Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 0585

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Н.Э, өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Нын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Нын Э, Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 160А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Н.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа Д.Цгийн хөтөлж явж байсан С.Тын эзэмшлийн “Немецкая овчарка” үүлдэрийн 1 нас 4 сартай нохойг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эаас: Мөрдөн байцаалтад болсон асуудлаа ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй хүнсний дэлгүүрийн хажуу талын далангийн орчим өөрийн зээ болох Тын эзэмшлийн нохойг хөтлөөд явж байтал нэг үл таних эрэгтэй хүн ирээд нохойг булааж аваад явчихаар нь би араас нь очих гэсэн боловч гүйцээгүй. Тэгээд Т руу ярьсан. Тэр залуу 30-40 орчим насны, 180 см орчим өндөртэй, хар царайтай залуу байсан. Намайг цохисон зүйл байхгүй. Миний хөтөлж явсан нохойг шууд булаагаад зугтаасан. Алдсан нохой нь Герман хоньч нохой буюу “Немецкая овчарка” байсан. Би зээгийнхээ нохойг олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

-2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн:

“...Би зээ хүү Тын нохойг салхилуулаад гинжнээс нь бариад алхаж байтал нэг танихгүй, бараан царайтай залуу ирээд Тын нохой болох “Немецкая овчарка”-г булааж аваад шууд зугтаасан. Би араас нь очих гэсэн боловч гүйцэхгүй байсан. Тухайн залуу өндөр, 30-40 орчим настай байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),  

2. Иргэний нэхэмжлэгч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний “Немецкая овчарка” нохойд удмын бичиг гэх зүйл байхгүй. Удмын бичгийг нь гаргуулах гээд өгсөн боловч одоо болтол гараагүй байна. Нохойгоо эргүүлэн авсан учир надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

3. Гэрч Н.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 21 цаг өнгөрч байхад би гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 8-58 тоотод иртэл манай гэрийн хашаан дотор уяатай нохой байхаар нь би нөхөр Эаас “энэ юун нохой юм бэ” гэж асуухад манай нөхөр “доор нэг үл таних эмэгтэй зарна гэж хэлээд явж байхаар нь би нэг шил архиар аваад ирлээ” гэхээр нь би “үнэн юм уу, айлын нохой авчихсан юм биш биз дээ, дэмий юм дэмий шүү” гэж хэлэхэд манай нөхөр чимээгүй байсан. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө тус нохойг хөтлөөд гарч яваад хүмүүсээс эзнийг нь асуучихаад ирье гэж хэлээд удалгүй эргээд ирэхээр нь яасан гэж асуутал эзэн нь олдохгүй байна гэж хэлээд ирсэн. Нохойг өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл гэрийнхээ хашаанд уяатай байлгаж байсан. Тэр нохой шар, саарал өнгийн “Немецкая овчарка” үүлдэрийн эм нохой байсан. Тухайн өдөр нөхөр нилээн согтуу байсан, өөрийнхөө биеийг дөнгөж хянах чадвартай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

4. Гэрч Э.Баяр-Ялалтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2017 оноос хойш Баянгол дүүргийн 3, 4-р хороололд байрлах Мянган найз амьтны дэлгүүрт худалдагч хийж байна. Нохойнуудыг 3 сартай гөлөг байхад вакцин хийлгэж, вакцин хийлгэсэн эмнэлгээс гэрчилгээг авдаг юм. Мөн цэвэр үүлдэрийн нохойнууд нь удмын бичигтэй байдаг. Мөн вакцин хийлгэж гэрчилгээ авна. “Немецкая овчарка” нь гарал үүсэл, удмын бичиг, гэрчилгээнээс хамаараад 800.000-2.000.000 төгрөгийн хооронд зарагддаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

            5. Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Би Хан-Уул дүүрэгт байрлах “Nemo animal store” гэдэг амьтны дэлгүүрт худалдагчаар ажилладаг. С.Т нь манай худалдан авагч байгаа юм. 2019 оны 01 дүгээр сард манай дэлгүүр дээр С.Т нь ирээд 45 хоногтой “Немецкая овчерка” гөлгийг 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед 45 хоногтой гөлөг байсан учраас гарал үүсэл, удмын бичиг зэргийг нь аваагүй. Учир нь тухайн гөлгийг 6 сар хүрсний дараа дээрх баримт бичгийг бүрдүүлэн авдаг. Би С.Тад гэрчилгээнийх нь хамт өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

6. Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 34 дүгээр гүүрний ард талд “...” дэлгүүрийн үүдэнд ганцаараа алхаад явж байтал нэг танихгүй эмээ “Немецкая овчарка” үүлдэрийн нохойг хөтөлчихсөн явж байсан. Тухайн нохойнд татагдаад газар уначихсан чинь нохой нь цаашаа явахаар нь би нохойных нь араас очоод нохойг нь авч цааш зугтааж, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамба 8-5 тоот өөрийн гэрийн хашаанд уясан. Би “Немецкая овчарка” үүлдэрийн нохойг сонирхдог учраас аваад зугтаасан. Өөрийн гэрт тэжээх санаатай байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),

7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ц-562 дугаартай “...Герман “Немецкая овчарка” 1 нас 4 сартай охин нохойны үнийг 1.000.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25 дугаар тал),

8. Иргэн Н.Тунгалагаас “Немецкая овчарка” нохойг хурааг авч, иргэний нэхэмжлэгч С.Тад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг, гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 37-43 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

9. Шүүгдэгч Н.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 52-63 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар тал), түүний нэр хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Н.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа Д.Цгийн хөтөлж явж байсан С.Тын эзэмшлийн “Немецкая овчарка” үүлдэрийн 1 нас 4 сартай нохойг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ шүүгдэгч Н.Э нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Д.Цгийн хөтөлж явж байсан /С.Тын эзэмшлийн/ “Немецкая овчарка” үүлдэрийн 1 нас 4 сартай нохойг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй хүнсний дэлгүүрийн хажуу талын далангийн орчим өөрийн зээ болох Тын эзэмшлийн нохойг хөтлөөд явж байтал нэг үл таних эрэгтэй хүн ирээд нохойг булааж аваад явчихсан. Би араас нь очих гэсэн боловч гүйцээгүй. Миний хөтөлж явсан нохойг шууд булаагаад зугтаасан. Алдсан нохой нь Герман хоньч нохой буюу “Немецкая овчарка” байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал), 

-гэрч Н.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 21 цаг өнгөрч байхад ...хашаан дотор уяатай нохой байхаар нь нөхөр Эаас “энэ юун нохой юм бэ” гэж асуухад манай нөхөр “доор нэг үл таних эмэгтэй зарна гэж хэлээд явж байхаар нь би нэг шил архиар аваад ирлээ” гэхээр нь би “үнэн юм уу, айлын нохой авчихсан юм биш биз дээ, дэмий юм дэмий шүү” гэж хэлсэн. ...Нохойг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл гэрийнхээ хашаанд уяатай байлгаж байсан. Тэр нохой шар, саарал өнгийн “Немецкая овчарка” үүлдэрийн эм нохой байсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

-гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би Хан-Уул дүүрэгт байрлах “Nemo animal store” гэдэг амьтны дэлгүүрт худалдагчаар ажилладаг. С.Т нь манай худалдан авагч байгаа юм. 2019 оны 01 дүгээр сард манай дэлгүүр дээр С.Т нь ирээд 45 хоногтой “Немецкая овчарка” гөлгийг 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би С.Тад гэрчилгээнийх нь хамт өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-гэрч Э.Баяр-Ялалтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “Немецкая овчарка” нь гарал үүсэл, удмын бичиг, гэрчилгээнээс хамаараад 800.000-2.000.000 төгрөгийн хооронд зарагддаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ...”...” дэлгүүрийн үүдэнд ганцаараа алхаад явж байтал нэг танихгүй эмээ “Немецкая овчарка” үүлдэрийн нохойг хөтөлчихсөн явж байсан. ...би нохойных нь араас очоод нохойг нь авч цааш зугтааж, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамба 8-5 тоот өөрийн гэрийн хашаанд уясан. Би “Немецкая овчарка” үүлдэрийн нохойг сонирхдог учраас аваад зугтаасан. Өөрийн гэрт тэжээх санаатай байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг  салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.

Тухайн хэргийн үйл баримт, нотлох баримтаас нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Э нь хохирогч Д.Цд бие махбодь, сэтгэл зүйн хүч хэрэглээгүй, мөн хүч хэрэглэхээр заналхийлээгүй, харин хохирогчийн хөтөлж явсан, иргэн С.Тын эзэмшлийн  “Немецкая овчарка” үүлдэрийн нохойг авч зугтсан энэхүү үйлдэл нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Иргэний нэхэмжлэгч С.Тын эзэмшлийн “Немецкая овчарка” үүлдэрийн нохойг ... тоотод байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Н.Тунгалагаас хураан авч, иргэний нэхэмжлэгч С.Тад хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэг нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Н.Этай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, улсын яллагчийн дүгнэлттэй шүүгдэгч, өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Н.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2004, 2012 онд ял шийтгүүлж байсан байх ба ялын хугацаа дууссан, нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” буюу эд хөрөнгийг биетээр нь хүлээлгэн өгч, хохирол хор уршгийг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Э нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  прокуророос шүүгдэгч Н.Эт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, мөн түүний өмгөөлөгчид танилцуулсан байна.

Шүүгдэгч Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Ц, иргэний нэхэмжлэгч С.Т нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА