Баян-Өндөр сум руу 51-98 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн оруулж ойн санд 156.816 /нэг зуун тавин зургаан мянга найман зуун арван зургаа/ төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б зохих зөвшөөрөлгүйгээр 1.452м.күб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Баян-Өндөр сум руу 51-98 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, ойн санд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас ойн санд 156.816 /нэг зуун тавин зургаан мянга найман зуун арван зургаа/ төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ц.Б нь хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлджээ.                    

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр Согоот” гэх уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 1.452м.күб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Баян-Өндөр сум руу 51-98 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 156.816 /нэг зуун тавин зургаан мянга найман зуун арван зургаа/ төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэсэн байх тул мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн өмчлөгч өөр хүн байх тул үнийг нь шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох саналтай. Хөрөө болон модыг хураах саналтай. Ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нугалж төлүүлэх саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд: Гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйдсэн, хохирлоо төлж барагдуулсан тул торгох ял оногдуулна уу гэжээ.       

Шүүгдэгчийн гэм буруутай байдал шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл болон, гэм буруугаа хүлээсэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.  

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдааны завсарлагаар Ойн санд учирсан хохирол болох 156,816 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв. Улсын яллагч шүүх хуралдаанд хохирлыг 3 нугалж төлүүлэх санал гаргасан байна. Орхон аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газар шинжээчээр ажиллаж хохирлын хэмжээг 156,816 төгрөгөөр тогтоосон ба хохирогч Ц.Хонгорзул”...экологи эдийн засгийн үнэлгээ гарсан тул шинжээчийн дүгнэлтэд заасан үнээр үнэлж байна...”гэж мэдүүлжээ. Иймд бодит хохирлын хэмжээгээр шүүгдэгчээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэж шүүгдэгч төлж барагдуулжээ.

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.452м.күб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө зэргийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 02 дугаартай /хх-ийн 85-р хуудас/ тогтоолоор битүүмжилсэн иргэн Ш.Цэцэгжаргалын өмчлөлийн 51-98 ОРО улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч  цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Ц.Бийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 сарын  хугацаанд, сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1ш, Орхон аймгийн Цагдаагийн газарт хадгалагдаж буй 1,452м куб хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн иргэн Ш.Цэцэгжаргалын өмчлөлийн 51-98 ОРО  улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ