Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 0586

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч М.А,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

А овогт Бын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: А овогт Бын А нь  Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 15-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ... төвд борлуулалтын байцаагчаар ажилладаг, ам бүл 3, 19-21 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.А нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 дугаар баазын замын уулзвар дээр Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч С.Мг бичиг баримтыг нь шалгаж, гаргасан зөрчлийг нь тайлбарлаж “та эмнэлгийн ажлаа зохицуулаад замын цагдаагийн хэлтэст ирээрэй” гэж шаардлага тавихад нь эсэргүүцэн, нүүрэн тус газарт нь алгадаж, гар руу нь цохих зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1. Хохирогч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагаар 2014 оноос эхлэн ажиллаж байгаа юм. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 07 цагт зохицуулагч цагдаа ахлагч М.Батбаатарын хамт 541 дүгээр постод үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 07 цаг 50 минутын үед ахлагч Батбаатар уулзвар дээр зохицуулалт хийгээд, би уулзварын зүүн талд тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байсан. Тухайн үед ахлагч Батбаатар гар станцаар 36-59 гэсэн дугаартай цагаан өнгийн Нөүт маркийн автомашин баруун талаас урсгал сөрж орж ирлээ, зогсоогоод шалга гэж хэлэхээр нь би уг машиныг ирэхээр нь зогсооход Бын А гэх эмэгтэй жолооч байсан. Би гаргасан зөрчлийг нь тайлбарлаж өгөх үед над руу уурлаж, миний хүүхэд эмнэлэгт байгаа гээд орилохоор нь би дахин “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцлөөр жолооч урсгал сөрж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Уг зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх боломжгүй учир бичиг баримтыг нь хурааж аваад, түр хураах бичиг өгөөд та эмнэлгийн ажлаа зохицуулаад Сонгинохайрхан дүүргийн ЗЦХ дээр ирээрэй гэж хэлсэн. Уг эмэгтэй уурлаж, машинаасаа бууж ирээд намайг хэл амаар доромжлоод бичиг баримтаа авах гээд гар руу цохиод дайрсан. Тухайн үед би зөрчлийн талаар нь дахин сануулаад зогсож байхад миний нүүр рүү цохих гэхээр нь би хойшоо болсон. Уг эмэгтэй дахин дайрч ирээд гар руу цохиж байгаад миний нүүр рүү хоёр удаа алгадсан. Тухайн үед хажуугаар явж байсан залуу ирээд уг эмэгтэй хүнд шаардлага тавиад, цагдаа ажлаа хийж байна, болиоч гэж хэлэхэд тэр эмэгтэй уурлаад машиндаа суугаад явсан. Би пост дээр хөдөлгөөн зохицуулж байсан болохоор постоо орхиж яваагүй. Тэгээд 10 цаг 30 минутын үед СХД-ийн ЗЦХ дээр ирж энгэрийн камерын бичлэгийг хуулбарлаж өгөөд, хураасан бичиг баримтаа ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Манлайбаярт шилжүүлж, эргээд пост дээрээ ирж ажил үүргээ гүйцэтгэсэн юм. Тухайн үед би ганцаараа байсан. Уг машиныг уулзвараар нэвтэрч орж ирэхээс нь эхлээд энгэрийн камерын бичлэгийг ажиллуулж байсан. Бүх үйл явдлыг бичлэгээр баримтжуулсан байгаа. Миний биед гэмтэл учраагүй. 36-59 УБЯ улсын дугаартай автомашин нь зохицуулагч хөдөлгөөн зохицуулж байх үед урсгал сөрсөн. Уг зөрчлийн материалыг ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Манлайбаярт шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

2. Шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 36-59 УБЯ улсын дугаартай “Ниссан Нөүт” маркийн автомашиныг эзэмшдэг юм. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 9 дүгээр гудамжны 131а тоотод байрлах гэрээсээ 07 цаг 30 минутын үед гараад Эх нялхасын эмнэлэг рүү явсан. Явах замд зам түгжрэлтэй байсан. Би эмнэлэг рүү яарч байсан болохоор “Номин агуулах”-ын хашаа руу орж, урд талын уулзвар руу дохио өгөөд орсон чинь замын цагдаа намайг дохиод зогсоосон. Уг цагдаа намайг бичиг баримтаа өгөөрэй гэхээр нь би яасан бэ гэж асуухад та яагаад урсгал сөрөөд байгаа юм бэ, торгоно гэж хэлээд хууль хэлж өгсөн. Би бичиг баримтаа гаргаж өгсний дараа та 15 цагт замын цагдаагийн хэлтэс дээр ирээд бичиг баримтаа аваарай гэж хэлээд өөрийнхөө нэрийг хэлсэн. Тэгээд би эмнэлэг явж байгаа болохоор чамтай зууралдах зав алга, торгуулиа бичээд миний бичиг баримтыг өг гэж хэлсэн. Тухайн үед замын цагдаа бичиг баримтыг чинь өгөхгүй, замын цагдаагийн хэлтэс ирээд аваарай гэж хэлэхээр нь би машинаас буугаад цагдаатай маргалдаад, бичиг баримтаа авах гээд гар руу нь дайрсан. Тэгээд өгөхгүй болохоор нь уур хүрээд нүүр рүү баруун гараараа нэг удаа алгадсан чинь замаар явж байсан эрэгтэй хүн та болиоч, цагдаа ажлаа хийж байна гээд олон үг хэлсэн. Би тухайн үед сонсож чадаагүй. Машиндаа суугаад чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Мөн би цагдаад хандаж чамд өвчин зовлон ирэхгүй юм шиг гэж хэлээд хөдлөөд явах гэхэд цагдаа эрхийг чинь хасна гэж хэлсэн. Тэгээд би явсан. Би эсэргүүцсэн зүйл байхгүй, өөрийн бичиг баримтаа авах гэж оролдсон. Намайг урсгал сөрсөн гээд зогсоосон. Уг асуудал дээр миний эрхийг 3 сараар хасаж, 50.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Замын цагдаа надтай хууль бус харьцаагүй, хэл амаар доромжлоогүй, хууль бус шаардлага тавиагүй. Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчтай зүй бус харьцсандаа уучлалт гуйж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5468 дугаартай дүгнэлтэд:

Дүгнэлт:“...С.Мгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /Шинжээч эмч С.Чулуунсүх/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

            4. Тээврийн цагдаагийн албаны СХД-ын Зтх-ээс хуулбарлан авсан бичлэгт 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:

            “...замын цагдаагийн зохицуулагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянаж байгаа дүрс гарч байх ба, замын зорчих хэсэг рүү алхаж ирээд замын дунд зогсож байх ба, бичлэгийн цагаар 2020-05-01-ний  00:00:39 секундэд станцаар машин зарлах гэсэн юм гэж хэлж байх ба 00:00:45 секундэд авлаа гэж цагдаа зохицуулагч хэлж байх ба, 00:00:54 секундэд 36-59  дугаарын тээврийн хэрэгслийг станцаар хэлэхэд 00:00:54 секундэд 36-59 авлаа гэж цагдаа зохицуулагч хэлэхэд станцаар зөрчлөө мэдэж байна уу гэж хэлэхэд ...дахин цагдаа зохицуулагч 36-59 яасан бэ гэж асуухад станцаар 00:01:07 секундэд урсгал сөрөөд явсан гэж хэлэхэд 00:01:10 секундэд энэ цагаан нөүт мөн биз дээ гэж хэлээд уг 36-59 УБЯ машины хажууд очоод жолоочийн цонхны дэргэд:

00:01:15 секундэд амрыг эрье, ахлагч М, “бичиг баримтаа гаргаад ир” гэж хэлэхэд

-00:01:18 секундэд эмэгтэй жолооч яасан юм бол гэж асуухад

-бичиг баримтаа гаргаад ир гэж хэлэхэд жолооч эмэгтэй би сая яасан юм бол гэж дахин асуухад цагдаа зохицуулагч урсгал сөрөөд яваад байна гэж хариулав.

Уг эмэгтэй хаанаас гэж асуухад цагдаа зохицуулагч ...Номингийн гарцны тэндээс гэж хариулав.

-00:01:39 секундэд жолооч эмэгтэй яасан юм бэ гэж асуухад

-цагдаа зохицуулагч яасан яасан гээд байх юм, зөрчил гаргасан болохоор чинь зогсоож байгаа шүү дээ гэж хэлэхэд,

-жолооч эмэгтэй “тэгээд хурдлаач дээ, би яараад байна, хурдлаач” гэхэд

-цагдаа зохицуулагч бичиг баримт хураагдана, өдөр Сонгины замын цагдаагийн хэлтэс дээр ирээд 50.000 төгрөгөөр торгуулиад, эрх хасагддаг шүү гэж хэлэхэд

-жолооч эмэгтэй за уучлаарай гэхэд

-цагдаа зохицуулагч одоохон түр хураах бичээд өгөөдөхье гэж хэлэв.

-жолооч эмэгтэй эх нялхас дээр хүүхэд хагалгаанд орох гээд яараад байгаа байхгүй юу, түүнээс биш би урсгал сөрөөд яваад байдаггүй гэж хэлэхэд,

-00:02:25 секундэд цагдаа зохицуулагч хүүхдийнхээ хагалгаанд оччихоод Сонгины замын цагдаагийн хэлтэс дээр хүрээд ирээрэй за гэж хэлэхэд,

 00:02:29 секундэд жолооч эмэгтэй торгуулиа авчихъя гэж хэлээд бүсээ тайлж байх ба цагдаа зохицуулагч торгууль биш, бичиг баримт хураасан тэмдэглэл гээд цонхоор цаас үзүүлэхэд

-би бичиг баримтаа авъя гэж хэлээд 00:02:33 секундэд жолооч эмэгтэй машинаас бууж ирж байх бөгөөд цагдаа зохицуулагч урсгал сөрсөн хүний бичиг баримтыг нь хурааж аваад арга хэмжээ авдаг гэж хэлэхэд,

-уг эмэгтэй хүн бичиг баримтаа авъя гэж хэлээд бичиг баримтыг булаан авах гээд замын цагдаагийн зүүн гар талаас нь замын цагдааг нэг бүтэн тойрохдоо “чи яасан даварсан хулгайч вэ” гэж хэлээд цагдаад хандан 00:02:39 секундэд хэлж байна. Торгосон байж явуулахгүй юм гэж замын цагдаад хандаж хэлэхэд

-замын цагдаа би таныг торгоогүй байна, бичиг баримтыг чинь хурааж авсан тэмдэглэл үйлдсэн, торгоогүй байна хөөе гэж хэлээд,

- 00:02:43 секундэд жолооч эмэгтэй замын цагдаагийн алба хаагчийг баруун гараараа хоёр удаа алгадахдаа бичиг баримт аваад ир гэж хэлж байна.

-Та урсгал сөрөх ёстой юм уу гэхэд

-жолооч эмэгтэй солиороод бай, уучлаарай гэж гуйлаа шдээ гэж хэлэхэд,

-цагдаа зохицуулагч уучлаарайгаар урсгал сөрж болдоггүй юм гэхэд

-жолооч эмэгтэй хүн болгон сөрж байхад гэхэд

-цагдаа зохицуулагч наадахаа унш, бичиг баримт хураасан тэмдэглэл гэж хэлэхэд

-жолооч эмэгтэй ...00:02:29 секундэд цагдааг түлхэж байна.

-Цагдаа зохицуулагч өдөр 3 цагт хүрээд ир гэхэд

-жолооч эмэгтэй хөөе бичиг баримтаа авъя гэхэд

-Цагдаа зохицуулагч тэнд хураасан тэмдэглэлийг чинь тавьчихна гэж хэлэх ба

-жолооч эмэгтэй би яараад байна, бичиг баримт аваад ир, битгий хуцаад бай, чи түрүүний Приус 20-ын бичиг баримтыг авахгүй яасан юм бэ гэхэд,

-цагдаа зохицуулагч урсгал сөрж явдаггүй юм гэхэд, жолооч эмэгтэй би ойлгож байна, аваад ир гэж хэлэх ба, ...00:03:21 секундэд баруун гараараа цагдаа зохицуулагчийг цохиж байна.

... 00:03:38 секундэд цагдаа зохицуулагч амар юм болсон айн, урсгал сөрж орж ирээд шууд хүн зоддог гэж хэлэхэд жолооч эмэгтэй машиндаа суусан. Тухайн үед цагдаа зохицуулагч би танд хэллээ шдээ, бичиг баримтыг чинь түр хураагаад авлаа, цагдаад үзүүлээд ажлаа зохицуулаад ир гэж хэлж байна. ...35-69 УБЯ улсын дугаартай автомашины жолооч 00:03:51 секундэд хөдлөөд явж байх ба зам дээр зорчиж байсан эрэгтэй хүн ирээд 00:03:54 секундэд энгэрийн чинь камер бичиж байгаа юу, ах нь алгадсаныг нь харсан гэж хэлэхэд цагдаа зохицуулагч бичиж байгаа ...” гэсэн хэсэг, тухайн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

5. “Цагдаагийн дэд ахлагч С.Мг ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал (хавтаст хэргийн 73-75 дугаар тал),

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            6. Шүүгдэгч Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  44 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дүгээр тал), 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 7”-ийн “...Б.А нь манай байгууллагад борлуулалтын байцаагчаар ажилладаг” тухай тодорхойлолт, түүний ажил байдлын тодорхойлолт, бусад баримтууд (хавтаст хэргийн 51-61 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Б.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 дугаар баазын замын уулзвар дээр Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч С.Мг бичиг баримтыг нь шалгаж, гаргасан зөрчлийг нь тайлбарлаж “та эмнэлгийн ажлаа зохицуулаад замын цагдаагийн хэлтэст ирээрэй” гэж шаардлага тавихад нь эсэргүүцэн, нүүрэн тус газарт нь алгадаж, гар руу нь цохих зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Агийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 дугаар баазын замын уулзвар дээр 35-69 УБЯ улсын дугаартай, “Ниссан Нөүт” тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахад нь Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч С.М түүнийг бичиг баримтыг шалгаж, замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэй оролцохдоо урсгал сөрсөн зөрчлийг жолооч Б.Ад тайлбарлан, арга хэмжээг авах тухай танилцуулан, “та эмнэлгийн ажлаа зохицуулаад замын цагдаагийн хэлтэст ирээрэй” гэсэн шаардлага тавьсаныг шүүгдэгч Б.А эсэргүүцэн, бичиг баримт өг гэх зэргээр маргаан үүсгэж, улмаар хууль сахиулагч С.Мгийн нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадаж, гар руу нь цохих зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт нь:

-хохирогч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 01-ний өглөө ...07 цаг 50 минутын үед ...уулзварын зүүн талд тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байсан. ...ахлагч Батбаатар гар станцаар 36-59 гэсэн дугаартай цагаан өнгийн Нөүт маркийн автомашин баруун талаас урсгал сөрж орж ирлээ, зогсоогоод шалга гэж хэлсэн. ... уг машиныг ирэхээр нь зогсоосон. ...Б.А гэх жолооч байсан,  ...зөрчлийг нь тайлбарлаж, ...бичиг баримтыг хурааж авна, ...та эмнэлгийн ажлаа зохицуулаад Сонгинохайрхан дүүргийн ЗЦХ дээр ирээрэй гэхэд уг эмэгтэй уурлаж, машинаасаа бууж ирээд намайг хэл амаар доромжилж, ...бичиг баримтаа авах гээд гар руу цохиод дайрсан. ... Уг эмэгтэй дахин дайрч ирээд гар руу цохиж, миний нүүр рүү хоёр удаа алгадсан. ...10 цаг 30 минутын үед СХД-ийн ЗЦХ дээр ирж энгэрийн камерын бичлэгийг хуулбарлаж өгөөд, хураасан бичиг баримтаа ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Манлайбаярт шилжүүлсэн.  ...энгэрийн камерын бичлэгийг ажиллуулж байсан. Бүх үйл явдлыг бичлэгээр баримтжуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

-шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 36-59 УБЯ улсын дугаартай “Ниссан Нөүт” маркийн автомашиныг эзэмшдэг. 2020 оны 5 дугаар сарын 01-ний ...07 цаг 30 минутын үед гараад ...Номин агуулахын хашаа руу орж, урд талын уулзвар руу дохио өгөөд орсон чинь замын цагдаа намайг дохиод зогсоосон. ...та яагаад урсгал сөрөөд байгаа юм бэ, торгоно гэж хэлээд, хууль хэлж өгсөн. Би бичиг баримтаа гаргаж өгсний дараа ...замын цагдаа бичиг баримтыг чинь өгөхгүй, замын цагдаагийн хэлтэс ирээд аваарай гэж хэлэхээр нь би машинаас буугаад цагдаатай маргалдсан. ...бичиг баримтаа авах гээд гар руу нь дайрсан. ... нүүр рүү нь баруун гараараа нэг удаа алгадсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

- Тээврийн цагдаагийн албаны СХД-ын Зтх-ээс хуулбарлан авсан бичлэгт 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 9-11 дүгээр тал), “Цагдаагийн дэд ахлагч С.Мг ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал (хавтаст хэргийн 64-78 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж “...цагдаа ...”-г ойлгоно гэж заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заажээ.

Хохирогч С.М нь Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагчаар томилогдон ажиллаж байх бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 дугаар баазын замын уулзвар дээр 541 дүгээр пост дээр  ажил үүргээ гүйцэтгэж байх явцад 36-59 улсын дугаартай “Ниссан Нөүт” маркийн автомашин зөрчил гаргасны улмаас цагдаагийн албан хаагч хууль сахиулагч С.М нь зөрчил гаргагч, шүүгдэгч Б.Ад зөрчлийг тайлбарлан шаардлага тавихад Б.А нь хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн биед нь гараараа цохих, нүүрэнд нь алгадах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Аг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч С.М нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Атай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.А нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаар тогтоолоор шийдвэрлэн, яллагдагчид 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдөр танилцуулахад Б.А нь танилцаж, зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул саналын хүрээнд шүүгдэгч Б.Ад 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг тохиролцсон нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, ирүүлсэн нотлох баримт болох хууль сахиулагч С.Мгийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажил үүргийг гүйцэтгэж байхдаа хэрэглэж байсан камерын бичлэгт хэргийн үйл баримтын талаар бичигдсэн дуу, дүрсний бичлэгийг буулгасан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Бын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн ...  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн үйл баримт бичигдсэн дуу, дүрсний бичлэгийг буулгасан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА