Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0532

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Э.Х, өмгөөлөгч Б.Адалбек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Эийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овогт Эийн Х, Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д түрээсийн машин жолооддог ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 160 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Э.Х нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ... тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.Бтай “хүүхэд загналаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан, бие махбодид нь “...баруун шанаанд зулгаралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхинд цус хуралт...” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1.Хохирогч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ дөрвөн хүүхдээ хараад байж байхад найз эмэгтэй болох Мягмарсүрэн манай гэрт 17 цагийн үед ирсэн. Бид юм ярьж сууж байгаад пиво уухаар болж, 0.5 литрийн Сэнгүр пиво дөрвийг авч уусан. 20 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна, нөхөр Х над руу залгаад “би очиж байна” гэж хэлсэн. Манай найз явахаар болж хашааны гадаа гараад зогсож байхад нөхөр ирсэн. Бид хоёр нөхрийн машинд суугаад, найзыгаа Таван шард байдаг гэрт нь буулгасан. Тэгээд гэртээ ирээд байж байхад би хүү Анандын хичээлийг давтуулах гээд “чи өдөр гарсан теле хичээлээ ямар учраас тэмдэглэж аваагүй юм бэ” гэхэд нөхөр уурлаад “чи юундаа хүүхэд загнаад байгаа юм бэ” гэхээр нь би “чи тэгвэл хичээлийг нь хийлгэ” гээд хэрүүл болсон. Тэгтэл манай нөхөр явна гээд гэрээс гараад машиндаа суухаар нь би машиных нь өмнө зогсоод явуулахгүй гэтэл машинаасаа гарч ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохиход би газарт унасан. Ингэж унахдаа баруун шанаагаа зулгалсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг нөхөр Х надад учруулсан.

Нөхөр бид хоёр гэр бүл болоод 19 жил болж байна. Бид 4 хүүхэдтэй. Манай нөхөр намайг зодож байсан удаагүй, анх удаа зодсон, хүүхдүүдээ загнаж зоддог зүйл байхгүй, эхнэр, хүүхдүүддээ халамжтай, огт архи уудаггүй хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

2. Шүүгдэгч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 25-ны орой 21 цагийн орчимд ажлаасаа тараад гэр рүүгээ явж байхдаа эхнэр Б руу залгаад “очиж явна” гэхэд “найз Мягаагийн хамт гэрийн хойд талын гудамжинд явж байна, Мягааг хүргээд өгчих” гэхээр нь би очоод эхнэр Б, найз Мягааг нь машиндаа суулгаад Таван шард байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ ирээд, би зурагт үзээд хэвтэж байхад эхнэр 1 дүгээр ангийн хүү Анандыг хичээлээ хийсэнгүй гээд загнаад байхаар нь би “чи эрүүлдээ хүүхдэд хичээл зааж өг, согтуудаа битгий хүүхэд загнаад бай” гэж хэлсэн чинь чи ямар өөрөө хүүхдэд хичээл зааж өгдөг биш гэсэн. Би хашаан дотор байсан машиндаа суугаад хөдлөх гэсэн боловч эхнэр машины хаалга татаад байхаар нь нэг удаа баруун нүд рүү нь цохиход эхнэр газарт унасан. Тэгэхдээ баруун шанаа нь зулгарсан. Ж.Бын биед учирсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4053 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун шанааны дээд хэсэгт 5х6 см хүрэн шар өнгийн зулгаралттай, баруун нүдний алиманд цус хурсан, хоёр нүдний эргэн тойронд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, баруун зовхи, баруун хацар овойж хавдсан.

Дүгнэлт: “...Ж.Бын биед баруун шанаанд зулгаралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ш.Цэцэгмаа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

4. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 08 дугаартай тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 85-86 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 87-89 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал), дуудлага мэдээллийн жагсаалт (хавтаст хэргийн 95 дугаар тал), урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 96 дугаар тал),  

5. Шүүгдэгч Э.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 81 дүгээр тал), таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 83 дугаар тал), үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар тал), хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр тал), “Хаан банк”-нд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 65-80 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Хад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ... тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.Бтай “хүүхэд загналаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан, биед нь гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Адалбек эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч Э.Х нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Э.Хын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Х, хохирогч Ж.Б нар нь 2001 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ... тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.Бтай “хүүхэд загналаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж газар унагаан, эрүүл мэндэд нь баруун шанаанд зулгаралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хүү Анандын хичээлийг давтуулах гээд “теле хичээлээ ямар учраас тэмдэглэж аваагүй юм бэ” гэхэд нөхөр уурлаад “чи юундаа хүүхэд загнаад байгаа юм бэ” гэхээр нь би “чи тэгвэл хичээлийг нь хийлгэ” гээд хэрүүл болсон. Тэгтэл манай нөхөр явна гээд гэрээс гараад машиндаа суухаар нь би явуулахгүй гэтэл машинаасаа гарч ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохиход би газарт унасан. Ингэж унахдаа баруун шанаагаа зулгалсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг нөхөр Х надад учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-шүүгдэгч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...эхнэр 1 дүгээр ангийн хүү Анандыг хичээлээ хийсэнгүй гээд загнаад байхаар нь би чи эрүүлдээ хүүхдэд хичээл зааж өг, согтуудаа битгий хүүхэд загнаад бай гэж хэлсэн чинь чи ямар өөрөө хүүхдэд хичээл зааж өгдөг биш гэсэн. Би хашаан дотор байсан машиндаа суугаад хөдлөх гэсэн боловч эхнэр машины хаалга татаад байхаар нь нэг удаа баруун нүд рүү нь цохиход эхнэр газарт унасан. Тэгэхдээ баруун шанаа нь зулгарсан. Ж.Бын биед учирсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4053 тоот дүгнэлтийн “...Ж.Бын биед баруун шанаанд зулгаралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

-Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 85-86 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 87-89 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Э.Х нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Быг зодож, түүний биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Хыг дээрх, зүйл хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Х нь хохирогч Ж.Бын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Ж.Б нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба, хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Адалбекээс “шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч нэхэмжилсэн  гэж зүйлгүй тул 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Э.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 1998 онд ял шийтгүүлж байсан байх ба, уг ялын хугацаа дууссан байна.

Шүүгдэгч Э.Хад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба, хүний эрүүл мэндэд халдаж буй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Э.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг, нөгөө талаас шүүгдэгч нь ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Х овогт Эийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА