Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2017/00023

 

Б.Аийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, Ж овогт Бн Аийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, орчуулагч А.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийн ажилд томилохыг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2001-2004 онд Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг бага ангийн багшийн мэргэжлээр бакалаврын зэргээр, 2016 онд Ховд их сургуулийг багш, бага ангийн боловсрол мэргэжлээр боловсрол судлалын ухааны бакалаврын зэргээр төгссөн багш мэргэжилтэй. Мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/48 тоот тушаалаар багшлах эрхийн 10000170 үнэмлэх авсан мэргэшлийн үндсэн багш. 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс Б сумын Ц бага сургуульд багшаар ажилд орсноос хойш 12 жил тасралтгүй багшаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын Б/242 тоот захирамжаар Б сумын Ц бага сургуулийн захирлаар томилогдсон.  Гэтэл Б сумын Ц бага сургуулийн захирлын орон тоонд шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх захирал Х.Т нь аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/431 тоот захирамжаар томилогдож, тухайн албан тушаалаас миний бие чөлөөлөгдсөн болно.

Миний бие 2004 оноос эхэлж Б сумын Ц бага сургуульд тасралтгүй байнгын ажлын байранд бага ангийн багшаар ажиллаж байсан ба ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 4 дүгээр сарын 20-нд тус сургуульд захирлын орон тоонд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ба миний багшийн орон тоонд З.А гэх багшийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01 тоот тушаалаар мөн түр хугацаагаар томилсон. Өмнөх захирал ажилд эргэн томилогдсон нөхцөлд би урьдын адил багшаар ажиллах ёстой гэж үзэж байна. Мөн миний бие 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүүхдээ төрүүлсэн, одоо хүүхэд маань дөнгөж 4 сартай учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж зааснаар Х.Т нь Б.А намайг урьд ажиллаж байсан тус сургуулийн бага ангийн багшийн албан тушаалд томилох нь захирал Х.Тн үүрэг гэж үзэж байна.

Түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын А/162 дугаар захирамжаар Б.А миний бие 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 15-ны хооронд ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралт эдэлж байхад намайг үүрэгт ажлаас ямар нэгэн ажил албан тушаал олгохгүйгээр чөлөөлсөн явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д заасныг давхар зөрчсөнийг нотолж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9-д заасныг үндэслэн Бн А намайг Б сумын Ц бага сургуульд бага ангийн багшийн үүрэгт ажилд томилон ажиллуулахыг сургуулийн захирал Х.Тд даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Х.Тн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлд дурдсан Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийн ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар Б сумын Ц бага сургуулийн захирлын ажилд томилогдож, Х.Т би Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Б сумын Ц багийн бага сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Х.Т би уг тушаалыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 414 дүгээр шийдвэрээр намайг Б сумын Ц бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй учраас шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Х.Тг Ц бага сургуулийн захирлаар эгүүлэн томилж, Б.Аийг чөлөөлөх тухай Б/431 дүгээр захирамжаар Х.Т намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон.

Тухайн үед Б.А нь өмнө эрхэлж байсан ажил буюу тус сургуулийн бага ангийн багшийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн тус сургуулийн захирлаар томилогдсон. Б.Аийг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг би гаргаагүй, Энэ асуудлыг би мэдэхгүй. 

2. Нэхэмжлэгч Б.А нь Ц бага сургуулийн захирлаар ажиллаж байгаа хугацаанд тус бага сургуулийн бага ангийн багшийн бүр орон тооны ажилд С.Аыг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01 тоот тушаалаар томилжээ. Ажилтан С.А нь одоо хүртэл тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа. Тэрээр тухайн үед уг орон тоонд хууль ёсоор томилогдсон учраас түүнийг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ дашрамд ажил олгогч нь ажилтан С.Атай байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж байгааг дурдах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлдээ өөрийгөө ээлжийн амралтаа эдэлж байгаа хугацаанд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байгаа асуудлыг би хариуцахгүй. Б.А нь үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа бол аймгийн Засаг даргатай маргах учиртай гэж үзэж байна.

4. Одоогоор тус сургуульд бага ангийн багшийн илүү орон тоо байхгүй, Бага ангийн багш нар батлагдсан орон тооны дагуу хөдөлмөрийн хугацаагүй гэрээний үндсэн дээр багшлах үйл ажиллагааг эрхэлж байна. Би Б.Аийг ажилтай болгохын тулд хууль ёсоор томилогдсон өөр багшийг ажлаас гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Б.Аийг заавал ажилтай болгох үүргийг би хүлээхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 707 дугаар шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Б.Аийн Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийн ажилд томилохыг тус сургуулийн захиралд даалгаж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Жадик байхара овогт Бн А би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 тоот шийдвэр нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзээд дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Б.А миний бие багшаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Аймгийн Засаг даргын Б/242 тоот захирамжаар Ц бага сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон явдалд миний хувьд ямар ч буруугүй бөгөөд багшийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй, захирлаар томилж өгөхийг би хүсэлт болгож байгаагүй. Мөн ажил олгогч намайг захирлаар томилохдоо үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь миний багшийн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна.

2. Ц бага сургуульд Б.А миний оронд багшаар томилогдсон С.А нь тус сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар түр хугацаагаар томилогдон ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар захирал Х.Т нь шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх ажилд эгүүлэн томилогдсон мөчид Б.А миний оронд ажиллаж байсан С.Аыг чөлөөлж, намайг өмнөх багшийн ажилд захирал Х.Т томилох бололцоо байсаар байтал намайг томилоогүй явдал нь Х.Тн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна.

3. Хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч Б.Аийг аймгийн Засаг даргын захирамжаар захирлын үүрэг гүйцэтгэгчийн орон тооноос чөлөөлсөн тул би хариуцахгүй гэжээ. Миний бие захирлын үүрэг гүйцэтгэгчийн орон тоонд маргаагүй, 12 жил эрхэлж явсан багшийн үүрэгт ажилд томилохыг хүсэж байгаа тул Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Ц" бага сургуулийн захирал Х.Т энэ үүргийг биелүүлэх, энэ хэргийн хариуцагч мөн болно.

4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд нэг талыг баримталсан, хавтаст хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд үл нийцсэн гэж үзэж байна. Тухайлбал: Б.А миний бие 2016 оны 6 дугаар сарын 04-нд хүүхэд төрүүлсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт тухайн нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасныг ноцтой зөрчснийг илтгэж байна. Үүнээс болж шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

5. Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Багш нь багшлах эрхтэй байна гэж заажээ. Гэтэл одоогоор миний оронд багшлах эрхгүй бөгөөд энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хүргүүлж, С.Аыг ажлаас чөлөөлөхийг захирал Х.Тд үүрэг болгосныг биелүүлээгүй байна.

6. Нэхэмжлэгч Б.А миний ажлын байранд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн захирлын 01 тоот тушаалаар түр томилогдож, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн захирал Х.Т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан С.А нь багшлах эрхгүй болох нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу С.Аыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү.

Иймд миний давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.А миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Анхан шатны шүүх Б.Аийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуульд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлаж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан байх ба шүүхийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтныг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох хуулийн зохицуулалт байхгүй байна. Б сумын Ц бага сургууль нь төсөвт байгууллага ба илүү орон тоо байхгүй гэдэг нь нотлогдсон. Нэхэмжлэгч Б.Аийн өмнө ажиллаж байсан бага ангийн багшийн орон тоонд одоо бага ангийн багшаар Б.А хууль ёсоор томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багш Б.Аийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн тус сургуулийн захирлаар түр томилон ажиллуулсан ба Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/431 дугаартай захирамжаар тус сургуульд урьд захирлаар ажиллаж байсан Х.Тг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 414 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн Б сумын Ц бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, захирлаар түр ажиллаж байсан Б.Аийг захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Б.Аийг бага ангийн багшийн ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй ба ажил олгогч түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгааг ажлаас халсантай адилтгаж үзэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар өөр ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэхээр бага сургуулийн захирлын ажилд түр томилогдож, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалаар С.Аыг түр томилсон учраас түүнийг бага ангийн багшийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Ажилтан Б.А нь 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр охин Х.Аг төрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон ба ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан Б.Аийг Баян-Өлгий аймгийн Б сумын сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Жадик байхара овогт Бн Аийг Баян-Өлгий аймгийн Б сумын Ц бага сургуулийн бага ангийн багшийнажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн данснаас Б.Ад буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Б сумын Ц бага сургуулийн санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж Б.Ад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ