Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 281

 

Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ц.Энэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0281 дүгээр магадлалтай, Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Цэрэндондог миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2002 оны 133 тоот захирамжаар 324кв.м талбайтай газар эзэмших эрхтэй болж, уг газартаа 18м х 18м хэмжээтэй үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө батлагдсан юм.

Нийслэлийн өмчийн газартай байгуулсан гэрээний дагуу өөрийн эзэмшил газар дээрээ барилга барихаар 2005 онд Аркус ХХК-тай зураг төслийн гэрээ хийж, ажлаа эхэлсэн боловч тухайн үеийн Сүхбаатар дүүрэг хариуцсан архитектор нь миний эзэмшил газрын зүүн талд байрлах агуулахын эзэн Д.Баярсайхантай орчны газрын маргаантай байгаа тул хоорондоо тохиролцсоны дараа зургаа батлуул гэдэг шаардлага тавих болсон. Энэ шаардлагын дагуу иргэн Б.Баярсайхантай уулзаж ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. Улмаар Нийслэлийн Засаг дарга миний эзэмшил газартай давхцуулж Эск инженеринг ХХК-д газар олгосон байсан тул энэ маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлж байсан юм.

Миний бие нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан өөрийн эзэмшиж байгаа газар дээрээ хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгаа барих хүсэлтээ гаргаж, зөвшөөрөл олгож өгөхийг удаа дараа хүссэн боловч тухайн байршилд барилга барих тал дээр агуулахын эзэн Б.Баярсайхан болон СӨХ-ны эсэргүүцэл байгаа тул дахин хэлэлцүүлэхээр хойшлогдож байсан.

Манай эзэмшил газрын зүүн талд байрлах агуулахын эзэн, манайхтай яг адилхан байршил, нөхцөлд бидний дараа газар эзэмшсэн иргэний зургийг баталж өгчихөөд, хажуу талын эзэмшигч бидэнд барилгын зургийг батлаж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус байна.

Бидний зүгээс өөрийн эзэмшил газар дээрээ барилга барих зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлбэл зохих бүх бичиг баримтыг хууль ёсоор нь бүрдүүлж өгсөн, тухайн барилга барих газар нь СӨХ-ны эзэмшил газар биш, миний эзэмшил газар байхад "СӨХ-өөс зөвшөөрөл аваад ир" гэсэн ямар ч хууль тогтоомжинд байхгүй үндэслэлээр татгалзсан хариуг өгөөд байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 324 кв.м талбайтай газар дээр барилга барих зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, барилга барих зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах, мөн дээрх газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож иргэн Б.Баярсайханд барилга барих зөвшөөрөл олгож, барилгын зургийг баталсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Баярсайхан нь 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус байгууллагад дан барилга барих тухай хүсэлт ирүүлснийг судлан үзээд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн комиссын хурлаар оруулж дэмжигдэн 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэж, 13м х 17м, 7 давхар үйлчилгээтэй, орон сууцны зураг төсөл батлагдсан байна. Иргэн Б.Баярсайхан нь одоо байгаа 1-2 давхар 253 м2 үл хөдлөх хөрөнгөө буулган шинэчлэн барилгажуулахад хөрөнгө оруулагчаас тавьсан шаардлагын дагуу архитектур төлөвлөлтийн даалгавраа 9 давхар болгон өөрчлүүлсэн.

Манай байгууллагаас иргэн Б.Баярсайханд барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар өгөхдөө урд талын газар эзэмшигч буюу нэхэмжлэгч талын барилга барих эрхэд нөлөөлөхгүйгээр урд талдаа цонх хаалгагүйгээр зураг төслийг боловсруулан ирэх даалгавар өгсөн. Энэ нь нэхэмжлэгч талын барилга барих боломжийг хангаж байгаа үйлдэл юм.

Иргэн Б.Баярсайханы барилгын зургийг баталсан нь хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан түүний барилгын зургийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Л.Цэрэндондог нь 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тус байгууллагад хандан барилга барих хүсэлтийг судлан үзээд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр техникийн зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлж хурлаас иргэд болон СӨХ-ны эсэргүүцэл байгаа тул үүнийг шийдвэрлэснээр дахин хэлэлцүүлэхээр хойшлогдсон шийдвэр гарсан.

Тухайн орчинд буюу нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газрын хойд талд иргэн Л.Чинбатын орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн нь тухайн нутаг дэвсгэрт оршин амьдардаг оршин суугчид, сууц өмчлөгчдийн холбооны эсэргүүцэлтэй тулгарч 3 жил дараалан захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа ба тус барилга дээр нийслэлийн удирдлагууд очиж танилцах үед иргэд оршин суугчдаас нь нэхэмжлэгч талын болон Б.Баярсайханы төлөвлөгдсөн барилгыг бариулахгүй хэмээн эсэргүүцэж байсан тул иргэдийн дэмжлэгийг авч ирэх тухай 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн техникийн зөвлөлийн хурлаас гарсан дүгнэлтийг албан бичгээр хүргүүлсэн.

Мөн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 5/14 дүгээр тогтоолоор "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам" батлагдсан бөгөөд энэ журмаар барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах асуудлыг тодорхой тусгасан.

Нэхэмжлэгч нар нь энэ журмыг баримтлан барилга барих зөвшөөрөл авах, зураг төслөө батлуулах эрх нь нээлттэй юм. Иймд, нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Баярсайхан шүүхэд гаргасан  тайлбартаа: Иргэн Б.Баярсайхан би 1999 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах агуулахын зориулалттай барилгыг худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсны үндсэн дээр газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээний хугацааг хуульд заасны дагуу сунгуулан одоо агуулахын барилга бүхий нийт 518 м2 газрыг эзэмшиж байна.

Энэхүү газартаа нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, өөрийн өмчлөлийн агуулахын барилгын талыг буулгах замаар буюу өөрийн эзэмшил газрын хэмжээг 187 м2-аар багасган орц гарц гаргаж үйлчилгээтэй орон сууц барихаар төлөвлөж 2011 онд Нийслэлийн засаг даргаар шийдвэрлүүлэн, 2012 онд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хандаж архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан.

Нийслэлийн ерөнхий архитектур, хот суурин газрын барилгажилтын нормд нийцүүлэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталдаг учир 2012 онд эзэмшил газарт батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар иргэн Цэрэндондогийн барилга барих эрхэд нөлөөлөх үндэслэлгүй юм.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны барилга байгууламжид нийцүүлэн барилга байгууламжийн зураг төслөө боловсруулах нь иргэн Л.Цэрэндондогийн үүрэг бөгөөд тэрээр өөрийн эзэмшлийн гэх 324 м2 газартаа 18м х 18м хэмжээтэй буюу 324 м2, орц гарцгүй, гадна зогсоолгүй барилга барихаар төлөвлөх нь "Хот байгуулалтын тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 12.8 /Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна/ дахь хэсэг болон Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн "Хоёр. Суурьшлын бүсийн нутаг дэвсгэрийн төлөвлөлт" хэсгийн 2.8-2.11 дэх заалтыг зөрчиж байгаа тул түүний хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шийдвэрлээгүй гэж ойлгож байна.

Иймээс иргэн Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр: Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 17 дугаар зүйийн 17.1, 17.2-т заасныг баримтлан иргэн Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нарын “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 324кв.м талбайтай газар дээр барилга барих зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, барилга барих зөвшөөрөл олгохыг даалгах, дээрх газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож иргэн Б.Баярсайханд барилга барих зөвшөөрөл олгож, барилгын зургийг баталсан шийдвэрийг хүчингүй” болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0281 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн уг хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэх ёстой байтал хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн тайлбар, мэдүүлэг, тэдний гаргасан нотлох баримтууд дээр суурилан зөвхөн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 заалтаар нэг талыг барьсан магадлалыг гаргасан.

Шүүх тухайн хэргийнхээ хувьд цугларсан бүхий л нотлох баримтуудад үндэслэл бүхий, бодитой, үнэн дүгнэлт хийх ёстой. Мөн ИХШХШХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь заалт болон ЗХШХШХ-ийн 53’ дүгээр зүйлийн 53’. 1 дэхь заалтад дурьдсан ...Захиргааны хэргийг анхан болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй ... гэсэн шүүх хуралдааны нийтлэг журмыг шүүгчдэд үүрэг болгосныг зөрчин шүүх хуралдаан хийгдсэн.

Иймд уг хэргийг дахин хянаж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Шүүхүүд хэрэгт цугларсан хэргийн оролцогчдын тайлбар, бусад нотлох баримтуудад үндэслэн холбогдох хуульд нийцүүлэн маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийжээ.

Тодруулбал, өөрийн эзэмшлийн 324 м.кв газар дээр барилга барих зөвшөөрөл хүсч 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж гаргасан нэхэмжлэгч Л.Цэрэндондогийн өргөдөлд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “... оршин суугчид, СӨХ-ийн эсэргүүцэж байгаа асуудлыг шийдвэрлэсний дараа хэлэлцэх нь зүйтэй ...” хэмээн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2/1458 дугаар албан бичгээр хариу мэдэгдсэн нь хот төлөвлөлтөд иргэдийн оролцоо, саналыг  тусгах талаар заасан Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасантай нийцсэн байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн хүсэлтэд захиргааны байгууллага хуульд заасан үндэслэл бүхий хариу өгсөн байх тул “зөвшөөрөл олгохгүй байгаа захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй” гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг бүхэлд нь барилгажуулахаар хүсэлт гаргасан нь барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байх талаарх Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан шаардлагад нийцээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч Л.Цэрэндондог, Ц.Энэрэл болон гуравдагч этгээд Б.Баярсайхан нарын хооронд газрын давхцлын асуудлаар маргаангүй бөгөөд иргэн Б.Баярсайхан өөрийн газар дээр хуульд заасан журмын дагуу барилга барих зөвшөөрөл авсан, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй болно.

Иймээс “... шүүх хэргийг бүхэлд нь хянах байтал зөвхөн хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбарт тулгуурлан Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтын дагуу нэг талыг барьсан шийдвэр гаргасан...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдаанд шүүгч С.Төмөрбат 2, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгч Б.Мөнхтуяа 3, Б.Тунгалагсайхан 2, О.Номуулин 2 удаа тус тус оролцсон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 531 дугаар зүйлийн 531.1-д “... урьд нь оролцсон шүүгч хэрэг маргааныг өөр шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байх тул “... шүүх хуралдааны нийтлэг журмыг зөрчиж хуралдаан хийсэн...” гэх өмгөөлөгчийн гомдол мөн үндэслэлгүй.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0281 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                              ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ