Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Тарагт сум, 1-р багт оршин суух Тариачин овогт Цэвэлмаагийн Чойгийжанцангийн хүсэлттэй,

П.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Чойгийжанцан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Ганбаатар нь 2015 оны 01 дүгээр сард Ганбат гэх хүнээс ямааны мах зээлээр худалдаж авсан юм билээ. Ингээд Ганбаатар нь 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газар надтай тааралдаад 25 шуудай ямааны махыг буулгаад өгөөч гэхээр нь би тээвэрлэн хүргэж өгсөн юм. Ингэхдээ надад 60 л түлш л өгсөн. Өөр тээврийн зардал өгөөгүй. Гэтэл дараа нь Өвөрхангай аймгийн анхан шатны иргэний шүүхээс намайг хариуцагчаар татаж надаас 17 300 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний Пүрэвийн Ганбаатарыг олж хохирсон 17 300 000 төгрөгийг гаргуулах хэрэгтэй болоод байна. П.Ганбаатар нь Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 3-р багт оршин суух албан ёсны хаягтай боловч уг хаяган дээрээ байдаггүй. Түүний эхнэр Ганчимэг нь Цагаан хаданд хоолон гэр ажиллуулдаг. Нөхрийг нь асуухаар мэдэхгүй, Хангийн хилээр амьдардаг гэсэн, шүүхэд өг гэдэг. П.Ганбаатар нь бор царайтай, махлаг биетэй, 160 см орчим өндөртэй, 46 настай. Тэрээр фургон маркийн цагаан өнгийн 29-95 УНИ улсын дугаартай машинтай. Утас: 88173271, 88875071 дугаарууд дээр байдаг. Иймд Хариад овогт Пүрэвийн Ганбаатарыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг өгсөн тайлбартаа: “Чойгийжанцан нь Ганбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд гол зорилго нь Ганбаатар гэх хүн Ганбат гэдэг хүнээс их хэмжээний ямааны мах болон ямаа зээлээр худалдаж авсан байдаг. Тус ямааны махыг Өвөрхангай аймгаас Цагаан хад орох хүртэл  Чойгийжанцан машинаараа тээвэрлэж өгсөн. Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхээс Чойгийжанцаныг Ганбатаас  ямаа авсан байна гэж үзээд 17.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийн газар Чойгийжанцангийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Нэхэмжлэгч нь Ганбат гэх хүнээс нэг хил ч ямааны мах аваагүй бөгөөд 17.300.000 төгрөг өгөхөөр болж хохирсон. Ганбаатар нь иргэний үнэмлэхний хаяг дээрээ байдаггүй. Түүний эхнэр Ганчимэг нь Цагаан хаданд цайны газар ажиллуулдаг бөгөөд Ганбаатарыг асуухад би мэдэхгүй Ганбаатар нь Дорноговь аймгийн Хангийн хил дээр байдаг. Надаас салаад удаж байна гэсэн хариу өгсөн. Тиймээс Ганбаатарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Ганбаатар нь бор царайтай, махлаг биетэй 160 см орчим өндөртэй, 46 настай, эрэгтэй хүн байгаа. Тэрээр цагаан өнгийн фургон машин барьдаг бөгөөд 29-95 УНЕ улсын дугаартай. Түүнтэй холбогдох утас нь 88173271, 88875071. Ганбаатар нь Хангийн хил дээр байгаа гэдгийг Чойгийжанцан хүнээс асууж мэдсэн байсан. Мөн Ганбаатарын ах Нэргүй гэх хүн Цагаан хаданд мах зардаг тул түүнээс асуух боломжтой” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч Хариад овогт Пүрэвийн Ганбаатарын жолооны үнэмлэхний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл, нэхэмжлэгчээс Г.Мөнгөнцэцэгт олгосон итгэмжлэл зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Чойгийжанцан нь П.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

П.Ганбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багт оршин суух хаягтай боловч тухайн хаягтаа оршин суудаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Хариад овогт Пүрэвийн Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Хариад овогт Пүрэвийн Ганбаатарыг /РД:ФЖ71123054/-г эрэн сурвалжилсугай.

2. П.Ганбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Ц.Чойгийнжанцан /утас: 88635797/-д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА