| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0483/Э |
| Дугаар | 0556 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 0556
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,
улсын яллагч Б.Чинзориг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон, өмгөөлөгч С.Батнасан,
шүүгдэгч Ж.Э, өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Жы Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Жы Э, Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 05-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа машин зардаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД: ...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Ж.Э нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг 30 минутын үед ... тоот хашааны хойд замд “Jeep Wrangler” маркийн ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ: б/. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг,
-мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ө.Бгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг:
1.Шүүгдэгч Ж.Эаас: Гэм буруу дээр маргахгүй, мэдүүлэг гаргахгүй гэв.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон мэдүүлэхдээ:
Тэр өдөр айлд золгох гээд очсон. Очсон айлдаа бууз болохыг хүлээж байх үед Ж.Э орж ирээд талийгаачийг толгойгоороо дохиод, гэр халуун байна гэсээр байгаад аваад гарсан. Тэр үед миний сэтгэл санаа тавгүйрхээд, цонх руу хараад сууж байхад Эын эхнэр Билгээ их айсан царайтай гэр рүүгээ гүйж орсон. Араас нь Эын толгой цус болсон орж ирэхээр нь би машин руугаа гүйгээд очиход машины 4 дугуй нь дээшээ харчихсан байсан. Сувилагч гэх нэг эгч манай нөхрийн толгойг нь барьчихсан, ойртож болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би Эыг ирэхээр нь “чи машин барьж байсан биз дээ” гэхэд Э “үгүй, Бямбаа ах өөрөө машин барьж байгаад ийм осол боллоо” гэж надад хэлж байсан. Маш их гомдолтой байна. 0-4 насны гурван хүүхэдтэй. Миний 3 хүүхэд өнчирсөн. Гэтэл энэ хугацаанд Э надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би тийм хатуу сэтгэлтэй хүн биш. Надаас ядаж уучлалт гуйх хэрэгтэй байсан. Миний хохирлоос нэг удаа ч барагдуулаагүй. Харин би өөрөө нэг удаа зориг гарган Э руу залгахад “би мөнгийг чинь өгнө шүү дээ, би амьдралтай хүн” гэж хэлсэн. Энэ хүн миний амьдралыг сүйрүүлчихээд ингэж хэлж болох уу. Миний хоёр хүүхэд орой болгон аавыгаа асуугаад, би арга ядаад эмээгийндээ хүүхдээ аваачсан. Энэ хэргийн улмаас 80.073.245 төгрөг нэхэмжилж байгаа. Э над дээр ирээд эд материал наймаалцаж байгаа юм шиг 50.000.000 төгрөг өгье гэсэн. Би дургүй байсан ч гэхдээ зөвшөөрсөн. Хохирлоо нэхэмжилнэ гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлагад “... 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14:36:03 цагт хүн гэмтсэн, зам тээврийн осол гарсан, машин онхолдсон ...” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар тал),
2.Нийслэлийн түргэн тусламжийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 14 минутад эмнэлгийн хүлээн авахад хохирогчийг хүлээгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 4 дүгээр тал),
3. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 37 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжны 83а тоот хашааны зүүн замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-14 дүгээр тал),
4. Шүүгдэгч Ж.Эын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (О хувь) (хавтаст хэргийн 15 дугаар тал),
5.2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлд:
“...духны зүүн хажуу хэсэгт хөндлөн 6х2 см зах ирмэг тэгш бус ангайсан няцарсан шархтай, баруун нүдний дээд зовхины дотор ирмэг, зүүн нүдний дээд, доод зовхины гадна ирмэг урагдсан шархтай, зүүн доод зовхины гадна 1х0.5 см няцарсан шархтай, духны зүүн хэсэг, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар хэсгийг нилэнхүйд нь хамарсан 17х14 см хүрэн өнгийн цус хуралттай, зүүн бугалганы гадна дунд 5х5 см улаан хүрэн цус хуралттай, зүүн бугалганы урд болон доод хэсэгт 22х17 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, цээжний урд дээд хэсэгт 16х5 см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн мөрний үеэр мултарсан, хоёр чихний сүвнээс улаан хүрэн өнгийн цус гарсан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-19 дүгээр тал),
6. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжны 83-А тоот хашааны арын хэсэгт онхолдсон гэх ... УНД “Jeep Wrangler” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-24 дүгээр тал), тус тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Өлзийсайхан овогтой Б бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 25 дугаар тал),
7.Амь хохирогч Ө.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Ө.Б нь нас барсныг бүртгэсэн тухай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 26, 28 дугаар тал), Ө.Б, Б.Онон нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ононгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Би амь хохирогч Ө.Бгийн эхнэр нь байгаа юм. Бид хоёр гэрлэлтийн гэрчилгээтэй. Би хэрэг болох үеийг хараагүй. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Б, түүний эцэг, эх нарын хамт Түвшинбаярын ах Төмөрбаатарын гэрт золгохоор очсон. Би нөхөртэйгөө хамт нөхрийн “Жийп Вранглер” маркийн машинтай очсон. Ингээд айлдаа бид нар 14 цагийн орчим ороод золгоод бууз болохыг хүлээж байхад Төмөрбаатарын хүргэн Э, эхнэр Билэгсайханын хамт аавындаа орж ирсэн. Манай нөхөртэй Э миний ард суугаад юм яриад байсан. Яриаг нь сонсоход “гарах уу гэр халуун байна” гэж ярилцаад гарсан. Тэгээд би утсаараа оролдож байгаад цонхоор харахад Билэгсайхан гэр рүүгээ айсан царай гаргасан гүйж орж байсан. Тэгтэл 4-5 минутын дараа Э хашаагаар цус болсон царайтай гүйн орж ирж байхаар нь өөдөөс нь гараад “чи машин барьж яваад ингэсэн үү” гэхэд “Бямбаа ах машин барьж яваад осол гаргачихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хашаагаар гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ харахад манай машины дөрвөн дугуй дээшээ харсан байдалтай байсан. Би машин дээрээ гүйж очоод харахад манай нөхрийн нүүр ам нь нил цус болоод амнаас нь цус гарч байсан. Сувилагч гэх эмэгтэй “хурдан түргэн дуудаарай энэ хүн чинь хэцүүдээд байна шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд араас нь Э гүйж ирэхээр нь би “чи далдгануур царайлаад машин барьж явсан биз дээ” гэж асуухад “Бямбаа ах машин барьж осол гаргасан би бариагүй” гэж хэлээд байсан.
Миний нөхөр 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж, төрсөн эцэг нь гэх Өлзийсайхан эх Дайрий хоёр манай нөхрийг 4 настай байхад салсан. Түүнээс хойш эхтэйгээ амьдарч байгаад эх Дайрий нь Түвшинбаяртай суусан. Миний нөхөр 10 жилийн боловсролоо эзэмшээд 2013 онд Бизнес Эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Би нөхөртэйгөө 2015 онд танилцаж, хуримаа хийгээд 2015 онд анхны хүүхдээ төрүүлсэн. Дараагийн хүүхдээ 2016 онд төрүүлсэн. Одоо би 8 сартай жирэмсэн. Манай нөхрийн зан байдлын хувьд сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, байхгүй гэж хэлдэггүй, ажлаа сайн хийдэг, амьдралын төлөө явдаг. Эхнэр хүүхдүүддээ хайр халамжтай. Бид хоёр хамт амьдрахдаа нэг ч удаа хэрүүл хийж үзээгүй. Машинд их хоббитой, нилээн хэдэн машин сольж унасан. Архийг хааяа нэг хэрэглэдэг, тамхи татдаг байсан. Би машиныг нь хэн жолоодож явсныг хараагүй. Манай нөхөр өмнө нь Харриер загварын машин унадаг байхад нь Э уг онхолддог машиныг зуучилж, Харриер загварын машинаар сольж, зөрүү өгүүлж манайд зарсан юм. Э яг машин солих үед манай нөхрөөс зуучилж өгсөн юм чинь та нэг сая төгрөг өг гэж хэлээд үл ойлголцож маргалдсан байдаг. Манай нөхөр зуучилж өгвөл мөнгө өгнө гэж Этай тохиролцоогүй байхад нэхсэн байдаг. Тэгээд 300.000 төгрөгийг Эт өгч байсан. Гэрт байхад тэд нар миний ард талд тодорхой юм яриагүй. Яриа нь сонсогдоогүй. Би юм сонсоогүй. Цуг гараад явж байсан. Манай нөхөрт ямар нэгэн хууч өвчин байхгүй. Тухайн үед байсан бүх хүмүүс эрүүл байсан. Согтууруулах ундаа хэрэглээгүй. Баримтуудаа цуглуулж байгаад нэгтгээд нийлүүлээд өгнө. Маш их гомдолтой байна. Эыг цаг хугацаа алдаж түргэн дуудсан, мөн жолоо барьж явчихаад жолоо барьж яваагүй гэж хэлсэнд гомдолтой байна. Манай нөхөр Этай гэрээс гарах шалтгаан байгаагүй. Нөхөр маань их том биетэй учир суудлыг байнга тултал нь хойшоо болгож, хамгаалах бүсээ байнга хэрэглэж суудаг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал),
9. Гэрч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед гэртээ ирээд галаа түлээд байж байхад гадаа түс тас хийх чимээ гарахаар нь би гэрээсээ гараад харахад хашааны урд талд нэг машин онхолдоод дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай унасан байхаар нь гүйж очиход урдаас нэг залуу гүйж ирээд “би ахыгаа татаж гаргамаар байна” гэж хэлсэн. Тэгээд би машин дээр очиход машины дотор талд буюу жолоочийн эсрэг талд нэг залуу нүүр ам нь нил цус болсон байдалтай доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд татаад гаргах гэтэл тэрүүгээр явж байсан залуу “би сая дуудлага өглөө, битгий хөдөлгөөрэй” гэж хэлэхээр нь гадаа нь байж байсан. Бас нэг хүүхэн би сувилагч хийдэг гэж хэлээд тэр залууг үзээд “энэ хүн дотуур цус алдаад байна, яаралтай түргэн дуудаарай” гэж хэлэхээр нь би өөрийн дугаараас 14 цаг 41 минутад дахин дуудлага өгсөн. Удалгүй ар гэрийнхэн болон түргэний машин ирсэн. Осол болох үед хэн жолоодож явсныг би хараагүй. Ямар ч байсан дүү нь гэх залуу хажууд нь байсан. Дүү нь гэх залуу ямар нэгэн зүйл хэлээгүй, сандарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
10. Гэрч С.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би мэдүүлэг өгнө. Б.Б нь манай дүү Түвшинбаяртай суусан хүний хүүхэд нь байгаа юм. Харин Э манай хүргэн байгаа юм. Би өнөөдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр манай дүү Түвшинбаяр гэр бүлийнхээ хамт манайд золгохоор ирсэн. Би Түвшинбаяртай гэрийнхээ гадаа тамхи татаад зогсож байхад араас Б, Э нар гарч ирээд юм ярьж байгаа харагдсан. Бид хоёр орсны дараа бууз гараад идэх гээд байж байхад Э гүйж орж ирээд “Б машинтайгаа уначихлаа шүү дээ” гэж хэлээд бид нар араас нь гараад осол болсон газар очиход машин дээшээ харсан байдалтай байсан. Б машин дотроо байгаа байдалтай байсан. Би ойртож харж чадаагүй. Б, Э нар ямар зорилгоор хаашаа гарсныг мэдэхгүй байна. Хоорондоо ярьсан зүйлийг мэдэхгүй. Тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсныг мэдэхгүй. Тухайн үед Б, Э нар согтууруулах ундаа хэрэглээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),
11. Гэрч С.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Би Ө.Бгийн хойд эцэг нь байгаа юм. Би өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Дайрий, охин Хулан нарын хамт өөрийн төрсөн ах Төмөрбаатарын гэрт золгохоор очсон. Тухайн үед манай хүү Б эхнэр Ононгийн гэрээс ирсэн. Ингээд бид Төмөрбаатар ахынд орж золгоод бууз хүлээгээд байж байсан. Тэгээд би ахтайгаа гэрээс нь гараад байшингийнх нь хажууд тамхи татаад зогсож байхад Б, Э хоёр байшингийн урд хойд талын хэсэгт юм яриад зогсож байсан. Тэгээд ах бид хоёр гэрт нь ороод буузаа идээд сууж байтал Э “машин уначихлаа” гэж хэлээд гүйгээд ороод ирсэн. Бид нар дагаад араас нь очиход Бгийн машин унаад дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Намайг очиход машины жолооч талын хаалга онгорхой, үл таних эмэгтэй “цус алдаад байна ахаа, би сая түргэн дуудсан” гэж хэлээд байж байсан. Би өөрийн дугаараас 14:45 цагт дахин дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирээд Бг авч яваад бид нар араас нь яваад гэмтлийн эмнэлгийн гадаа ирэхэд эмч нь “сая замдаа нас барлаа” гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл манай хүү Бгийн эзэмшлийнх юм. Б ахын гэрийн гадаа машинтайгаа ирэхдээ миний машины араас манай хүү машинаа тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),
12. Гэрч Д.Дайрийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Түвшинбаяр, охин Т.Хулан нарын хамт өөрсдийн машинтайгаа, хүү Ө.Б эхнэр Ононгийн хамт машинтайгаа манай нөхрийн ах Төмөрбаатарын гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжинд байх хашаа байшинд 12 цагийн үед ирсэн. Ингээд Төмөрбаатарын ахын гэрт ороход ах Төмөрбаатар, түүний эхнэр Оюунгэрэл, охин Уранбилэг, Отгонзаяа нар байсан. Бид золголт хийгээд, цай уугаад сууж байхад Төмөрбаатар ахын хүргэн буюу Э гаднаас орж ирээд бидэнтэй золгосон. Тэгээд бууз идээд сууж байх хооронд манай нөхөр Түвшинбаяр, Төмөрбаатар нар тамхилах гээд гараад явсан. Удалгүй араас нь Б, Э нар гарсан. Би өөрийн төрсөн охин Хуланд “ах чинь хаана байна” гэж асуухад Төмөрбаатар ахын охин Отгонзаяа “би гараад хараад ирье” гэж хэлээд гараад явсан. Удалгүй орж ирээд “Б ах Э ахын гэрт ч алга, гадаа байхгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Э байшингийн цонхоор шагайгаад “Дариа эгчээ Б осол гаргачихлаа, тэнд цус алдаад байна, уг нь түргэн дуудсан чинь ирэхгүй байна, машинаар аваад явчихаж болохгүй юм уу” гэхээр нь гараад тухайн осол болсон газар руу очиход тэнд байсан хүмүүс “түргэн дуудсан байгаа, хүрч болохгүй гэсэн” гэж хэлж байсан. Намайг харахад машин нь дөрвөн дугуйгаараа дээш харсан байдалтай, жолооч талын урд хаалга онгорхой, жолоочийн хажуу талын суудлын харалдаа манай хүүхэд цус болсон байсан. Түүнээс хойш би санахгүй байна. Түргэн ирээд авч явахаар нь бид араас нь яваад гэмтлийн эмнэлгийн гадна ирэхэд эмч нь “сая замдаа нас барлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),
13. Гэрч Т.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Тухайн өдөр аав Төмөрбаатарын гэрт түүний төрсөн дүү Түвшинбаяр ах, эхнэр Дайрий, хүү Б, охин Хулан, Онон нар золгохоор ирсэн. Би нөхөр, хүүхдийн хамт аав Төмөрбаатарын хашаанд тусдаа гэр бариад амьдардаг. Ингээд би нөхрийн хамт Түвшинбаяр ахын гэрийнхэнтэй золгохоор орсон. Бид золгоод дуусаад, бууз хүлээгээд сууж байхад аав Төмөрбаатар, дүү Түвшинбаяр нар хамт гараад тамхи татаад зогсож байсан. Араас нь Б, нөхөр Э нар гараад гэр рүү орж харагдсан. Тэгээд би хүүхэдтэйгээ хамт гэр рүү ороход нөхөр Э байхгүй, мөн Б ах хашаанд байхгүй байхаар нь би тэр хоёрыг машин тэргээ үзээд байж байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн. Гэртээ байж байхад танихгүй дугаар залгахаар нь авахад манай нөхөр байсан бөгөөд надад гараад ир гэж хэлсэн. Би гараад зам тосоод дээшээ алхаад очиход хүн байгаагүй. Буцаж гэр рүү утсаа авахаар алхахад нөхөр гудамжны зүүн талаас гүйж ирж байсан. Тэгээд манай нөхөр аавын гэрийн цонхон дээр очоод “Бямбаа ах цус алдаад байна” гэж хэлсэн. Ингээд бид осол болсон газар очиход машин дээшээ харсан байдалтай байсан. Нөхөр Э надад “Бямбаа ах машиндаа юм хийсэн, чи бариад шалгаад үзээдэх гэж хэлэхээр нь би барьж явсан” гэж хэлсэн.
Миний нөхөр 1996 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж, Бүрд сумын сургуульд 9 дүгээр ангиа төгсөөд, Улаанбаатар хотын Техник технологийн коллежийг төгссөн. Бид анх 2013 онд танилцаж, 2016 онд хуримаа хийгээд, түүнээс хойш хамт амьдрах болсон. Бидний дундаас 2016 онд нэг хүүхэд гарсан. Ж.Э нь зан байдлын хувьд зөөлөн ааштай, яриа хөөрөөтэй, хүний арга эвийг олдог, хүнтэй муудалцаад байдаггүй хүн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),
14. Гэрч Г.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Тухайн өдөр нөхөр Төмөрбаатарын төрсөн дүү Түвшинбаяр, эхнэр Дайрий, хүү Б, охин Хулан, Онон нарын хамт золгохоор манай гэрт 13-14 цагийн хооронд ирсэн. Ингээд би гал тогоонд цай хийж өгөөд, бууз тавиад байх зуур... нөхөр Төмөрбаатар, дүү Түвшинбаярын хамт гэрээс тамхи татах гээд гарсан. Би үлдсэн хүмүүст айраг хийж өгөөд бууз гаргаж өгөөд байж байхад нөхөр Төмөрбаатар, дүү Түвшинбаяртай орж ирээд суусан. Биднийг гэрт байж байхад гэрийн цонхон дээр Э ирээд “Бямбаа ах цус алдаад байна” гэж орилсон. Ингээд бид гараад осол болсон газар очиход машин дээшээ харсан байдалтай байсан.
Хүргэн Э Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Эцэг, эх, хоёр дүүгийнхээ хамт амьдарч байгаад манай охинтой 2016 онд хуримаа хийж, түүнээс хойш манай хашаанд амьдрах болсон. 2016 онд хүүхэд нь төрсөн. Ж.Э зан байдлын хувьд хүнтэй эвтэй найртай, сэтгэл сайтай, өрөвчхөн сэтгэлтэй, хүнтэй муудалцаад байдаггүй, архи уудаггүй хүү байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),
15. Гэрч У.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эгчийндээ очиж золгохоор Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4 дүгээр гудамжаар явж байхад замын хажуу хэсэгт нэг машин дээшээ харж унасан байхаар нь би өөрийн унаж явсан машинаа зогсоогоод буугаад очтол тэр машины хажууд нэг эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд надад “манай ахыг гаргаад өгөөч” гэж хэлэхэд тэнд өөрийгөө сувилагч гэх нэг эмэгтэй ирээд тэр гэмтсэн хүнийг үзээд “хамаагүй хөдөлгөж болохгүй” гэж хэлэхээр нь би өөрийн 86202019 дугаараас 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Тээврийн хэрэгсэлд байсан хүнийг очиж харахад жолоочийн хажуу талын суудлын таазны хэсэгт хөндлөн байрлалтай, нүүр, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би Ж.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа зургийг харлаа. Энэ залуу гадаа нь зогсож байсан залуу мөн байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),
16. Шүүгдэгч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг хүртэл гэртээ унтаж амраад байж байхад манай хадам аавын гэрт түүний төрсөн дүү Түвшинбаяр гэр бүлийнхэнтэйгээ хамт ирсэн. Тэгээд би тэр хүмүүстэй золгохоор аавын гэрт ороод золгосон. Хадам ээж цай хийж өгөхөөр нь уугаад сууж байхад Түвшинбаяр ах, хадам аав Төмөрбаатар нар гэрээс гарсан. Цайгаа уугаад дуустал талийгаач Б “ямар халуун байна” гэж хэлээд гарахдаа миний мөр рүү гараараа хүрээд намайг дуудсан. Би ч удалгүй хойноос нь гараад гэр рүүгээ ороод хувцсаа сольчихоод гарч ирээд амбаарын урд зогсож байхад Б ирээд тамхи асаасан. Бид хоорондоо машин тэрэгний талаар ярилцаад хашааны урд хаалгаар гарсан. Б ах машинаа эхлээд өөрөө асаагаад, буцаж унтраагаад бид машины өндөрлөгөөг буулгасан талаар ярилцаад байж байтал Б ах “чи нэг унаад хөдөлгөөд үзэх үү, өмнөхөөсөө ямаршуу болж уу, хэлээд өгөөч” гэж хэлээд надад түлхүүрээ өгөхөөр нь би жолооч талын хаалгаар суугаад, Б ах жолоочийн хажуу талын зорчигчийн суудалд суусан. Би машиныг нь асаагаад ухарч хөдлөөд гудамжаар зүүн зүгт яваад гудамжны төгсгөлд байх сагсны шийдний талбай дээр буцаж эргээд явж байтал машин гэнэт далан эргэ рүү унаад би эхлээд буух гэтэл хаалга онгойхгүй байхаар нь жолооч талын хаалгаар гарч ирсэн. Тэгээд би Б ахаас “зүгээр үү” гэж асуухад өөдөөс хариулахгүй байхаар нь буцаж машин руу ороод Б ахыг нааш татахад ам, хамраас нь их хэмжээний цус гарч байсан. Түргэн дуудах гээд утсаа олохгүй байхад тэр хавьд байсан хүмүүс түргэн дуудаж өгсөн. Би тэнд байсан хүний утсаар эхнэр рүүгээ залгаад дуудсан боловч ирэхгүй байхаар нь гэр рүүгээ гүйж очиход эхнэртэйгээ хашааны хаалган дээр таарсан. Би эхнэрт “Бямбаа ах цус алдаад байна” гэж хэлээд хашаа руу ороод аавын гэрийн гадаа очоод цонхоор нь дахин энэ үгээ хэлээд буцаж осол болсон газраа ирсэн. Удалгүй түргэн дагуулж ирээд Б ахыг түргэний машинд суулгаад би гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан. Хорооллын эцсийн тэнд явж байхад эмч энэ хүн нас барлаа гэж хэлж байсан. Би тухайн үед эрүүл байсан, яарч сандарч яваагүй. Оршуулгын зардал болон бусад нэхэмжилсэн хохирлыг төлнө. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 206-206-207 дугаар тал),
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 590 дугаартай дүгнэлтэд:
Болсон хэргийн товч: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд авто осолд орж нас барсан гэх.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц:
Гадна үзлэг: “176 см урттай, 30 орчим насны бие галбир зөв, махлагдуу эрэгтэй хүний цогцос байна. “...Духны зүүн хэсэгт зүүн хөмсөг дайрсан 6х1 см ташуу байрлалтай зах ирмэг тэгш биш шархтай, баруун нүдний дотор булан, зүүн дээд доод зовхинд мөн ижил зах ирмэг тэгш биш жижиг шархуудтай, 2 нүдний дээд, доод зовхинд улаан ягаан өнгийн цус хуралттай, хавдсан, хамар хөх ягаан өнгийн цус хуралттай, хэлбэр дүрс алдагдсан, яс хугарлын шинжтэй, зүүн шанаа, зовхи, хацар хамарсан зулгаралтай, зүүн бугалганд 8х7 см зулгаралттай, эргэн тойронд цус хурсан, зүүн мөрний үеэр эмгэг хөдөлгөөнтэй мултарсан, баруун тохойд хөх өнгийн цус хуралттай байв.
Гавал тархины шинжилгээ: хуйхыг нээхэд духны зүүн хэсэгт шархтай, духны зүүн хэсэг, зүүн чамархайд тархмал улаан өнгийн цус хуралттай, мөн дагзны баруун доод хэсэгт дагзны төвгөрөөс дойш хуйхан дор 6х7 см улаан өнгийн цус хуралттай. Гавлын зүүн чамархай яснаас доош гавлын урд хонхор дайрч суурь ясны их биеийг турк эмээлээр дайран суурь ясны баруун далавч руу баруун чулуулаг ясны дундуур үргэлжлэн дагз ясны баруун талд хайрслаг хэсгээр 2 салаа шугаман хугарал үүсгэсэн ташуу хугарал үүссэн байв. Мөн гавлын урд хонхорт зүүн ухархайн дээд хананд 5х3 см том сэлтэрхийт хугаралтай, турк эмээлийн биеэс доош самалдаг ясанд хугаралтай. Гавлын орой яс бүтэн, хатуу хальс суурь хэсгээр урагдсан, суурь хэсгээр хатуу хальс дээр доор ялтаслаг хэлбэрийн нимгэн цус хуралттай. ...их тархины дор зүүн духны дэлбэнгийн хажуу хэсэгт 3х2 см, баруун чамархайд 8х7 см цус хуралттай, ...2 талын духны дэлбэнгийн доод гадаргуу, зүүн чамархайн доод гадаргуу, дунд тархи, гүүр уртавтар тархины эдэд тархмал цусархаг няцралтай, уртавтар тархинд хатуу хальс дор цус хуралт үүссэн байв. ...Өнчин тархины эд няцарч хэлбэрээ алдсан. Бага тархи 13х7х5 см, тогтоц биелэг, 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, аалзан хальсан дор тархмал цус харвалттай. ...”
Дүгнэлт: 1. Талийгаачид духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, баруун нүдний дотор булан, зүүн дээд доод зовхинд няцарсан шарх, хамар, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, зовхи, хацарт зулгаралт, духны зүүн хэсэг, зүүн чамархай, дагзны баруун доод хэсэгт хуйхан дор цус хуралт, зүүн чамархай яс, зүүн ухархайн дээд хана, суурь ясны их бие турк эмээл, самалдаг яс, суурь ясны баруун далавч, баруун чулуулаг яс, дагз ясны баруун хайрслаг хэсгийн хугарал, гавлын суурь хэсгийн хатуу хальсны урагдал, хатуу хальс дээрх, доорх ялтаслаг хэлбэрийн цус хуралт, зүүн духны дэлбэнгийн хажуу хэсэг, баруун чамархайн аалзан хальсны дор цус хуралт, 2 талын духны дэлбэнгийн доод гадаргуу, баруун чамархайн доод гадаргуу, дунд тархи, гүүр уртавтар тархины эдийн цусархаг няцрал, өнчин тархи няцрал, уртавтар тархины хатуу хальс доорх цус хуралт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, өвчүүний зүүн талд 1-р хавирга бэхлэгдэх хэсгээр сэлтэрсэн хугарал, баруун 2-р хавирга эгэмний дунд шугамаар, 9-р хавирга суганы урд шугамаар шууд хугарал, зүүн 1-р хавирга эгэмтэй бэхлэгдэх хэсгээр 2, 6-р хавирга эгэмний дунд болон суганы урд, дунд шугамаар шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт, 2 уушигны эдийн голомтлог няцрал, зүүн ховдлын урд гадаргууд цэгэн цус харвалтууд, доод уруулд зулгаралт, цээжний зүүн урд дээд хэсэг, баруун тохойд цус хуралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт, зүүн мөрний мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн үхэлд шууд хүргэсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна.
3. Талийгаачид элэгний архаг үрэвсэл тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй.
4. Талийгаач гавал тархины анатомын бүтэц ихээр алдагдсан, амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаач 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн байдлаар нас бараад 2-4 цаг болсон байжээ.
6.Цусны 2-р бүлэгтэй байна.
7. Нас барах үед цусанд спирт илрээгүй. /Шинжээч эмч Б.Ариунзул/...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 69-83 дугаар тал),
18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1144 дугаартай дүгнэлтэд:
Дүгнэлт:Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцсэн Жы Эын гарын хээний дардас нь Гарын хээний нэгдсэн санд MN000310021723 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй. /Шинжээч О.Золзаяа/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 87-94 дүгээр тал),
19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1143 дугаартай дүгнэлтэд:
Дүгнэлт:Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад урагдалт, гогодолт гарсан байна. /Бгийн өмсөж явах гэх хувцас /
-Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гарсан 8х5 мм, 11х8 мм, 10х6 мм-ын хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.
-Цамцанд гарсан 5х3 мм-ын хэмжээтэй гэмтэл хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин гогодолт гарсан байна. Бусад хувцас гэмтэлгүй. /Шинжээч Т.Батбаатар/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 98-104 дүгээр тал),
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1338 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Цус мэт зүйл-2 ширхэг.
Дүгнэлт:
-Шинжилгээнд ирүүлсэн жолооч талын хаалганы хэсгээс гэсэн бичигтэй гялгар уутанд хийсэн хөвөн болон марльд шингээсэн бүдэг хүрэн өнгийн нойтон зүйл, зорчигч талын хэсгээс гэсэн бичигтэй гялгар уутанд хийсэн улаан хүрэн өнгийн шингэн зүйл дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
-Жолооч талын хаалганы хэсгээс гэсэн бичигтэй гялгар уутанд хийсэн хөвөн болон марльд шингээсэн бүдэг хүрэн өнгийн нойтон зүйл, зорчигч талын хэсгээс гэсэн бичигтэй гялгар уутанд хийсэн улаан хүрэн өнгийн шингэн зүйл дээрх цус нь ABO системээр A (II) бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 108-109 дүгээр тал),
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1336 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйл: О.Бгийн гэх хувцас-10 ширхэг.
Дouytlm:
1. Шинжилгээнд ирүүлсэн үстэй захтай бор өнгийн савхин хүрэм, хар өнгийн өмд, хар өнгийн цамц, хар өнгийн майк, түрийтэй хар өнгийн хос гутал, саарал өнгийн дотоожин дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
2. Үстэй захтай бор өнгийн савхин хүрэм, хар өнгийн өмд, хар өнгийн цамцан дээрх цус нь ABO системээр A /II/ бүлгийн харьяалалтай байна.
3. Хар өнгийн майк, түрийтэй хар өнгийн хос гутал, саарал өнгийн дотоожин дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.
4. Цагаан өнгийн хос оймс, хар өнгийн савхин хос бээлий, саравчтай хар хөх өнгийн малгай, хар өнгийн тэлээн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 113-114 дүгээр тал),
22.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1406 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Jeep маркийн автомашин 1 ширхэг.
Дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн Jeep Wrangler маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Автомашин тоормосны шингэн дамжуулгатай, ABS системтэй, тоормосны механизм ажиллаж байна. Автомашин хөдөлж явах боломжгүй тул тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна. Спидометрийн ажиллагааг шалгах боломжгүй. /шинжээч С.Мөнхдалай/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 132-151 дүгээр тал),
23. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 176 дугаартай дүгнэлтэд:
Осол хэргийн болсон байдал: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4 дүгээр гудамжны 83а тоот хашааны хойд замд 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Jeep Wrangler маркийн ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, зорчигч Өлзийсайханы Бгийн амь нас хохирсон.
Хариулт:
1. Jeep Wrangler маркийн ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Жы Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ:
...б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг,
-мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Зорчигч Өлзийсайханы Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар бүлгийн 6.1-д заасан “Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ:
а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3.4-ийн “б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд); гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Цагдаагийн хошууч Б.Батзориг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 156-157 тал),
24. “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 16795863 дугаартай “...... УНД улсын дугаартай “Jeep Wrangler” маркийн автомашины техникийн эвдрэл хохирлын үнийг 18.580.000 төгрөгөөр, шууд бус зардал 180.000 төгрөг, нийт 18.760.000 төгрөгөөр тогтоосон” автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг (хавтаст хэргийн 119-122 дугаар тал), дээрх тээврийн хэрэгсэлд үзлэг, оношилгоо хийлгэсэн тухай баримт (хавтаст хэргийн 123-125 дугаар тал),
25. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ононгийн хохирол, хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 170-197 дугаар тал),
26. Шүүгдэгч Ж.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /санд бүртгэгдээгүй/ (хавтаст хэргийн 66 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газарт бүртгэлтэй “В” ангилалын жолоочийн лавлагаа /2020.11.08 хүртэл хүчинтэй /(хавтаст хэргийн 63 дугаар тал), Ж.Э, Т.Билэгсайхан нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4 дүгээр гудамжны 83а тоот хашааны хойд замд “Jeep Wrangler” маркийн ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ: б/. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ө.Бгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч шүүгдэгч Ж.Э нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг 30 минутын үед ... тоот хашааны хойд замд “Jeep Wrangler” маркийн ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ:
“...б/. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,
-мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ө.Бгийн амь насыг хохироосон үйл баримт нь:
Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс ирсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар тал), Нийслэлийн түргэн тусламжийн баримт (хавтаст хэргийн 4 дүгээр тал),
-2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 37 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжны 83а тоот хашааны зүүн замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-14 дүгээр тал),
-2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-19 дүгээр тал),
-1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Ө.Б нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 28 дугаар тал),
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ононгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...манай нөхөртэй Э миний ард суугаад юм яриад байсан. Яриаг нь сонсоход “гарах уу гэр халуун байна” гэж ярилцаад гарсан. ...цонхоор харахад Билэгсайхан гэр рүүгээ айсан царай гаргасан гүйж орж байсан. Тэгтэл 4-5 минутын дараа Э хашаагаар цус болсон царайтай гүйн орж ирж байсан. ...би хашаагаар гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ харахад манай машины дөрвөн дугуй дээшээ харсан байдалтай байсан. ...би машин дээрээ гүйж очоод харахад манай нөхрийн нүүр ам нь нил цус болоод амнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
-гэрч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед гэртээ ...байхад гадаа түс тас хийх чимээ гарсан. ...би гэрээсээ гараад харахад хашааны урд талд нэг машин онхолдоод дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай унасан байсан. ...гүйж очиход урдаас нэг залуу гүйж ирээд “би ахыгаа татаж гаргамаар байна” гэж хэлсэн. Тэгээд би машин дээр очиход машины дотор талд буюу жолоочийн эсрэг талд нэг залуу нүүр ам нь нил цус болсон байдалтай доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд татаад гаргах гэтэл тэрүүгээр явж байсан залуу “би сая дуудлага өглөө, битгий хөдөлгөөрэй” гэж хэлсэн. ...Бас нэг хүүхэн би сувилагч хийдэг гэж хэлээд тэр залууг үзээд “энэ хүн дотуур цус алдаад байна, яаралтай түргэн дуудаарай” гэж хэлэхээр нь би өөрийн дугаараас 14 цаг 41 минутад дахин дуудлага өгсөн. ...Ямар ч байсан дүү нь гэх залуу хажууд нь байсан. ...сандарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
-гэрч У.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4 дүгээр гудамжаар явж байхад замын хажуу хэсэгт нэг машин дээшээ харж унасан байхаар нь би өөрийн унаж явсан машинаа зогсоогоод буугаад очтол тэр машины хажууд нэг эрэгтэй хүн зогсож байсан, ...надад “манай ахыг гаргаад өгөөч” гэж хэлэхэд тэнд өөрийгөө сувилагч гэх нэг эмэгтэй ирээд тэр гэмтсэн хүнийг үзээд “хамаагүй хөдөлгөж болохгүй” гэж хэлэхээр нь би өөрийн 86202019 дугаараас 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Тээврийн хэрэгсэлд байсан хүнийг очиж харахад жолоочийн хажуу талын суудлын таазны хэсэгт хөндлөн байрлалтай, нүүр, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би Ж.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа зургийг харлаа. Энэ залуу гадаа нь зогсож байсан залуу мөн байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),
-гэрч Т.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Тухайн өдөр ...танихгүй дугаар залгахаар нь авахад манай нөхөр байсан, ...надад гараад ир гэж хэлсэн. Би гарсан. ....нөхөр гудамжны зүүн талаас гүйж ирж байсан. Тэгээд манай нөхөр аавын гэрийн цонхон дээр очоод “Бямбаа ах цус алдаад байна” гэж хэлсэн. Ингээд бид осол болсон газар очиход машин дээшээ харсан байдалтай байсан. Нөхөр Э надад “Бямбаа ах машиндаа юм хийсэн, чи бариад шалгаад үзээдэх гэж хэлэхээр нь би барьж явсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),
-гэрч С.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Э гүйж орж ирээд “Б машинтайгаа уначихлаа шүү дээ” гэж хэлээд бид нар араас нь гараад осол болсон газар очиход машин дээшээ харсан байдалтай байсан. Б машин дотроо байгаа байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),
-гэрч С.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Э “машин уначихлаа” гэж хэлээд гүйгээд ороод ирсэн. Бид дагаад араас нь очиход Бгийн машин унаад дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Намайг очиход машины жолооч талын хаалга онгорхой, үл таних эмэгтэй “цус алдаад байна ахаа, би сая түргэн дуудсан” гэж хэлээд байж байсан. Би өөрийн дугаараас 14:45 цагт дахин дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирээд Бг авч яваад бид нар араас нь яваад гэмтлийн эмнэлгийн гадаа ирэхэд эмч нь “сая замдаа нас барлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),
-гэрч Д.Дайрийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...осол болсон газар руу очиход тэнд байсан хүмүүс “түргэн дуудсан байгаа, хүрч болохгүй гэсэн” гэж хэлж байсан. Намайг харахад машин нь дөрвөн дугуйгаараа дээш харсан байдалтай, жолооч талын урд хаалга онгорхой, жолоочийн хажуу талын суудлын харалдаа манай хүүхэд цус болсон байсан. ...түргэн ирээд авч явахаар нь бид араас нь яваад гэмтлийн эмнэлгийн гадна ирэхэд эмч нь “сая замдаа нас барлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),
-гэрч Г.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Биднийг гэрт байж байхад гэрийн цонхон дээр Э ирээд “Бямбаа ах цус алдаад байна” гэж орилсон. Ингээд бид гараад осол болсон газар очиход машин дээшээ харсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),
-шүүгдэгч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ... би жолооч талын хаалгаар суугаад, Б ах жолоочийн хажуу талын зорчигчийн суудалд суусан. Би машиныг нь асаагаад ухарч хөдлөөд гудамжаар зүүн зүгт яваад гудамжны төгсгөлд байх сагсны шийдний талбай дээр буцаж эргээд явж байтал машин гэнэт далан эргэ рүү унаад би эхлээд буух гэтэл хаалга онгойхгүй байхаар нь жолооч талын хаалгаар гарч ирсэн. Тэгээд би Б ахаас “зүгээр үү” гэж асуухад өөдөөс хариулахгүй байхаар нь буцаж машин руу ороод Б ахыг нааш татахад ам, хамраас нь их хэмжээний цус гарч байсан. ...Би тэнд байсан хүний утсаар эхнэр рүүгээ залгаад дуудсан боловч ирэхгүй байхаар нь гэр рүүгээ гүйж очиход эхнэртэйгээ хашааны хаалган дээр таарсан. Би эхнэрт “Бямбаа ах цус алдаад байна” гэж хэлээд хашаа руу ороод аавын гэрийн гадаа очоод цонхоор нь дахин энэ үгээ хэлээд буцаж осол болсон газраа ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 206-207 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 590 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 69-83 дугаар тал),
-Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 176 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 156-157 тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1143 дугаартай дүгнэлтийн “... цамцанд /хохирогчийн/ шинэ урагдалт тогтоогдсон хэсэг (хавтаст хэргийн 98-104 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1338 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 108-109 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1336 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 119-122 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.
Энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ө.Бгийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Нөгөө талаас Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ө.Б нь хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгсэлд хамгаалах бүс хэрэглээгүй, Замын хөдөлгөөний дүрмийн 6.1-а заалтыг зөрчсөн байх хэдий ч энэ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Иймд Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Эт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Ж.Эыг “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан.
Хэрэгт цугларсан баримтаар амь хохирогч Ө.Б, хууль ёсны төлөөлөгч Б.Онон нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн эхнэр Б.Онон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байх бөгөөд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шаардах эрхтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон нь Зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Ө.Бг оршуулахтай холбогдон гарсан зардалд 15.039.000 төгрөг,
-“Jeep Wrangler” маркийн ... УНД улсын дугаартай автомашины үнэ 34.000.000 төгрөг, тус автомашиныг журмын хашаанаас авахад төлсөн 95.000 төгрөг, ачуулсан 200.000 төгрөг, оношилгоо хийлгэсэн 160.000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 580.000 төгрөг,
-орон сууцны зээлийн үлдэгдэл 16.875.419 төгрөг, амь хохирогчийн авч байсан гэх бизнесийн зээлийн үлдэгдэл 11.123.826 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг зэрэгт бүгд 80.073.245 төгрөг нэхэмжилж, оршуулгын зардлын баримтууд, автомашины үнэлгээ, ачуулсан, оношилгоо хийлгэсэн баримтууд, орон сууц, бизнесийн зээлийн гэрээ зэргийг хэрэгт ирүүлсэн байна.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ж.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онон нар нь нийт 80.073.245 төгрөгийн нэхэмжлэлээс 50.000.000 төгрөгийг өгч авалцахаар харилцан тохиролцсон, хэн аль нь маргахгүй талаар, мөн шүүгдэгч нь 50.000.000 төгрөгийг төлнө гэж мэдүүлсэн.
Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нарын харилцан тохиролцсон үндсэн дээр 50.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ж.Э нь хохирол, хор уршгийг нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногоор завсарлага авсан боловч тус хугацаанд хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Ж.Эаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардал болох оршуулгын зардал, эд хөрөнгийн зардалд 50.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ононд олгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” тухай дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу дээрээ маргаагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй, энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байх ба, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Ж.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд нэг хүний амь нас хохирсон байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар.
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох 977932 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлйин шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жы Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ж.Эын В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 977932 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас 50.000.000 (тавин сая) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ононд олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн
Хэдийгээр энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд багтах боловч мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал” зэргийг харгалзан шүүх тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулсан байх боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан”, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэм хор арилаагүй талаар маргаж байхад уг зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхэд “гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” байхаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирол зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэхээр зохицуулсан төдийгүй хорих ял оногдуулахгүйгээр “тэнсэх” нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн бус харин эрх олгосон зохицуулалт хуулбар хувь 2020-06-20 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 5/5 тул шүүгдэгч Э.Т-д хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр, тус шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнэлээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтын “..., эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ...” гэсэн нөхцлийн агуулга нь шүүгдэгчийн уг илэрхийлэл бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаар тодорхойлогдох учиртай. Шүүгдэгч ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг зөвхөн түүний хэлсэн үг, бичиж өгсөн баримт төдий ойлгож, улмаар үүнийг үндэслэн хорих ялаас чөлөөлөх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцсэн байх агуулгыг алдагдуулах бөгөөд шүүхийн шийдвэрээс гарах үр дүн бодит байдалд хэрэгжих боломжтой байх нь түүний заавал биелэгдэх шинжтэй холбоотой байдаг тул анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар заавал дүгнэлт хийвэл зохино.