Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01214

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00247 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 861 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.Б

          Хариуцагч: Ж.Эт холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 4.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч талын гаргасан гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э, хариуцагч Ж.Э, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2013-01-28-ны өдөр Ж.Эт 2 сая төгрөгийг 2014-02-27-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн 2013-04-08-ны өдөр хариуцагчид  2 сая төгрөгийг 2013-05-08-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. Би хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргах байсан боловч 2014-04-11-ний өдөр 5 жил 1 сарын хорих шийтгүүлсэн. Ялаа биечлэн эдэлж 2016-12-02-ны өдөр  суллагдсан. Ял эдэлж байх хугацаандаа ангийн захиргаанд хэд хэдэн нэхэмжлэл гаргах шаардлагатайгаа илэрхийлсэн боловч  “...боломжгүй...” гэсэн хариу өгч байсан тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл өгч чадаагүй. Суллагдсаны дараа мөнгөө авах гэж явсан боловч сайн дураараа мөнгөө өгөх хүн олдоогүй. Улмаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. 2013-10-28-ны өдрөөс хойш 3 жил гаруй хугацаанд Э.Эрдэнэчимэг үндсэн зээлээс 1 сая төгрөг өгсөн, хүүд нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 3 сая төгрөг, нэг сарын хүү 180,000 төгрөг, алданги 1,5сая төгрөг, нийт 4,680,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

         Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Б, Дархисүрэн нараас 2013-01-28-нд 2 сая төгрөг, 4 сарын 08-нд 2 сая төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Сар бүрийн 28, 08-нд зээлийн хүүд нэг жил гаруй  хугацаацанд 120,000 төгрөг төлж явсан. Хүүг Д.Б, Дархисүрэн нар нэг бол хамтдаа, заримдаа аль нэг нь ирж авдаг байсан. 1 сарын 28-нд авсан 2сая төгрөгт нийт 1,680,000 төгрөг, 4-р сарын 08-нд авсан 2 сая төгрөгт нийт 1,440,000 төгрөг бүгд  3,120,000 төгрөг төлсөн. Б.Батням, Дархисүрэн хоёрт 4 сарын 10-ны өдөр 1 сая төгрөг өгсөн. Мөн 4 сарын 13-нд нөхөр шоронд явсан гэхэд нь 1 сая төгрөг өгсөн. Үлдсэн 2сая төгрөгийг хүүтэй нь цувуулж өгсөн, баримт нь байгаа. Энэ хоёрт нийт хүүтэйгээ нийлээд 7,425,000 төгрөг төлсөн. 4 сая төгрөг аваад 7,425,000 төгрөг төлсөн байхад ахин дахин цагдаа, шүүхэд дуудагдаж байгаадаа гомдолтой байна гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00247 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Эээс 4 680 000 төгрөг гаргуулах тухай Д.Бын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 830 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 861 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч  хяналтын гомдолдоо: Б.Дархисүрэн, Б.Болорчулуун нарт итгэмжлэл хийж өгч, Ж.Эээс 4 сая төгрөгийн маргаанд шүүхэд нэхэмжлэл өгөөрэй гээд зээлийн гэрээг өгсөн байхад  үгсэн хуйвалдаж өнөөдрийг болтол надад өгсөн гэж ярьдаг боловч, би аваагүй, өгснөө нотолж чадаагүй, итгэмжлэлийг буруугаар ашиглан зээлийн гэрээнүүдийг байхгүй гэж хэлээд өгөөгүй устгасан нь Б.Болорчулууны мэдүүлэг дээр байдаг. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, зээлийн гэрээний дагуу хохирлыг барагдуулж өгнө үү. Би 2016-12-02-нд шоронгоос гарч ирснээсээ хойш бүх нотлох баримтуудыг цуглуулан шүүх цагдаад өгч прокурорын тогтоол гаргуулж байсан тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хэргийг дахин хянуулахаар  буцааж өгнө үү. 1/. 2013.01.28-ны өдрийн болон 2013.04.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн ба энэ талаар маргаагүй. Д.Б 2014.04.11-ний өдөр Налайх дүүргийн 4-р шүүхийн шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын ял авсан. Энэ явдал нь Иргэний хуулийн 78.1.3-т заагдсан нөхцөл үүссэн. Тэрээр чанга дэглэмтэй шоронд гадагш гарч чадахгүй, өөрийн биеэр шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүй, сонгуулийн сонгох, сонгогдох эрхээ хасуулсан байдалтай байсан. Гэтэл шүүх “итгэмжлэл олгох эрхээ эдлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч нь чанга дэглэмтэй шоронд, өөрөөсөө өөр хэнд ч итгэх боломжгүй, хүнтэй уулзах цаг өдөр нь ч хязгаартай байхад энэ хүн хэнд итгэж итгэмжлэл олгож эрхээ шилжүүлэх ёстой болж байна. Итгэмжлэл бусдад олгонгуут тэр хүн нь итгэмжлэлийг буруугаар ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэтэл шүүх “Чи бусдад эрхээ шилжүүлээгүй хохь чинь” гэж байгааг шүүх хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Монгол Улсад анх удаа бусдад эрхээ шилжүүлээгүй учир гэж заавал эрхээ шилжүүлэх ёстой байсан, үүрэгтэй байсан мэт гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тал 4 сая төгрөг хүлээн авсан гэдэгтэй маргаагүй. Гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ ...“ ..зээлийн гэрээний дагуу 4сая төргөгийг зээлийн гэрээг байгуулж, хөрөнгийг шилжүүлсэн гэдэгт маргаагүй” гэж дүгнэчхээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байгаа. Иймд бусдад итгэмжлэлээр эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс төлбөрөө гаргуулан авах боломж олгож хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Жич: Чанга дэглэмтэй шоронгоос иргэний шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэхэд Үндсэн хуулийн 16.14 дэх заалтад заагдсан өөрийн шүүх хуралд биеэр оролцох эрхийг иргэний шүүх хангаж байсан нэг ч тохиолдол Монголд Улсад байхгүй. Харин жирийн шорон бол тохиолдол бий.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.Б 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.Эээс 2013 оны 2 зээлийн гэрээний үүрэгт нийт үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 180,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,680,000 төгрөг шаарджээ. /хх 1-2/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...Д.Б, Б.Дархисүрэн нараас нийт  4,000,000 төгрөг зээлж 7,425,000 төгрөг буцааж төлсөн ... хүү болон үндсэн зээлийг Д.Б, Б.Дархисүрэн нар хамтдаа заримдаа аль нэг нь ирж авдаг байсан...” гэсэн агуулгатай тайлбар өгсөн  /хх 23-26, 30-40/ байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий гэж дүгнэн, шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

        Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан  үеэс үүснэ. Үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх  буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

       Хариуцагч хэнээс мөнгө зээлсэн, зээлийг хэзээ, хэнд буцааж төлж байсан, үүрэг биелүүлэх хугацаа сунгагдаж байсан эсэх нь хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байхад энэ нөхцөл байдал тодорхой бус байна.    

       Түүнчлэн, Ж.Э нийт 4,000,000 төгрөгийг “....Д.Б, Б.Дархисүрэн нараас зээлсэн...зээлүүлсэн мөнгөө буцааж авахдаа Д.Б, Б.Дархисүрэн нар хамтдаа эсхүл аль нэг нь  ирж авдаг байсан...” гэж мэдүүлсэн, үүнийг  нэхэмжлэгч мөн үгүйсгээгүй байхад шүүх   энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.  

       Зээлийн гэрээг амаар эсхүл бичгээр байгуулах нь Иргэний хуулийг зөрчихгүй тул хариуцагч нь Д.Б, Д.Дархисүрэн нараас эсхүл Д.Баас мөнгө зээлсэн эсэхийг   тодруулах шаардлагатай, энэ нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Ж.Э зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

       Мөн хариуцагчаас мөнгө шаардахад нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагатай юм. Ж.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа  “... Д.Б, Б.Дархисүрэн нар бусдад хүүтэй мөнгө зээлүүлдэг...” гэж мэдүүлсэн, үүнийг  нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцээгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр явуулна.

        Хэрэгт ач холбогдол бүхий  нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцээгүй байх тул хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

        Шүүх дээр дурдсан нөхцөл байдал болон талуудын тайлбар, гаргасан нотлох баримтын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00247 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 861 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 89.800 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ