Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0533

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Аийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Аийн Б, Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр замын унаагаар Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “...” төв орчим хүргүүлж буухдаа хамт явж ирсэн иргэн А.Бийн “Нокиа” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, улмаар хулгайлсан гар утсыг ашиглан А.Бийн данснаас 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б: Мөрдөн байцаалтад болсон асуудлаа үнэнээр нь ярьсан, нэмж ярих шаардлагагүй гэж бодож байна гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

“...Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрсний машин барьдаг ажил хийж байгаад цалингаа аваад, тэндээс замын унаанд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед суусан. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ... төвийн гэрлэн дохионы тэр хавьд ирээд буугаад явах гэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь тэр машинд хайж байгаад олдохгүй болохоор нь хамт сууж ирсэн хоёр хүндээ олдвол хэлээрэй гэж хэлээд утсаа үлдээгээд явсан. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үдээс хойш “Тэди” гар утас худалдааны төвд очиж гар утас худалдаж авах гэтэл таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь би гайхаад дансаа шалгахад үлдэгдэл 150.000 төгрөг байхаар нь Хаан банк руу залгаж асуутал 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 10 минутад таны данснаас Мобайл ашиглан 1.500.000 төгрөгийн гүйлгээ 5120158601 гэсэн данс руу хийгдсэн байна гэж хэлсэн. Миний гар утас товчлууртай Нокиа маркийн гар утас байсан. Утсыг нээхэд ямар нэгэн кодгүй. Гар утсандаа өөрийн Мобайл банкны гүйлгээний нууц дугаарыг хадгалчихсан байсан юм. Би Nord benz загварын ачааны дан толгой машинд сууж ирсэн. Улсын дугаарыг нь ажиглаагүй, Айнаа гэж дууддаг, 50 орчим насны, 180 см орчим өндөр, туранхай, үрчгэр нүүртэй, уруул хавьцаа сахалтай, харааны нүдний шил зүүдэг, нөгөөх нь 170 см орчим өндөртэй, бор төрхтэй, хууз сахалтай, 1990 оных гэж хэлсэн хоёр хүнтэй хамт сууж ирсэн. Би хот руу хамт ирэхдээ машин барьж ирсэн 1990 оны гэх залууг сэжиглэж байна. Гар утсаа хамгийн сүүлд дэлгүүрт ашиглахад тэр залуу надтай хамт, миний яг хажууд зогсож байсан. Намайг Мобайл банк ашигладаг гэдгийг, мөн кодыг нь ч гэсэн харж авсан байж магадгүй. Би 2018 оны 9 дүгээр сард “Тэди” төвөөс 60.000 төгрөгөөр Nokia загварын хар өнгийн, хоёр сим уншдаг, мемори ордог, товчлууртай утас авсан. Одоо би 60.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“...Надад нийт 1.500.000 төгрөгийн хохирол учирсан. Үүн дээр гар утас 40.000 төгрөгөөр үнэлэгдэж, нийт 1.540.000 төгрөгийн хохирол учирсан. Би Мобайл банкаас алдагдсан 1.500.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр миний 5135656214 дугаарын данс руу эхлээд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үлдсэн 100.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Ингээд би өөрт учирсан хохирлоо бүрэн хүлээж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утасны мөнгийг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул гар утасны төлбөрийг авахгүй. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

2. Шүүгдэгч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

“...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас гарах санаатай дугуй засвар дээр дугуйгаа хийлүүлээд байж байтал 25-28 орчим насны залуу ирээд хот орох уу гэж асуухаар нь орно гэсэн. Тэр залуу бага зэрэг согтолттой байсан. Манай ээлжийн жолооч бид хоёртой тухай залуу хамт явахаар болсон ба замдаа ээлжийн жолоочтой хамт архи уугаад байсан. Тэгээд замдаа Өмнөговь аймгийн Хулт суманд хооллох санаатай зогсоход тэр залуу дэлгүүр орохоор нь би дагаад орсон. Дэлгүүрт ороод ойр зуурын юм аваад, өөрийн Мобайл банкаа ашиглаад тооцоогоо хийж байхад нь би Мобайл банкных нь нууц дугаарыг харчихсан юм. Тэндээс хөдлөөд үүрээр 06 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд тэр залуу Монос дээр буухдаа гар утас алга болсон байна гээд машин дотор утсаа хайгаад байсан боловч гарч ирээгүй тул олдвол энэ дугаар руу залгаарай гээд нэг дугаар өгөөд буугаад үлдсэн. Тэр залуу замд явж байхдаа Нокиа маркийн гар утсаа машины урд талын салон дээр тавьчихсан байхаар нь би гар утсыг нь аваад өөрийнхөө жолооч талын сандал доор нуусан. Би Нисэхэд байх автомашин засвар дээр очоод машинаа засуулангаа доторх салоноо цэвэрлээд байж байтал суудал доор нуусан нөгөө залуугийн Нокиа маркийн гар утас гарч ирсэн. Би тэндээ машинаа үлдээгээд орой нь найзуудтайгаа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро дээр уулзаад ууж идэх гэтэл надад мөнгө байхгүй болохоор нь нөгөө залуугийн гар утсыг халааснаасаа гаргаж ирэхэд утас нь ямар нэгэн кодгүй байсан. Мобайл банкыг нь шалгаж үзтэл дансанд нь 1.500.000 төгрөг байхаар нь Саппорогийн тэр хавьд АТМ дээр очиход нэг эрэгтэй хүүхэд АТМ-д үйлчлүүлээд гараад ирэхээр нь би “данс руу нь мөнгө хийе, чи бэлнээр гаргаад өгчих, ах нь чамд 20.000 төгрөг өгье” гэхэд тэр хүүхэд зөвшөөрөөд би тухайн залуугийн гар утаснаас Мобайл банкыг нь ашиглан тэр хүүхдийн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн мөнгийг тэр оройдоо найзуудтайгаа ууж идээд дуусгасан. Тэр өдөр манай найз Баттөмөрийн төрсөн өдөр байсан юм. Тэгээд тухайн залуу Мобайл банкаараа тооцоо хийгээд байсан тул мөнгө байх гэж бодоод гар утсыг нь нуусан. Надад гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хүн байхгүй. Би гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, дунд зэргийн согтолттой байсан. Би хохирогчид учирсан хохирлоос 1.500.000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Харин одоо Нокиа маркийн гар утасны төлбөр болох 40.000 төгрөгийг барагдуулаагүй байгаа. Барагдуулах гэсэн боловч хохирогч нь өөрөө утасны төлбөрийг авахгүй гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар тал),

3. Хохирогч А.Бийн 5135656214 тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 17 дугаар тал), Энхбаяр овогтой Золбаярын 5120158601 тоот данс руу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх мөнгөний орлого орж, тус бүр 500.000 төгрөгийн 3 удаагийн үйлдлээр зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 26-27, 30-31 дүгээр тал),

            4. 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрч Э.Золбаяраар холбогдогч А.Бг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээс:

            “...Асуулт: Доорх 5 иргэний зураг дунд таны картыг ашиглаж таны данснаас мөнгө авахуулсан иргэний зураг байна уу, байгаа бол хэд дугаартай иргэн байна вэ? гэхэд

            Хариулт: 3 дугаартай иргэн /А.Б/ иргэн миний картыг ашиглаж, надаар мөнгө авахуулсан хүн байна гэв.

            Асуулт: Та тухайн иргэнийг ямар шинж тэмдгээр нь таньж байна вэ? гэхэд

            Хариулт: Би тэр хүнийг нүднийх нь харцаар болон царайных нь ерөнхий төрхөөр таньж байна. ...” гэж тэмдэглэсэн хэсэг, гэрэл зураг (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал)

            5. “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн СХД-3-20-055 дугаартай “...Nokia маркийн, 2018.9 сард Тэди төвөөс авсан, 2 симтэй, мемори ордог, товчлууртай гар утасны үнийг 40.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55 дугаар тал),

            6. Шүүгдэгч А.Бгээс 100.000 төгрөг, 400.000 төгрөгийг бэлнээр хохирогч А.Бид хүлээлгэн өгсөн тухай тус тус тэмдэглэл (хавтаст хэргийн 96 дугаар тал), мөн хохирогч А.Бид хохирлын мөнгө 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 97-98 дугаар тал),  

7. Шүүгдэгч А.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  75 дугаар тал), түүний нэр дээр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 66-67, 103, 105 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 102 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 104 дүгээр тал), 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 106 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  А.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Бд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр замын унаагаар Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны ... төв орчим хүргүүлж буухдаа хамт явж ирсэн иргэн А.Бийн Нокиа маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, улмаар хулгайлсан гар утсыг ашиглан А.Бийн данснаас 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлээгний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, дансны хуулга болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч А.Б  хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч А.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны ... төв орчим хүргүүлэх зорилгоор машинд нь сууж хамт ирсэн иргэн А.Бийн машины дотор салонд ил тавьсан байсан “Нокиа” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар гар утсанд сануулсан код, мөн утсанд суулгасан “Хаан” банкны Мобайл аплекейшиныг ашиглан А.Бийн Хаан банкинд эзэмшдэг данснаас 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын дансаар шилжүүлэн авч хулгайлан, нийт 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн“...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас ...замын унаанд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед суугаад 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ... төвийн гэрлэн дохионы тэр хавьд ирээд буусан. Гэтэл миний гар утас байхгүй байсан. ...машинд хайж байгаад олдохгүй болохоор нь хамт сууж ирсэн хоёр хүндээ олдвол хэлээрэй гэж хэлсэн. ...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...гар утас худалдаж авах гэтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь ...Хаан банк руу залгаж асуутал 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 10 минутад таны данснаас Мобайл ашиглан 1.500.000 төгрөгийн гүйлгээ 5120158601 гэсэн данс руу хийгдсэн байна гэж хэлсэн. ...Утсыг нээхэд ямар нэгэн кодгүй бөгөөд ...гар утсандаа өөрийн Мобайл банкны гүйлгээний нууц дугаарыг хадгалчихсан байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

-шүүгдэгч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас гарах санаатай... байж байтал 25-28 орчим насны залуу ирээд хот орох уу гэж асуухаар нь орно гэсэн, ...тухай залуу хамт явахаар болсон. ...замдаа ...тэр залуу дэлгүүр орохоор нь би дагаад орсон. Дэлгүүрт ороод ойр зуурын юм аваад, өөрийн Мобайл банкаа ашиглаад тооцоогоо  хийж байхад нь би Мобайл банкных нь нууц дугаарыг харчихсан юм. ...06 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд тэр залуу Монос дээр буухдаа гар утас алга болсон байна гээд машин дотор утсаа хайгаад байсан. ...Тэр залуу замд явж байхдаа Нокиа маркийн гар утсаа машины урд талын салон дээр тавьчихсан байхаар нь би гар утсыг нь аваад өөрийнхөө жолооч талын сандал доор нуусан. ...нөгөө залуугийн гар утсыг халааснаасаа гаргаж ирэхэд утас нь ямар нэгэн кодгүй байсан. Мобайл банкыг нь шалгаж үзтэл дансанд нь 1.500.000 төгрөг байхаар нь Саппорогийн тэр хавьд АТМ дээр очиход нэг эрэгтэй хүүхдээс ... би “данс руу нь мөнгө хийе, чи бэлнээр гаргаад өгчих, ах нь чамд 20.000 төгрөг өгье” гэхэд тэр хүүхэд зөвшөөрөөд би тухайн залуугийн гар утаснаас Мобайл банкыг нь ашиглан тэр хүүхдийн данс руу  1.500.000 төгрөг шилжүүлж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар тал),

-хохирогч А.Бийн 5135656214 тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Энхбаяр овогтой Золбаярын 5120158601 тоот данс руу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх мөнгөний орлого орж, тус бүр 500.000 төгрөгийн 3 удаагийн үйлдлээр зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 26-27, 30-31 дүгээр тал),

            -2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрч Э.Золбаяраар холбогдогч А.Бг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал)         “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч А.Б шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн Нокиа маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар утасны Мобайл аплекейншнийг ашиглан бэлэн мөнгө хохирогчийн дансаас хулгайлсан, тус гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг ашиглаж үйлдсэн байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Бг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэн Э.Золбаярыг гэрчээр тогтоож, мэдүүлэг авсан байх боловч тухайн этгээд нь 17 настай байхад хууль сануулаагүй, үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлаж, мэдүүлэг авсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулах журмыг зөрчсөн байх тул шүүх уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Б нь хохирогч А.Бид 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Б нь 400.000, 100.000 төгрөг бэлнээр, 1.000.000 төгрөгийг банкиар дамжуулан данс руу нь шилжүүлж /хх96-98/, бүгд 1.500.000 төгрөг хохирогчид нөхөн төлсөн байна. Харин хохирогч А.Б гар утасны үнэ 40.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Бг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч А.Бтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч А.Б улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч А.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 135 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байх ба, шүүгдэгч А.Бд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр танилцуулахад зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч А.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Б овогт Аийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Бид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА