Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/132

 

                          

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Н.Баясгаланцэцэг

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын  эд хөрөнгө хууль бусаар  устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2025009410067 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Быг 2019 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “ББ-ОД” ХХК-ийн хажуугийн автомашины зогсоол дээр байсан Н.Баясгаланцэцэгийн 35-90 ОРБ улсын дугаартай Тоёота Алион загварын автомашины толь, арын салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээн 530,000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бы мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

-Хохирогч Н.Баясгаланцэцэгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Хамтран амьдарснаас хойш удаа дараа ийм хэрэг гарч байгаа. Энэ хүнээс ам өчигийг нь авмаар байна. Цаашид хамт амьдрах боломжгүй. Архи уусан үедээ утсаар маш их юм ярьдаг, дарамталдаг. Энэ хүнтэй дахин уулзмааргүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

-хохирогчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....өглөө 07 цагийн үед гэр лүүгээ явах гээд гараад иртэл миний машины арын шил, хажуугийн хоёр толь зэргийг хагалчихсан байсан. Би Б.Б руу залгахад түүний утас нь холбогдохгүй байсан тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн юм. Б.Б нь урд өдөр нь намайг харааж зүхээд янз бүр болоод байсан учраас Б.Быг л гэж бодож байсан юм. Тэрнээс өөр миний машиныг ингэж хагалж гэмтээх хүн байхгүй. Өмнө нь бас миний машины эд зүйлийг хагалж гэмтээн, устгаж байсан. Намайг янз бүрээр хэлж доромжилдог байсан. ..Одоогийн байдлаар тусдаа амьдарч байгаа. Энэ асуудлаас болоод би өөрийн гэртээ байхгүй өөрийнхөө ахындаа байгаа юм. Яагаад гэвэл намайг ажилтай гэртээ байхгүй үед миний хүүхдүүдийг яах ч юм билээ гэж бодоод ахындаа 3 хүүхдийн хамтаар амьдарч байгаа юм. Би 7-16 насны 3 хүүхэдтэй байгаа юм. Би Тоёота Аллион загварын 35-90 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшдэг. ..надад 530,000 төгрөгийн хохирол учруулсан...400,000 төгрөг төлчихөөд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 49-50-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-р хуудас/

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оын 12 дугаар сарын 23-ны өдрийн 1734 дугаартай  “баруун толь 130.000 төгрөг, зүүн толь 130.000 төгрөг, хойд салхины шил 220.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-30-р хуудас/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 24-25-р хуудас/

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Батнямын мөрдөн байцаалтад өгсөн: ....” Тийм ээ, манай ХХК-ны эзэмшилд 35-90 ОРБ улсын дугаартай Тоёото Аплион загварын тээврийн хэрэгсэл байдаг юм. Н.Баясгаланцэцэг гэх эмэгтэй 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр автомашинаа унаж явах нөхцөлтэйгээр 3,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авч байсан юм. Одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 2,152,800 төгрөг байгаа, сүүлийн 1, 2 саруудын зээлийн төлөлтөө хийгээгүй хугацаа хэтэрчихсэн явж байгаа. Зээлийн төлөлт хугацаа дууссан тохиолдолд Н.Баясгаланцэцэгийн нэр дээр нь буцаагаад шилжүүлчихдэг юм. Манай эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлгүй болж, засварт орсон бол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/

 

-Шүүгдэгч Б.Бы хохиролд 200,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

             Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны шөнө согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “ББ-ОД” ХХК- ийн хажуугийн автомашины зогсоол дээр байсан хамтран амьдрагч Н.Баясгаланцэцэгийн 35-90 ОРБ улсын дугаартай Тоёота Алион загварын автомашины толь 2ш, арын салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээн 530,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бы бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 530,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах ББ-ОД ХХК-ийн хажуугийн автомашины зогсоол дээр байсан Н.Баясгаланцэнгэлийн 35-90 ОРБ улсын дугаартай Тоёота Алион загварын автомашины толь, арын салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээн 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Мөн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа гэжээ.         

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн, гэм буруугаа хүлээсэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Шүүгдэгч өмнө нь хохирогчийн машины урд шилийг хагалж байсан ба согтуурсан үедээ байнга заналхийлж “хутгална, үр хүүхэдтэй чинь шатааж ална” гэж заналхийлдэг талаар хохирогч мэдүүлсэн /хх-ийн 9 дүгээр хуудаст/ байх ба шүүх хуралдаанд “архи уусан үедээ утсаар маш их юм ярьдаг, дарамталдаг. Энэ хүнтэй дахин уулзмааргүй байна.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчийн гэрт очих, уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох үндэслэлтэй.

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Н.Баясгаланцэцэг нь хохирол төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Б.Быг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ял эдэлж байх хугацаандаа хохирогч Н.Баясгаланцэцэгийн ажил болон гэрт нь очих, уулзахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 / зургаан/ цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллахаар тогтоож, ялыг биелүүлээгүй эсхүл хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 189 дүгээр зүйлд зааснаар Б.Бд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ