| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0415/Э |
| Дугаар | 0513 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 0513
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
иргэдийн төлөөлөгч Г.Өлзийтогтох,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц,
шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч С.Оюунцэцэг,
гэрч Б.Отгонсүрэн, Б.Отгонцэцэг, Д.Баатархүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Бын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Бын Б, Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 01-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, ам бүл 4, 11-22 насны гурван хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд ... тоот гэртээ нөхөр С.Дтой маргалдан, түүний цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:
1.Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:
2020 оны 02 дугаар сарын 24-нд шинийн нэгний өдөр байсан. Энэ өдрийн өглөөнөөс эхлээд л талийгаач нөхөр маань хөдөө явж золгоно гэж уурлаад байсан. Энэ өглөө талийгаач нөхөр болон хоёр охиныхоо хамт хадам эгч Гэрэлмаагийнд очиж золгосон. Үдээс хойш нь миний эцэг, эх дээр очиж золголт хийсэн. Тэнд ах дүү нар ирсэн байсан болохоор тэдэнтэй хөзөр тоглож байтал 16 цагийн үед нөхрийн бага эмэгтэй дүү Жавзанханд манайд ирнэ гэж ярихаар нь бид гэртээ харьсан. Гэртээ ирсний дараа Жавзанханд залгаад “ажлынхаа мэдээг өгөөд очно” гэхээр нь талийгаачид хэлэхэд “чи худлаа ярьлаа” гээд уурласан. Ингээд эргэж аавынд очоод хөзөр тоглож байхад талийгаач “та нар булхайцаж байна” гээд уурлаад элдвээр харааж эхэлсэн. Бид нар гэртээ харьсан. Гэртээ очоод хоол, ундаа бэлдэж байхад хамаатнууд араас манайд ирсэн. Бид шоо тоглох гэхэд шоо олдохгүй байсан. Талийгаач “чамтай суухаасаа өмнө юмтай байсан” гээд уурлаад байсан. Тэгтэл манай ах “болъё, Гантөмөрийнд орье” гээд Гантөмөрийнх рүү орсон. Манай хашаанд хамт амьдардаг миний төрсөн эгч Отгонсүрэнгийн нөхрийг Гантөмөр гэдэг юм. Манайд ирсэн хамаатнууд талийгаачийг аваад бүгдээрээ Гантөмөрийнд орсон. Би шоогоо олчихоод араас нь Гантөмөрийнд орсон. Гантөмөрийн гэрт нэг шил архи хувааж уусан. Удалгүй Жавзанханд манайд нөхөр, хүүхдийн хамт ирсэн. Тэдэнд талийгаач хөдөө явахаа яриад л байхаар нь би чи өөр зүйл яриач гэсэн. Жавзанхандыг явсны дараа үлдсэн байсан тал шил архийг Отгонсүрэн, Отгонцэцэг, Гантөмөр, Баярмөнх, талийгаач бид зургуулаа хувааж уусан. Бид нэмж ганц юм ууя, тоглоё гээд Отгонсүрэн, Отгонцэцэг, бид гурав дэлгүүр явсан. Дэлгүүр яваад иртэл талийгаач тамбарт зогсоод “чи хаачдаг юм, та нар ямар удаан явдаг юм” гээд хараагаад эхэлсэн. Би “чи яах гэж дандаа ингэдэг юм” гэж хэлээд гэртээ орьё гээд орсон. Хамт дэлгүүр явсан хүмүүс маань орж ирэхэд талийгаач хэрүүл хийгээд байсан. Манайд байсан хүмүүс “дандаа яахаараа ууж, идэхээрээ ингэж байдаг юм, больё” гээд архи уулгүй гараад явсан. Манай хоёр охин унтахаар ор зассан байсан. Талийгаач хэвтэж байснаа босож ирээд “чиний жолооч залгаад байна, чамд баяр хүргэх гээд байгаа юм биш үү” гэж хэлсэн. Би “чи яахаараа дандаа баяр болгоноор ингэдэг юм бэ, өмнөх жилийн баяраар уурласан. Тэрний өмнөх жил идээ, будаагаа авч шидсэн” гэж хэлсэн. Талийгаач босож ирээд халуун сав атгаад авахаар нь би над руу шидэх нь гэж бодоод халуун саваа гал тогооны өрөө рүү хураасан. Айраг хийж байсан шилэн савыг ч гэсэн хураасан. Махан дээр хутга байхаар нь хураах гэтэл талийгаач ирээд намайг үсдээд, толгой руу цохиод, өшиглөөд, дэвссэн. Би хоёр гараараа толгойгоо хоёр гараараа дарсан байсан. Би талийгаачийн хаана нь хатгаснаа мэдэхгүй байна. Гэхдээ би хутгаар хатгасан юм шиг байна лээ. Намайг босоход талийгаач над руу 2, 3 алхаснаа миний хажууд унасан. Тэгээд хартал маш их цус гарсан байсан. Би “хүн алчихлаа” гэж орилоод, түргэн, цагдаа дуудсан. Түргэн удаад байгаа юм шиг надад санагдаад байсан. Би дахиад түргэн лүү залгасан. Би гараад цагдаа нарыг дуудаад гэртээ оруулсан.
Талийгаач бид 1998 онд гэр бүл болж, нэг хүү, 2 охинтой болсон. Хоёр жилийн өмнөөс талийгаач нөхөр маань нилээд уух дуртай болсон. Ангийн найз Баярмаа, анхны хайр гээд Золоо гэдэг хүмүүстэй нийлдэг болсон. Өнгөрсөн намар хүртэл хамт явсан. Хүүгээ дуудаад машинаа авчруулж байсан. Би “чи битгий ингэ л дээ, үр хүүхдүүдээ бод” гэж хэлэхэд “чамд хамаагүй” гэдэг байсан. Би энэ талаар хамаатан садангаасаа нуудаг байсан. Хүүхдээсээ хүртэл эцэгтэйгээ өс хонзонтой болчих вий дээ гэж нуудаг байсан. Зодуулсан үедээ ажлынхандаа өөр зүйл хэлдэг байсан. Надад гар хүрэх бүрт нь би миний хар багаасаа ханилсан хань шүү дээ гэж бодоод тэвчдэг байсан. Надад нөхрөө алья гэсэн санаа бодол, өс хонзон байгаагүй гэв.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц мэдүүлэхдээ:
Талийгаач С.Д нь миний төрсөн ах ба, 48 настай байсан. Хааяа талийгаачийнд очиход архи уусан байдаг, уухаараа эхнэр, хүүхэд гэлтгүй бид нар руу ч дайрдаг байсан. Б.Б 20 гаруй жил манай бэр байлаа. Б.Бг хүнийг санаатай алах хүн гэж бодохгүй байна. Талийгаач ах маань алт мөнгөний дарханаар ажилладаг байсан. Заримдаа согтуу, заримдаа ажилдаа явдаггүй байсан. Бид талийгаачийг согтуу гудамжинд байхад нь олоод гэрт нь аваачдаг байсан. Талийгаачийн ажил явдалд гарсан зардлыг бид хоёр талаасаа гаргаж, хийж дуусгасан. Байцаагчаас асуухад Б.Бгийн зүйл анги нь нилээд хүнд гэж хэлсэн. Энэ хэргийн талаар эгч нартайгаа ярилцсан. Б.Бгийн гурван хүүхдийг нь бодоод түүнийг ялаас хөнгөлж өгөхийг хүсэж байна. Бидэнд гомдол, санал байхгүй. Оршуулгын зардал нэхэмжлэхгүй гэв.
3.Гэрч Б.Отгонсүрэн мэдүүлэхдээ: Б.Бгийн төрсөн эгч бөгөөд, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй, хуульд заасан эрхийг ойлголлоо. Б.Бгийн гэр манай хоёр 2017 оноос хойш нэг хашаанд байгаа. Б.Б бол дуугүй, хүлээцтэй хүн. Харин талийгаач бол харааж зүхдэг, хуйсагнуур зантай, ялимгүй зүйлээс маргадаг. Сүүлийн үед талийгаач архи их уудаг, сардаа 3-4 удаа уудаг болсон.
2020 оны 2 дугаар сарын 24-ний өглөөнөөс эхлээд л талийгаач уурлаж эхэлсэн. Б.Б хэлэхдээ хөдөө явах гээд уурлаад байгаа юм гэсэн. Орой нь нэг шил архи авчих гэсэн, Б.Бд цалингаа өгсөн гэсэн гээд уурлаад байсан. Ингээд Б.Б бид архинд яваад ирсэн чинь талийгаач Б.Бг “чи ямар уддаг пизда вэ” гээд уурлаад байхаар нь бид нар “чи яахаараа ингэж уурлаад байдаг юм” гээд авчирсан архиа аваад гарсан. Гэртээ орсны дараа барагцаагаар 30 минутын дараа ийм зүйл болсон. Б.Бг усны том тэрэгний жолоочтой харддаг юм шиг байсан. Надад “би тэр пиздаг нь танина, ална” гэж хэлж байсан гэв.
4.Гэрч Д.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Талийгаач болон шүүгдэгч Б.Б нь миний төрсөн эцэг, эх юм. Танилцуулсан хуулийг ойлголлоо, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд аав, ээжийн хоорондын харилцаа муудаж, байнгын хэрүүл маргаантай болсон. Аав намайг бага байхад ээжийг зоддог байсан. Сүүлийн 4-5 жилд ээжийг зодох нь ихэссэн. Аав архи уухаараа л ээжийг хараагаад зоддог. Хэрүүл гарах шалтгаан нь ааваас л болдог байсан. Тухайн өдрийн болсон асуудлыг дүү надад хэлэхдээ “талийгаач аав ээжийг үсдээд доош дарсан” гэсэн. Тэгээд аав 2-3 алхаад унасан гэсэн гэв.
5. Гэрч Б.Отгонцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би шүүгдэгч Б.Бгийн төрсөн дүү юм. Танилцуулсан хуулийг ойлголлоо, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. 2020 оны 2 дугаар сарын 24-ний өглөө аавындаа золголт хийж байхад Б.Б гэр бүлийн хамт ирсэн. Тэгээд талийгаачийн дүү гэрт нь ирнэ гэж байна гээд тэд нар гэр рүүгээ явсан. Бид нарыг манайд хүрээд ир гээд дуудахаар нь бид араас нь Б.Бгийн гэрт очсон. Б.Б бид дэлгүүр орж архи аваад ирсэн чинь талийгаач Б.Бг “чи ямар удаан явдаг юм, жолооч чинь чиний утас руу яриад байна, мэнд хүргэх гээд байгаа юм шиг байна” гэж хэлсэн. Тухайн хэрэг болоход гэрт нь байгаагүй, дараа нь яваад ороход талийгаач доошоо хараад хэвтсэн, их цус гарсан байсан. Б.Б бол их дуугүй хүн байгаа юм, харин талийгаач нь түргэн ааштай, ууртай хүн байсан гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:
1.Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23:48:10 секундэд ирсэн “хутгалуулсан цус алдаад” гэх дуудлагын бүртгэл, лавлагаа /1хх3/,
2.Түргэн тусламжийн дуудлагын хуудсанд ”...2020 оны 02 дугаар сарын 24-ний 23:47:40 секундэд “ Би нөхрөө хутгалсан” гэх дуудлага ирсэн бүртгэл, лавлагаа, мөн түргэний эмчийн үзлэгээр цээжний зүүн талд суганы доор 3-4 см орчим шархны гүн 6-7 см орчим, хамар амнаас нь цус гарсан байдалтай, урссан цус бага зэрэг хатсан байв...” гэсэн тэмдэглэл бүхий хэсэг /1хх186/,
3. 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23:30 цагт хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр 4 ширхэг гарын мөрийг бэхжүүлсэн, хутга, гар утас эд мөрийн баримтаар хураан авсан болон үзлэгийг 15 ширхэг гэрэл зургаар бэхжүүлсэн тухай тэмдэглэл /1хх5-15/,
4.2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /1хх16-19/,
5. Хүний биед буюу Б.Бгийн биед 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “... Б.Б нь дээгүүрээ гурвалжин захтай ягаан өнгийн цамцтай, дотуураа цэцэгтэй хар эрээн өнгийн нимгэн фудволк өмссөн, дотуураа иртүүзэн өмдтэй, хагас түрийтэй бор өнгийн гутал өмссөн. ...баруун гарын шууны дотор хэсэгт маажсан мэт 7см урттай улайлттай, зүүн гарын тохойны хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон. Үзлэгийн явцад түүний өмсөж байсан хувцсанд шинжилгээ томилж дүгнэлт гаргуулахаар түр хураан авсан. Мөн түүний хоёр гарын 10 хуруунаас хумсны дээж, мөн зүүн гарын тохойн хэсэгт бохирлогдсон цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээс арчдас авсан, Б.Бгээс таны биед учирсан гэмтэл шарх, ямар нэгэн зовиур байгаа эсэх талаар тодруулан асуухад ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, зовиургүй гэснийг тусгасан...” тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх188-190/,
6.Б.Бгийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /1хх218-219/,
7.Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай “хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг буюу бор өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураасан ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол /1хх20-21/,
8. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр амь хохирогч С.Дончомбын өмсөж байсан цэнхэр өнгийн майкийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх22/,
9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 25-ны өглөөний 07 цагийн орчим гэртээ байж байтал манай дүү Жавзанханд над руу утсаар залгаад “С.Д ахын бие муу байна, Гэрэлмаа эгчийн гэрт хүрээд ир” гэсэн. Би эгч Гэрэлмаагийн гэрт очтол “С.Д ахыг эхнэр нь хутгалаад алчихсан байна” гэдгийг хэлсэн. Б.Бтэй талийгаач ах 20 гаран жилийн өмнөөс албан ёсны гэр бүл болж, 3 хүүхэдтэй болсон. Миний ах зан характерийн хувьд их цайлган, хөдөлмөрч, ажилсаг хүн байгаа юм. Архи хааяа нэг уудаг. Архи уухаараа хэрхэн ямар зан характертай болдогийг мэдэхгүй. Б.Бгийн хувьд элдэв янзын зан характер гаргадаггүй. Бид нар баяр ёслолын үеэр л хоорондоо уулздаг. Бусад үед хоорондоо хааяа утсаар яриад л байж байдаг хүмүүс байгаа юм. Хоорондын харьцааны хувьд таарамжгүй харьцаа болон хэрүүл маргаан хийж байгаа байдал огт ажиглагддаггүй, зүгээр л байдаг. Нэхэмжлэх зүйл байхгүй. Харин гомдолтой байна. Хуулийн дагуу л арга хэмжээг авч өгнө үү гэж хүсэж байна. ....” гэх мэдүүлэг /1хх26/,
10.Гэрч Б.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ... тоотод талийгаач С.Дончомбын гэрт би, манай гэр бүлийн хүн Б.Отгонцэцэг, баз хүргэн Э.Гантөмөр эхнэртэйгээ, талийгаач эхнэртэйгээ, хадам эгч Б.Нарангэрэл бид алаг мэлхий тоглоод, архи ууж дуусаад, би болон манай эхнэр, Э.Гантөмөр эхнэртэйгээ бид талийгаачийн урд талын гэр болох Э.Гантөмөрийн гэрт унтахаар орсон. Тухайн үед талийгаачийн гэрт Б.Нарангэрэл, талийгаач, эхнэр Б, мөн хоёр охин нь үлдсэн. Намайг унтаж байхад манай эхнэр дуудаж сэрээсэн. Тэр үед эхнэрээсээ юу болсон талаар асуухад “Дооной буюу талийгаач нас барсан байна” гэхээр нь би босоод талийгаачийн гэрт орсон. Талийгаачийн хоёр хүүхэд уйлаад, бас Нарангэрэл, Б нар бүгд уйлалдаж байсан. Тэр үед нь би “юу болсон” гэж асуусан чинь Б “би хүн алчихлаа” гэхээр нь “юу болсон бэ” гэсэн чинь Б дахин дахин “би хүн алчихлаа” гээд уйлаад байсан. Тухайн үед талийгаачийг харсан чинь доошоогоо хараад уначихсан, нилээн цус доогуур нь гарчихсан байсан. Тэр үед би цагдаа дууд, эмнэлэг дууд гэсэн чинь Б өөрөө би цагдаа эмнэлэг хоёр дуудсан гэж хэлсэн. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Талийгаачийн хоёр хүүхдийг урд гэр рүү оруулсан. Тэгээд эмч талийгаачийг үзсэн гэсэн. Харин талийгаачийг нас барсан байна гэж Э.Гантөмөрийн эхнэр Б.Отгонсүрэн надад хэлсэн. Тухайн үед талийгаач болон Б нар хоорондоо маргалдсан, муудалцсан асуудал гараагүй. Харин надаас хойш юу болсныг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх28/,
11.Гэрч Б.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нөхөр Гантөмөр, хүүхэд Буянжаргал, ах Бямбажав эхнэрийн хамт, хүргэн ах Баттөмөр эхнэрийн хамт аавын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-33 тоотод очиж золгосон. Бид нарыг очиход Отгонцэцэг нөхөр, хоёр хүүхдийн хамт байсан. Хамаатан садангаараа аавтай золгоод ярьж хөөрч байгаад 19 цагийн үед бид гараад манай гэрт очсон. Баттөмөр, Бямбажавын гэр бүл шууд гэр рүүгээ харьсан. Бид нар эхлээд талийгаачийн гэрт ороод 0.75 литрийн экс нэртэй тал архийг хувааж ууж дуусаад манай гэрт ороод 0.5 литрийн экс нэртэй архи уусан. Гэрт бууз жигнэж идээд, буцаад талийгаачийн гэрт ороод 0.75 литрийн экс архи уусан. Архи дуусахаар нь Отгонцэцэг, Б бид гурав дэлгүүр ороод ...4 лааз пиво, нэг шил 0.75 литрийн архи аваад ирэхэд том эгч Нарангэрэл, хоёр охин болох Оюундалай, Мөнхдалай нар талийгаачийн гэрийн буйдан дээр унтчихсан, манай гэрт Баянмөнх, Гантөмөр унтчихсан байсан. Талийгаач эхнэр Бг “чи хаагуур яваад байгаа юм, чамайг 30 минут хүлээгээд унтчихсан байна” гээд эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь тэр хоёрыг хоёр охин, том эгчтэй үлдээгээд өөрийнхөө гэр рүү Отгонцэцэгийн хамт авсан архиа аваад орсон. Бид хоёр унтах гээд ор засаад байж байхад талийгаачийн гэрт эмэгтэй хүний муухай хашгирах хоолой сонсогдохоор нь гүйж гараад гэрт нь ороход Б уйлаад утсаар яриад зогсчихсон, цаад өрөөнд том эгч, хоёр охин орилоод байсан. Би цаад өрөө рүү ороход талийгаач газар доошоо харчихсан, хөдөлгөөнгүй хэвтчихсэн, ойр хавиар нь нилээн их цус урссан байсан. Би юу болов гэж асуухад Б би цагдаа дуудсан, түргэн дуудаад өгөөч гэхээр нь би утсыг нь аваад түргэн дуудсан. Бгээс яав юу болов гэхэд мэдэхгүй, ийм л болчихлоо гээд уйлаад байсан. Удалгүй түргэний машин, цагдаа хоёр зэрэг орж ирсэн. Тэр хоёр байнгын хэрүүлтэй байдаг. Бгээс сонсоход архи уухаараа гар хүрэх гээд зодох гэж дайрахад том хүү нь хамгаалдаг гэж хэлсэн. Талийгаач сардаа 1, 2 удаа уудаг. Хоёр шил бүтэн архи, нэг шил тал архи хувааж уусан. Талийгаач нилээн согтолттой, хэл яриа нь ойлгогдохгүй болсон байсан. Бгийн хувьд согтолт нь гайгүй байсан. Маргалдсан шалтгааны хувьд бид гурав дэлгүүр ороод ирэхэд талийгаач чамайг 30 минут хүлээлээ, хаагуур яваад байдаг юм гэх зэргээр хэрүүл өдөөд бид нарыг та нар бол чадахгүй, барахгүй пизда нар шүү дээ гээд давшилаад байхаар нь бид гараад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх30/,
Гэрчээр дахин өгсөн “... талийгаачийн гэрт байж байгаад гэр рүүгээ орох үед 23 цаг болсон байсан. Гэртээ ороод ойролцоогоор 20-30 минутын дараагаар Б гэртээ аймаар чанга хашгирсан. Энэ үед гэр рүү нь гүйгээд ороход талийгаач газар доошоо хараад уначихсан, нил цус гарсан байдалтай байсан. Бг муухай хашгирахаар нь гэр рүү нь орох үед 23 цаг өнгөрч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх32/,
12.Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аавтай золгочихоод байж байхад хамаатнууд аавынд ирсэн. Орой 19 цагийн үед бид нар гараад манай хоёр эгчийн гэрт очсон. Баттөмөр, Бямбажавын гэр бүл шууд гэр рүүгээ харьсан. Бид нар эхлээд талийгаачийн гэрт ороод 0.75 литрийн тал архийг хувааж ууж дуусаад Отгонсүрэн эгчийн гэрт ороод 0.5 литрийн экс нэртэй архи ууж, бууз жигнэж идээд, буцаад талийгаачийн гэрт ороод 0.75 литрийн архи уусан. Архи дуусахаар нь Отгонсүрэн, Б гурав дэлгүүр ороод ...4 лааз пиво, нэг шил 0.75 литрийн экс архи аваад ирэхэд том эгч Нарангэрэл, 2 охин болох Оюундалай, Мөнхдалай нар талийгаачийн гэрт унтчихсан, Отгонсүрэнгийн гэрт манай нөхөр Баянмөнх болон Гантөмөр унтчихсан байсан. Тэгэхэд талийгаач эхнэр Бг чи хаагуур яваад байгаа юм, чамайг 30 минут хүлээгээд унтчихсан байна гээд эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь тэр хоёр хоёр охин, том эгчтэй хамт үлдээгээд, Отгонсүрэнгийн гэр рүү авсан архиад аваад орсон. Бид хоёр унтах гээд ор засаад байж байхад талийгаачийн гэрт эмэгтэй хүний муухай хашгирах хоолой сонсогдохоор нь Отгонсүрэн эгчийг юу болов гараад хараадах гэхэд эгч гүйж гараад удалгүй яанаа, аймар юм болсон байна гээд ороод ирэхээр нь би зөрж гараад талийгаачийн гэрт ороход Б уйлаад утсаар яриад зогсчихсон, цаад талын өрөөнд том эгч, хоёр охин нь орилоод байсан. Би цаад өрөө рүү ороход талийгаач газар доошоо харчихсан, хөдөлгөөнгүй хэвтчихсэн, ойр хавиар нь нилээн цус урссан байсан. Би айгаад Бгээс юу болсон юм бэ гэж асуухад та хоёрыг гарсаны дараа махан дээр тавьсан хутгаа арчиж байхад талийгаач хүрч ирээд үсдэж аваад дарсан, тэгээд юу болсоныг мэдэхгүй байна, миний хоёр хүүхдийг сайн хараарай, цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Хоёр шил бүтэн архи, нэг шил тал архи хувааж уусан. Талийгаач нилээн согтолттой, хэл яриа нь ойлгогдохгүй болсон байсан. Бгийн хувьд согтолт нь гайгүй байсан. Маргалдсан шалтгааны хувьд бид гурав дэлгүүр ороод ирэхэд талийгаач чамайг 30 минут хүлээлээ, хаагуур яваад байдаг юм гэх зэргээр хэрүүл өдөөд бид нарыг та нар бол чадахгүй, барахгүй пизда нар шүү дээ гээд давшилаад байхаар нь бид нар гараад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх33/,
13. Гэрч С.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Би талийгаач С.Дончомбын төрсөн эгч байгаа юм. 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр талийгаач эхнэр Б, хоёр охиноо дагуулаад манай гэрт 10.00 цагийн орчим ирж золголт хийгээд нэг цаг гарангийн дараа гэр рүүгээ явсан. Тэгтэл 2020 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хүргэн Отгонтөгс манай гэрт 01 цагийн орчим ирээд С.Д ах өнгөрчихлөө гэж хэлсэн. Хэрхэн юу болсон талаар нь би огт мэдээгүй, шууд цагдаа дээр ирсэн юм.
Миний дүү С.Д нь 1973 онд Архангай аймгийн Хотонд суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, манай хашаанд алт мөнгөний дарханы ажил хийдэг байсан. Талийгаач архи хааяа уудаг, байнга бол уудаггүй, огцом түргэн ууртай, ажилд сайн хүн байсан. Эхнэр Бтэйгээ 1998 онд гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Том хүүхэд нь 22 настай, бага хоёр хүүхэд нь 11 настай ихэр хүүхэд байдаг. С.Д, Б.Бямбасүран нарыг харахад хоорондын харьцаа зүгээр л юм шиг харагддаг. Хааяа нэг С.Д архи уучихаад Бд агсан согтуу тавьсан гэдэг зүйл сонсогддог байсан. ...” гэх мэдүүлэг /1хх34/,
14.Гэрч Б.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх аавынхаа гэрт байж байтал гаднаас миний төрсөн дүү Б нөхөр, хоёр охины хамт ирсэн. Бид золголт хийж, хүргэн Гантөмөр, Баянмөнх, Д бид дөрөв 0.75 литрийн архи хувааж уусан. Үүний дараагаар талийгаач Дончомбын гэрт очихоор аавын гэрээс Гантөмөр, Баянмөнх, Отгонсүрэн, Отгонцэцэг бид гарсан, талийгаачийн гэрт ирсэн. Гэрт нь ирээд би шууд унтсан. Унтаж байхад Б би алчихлаа шдээ гээд аймаар чарлаад орилохоор нь юу болвоо гэж бодоод босоод хартал Д цонхны дэргэд доошоо хараад уначихсан, нил цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Удалгүй эмнэлэг, цагдаа орж ирсэн. Тухайн үед Б болон түүний хоёр ихэр охин байсан, өөр хүн байгаагүй. Тухайн үед Гантөмөр, Баянмөнх, Отгонцэцэг нар Гантөмөрийн гэрт байсан юм байна лээ. Намайг унтаж байгаад сэрэхэд Б газар сөхрөөд суучихсан уйлаад би хүн алчихлаа шдээ гэж хэлээд байж байсан. Б согтсон зүйл байхгүй, гайгүй байсан. Хэрхэн ямар шалтгаанаар хутгалсныг мэдэхгүй. Ямар ч байсан би хүн алчихлаа гээд орилоод уйлаад байсан. Уг хашаанд манай дүү Отгонсүрэн нөхөр Гантөмөрийн хамтаар тусдаа гэрт амьдардаг юм. Нэг ёсондоо талийгаач болон Б, Отгонсүрэн, Гантөмөр нар нэг хашаанд хамтдаа амьдардаг хүмүүс байгаа юм. Талийгаач зан характерийн хувьд даруу төлөв, амьдралынхаа төлөө явдаг, түргэн уур уцаартай хүн байсан. Архи уудаг, гэхдээ өдөр болгон уугаад байдаггүй. Б зан характерийн хувьд төлөв даруу, ажилсаг, бусадтай нийтэч зантай. Б надад нэг удаа хэлэхдээ Д архи ууж ирчихээд агсан тавиад гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх39/,
15.Гэрч Э.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би эхнэр Отгонсүрэнгийн хамтаар хадам аав ээж дээр золгох гээд очсон. Хадамын гэрт байхад гаднаас Б, Д нар хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Бөөнөөрөө золголт хийгээд хоорондоо яриад, хоол цай идэж уугаад тоглож байгаад эхнэр Отгонсүрэнгийн төрсөн эгч Нарангэрэл, төрсөн дүү Отгонцэцэг, түүний нөхөр Баянмөнх, Баттөмөр түүний эхнэр Лхагвасүрэн нар Отгонсүрэн, Б, Д нарын хамт талийгаачийн гэрт ирсэн. Цаг хэд болж байсныг санахгүй байна. Бөөнөөр Д ахын гэрт архи хувааж уусан. Үүний дараа Нарангэрэл эгчээс бусад нь бүгдээрээ манай гэрт орж нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Эргээд дахин Дончомбын гэрт орж дахин 0.75 литрийн архи хувааж уусан. Би согтоод гэр рүүгээ ороод унтсан. Үүнээс хойш хэрхэн юу болсон талаар би мэдэхгүй. Нэг мэдсэн Нарангэрэл эгч, Д ахын хоёр ихэр охиныг дагуулчихсан манай гэрт орж ирээд уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад Б Дончомбыг хутгалчихлаа шдээ, одоо яанаа гээд уйлаад байсан. Энэ үед цагдаа нар ирсэн байсан. Д ахын гэрт эхлээд тал шил архи уучихаад манай гэрт орж нэг шил архи уучихаад Баттөмөр, Лхагвасүрэн нар гэр рүүгээ явсан. Б, Д нартай хоёр жил нэг хашаанд байна. Энэ хугацаанд хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаа талаар мэддэггүй байсан. Талийгаач нь хааяа архи уудаг. Уухаараа орилж хашгирч агсан согтуу тавиад байгаа зүйл харагдаагүй. Ямар шалтгаанаар хутгалсныг мэдэхгүй. ... гэх мэдүүлэг /1хх40-41/,
16.Гэрч Б.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Лхагвасүрэнгийн хамтаар хадам аав, ээж хоёрын гэрт очиж 14-15 цагийн орчим золголт хийсэн. Хадамын гэрт очих үед Б нь нөхөр Дончомбын хамт, Отгонсүрэн нь нөхөр Гантөмөр, Отгонцэцэг нь нөхөр Баянмөнхийн хамт, Нарангэрэл эгч нар байсан. Бид даалуу тоглож суусан. Үүний дараагаар цагийг хэлж мэдэхгүй, Лхагвасүрэн бид хоёроос бусад дээрх хүмүүс Д ахын гэр рүү явсан. Эхнэр Лхагвасүрэн бид хоёр 19 цагийн орчим Д ахын гэрт очиход талийгаач гэртээ эхнэр Б, 2 охинтойгоо, эгч Нарангэрэл нарын хамт байсан. Нарангэрэл эгч унтаж байсан. Эхнэр бид хоёр талийгаачийн гэрт бууз идчихээд нэг архи татаад урд талын гэр болох Гантөмөрийн гэрт ороход Баянмөнх эхнэр Отгонцэцэгийн хамт сууж байсан. Гэрт нь бас хоол цай идчихээд эхнэр Лхагвасүрэнгийн хамт 20 цагийн үед гэр рүүгээ явсан. Б талийгаачийг ямар шалтгаанаар хутгалсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх43-44/,
17. Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нөхөр Баттөмөрийн хамтаар аав ээж хоёрынхоо гэрт очиж золголт хийсэн. Очиход дүү Б нөхөр Дтойгоо, мөн Отгонсүрэн нөхөр Гантөмөр, Отгонцэцэг нөхөр Баянмөнхийн хамт, Нарангэрэл эгч нар байсан. Тоглож суусан. Дараагаар нь Б нөхөр Дтойгоо, мөн Отгонсүрэн нөхөр Гантөмөр, Отгонцэцэг нөхөр Баянмөнхийн хамт, Нарангэрэл нар явсан. 19 цаг өнгөрч байхад Дончомбын гэрт очиход эхнэр Б, хоёр охины хамт байсан. Нарангэрэл эгч унтаж байсан. Баттөмөр бид хоёр талийгаачийн гэрт бууз идээд архи уучихаад урд талын гэр болох Гантөмөрийн гэрт орж бас хоол цай идчихээд 20 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явсан.
Б миний төрсөн дүү байгаа юм. Талийгаач нөхөртэйгээ гэр бүл болж 20 гаран жил амьдарч байна. Миний дүү 8 дугаар анги төгсөж байсан. Үүнээс хойш сургуульд сураагүй, Нийслэлийн ус сувгийн удирдах газарт түгээгчийн ажил эрхэлж байсан. Зан аашын хувьд төлөв, аливаа зүйлд нухацтай ханддаг. Талийгаачийн хувьд их ажилласаг хүн. Хоорондоо зүгээр л энгийн харьцаатай хүмүүс байгаа юм. Талийгаачийг архи ууж агсан тавьж, зодлоо гэж сонсож байгаагүй. Гэхдээ сүүлд Б надад Д архи уух гээд байдаг болчихсон гэж хэлж байсан. ....” гэх мэдүүлэг /1хх46-47/,
18. Гэрч С.Жавзанхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 2 дугаар сарын 24-нд 19 цагийн орчим би талийгаач ахын эхнэр Б рүү утсаар яриад би танай гэрт очих гэсэн юм, гэртээ байна уу гэж асуусан чинь гэртээ байна, манай гэрт хүмүүс ирсэн байна, жоохон байж байгаад ирээрэй гэж хэлсэн. Ингээд утсаар ярьснаас хойш нэг цаг гарангийн дараа 20 цаг өнгөрч байхад би нөхөр Отгонтөгсийн хамтаар талийгаачийн гэрт очсон. Гэрт нь ороход ах маань эхнэр Б, хоёр охинтойгоо, мөн Бгийн эгч Нарангэрэл нар байсан. Талийгаачийн гэрт ойролцоогоор нэг цаг гаран хоол унд идэж ярьж сууж байгаад 21 цагийн орчим гэр рүүгээ явсан. Гэртээ хариад унтаж байтал 2020 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 01 цагийн үед над руу Бгийн эгч Нарангэрэл залгаад Д ах чинь нас барчихлаа гэж надад хэлэхээр нь гэрээсээ гараад талийгаач ахын гэрт яваад очтол байшингийнх нь цонхны доод хэсэгт шалан дээр нил цус урссан байдалтай, талийгаач ахыг шүүх эмнэлэг ирээд аваад явчихсан, Б эгчийг цагдаа нар аваад явсан байсан. Нарангэрэл эгчээс юу болсон бэ, яасан юм гэж асуусан чинь Б ахыг чинь хутгалаад алчихлаа гэж надад хэлсэн. Б эгчийг архи уусан эсэхийг мэдэхгүй. Нарангэрэл эгч надад хэлэхдээ Б, Д хоёр хоорондоо маргалдаад Б талийгаачийг хутгалчихсан байна лээ, энэ үед нь би унтаж байсан, Б намайг унтаж байхад яанаа би нөхрөө хутгалаад алчихлаа шүү дээ гэж муухай орилох үед нь би сэрсэн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх49-50/,
19.Гэрч Д.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Булган аймагт байж байтал 2020 оны 2 дугаар сарын 25-ний өдөр ээжийн төрсөн ах Бямбажав над руу утсаар яриад чи хотод яаралтай ирэх хэрэгтэй байна, энд аймшигтай юм болж аав чинь нас барчихлаа гэж хэлсэн. ...Гэртээ ирээд юу болсон талаар асуухад Лхагвасүрэн эгч “ээж аав хоёр чинь хоорондоо муудалцаад ээж чинь аавыг нь хутгалаад аав чинь нас барчихсан байна” гэж надад хэлсэн.
2020 оны 1 сараас эхлээд талийгаач аав архи уухаараа ээж Бтэй маргалдаад байдаг болсон. Учир нь аав олон хоногоор гэртээ ирж хонохгүй алга болоод, архи уугаад яваад байдаг болсон. Би бодохдоо аавыг өөр хүнтэй болсон байх гэж боддог болсон. Үүнээс болж ээж, аав хоёр хэрүүл маргаан хийдэг байсан. 2019 оны 10 дугаар сард, өдрийг санахгүй байна. ...гэртээ иртэл ээж Бгийн гар нь хөхөрсөн байхаар нь гараа яачихсан юм бэ гэж асуусан чинь аавтай чинь маргалдаад тэгсэн чинь гар руу цохичихлоо гэж хэлж байсан. Мөн 2020 оны 1 сард намайг гэртээ байхгүй үед аав хоёр хоног гэртээ ирж хоноогүй гэсэн. Энэ үед ээж гадуур хонолоо гээд маргалдсан чинь ээжийг зодсон байсан. Ээж энэ тухай надад өөрөө хэлсэн. Хэрхэн яаж зодсон юм бэ гэхэд үснээс нь зулгаасан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх62-63/,
20.Насанд хүрээгүй гэрч Д.Оюундалайн /11 настай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Манай гэрт өвөө эмээгийн гэрээс Баттөмөр ах эхнэр Лхагвасүрэнтэй, Нарангэрэл эгч, Отгонцэцэг эгч Баянмөнх ах нар ирсэн. Бүгдээрээ манай гэрт хоол идээд архи уусан. Дараагаар нь манай хашаанд хамт амьдардаг Гантөмөр ах, Отгонсүрэн эгч нарын гэр рүү Нарангэрэл эгчээс бусад нь орж цай уусан. Удаагүй Баттөмөр ах, Лхагвасүрэн эгч хоёр харьлаа гээд явсан. Гантөмөр ахын гэрт Баянмөнх ах унтаад өгсөн. Гантөмөр ах, Отгонсүрэн, талийгаач аав, ээж Б нар манай гэр рүү ороод алаг мэлхий тоглох гэтэл шоо нь олдохгүй байсан. Тэгтэл ээж Б, Отгонсүрэн, Отгонцэцэг эгч нар дэлгүүр ороод нэг шил архи авчирсан. Тэр архиа бүгдээрээ хувааж ууцгаах гээд манай гэрт байж байсан чинь талийгаач аав гэнэт л ямар нэг шалтгаангүйгээр та нар ер нь сонин пизда нар юмаа гэж хэлсэн чинь Гантөмөр ах Отгонцэцэг, Отгонсүрэн нар архиа аваад Гантөмөр ахын гэр рүү орсон. Үүний дараа талийгаач аав ээжийг чи муу яасан овоо пизда вэ гэж хэлээд ширээн дээр байсан савтай айргийг авч шидэх гэж байсан. Энэ үед ээж ширээн дээр байсан бор өнгийн иштэй хутгийг аваад хураах гэсэн чинь аав ээжийн үснээс зулгаагаад толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл аав удаагүй хоёр алхаад том өрөөндөө газар доошоо хараад шалан дээр унаад өгсөн. Тэгтэл аавын хаанаас ч юм мэдэхгүй их цус гараад байсан. Энэ үед нь ээж уйлаад би яанаа алчихлаа л шдээ гэж хэлээд орилоод түргэн цагдаа дуудсан. Тэгтэл урд гэрээс Отгонцэцэг, Отгонсүрэн нар орж ирсэн. Ээж их согтуу байгаагүй, бараг эрүүл шахуу байсан. Аав нилээн согтуу байсан. Нарангэрэл эгч манай гэрт унтаж байсан. Ээж би хүн алчихлаа шдээ гээд муухай хашгирсан чинь Нарангэрэл эгч унтаж байгаад сэрсэн. Аав архи уухаараа хааяа уурлаад гэрт ээжид агсан тавиад зоддог байсан. Ямар шалтгаанаар архи уухаараа хааяа ээжид агсан тавиад зоддог талаар би мэдэхгүй. Аав архи уучихаараа ууртай болчихдог. Ээж архи уухаараа ямар нэг зан ааш гаргаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг /1хх68-69/,
21. Насанд хүрээгүй гэрч Д.Мөнхдалайн /11 настай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Манай гэрт Баянмөнх ах эхнэртэйгээ, Баттөмөр ах эхнэртэйгээ, бас Нарангэрэл эгч нар байсан. Манай гэрт хоол цай идээд, бас архи уусан. Манай гэрт байж байгаад Гантөмөр ахынх болох урд гэр рүү орж бас хоол цай идсэн. Үүний дараа Баттөмөр ах харилаа гээд эхнэртэйгээ явсан. Гантөмөр ахын гэрээс манай гэр рүү Баянмөнх ахын эхнэр Отгонцэцэг, Гантөмөр ах эхнэртэйгээ орж ирж алаг мэлхий тоглосон. Тэгтэл ээж Б, эгч Отгонсүрэн, Отгонцэцэг гурав дэлгүүрээс архи авахаар гараад удаагүй архи бариад орж ирсэн. Энэ үед аав согтчихоод муухай, муухай дуугараад ээжид агсан тавих гээд байсан чинь Отгонцэцэг, Отгонсүрэн эгч, Гантөмөр ах нар больё больё гээд дэлгүүрээс авсан архиа аваад Гантөмөр ахын гэр рүү орсон. Гэрт аав, ээж би, манай ихэр Оюундалай, Нарангэрэл эгч бид үлдсэн. Нарангэрэл эгч манай гэрт унтаж байсан. Тэгтэл аав гэнэт уурлаад ээж рүү агсрах гээд байсан чинь ээж ширээн дээр байсан савтай зүйлүүдээ хураагаад дараа нь том өрөөний ширээн дээр байсан бор өнгийн иштэй хутгыг аваад хураах гээд гартаа барьтал аав ээжийн үснээс зулгаагаад, хөлөөрөө толгой руу нь өшиглөөд байсан. Тэгтэл аавын хаанаас ч юм мэдэхгүй нэг газраас нь цус асгараад байсан. Энэ үед ээж би аавыг чинь хутгалчихлаа шдээ гээд аймаар муухай хашгираад уйлаад, тэгээд ээж цагдаа түргэн дуудсан. ...Удаагүй цагдаа нар ирээд би нөгөө ихэртэйгээ хамт Гантөмөр ахын гэрт орсон. Ээж хашгираад орилоход Нарангэрэл эгч унтаж байгаад сэрээд босч ирсэн. Баянмөнх ах Гантөмөр ахын гэрт унтаж байсан. Гантөмөр ах, Отгонцэцэг, Отгонсүрэн эгч нар гэртээ байсан. Ээж бараг архи уугаагүй. Аав нилээн согтуу байсан. Би гэртээ бараг байдаггүй. Ээжийн эгч Нарангэрэл эгчийн гэрт амьдардаг байсан. Аав архи уухаараа агсан тавиад ээжтэй хэрүүл хийгээд байдаг байсан болохоор би гэртээ байдаггүй юм. ...” гэх мэдүүлэг /1хх72-73/,
22. Гэрч Ж.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Бг би танина, бид хамтдаа Нийслэлийн ус сувгийн удирдах газарт ажилладаг, найзлаж, нөхөрлөдөг хүмүүс байгаа юм. 2019 оны 11 дүгээр сард Б надад хэлэхдээ манай нөхөр архи уугаад байдаг боллоо, найз нь салдаг юм бил үү гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх51/,
23.Гэрч Ш.Сарнайцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Бг би танина. Би Нийслэлийн ус сувгийн удирдах газрын харьяа 755 дугаар байрны ус түгээгч ажилтай. Б манай ажлын газрын хүн юм. Бгийн нөхөр гэх хүн хааяа нэг машинтайгаа хүргэж ирж байгаа харагддаг. Тэрнээс би нөхрийнх нь нэрийг мэдэхгүй. Мөн хоорондын харьцааны талаар нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх54/,
24. Гэрч Ч.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Б.Б, С.Д нарыг танина. Б бид хоёр арван жилийн наймдугаар ангид хамт сурч байсан. Үүнээс хойш найзалж байгаа хүмүүс байгаа юм. Миний найз хааяа баяр ёслолоор л уудаг, уухаараа их хэмжээгээр уудаггүй хүн байгаа юм. Б 2019 оны 11 дүгээр сард уулзахад манай нөхөр Д ангийнхантайгаа нийлээд архи уугаад байх юм гэж хэлж байсан. 2019 оны 12 дугаар сард надад хэлэхдээ нөхөр архи уугаад би охиноо аваад эгчийнхээ гэр рүү явж байна гэж хэлж байсан. Тэрнээс биш нөхөртөө цохиж зодууллаа, агсан согтуу тавиад байна гэж хэлж байгаагүй. Бгийн төрсөн өдрөөр очиход нөхөртэйгээ энгийн зүгээр л харьцаатай байгаа харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх56-57/,
25.Гэрч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Б.Б бид хоёр 8-в ангид хамт сурч байсан. 10 жилээс хойш найзалж байгаа. 2019 онд Бтэй уулзахад манай нөхөр Д намайг хардаад нэг удаа зодож байсан гэж хэлж байсан. Манай нөхөр архи уухаараа тавьтаргүй, ааш зан нь эвдрээд байх юм гэж хэлж байсан. Сүүлд 2019 оны 12 сарын эхээр Бтэй уулзахад түүний нөхөр Д утасдаад чи хаана байгаа юм пизда минь, хурдан ирээч гэж утасдаж байсан. Энэ үед Б гэр рүүгээ яараад явж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх59-60/,
26.Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд:
Сэжигтнээр өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шинийн нэгний өглөө талийгаач нөхөр Д бид хоёр талийгаачийн төрсөн эгч Гэрэлмаагийн гэрт очиж золгоод, манай төрсөн эцэг эх дээр очиж мөн золгож, ярьж сууж байгаад 2-3 шил архи уусан. Ингээд өөрийн гэр болох ... тоотод талийгаач бид хоёр ах Баттөмөр, эгч Лхагвасүрэн, дүү Отгонцэцэг, эгч Отгонсүрэн, түүний нөхөр Гантөмөр, Отгонцэцэгийн нөхөр Баянмөнх нарын хамт 23 цагийн орчим ирсэн. Бид нар 0.75 литрийн хоёр шил архи хувааж ууж дуусгасан. Дараа нь дахин нэг шил архи авч уухаар Отгонсүрэн, Отгонцэцэг бид гурав дэлгүүр орж 0.75 литрийн архи аваад бөөнөөрөө хувааж уух гэтэл талийгаач надад хандаж “чи хаачаад ирж байгаа юм, чам руу танай жолооч залгаад байна, чамд мэнд хүргэх гээд байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл халуун савтай цай авах гээд дайрахаар нь над руу шидэх нь гэж бодоод халуун савтай цайгаа урдуур нь ороод шүүрч авчихаад, том өрөөнд байрлах ширээн дээр махан дээр байсан хутгийг мөн аваад хураах гэтэл талийгаач шууд ирээд миний үснээс зулгаахаар нь гартаа байсан хутгаараа хатгачихсан. Хаана нь хутгаараа талийгаачийг хатгасан гэдгээ мэдэхгүй байна. Тэгтэл талийгаач “чи намайг яаж байгаа юм бэ” гэж хэлээд шууд газарт унаад өгөхөөр нь би 103 эмнэлэг дуудаад, цагдада дуудсан. Энэ үед миний хоёр охин “ээжээ та яаж байгаа юм бэ” гээд уйлсан. Энэ үед цонхоороо би “нөхрөө алчихлаа шдээ” гээд орилсон чинь манай хашаанд хамт амьдардаг Отгонсүрэн, Отгонцэцэг нар орж ирсэн. Миний том эгч Нарангэрэл архи уучихсан согтуу унтаж байсан. Мөн миний 11 настай хоёр ихэр охин байсан. Өөр хүн байгаагүй. Баянмөнх, Гантөмөр, Отгонсүрэн, Отгонцэцэг нар гэр рүүгээ орчихсон байсан. Харин Баттөмөр, Лхагвасүрэн нар намайг дэлгүүр орж архи авахаас өмнө харилаа гээд явсан байсан. Дэлгүүр орчихоод ирэхэд талийгаач уурлаад “хаачаад ирж байгаа юм” гээд хэрүүл өдөөд эхлэх үед Гантөмөр, Отгонсүрэн, Отгонцэцэг нар манай гэрээс гараад гэр рүүгээ орчихсон юм. Дэлгүүрээс ирэхэд Баянмөнх гэрт байгаагүй. Гантөмөрийн гэрт ороод унтаад өгсөн байсан. Би болсон үйл явдлыг бүгдийг санаж байна. Би их согтсон зүйл байгаагүй. Талийгаач дунд зэргийн согтолттой байсан. “Чам руу жолооч чинь залгаад мэнд хүргэх гээд байгаа юм биш үү” гээд намайг хардах өнгө аястай хэлээд хэрүүл өдөөд байхаар нь би “чи архи уухаараа яах гэж дандаа хэрүүл маргаан үүсгэж байдаг юм бэ” гэж хэлээд том өрөөний ширээн дээр байсан бор иштэй хутгийг аваад хураах гэтэл шууд намайг үсдээд доош нь дараад толгой руу өшиглөхөөр нь гартаа байсан хутгаараа би талийгаачийг хатгачихсан юм. Талийгаач архи уухаараа их харддаг, агсан согтуу тавьдаг байсан. Архи ууж агсан согтуу тавих үед нь хэд хэдэн удаа би цагдаад дуудлага өгч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх209-210/,
Яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр талийгаач нөхөр сэрээд хөдөө Архангай аймаг руу авга ах дээрээ очиж золгоно гээд байхаар нь өвчин гарчихсан зам хаасан байхад чи яаж явах гээд байгаа юм бэ гэж хэлээд явуулаагүй юм. Үүний дараагаар 10 цаг өнгөрч байхад талийгаач бид хоёр ихэр охидуудаа дагуулаад талийгаачийн төрсөн эгч Гэрэлмаагийн гэрт очиж золголт хийсэн. ...Гэрэлмаа эгчийн гэрт хоол цай идэж уугаад нэг нэг хундага архи уугаад Гэрэлмаа эгчийн гэрээс гараад гэртээ эргэж ирсэн. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх манай аав ээжийн гэр рүү явахаар гэрээсээ 12 цаг өнгөрч байхад талийгаач бид хоёр охидоо дагуулаад гарсан. Аав ээжийн гэрт очиход манай том ах Бямбажав эхнэр Лхагвасүрэнтэйгээ, миний төрсөн дүү Отгонцэцэг нөхөр Баянмөнхийн хамт, Отгонсүрэн нөхөр Гантөмөрийн хамт бүгд очсон байсан. Бөөнөөрөө хоол цай идэж уугаад даалуу тоглож байгаад 2 шил архи хувааж ууцгааж байтал 15 цагийн орчим талийгаачийн дүү Жавзанханд нь нөхөр Отгонтөгстэйгээ очиж золгох гэсэн юм гэртээ байна уу гэж над руу залгахаар нь талийгаач бид хоёр 2 охиноо дагуулаад гэр рүүгээ явсан. Гэртээ ирсэнээ Жавзанхандад хэлэхэд нөхөр Отгонтөгсийнхөө ажлын нь мэдээг өгүүлчихээд очьё гэж хэлэхээр нь талийгаачид хэлсэн чинь Жавзанханд гэрт ирээгүй байхад чи надад худлаа ярьж гэрт авчирлаа гэж уурласан. Тэгээд буцаад аавын гэрт очсон. Аавын гэрт дахин тоглож байтал талийгаач энэ хэд тоглож чадахгүй байна, хоорондоо хуйвалдаад байна, би тоглохоо болилоо гэж хэлээд босоод ирсэн. Бид хоёр хүүхдээ дагуулаад гэртээ харьсан. Бидний араас манай гэрт Лхагвасүрэн нөхөр Баттөмөртэйгээ, дүү Отгонцэцэг нөхөр Баянмөнхтэй, Отгонсүрэн нөхөр Гантөмөртэй, эгч Нарангэрэл нар манай гэрт ирж хоол цай идэж уугаад нэг шил архи уусан. Бид нар манай гэрт алаг мэлхий тоглох гэтэл шоогоо хайгаад олоогүй. Энэ үед талийгаач надад хандаж чамтай суухдаа юм бүхэнтэй л байсан, гэрт байсан юм алга болчих юм, гэрээс юм олдохгүй юм гэж хэлээд уурласан чинь Лхагвасүрэн эгч талийгаачийг битгий уурла гэж хэлээд аргадаад урд гэр болох Гантөмөрийн гэрт бүгд орсон. Нарангэрэл манай гэрт унтаж байсан. Удаагүй манай гэрт 20 цагийн орчимд талийгаачийн дүү Жавзанханд нөхөр Отгонтөгсийн хамт ирээд талийгаач гэртээ орж ирсэн. Ингээд хоол цай идэж, ярьж сууж байгаад 10-30 минутын дараа гэр рүүгээ явлаа гээд явсан. Үүний дараагаар Лхагвасүрэн эгч, Баттөмөр ах нар гэр рүүгээ явсан. Талийгаач бид хоёр Отгонсүрэнгийн гэрт ороод тал шил архи байсныг Отгонсүрэн, Отгонцэцэг, Гантөмөр бид нар хувааж уусан. Бүгдээрээ манай гэрт орж тал шил архи байсныг уугаад алаг мэлхий тоглосон. Энэ үед талийгаач надад хандаж дэлгүүрээс ганц шил архи авчихаач гэж хэлэхээр нь би Отгонсүрэн, Отгонцэцэг нартай хамт дэлгүүр орж 0.75 литрийн архи аваад гэртээ ороод иртэл үүдний таамбарт талийгаач ганцаараа зогсож байхаар нь юу хийж байгаа юм бэ гэж асуусан чинь манай аав намайг дуудаад байна, би аав руугаа явлаа гэж хэлэхээр нь би юм бодолгүй орьё гэж хэлээд гэр рүүгээ орсон. Гэртээ ороод талийгаач намайг “яасан удаан явдаг юм, чиний утас руу чинь ажлын газрын чинь жолооч залгаад байна лээ, чамд мэнд хүргэх гээд байгаа юм биш үү” гээд агсрах гээд байсан чинь Отгонцэцэг, Гантөмөр, Отгонсүрэн нар больё больё гэж хэлээд дэлгүүрээс авчирсан архийг аваад Гантөмөрийн гэр рүү орсон. Энэ үед талийгаач том өрөөний ширээн дээр байсан цайны халуун савыг барихаар нь над руу шидэх гэж байна гэж бодоод цайны халуун савыг булааж аваад гал тогооны өрөөнд аваачиж тавьчихаад эргэж өрөө рүү ороод махан дээр байсан бор өнгийн иштэй хутгыг аваад хураах гэтэл том өрөөнд талийгаач миний үснээс зулгаагаад доош нь дараад толгой руу нэг удаа өшиглөсөн. Би газраас өндийгөөд хартал талийгаач том өрөөнд газар зассан байсан орны хажууд зогсчихсон, над руу 1, 2 алхаад шууд газарт цонхны урд хэсэгт доошоо хараад шууд унаад өгсөн. Ингээд би нөхрөө алчихлаа шдээ гэж орилоод өөрөө түргэн цагдаа дуудсан. Энэ үед мөн гэрт унтаж байсан Нарангэрэл эгч сэрээд, урд гэрээс Отгонсүрэн, араас нь Отгонцэцэг нар орж ирсэн. Талийгаачийн биед учирсан гэмтлийг би учруулсан байх. Гэхдээ хэрхэн яаж учруулснаа мэдэхгүй байна. Тухайн үед айж сандарсан учраас болсон явдлыг гүйцэд сайн санахгүй байна. Хутгыг хураах гэж би ширээн дээрээс авсан, тэгээд хутгаа хэрхэн яасан талаараа мэдэхгүй байна. Согтолт гайгүй, эрүүл байсан. ...” гэх мэдүүлэг /1хх214/,
27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 577 дугаар дүгнэлтэд:
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1.Цээжний зүүн хэсэгт суганы дунд шугамаар 4-5-р хавирганы түвшинд 5-р хавирганы дээд ирмэгийг зүсэж, цээжний гялтанг нэвтэлж, зүүн уушгины 3-р сегментийг нэвтэрсэн зүүнээс баруун тийш, доороос дээш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх.
2.цээжний хөндийд хурц цус алдалт /300мл/, шокын бөөр, зүүн уушгины авчилт, дотор эрхтэнүүдийн цус багадалт.
3.Хүнд зэргийн согтолт.
Дүгнэлт: Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээжний зүүн хэсэгт суганы дунд шугамаар 4-5-р хавирганы түвшинд 5-р хавирганы дээд ирмэгийг зүсэж, цээжний гялтанг нэвтэлж, зүүн уушгины 3-р сегментийг нэвтэрсэн зүүнээс баруун тийш, доороос дээш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтооогдлоо.
-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
-Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
-Талийгаач нь А(II) бүлгийн цустай байна. /шинжээч эмч О.Болороо/ ....” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1хх77-79/,
28.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3009 дугаартай дүгнэлтэд:
-Б.Бгийн биед баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.Б нь АВО системээр АВ /IV/ бүлгийн цустай байна. /шинжээч эмч Н.Энхцолмон / ...” гэсэн дүгнэлт /1хх167-168/,
29.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1132 тоот дүгнэлтэд:
-шинжилгээнд ирүүлсэн зүйлс: гарын мөр 4 ширхэг, гарын дардас 2 ширхэг гэжээ.
Дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Санжсүрэнгийн Д, Банзрагчийн Б нарын гарын дардас, 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай 1 ширхэг гарын мөр Бын Бгийн баруун гарын эрхийн хуруугаар үүсгэгдсэн мөр байна. /шинжээч А.Азжаргал/...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1хх87-94/,
30.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1314 дугаартай дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн Бгийн баруун, зүүн гарын гэх 10 ширхэг хумснууд дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт /1хх100-101/,
31.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1315 дугаартай дүгнэлтэд:
-шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг үс мэт зүйл нь үс байна. Үс нь булцуугүй тул ДНХ шинжилгээнд тэнцэхгүй. ...” гэсэн дүгнэлт /1хх106-107/,
32.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1146 тоот дүгнэлтэд:
-шинжилгээнд ирүүлсэн эмэгтэй хүний хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай цоорхой үүссэн байна.
-Ягаан өнгийн цамцанд гарсан 14.5 см хэмжээтэй уранхай нь оёдлоороо ханзарсан, оёдлын утас нь сунаж хөвөрсөн, гандаж өнгөө алдсан, зах ирмэг бохирлогдсон байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна.
-Хар өнгийн дотуур өмдөнд гарсан 3.8х1.7 см, 2.8х4.3см, 1х3.3см хэмжээтэй уранхайны утасны тасралтын зах ирмэг жигд бус, суналттай, оёдлын утас сунаж хөвөрсөн, зах ирмэг бохирлогдсон байх тул эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт байна. /шинжээч Э.Баярсайхан/ ....” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1хх112-116/,
33.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1320 дугаартай дүгнэлтэд:
-шинжилгээнд ирүүлсэн бор ягаан өнгийн нооцсон цамц, цэцэгтэй хар эрээн өнгийн фудволк, хар өнгийн эртүүзэн өмд, хүрэн өнгийн хос гутал, хар өнгийн трикон дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт /1хх120-121/,
34.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1318 дугаартай дүгнэлтэд:
-шинжилгээнд ирүүлсэн зүйлс: цус мэт зүйл 1 ширхэг.
Дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн №2 дугаартай цаасан уутанд хийсэн марльд боосон хүрэн өнгийн хатсан нунтаг зүйл, №3 дугаартай цаасан уутанд марльд шингээсэн хүрэн өнгийн зүйл дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
-№2 дугаартай цаасан уутанд хийсэн марльд боосон хүрэн өнгийн хатсан нунтаг зүйл,
-№3 дугаартай цаасан уутанд марльд шингээсэн хүрэн өнгийн зүйл дээрх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт /1хх127-128/,
35.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1147 тоот дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: саарал өнгийн цамц нэг ширхэг. /Б.Бгийн хэрэг болох үед өмсөж байсан эмэгтэй хүний саарал өнгийн унтлагын хувцас 1 ширхэг/
Дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн саарал цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 1.7х10 мм шинэ, 9.5х8.5см хуучин хөврөлт гарсан байна. /шинжээч Г.Ганзориг/...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1хх132-135/,
36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1317 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйл: хувцас нэг ширхэг.
Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн босоо судалтай эмэгтэй хүний унтлагын хувцасны дээр цус илэрсэн. Биологийн гаралтай ул мөр илрээгүй.
-Саарал өнгийн босоо судалтай эмэгтэй хүний унтлагын хувцас дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. /шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт /1хх139-140/,
37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1138 тоот дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: хөх өнгийн майк 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, эрээн өнгийн оймс 1 ширхэг, саарал эрээн өнгийн оймс 1 ширхэг. /Дончомбын өмсөж байсан гэх хөх өнгийн зузаан ажлын өмд, хөх өнгийн майк, хоёр хос хоёр ширхэг оймс/
Дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн майкны зүүн суганы орчимд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. /шинжээч Г.Ганзориг/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1хх144-148/,
38.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1316 дугаартай дүгнэлтэд:
-шинжилгээнд ирүүлсэн зүйлс:Дончомбын хувцас 5 ширхэг.
Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн ажлын зузаан өмд, шоотой хөх эрээн өнгийн майк, саарал өнгийн дотуур нимгэн өмд, саарал эрээн өнгийн 2 хос 4 ширхэг оймсон дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
-Хар өнгийн ажлын зузаан өмд, шоотой хөх эрээн өнгийн майкан дээрх цус нь АВО систеимээр А/II/ бүлгийн харьяалалтай байна.
-Саарал өнгийн дотуур нимгэн өмд, саарал эрээн өнгийн 2 хос 4 ширхэг оймсон дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй.
-Бор өнгийн тэлээн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /шинжээч Ц.Бямбадорж/ ....” гэсэн дүгнэлт /1хх151-152/,
39. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1131 тоот дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: нэг ширхэг хутга.
Дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс шинжилгээнд тэнцэх гарын мөр илрэхгүй байна. /шинжээч О.Золзаяа/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1хх155-158/,
40. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1321 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: нэг ширхэг хутга
Дүгнэлт: 1.Бор өнгийн модон бариултай хутган дээр цус илэрсэн.
2.С.Дончомбын гэх цусны ДНХ-ийн тогтоц нь бор өнгийн модон бариултай хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /шинжээч Б.Гантуяа/ ...” гэсэн дүгнэлт /1хх161-163/,
41. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1319 дугаартай дүгнэлтэд:
-шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Б.Бгийн зүүн гарын тохой хэсэг дээрээс авсан арчдас. Дүгнэлт: Б.Бгийн зүүн гарын тохой хэсэг дээрээс авсан арчдас гэх марльд шингээсэн шаргал өнгийн толбонд цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Б.Бгийн зүүн гарын тохой хэсэг дээрээс авсан арчдас гэх марльд шингээсэн шаргал өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. /шинжээч Б.Гантуяа/ ...” гэсэн дүгнэлт /1хх173-174/,
42. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 276 тоот дүгнэлтэд: Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: Нөхрөө алсан хэрэгт шалгагдаж байгаа. Архангай явж золгоно гээд байсан юм. Тухайн өдөр маргалдаад ууртай байсан. ...2-3 шил архи уусан. Тэгээд нэг шил архинд явсан. Тэгээд муудалцаад махан дээр хутга байсан. Хураах үед намайг үсдээд авсан, тэгээд хэд хэдэн удаа намайг алгадаад ойчсон. Тэгтэл баахан цус болсон байсан. Яаж хутгалсан, хэдэн удаа гэдгийг мэдэхгүй, ойчоод л өгчихсөн юм гэнэ.
Сэтгэцийн онош: эрүүл
Дүгнэлт: Б.Б сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Б нь цаашид өөрт болон бусад аюултай үйлдэл хийх эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй. Б.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Сэтгэцийн хувьд эрүүл шинжлүүлэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ заагддаггүй болно. /эмч О.Баатаржав, Б.Энхчимэг, Л.Баттулга/...” гэсэн дүгнэлт /1хх179-180/,
43.Амь хохирогч Санжсүрэнгийн Дончомбын нас барсныг бүртгэсэн гэрчилгээ/1хх232/,
44. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Бгийн согтуурлыг шалгасан баримтад 60.7 хувийн согтолттой байсан талаарх тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /1хх239/,
45. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “... тоотоос “...2018.10.03-д “нөхөр агсам тавиад байна..” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагаа, дуудлага өгсөн хүн Б.Б /1хх2458/, мөн хэлтэст дээрх хаяг, тоотоос 2018.12.13-нд 21:45:18 секундэд согтуу хүн эхнэрээ зодоод байна, долоо хоногт 3 удаа зодлоо” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагаа, дуудлага өгсөн хүн Б.Б ...” гэж тэмдэглэсэн хэсэг /1хх247/,
46.Гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэлд “2019.10.04-нд ... тоотоос согтуу хүн агсан тавиад байна” гэх дуудлага, гомдол мэдээлэл гаргасан хүн Бын Б гэж тэмдэглэсэн хэсэг /2хх08/,
47. Шүүгдэгч Б.Бг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тогтоол /1хх191/, баривчлагдсан сэжигтнийг суллах тухай прокурорын 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай тогтоол /1хх194/, Б.Бг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжууд /1хх198-199, 203-204/,
48. Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх223/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх231/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх224/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /1хх225/, Б.Бгийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүй бүртгэлгүй тухай лавлагаа /1хх226-227/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019.1-2020.1 сар хүртэлх хугацааны тодорхойлолт /1хх228/, Б.Бгийн хүүхдүүд болох Д.Оюундалай, Б.Мөнхдалай нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн баримт /1хх229-229/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Бд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Б 2020 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 23.40 минутын орчимд ... тоот гэртээ нөхөр С.Дтой маргалдан түүний цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын лавлагааны хуудас, гэрч Б.Нарангэрэл, гэрч Отгонцэцэг, гэрч Отгонсүрэн нарын мэдүүлэг болон амь хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга болон амь хохирогчийн өмсөж байсан майк, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, майкинд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын болон гэм хорын зардал нэхэмжлээгүй учраас шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дараах тайлбарыг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх талаарх баримтыг авахад 5 удаагийн зөрчлийн дуудлага ирсэн байдаг боловч 3 дуудлага нь амь хохирогч 2016 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон талаарх дуудлага байдаг. Харин үлдсэн хоёр нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар агсан тавиад байна гэх дуудлага авагдсан, бусад дуудлага нь хажуу айлынх эмэгтэй буюу амь хохирогчтой холбоогүй өөр дуудлага өгсөн байдаг. Үүнээс гадна шүүгдэгчийн төрсөн эгч, дүү болох Отгонсүрэн, Отгонцэцэг нар удаа дараа амь хохирогч нь шүүгдэгчийг зодож байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж мэдүүлэх боловч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн зүйл байхгүй. Шүүгдэгч Б.Б удаа дараа зодуулж байсан, гэмтэж байсан гэж ярьж байгаа ч энэ талаар эмнэлэгт үзүүлсэн, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн баримтгүй, 2018 оны зөрчлийн нэг удаагийн дуудлага байгаагаас өөр баримтгүй.
Санаатай хүн алах гэмт хэрэг, гэмт хэргийн нөхцөл байдлын тухайд хэрэг болоход шүүгдэгч, амь хохирогч, хоёр охин, эгч Нарангэрэл гэх хүмүүс байсан гэж ярьдаг. Нарангэрэл мэдүүлэхдээ унтсан байсан, Б.Бг орилохоор нь сэрсэн гэж мэдүүлсэн. Хамгийн сүүлд шүүгдэгч болон амь хохирогчийг гэрт нь орхиж гарсан гэрч Отгонцэцэгийн мэдүүлгээр архи аваад гэрт ороход Нарангэрэл болон хоёр охин нь цаад өрөөнд унтчихсан байсан гэдэг. Тэгэхээр хэрэг гарахад шүүгдэгч болон амь хохирогч хоёр байсан. Өөр болсон асуудлыг мэдэх хүн байхгүй. Нарангэрэл нь Б.Бг орилохоор нь сэрээд тухайн нөхцөл байдлыг мэдсэнээ хэлдэг. Гэрч Отгонсүрэн, Отгонцэцэг нарын хувьд ч гэсэн хэрэг гарсны дараа орилох дуу чимээгээр гэрт нь ороход амь хохирогч газар унасан, их хэмжээний цус гарсан талаар мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Б яллагдагчаар мэдүүлэхдээ амь хохирогч намайг хэл амаар доромжилсон, муудалцсан, үснээс зулгаахаар нь нэг удаа хатгачихсан гэж мэдүүлсэн. Харин шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч үсдээд дэвссэн, би дөрвөн хөлөлсөн байсан гэж мэдүүллээ. Гэтэл амь хохирогчид учирсан шарх нь цээжний зүүн талд буюу нэг удаагийн хатгалтаар үүссэн шарх байдаг ба, дөрвөн хөлөлсөн байсан хүн босоо зогсож байгаа хүнд гэмтэл учруулах ямар ч боломжгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн толгойн ар хэсэгт гэмтэл учирсан байсан гээд зураг байна. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаагаар сэжигтнээр Б.Бг цагдан хорьж, түүний биед үзлэг хийхэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Гэрэл зурагт авагдсан хөхрөлт няцралт тогтоогдоогүй. Шүүгдэгчийн авчирсан зургийн нүүр царай нь харагдахгүй, ямар хүний зургийг хэзээ нь аваад ирэв ээ гэдэг асуудал байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ баримтыг гаргаж өгч шалгуулсан зүйл байхгүй. Шүүгдэгч Б.Бгийн хувьд өөрт нь хүч хэрэглэсний улмаас амь хохирогчийн амь биед халдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Б нь өөрийн нөхрийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна, гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Бг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шудрага ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимтай холбогдуулан анхаарч үзнэ үү. Шүүгдэгч Б.Б нь гэм буруугүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршгийг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд хор аюулыг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүй учруулсан гэж үзнэ. Мөн шүүгдэгч Б.Бг яагаад санаатай бус гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байна вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан нотолбол зохих асуудлын хүрээнд гэмт хэргийг санаатай үйлдсэн байхыг нотлох учиртай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар гэм хорыг хүсэж үйлдсэн байх ёстой. Гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг урьдаас мэдсэн атал хүсэж хийсэн, эсвэл дээрх хор уршиг зориуд хүргэсэн байдгаараа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс санаатай гэмт хэрэг нь ялгаатай. Тэгэхээр шүүгдэгч амь хохирогчийг алая гэсэн зүйл байхгүй. Амь хохирогчийн зан авир хурц, архи уусан үедээ эхнэрээ зоддог, гартаа таарсан зүйлээ шиддэг байсан нь гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй” нотлох ёстой. Шүүгдэгч Б.Б нөхрийгөө санаатайгаар алсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдож чадаагүй. Хүний амь нас хохирсон, хүнд хор уршиг учирсан гэдэгт маргахгүй. Энэ үйлдлийг шүүгдэгч Б.Б санаатай хийсэн үү, болгоомжгүй хийсэн үү, гэм буруугүйгээр хийсэн үү гэдгийг анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгчийг урьд нь амь хохирогч толгойг нь модоор цохиж хагалж байсан, сандлаар цохиулж гараа хугалуулж байсан. 5 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Хэргийн үйл явдлыг харахад ч амь хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Б хэрэг гарсан өдөр хутга барьсан асуудал яригддаг. Амь хохирогчийг уурлаад эхлэхээр нь ширээн дээр байсан зүйлсийг зөөж эхэлсэн. Халуун саваа аваад гал тогоондоо тавьсан, айрагны шилэн саваа ч авсан. Хутгаа аваад эргэх гэхэд Б.Бгийн толгойноос амь хохирогч үсдээд газар мөргүүлээд, дөрвөн хөлөлсөн байхад толгой руу нь өшиглөсөн зэрэг нь хэрэг гарахад байсан хоёр хүүхдийнх нь мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б гартаа хутга барьж байхдаа толгойгоо хамгаалах гээд нэг мэдэхэд би толгойн дээрээ хоёр гараа тавьсан байсан, толгойгоо хамгаалах үйлдэл хийж байхдаа доороосоо дээш чиглэлтэйгээр амь хохирогчийн сугыг хутгаар хатгасан байна гэж яриад байна. Тэгэхээр энэ үйлдлийг санаатай хүн алсан үйлдэл гэж үзэхгүй. Шүүгдэгч хутгыг хүн алах гэж санаатай бариад байна уу, эсхүл хураах гэж аваад байна уу гэдэг нь хэрэгт маш ач холбогдолтой. Шүүгдэгч Б.Б хутгыг хураах, өөр лүүгээ авч шийдүүлэхгүй байх үүднээс нь авч далд хийх гэсэн. Амь хохирогч хүнд хэлбэрийн согтолттой байсан гэдэг нь тогтоогдсон. Хүнд хэлбэрийн согтолттой хүн өөрийн үйлдлийн эцсийн үр дагаврыг ойлгохгүй. Янз бүрийн үйлдэл хийх боломжтой байсан. Амь хохирогч зан авир нь хурц учраас Б.Б түүний гарт тааралдсан юмыг холдуулах гэж байсан нь харагддаг. Ингээд авах үед амь хохирогч Б.Бг үсдээд газар мөргүүлээд, толгой дээр нь өшиглөсөн. Үүнээс болоод үсэн дотор нь толгой нь хавдаж улайсан, хүзүү нь улайсан. Шүүгдэгч Б.Б анхнаасаа бид хоёр байсан учраас би хатгасан байх гэж мэдүүлж ирсэн. Гэхдээ энэ үйлдлийг санаатай хийсэн үү, болгоомжгүй хийсэн үү. Шүүгдэгч Б.Б гэм буруугүйгээр үү, эсхүл болгоомжгүйгээр үү гэм хор хүргэж үү гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар харагдаад байгаа юм. Хөдөлбөргүй үнэн гэсэн нотлох баримт байхгүй. Хоёр хүүхэд эцэг эхийнхээ орийг засаад л хэрүүл маргаан эхлэх, амь хохирогчийг унаж байхыг харсан. Шүүгдэгч Б.Б хүнийг санаатай алах байсан бол орилохгүй. Урд талын айлын хүмүүс орилох нь аймшигтай байсан гэх зүйл ярьсан. Гэмт хэргийг хүсэж үйлдэж байгаа бол орилохгүй. Улсын яллагч шүүгдэгч Б.Б зодуулж байгаагүй гэх зүйл яриад байна. Хэрэгт авагдсан дуудлагын хуудсаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20:21 минутад өгсөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхөр нь агсан тавиад байна гэх дуудлага байна. Хоёрдугаар дуудлага лавлагааны хуудаст 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 06:53:27 секундэд нөхөр агсан тавиад байна гээд дуудлага өгсөн. Гуравдугаарт дуудлага лавлагааны хуудас гээд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл гэж байна. Согтуу хүн эхнэрээ зодоод байна гээд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21:42:49 секундэд дуудлага өгсөн байсан. Очсон цагдаагийн ажилтан 7 хоногт 3 удаа зодлоо гэх өгүүлэмж хэлсэн гэж бичсэн байсан. Дөрөвдүгээрт 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр согтуу хүн агсан тавиад байна гээд өгсөн дуудлага байгаа. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр амь хохирогчоос авсан мэдүүлэгт би архи уухаараа юм аа мэддэггүй юм гэсэн байдаг. Хэрэгт хууль сануулж авсан гэрч нарын мэдүүлэг байна. Хэдий төрөл садангийн холбоотой байсан ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бгийн холбогдсон хэрэгт хууль ёсны, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б болон амь хохирогч С.Д нар 1998 онд гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан гэрлэгчид болох нь тэдний гэрлэлтийн лавлагаагаар тогтоогдож байна.
Тухайн хэрэг үйл явдал болсон өдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 24-нд Сар шинийн баярын өдрийг тэмдэглэж, шүүгдэгч болон амь хохирогч нар нь садан төрлийн хүмүүсийн хамтаар архидан согтуурч, ахуйн хүрээнд өдрийн туршид архидсан, шүүгдэгч Б.Б нь 0.60 хувийн согтууралтай байсан болох нь түүний согтуурлыг шалгасан тэмдэглэл, амь хохирогч С.Д нь хүнд зэргийн согтолттой байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба, тэд хэн аль нь согтуу байсан байна.
Улмаар тэд үргэлжлүүлэн архидахаар 2020 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд ... тоот гэртээ Б.Б дэлгүүрээс архи авчирсан байна. Энэ үед түүний нөхөр амь хохирогч С.Д “чи хаачдаг юм, ямар удаан явдаг юм, чиний ажлын газрын жолооч чам руу залгаад байна, мэнд хүргэх гэж байгаа юм шиг байна” гэх зэргээр маргаан үүсгэсэн байх ба, амь хохирогч ширээн дээр байсан халуун сав, савтай айргаа шидэхээр авах гэхэд нь Б.Б булааж авч хураасан, дараа нь ширээн дээр савтай байсан махан дээр тавьсан хутгыг шүүгдэгч Б.Б хураахаар барьсан байх үед амь хохирогч С.Д нь шүүгдэгч Б.Бг үсдэж толгойг нь доош дарж, толгой руу нь өшиглөж хүч хэрэглэх явцад шүүгдэгч Б.Б нь амь хохирогч С.Дончомбын цээжин тус газарт гартаа барьсан хутгаараа хутгалсан, уг үйлдлийн улмаас С.Д нь нас барсан үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23:48:10 секундэд ирсэн дуудлагын бүртгэл, лавлагаа /1хх3/, Түргэн тусламжийн дуудлагын лавлагаа /1хх186/,
-2020 оны 02 дугаар сарын 24-нд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /1хх5-15/, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /1хх16-19/,
-амь хохирогч С.Дончомбын өмсөж байсан цэнхэр өнгийн майкийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх22/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 25-ны өглөөний 07 цагийн орчим ...эгч Гэрэлмаагийн гэрт очтол С.Д ахыг эхнэр нь хутгалаад алчихсан байна гэдгийг хэлсэн юм.....” гэх мэдүүлэг /1хх26/,
-Насанд хүрээгүй гэрч Д.Оюундалайн /11 настай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...талийгаач аав ээжийг чи муу яасан овоо пизда вэ гэж хэлээд ширээн дээр байсан савтай айргийг авч шидэх гэж байсан. Энэ үед ээж ширээн дээр байсан бор өнгийн иштэй хутгийг аваад хураах гэсэн чинь аав ээжийн үснээс зулгаагаад толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл аав удаагүй хоёр алхаад том өрөөндөө газар доошоо хараад шалан дээр унаад өгсөн. Тэгтэл аавын хаанаас ч юм мэдэхгүй их цус гараад байсан. Энэ үед нь ээж уйлаад би яанаа алчихлаа л шдээ гэж хэлээд орилсон. ...” гэх мэдүүлэг /1хх68-69/,
-Насанд хүрээгүй гэрч Д.Мөнхдалайн /11 настай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...аав гэнэт уурлаад ээж рүү агсрах гээд байсан чинь ээж ширээн дээр байсан савтай зүйлүүдээ хураагаад дараа нь том өрөөний ширээн дээр байсан бор өнгийн иштэй хутгыг аваад хураах гээд гартаа барьтал аав ээжийн үснээс зулгаагаад, хөлөөрөө толгой руу нь өшиглөөд байсан. Тэгтэл аавын хаанаас ч юм мэдэхгүй нэг газраас нь цус асгараад байсан. Энэ үед ээж би аавыг чинь хутгалчихлаа шдээ гээд аймаар муухай хашгирсан. ...” гэх мэдүүлэг /1хх72-73/,
-гэрч Б.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтаж байхад Б би алчихлаа шдээ гээд аймаар чарлаад орилохоор нь юу болвоо гэж бодоод босоод хартал Д цонхны дэргэд доошоо хараад уначихсан, нил цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх39/,
-гэрч Б.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач эхнэр Бг “чи хаагуур яваад байгаа юм, чамайг 30 минут хүлээгээд унтчихсан байна” гээд эхнэртэйгээ хэрэлдээд байсан. ...талийгаачийн гэрт эмэгтэй хүний муухай хашгирах хоолой сонсогдохоор нь ...гэрт нь ороход Б уйлаад утсаар яриад зогсчихсон, цаад өрөөнд том эгч, хоёр охин орилоод байсан. Би цаад өрөө рүү ороход талийгаач газар доошоо харчихсан, хөдөлгөөнгүй хэвтчихсэн, ойр хавиар нь нилээн их цус урссан байсан. ...Маргалдсан шалтгааны хувьд бид гурав дэлгүүр ороод ирэхэд талийгаач чамайг 30 минут хүлээлээ, хаагуур яваад байдаг юм гэх зэргээр хэрүүл өдөөд бид нарыг та нар бол чадахгүй, барахгүй пизда нар шүү дээ гээд давшилаад байхаар нь бид нар гараад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх30/,
-гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....талийгаач эхнэр Бг чи хаагуур яваад байгаа юм, чамайг 30 минут хүлээгээд унтчихсан байна гээд хэрэлдээд байсан. ...талийгаачийн гэрт эмэгтэй хүний муухай хашгирах хоолой сонсогдохоор нь ... гэрт нь ороход ...талийгаач газар доошоо харчихсан, хөдөлгөөнгүй хэвтчихсэн, ойр хавиар нь нилээн цус урссан байсан. ...Бгээс юу болсон юм бэ гэж асуухад та хоёрыг гарсаны дараа махан дээр тавьсан хутгаа арчиж байхад талийгаач хүрч ирээд үсдэж аваад дарсан, тэгээд юу болсоныг мэдэхгүй байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх33/,
-гэрч С.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хүргэн Отгонтөгс манай гэрт 01 цагийн орчим ирээд С.Д ах өнгөрчихлөө гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх34/,
-гэрч Б.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би “юу болсон” гэж асуусан чинь Б “би хүн алчихлаа” гэсэн. ...Тухайн үед талийгаачийг харсан чинь доошоогоо хараад уначихсан, нилээн цус доогуур нь гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх28/,
-гэрч Э.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нарангэрэл эгч, Д ахын хоёр ихэр охиныг дагуулчихсан манай гэрт орж ирээд уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад Б Дончомбыг хутгалчихлаа шдээ, одоо яанаа гээд уйлаад байсан.... гэх мэдүүлэг /1хх40-41/,
-гэрч С.Жавзанхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нарангэрэл эгчээс юу болсон бэ, яасан юм гэж асуусан чинь Б ахыг чинь хутгалаад алчихлаа гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх49-50/,
-гэрч Д.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Лхагвасүрэн эгч “ээж аав хоёр чинь хоорондоо муудалцаад ээж чинь аавыг нь хутгалаад аав чинь нас барчихсан байна” гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх62-63/,
-шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...талийгаач надад хандаж “чи хаачаад ирж байгаа юм, чам руу танай жолооч залгаад байна, чамд мэнд хүргэх гээд байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл халуун савтай цай авах гээд дайрахаар нь над руу шидэх нь гэж бодоод халуун савтай цайгаа урдуур нь ороод шүүрч авчихаад, том өрөөнд байрлах ширээн дээр махан дээр байсан хутгийг мөн аваад хураах гэтэл талийгаач шууд ирээд миний үснээс зулгаахаар нь гартаа байсан хутгаараа хатгачихсан. ...бор иштэй хутгийг аваад хураах гэтэл шууд намайг үсдээд доош нь дараад толгой руу өшиглөхөөр нь гартаа байсан хутгаараа би талийгаачийг хатгачихсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх209-210/,
-яллагдагчаар өгсөн: “...талийгаач намайг “яасан удаан явдаг юм, чиний утас руу чинь ажлын газрын чинь жолооч залгаад байна лээ, чамд мэнд хүргэх гээд байгаа юм биш үү” гээд агсрах гээд байсан. ... талийгаач том өрөөний ширээн дээр байсан цайны халуун савыг барихаар нь над руу шидэх гэж байна гэж бодоод цайны халуун савыг булааж аваад гал тогооны өрөөнд аваачиж тавьчихаад эргэж өрөө рүү ороод махан дээр байсан бор өнгийн иштэй хутгыг аваад хураах гэтэл том өрөөнд талийгаач миний үснээс зулгаагаад доош нь дараад толгой руу нэг удаа өшиглөсөн. Би газраас өндийгөөд хартал талийгаач том өрөөнд газар зассан байсан орны хажууд зогсчихсон, над руу 1, 2 алхаад шууд газарт цонхны урд хэсэгт доошоо хараад шууд унаад өгсөн. ...Хутгыг хураах гэж би ширээн дээрээс авсан. ...” гэх мэдүүлэг /1хх214/,
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 577 дугаар дүгнэлт, гэрэл зураг /1хх77-79/,
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1318 дугаартай дүгнэлт /1хх127-128/,
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1138 тоот дүгнэлтийн “... майкны зүүн суганы орчимд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1хх144-148/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1316 дугаартай дүгнэлтийн “...хар өнгийн ажлын зузаан өмд, шоотой хөх эрээн өнгийн майкан дээрх цус нь АВО систеимээр А/II/ бүлгийн харьяалалтай байна. ....” гэсэн дүгнэлт /1хх151-152/,
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1321 дугаартай дүгнэлтийн “... С.Дончомбын гэх цусны ДНХ-ийн тогтоц нь бор өнгийн модон бариултай хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн дүгнэлт /1хх161-163/, Амь хохирогч Санжсүрэнгийн Дончомбын нас барсныг бүртгэсэн гэрчилгээ /1хх232/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 577 дугаартай дүгнэлтээр амь хохирогч С.Дончомбын нас барсан шалтгааныг “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээжний зүүн хэсэгт суганы дунд шугамаар 4-5-р хавирганы түвшинд 5-р хавирганы дээд ирмэгийг зүсэж, цээжний гялтанг нэвтэлж, зүүн уушгины 3-р сегментийг нэвтэрсэн зүүнээс баруун тийш, доороос дээш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтооогдсон, гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан гэж дүгнэжээ. /1хх77-79/,
Прокуророос шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн дүгнэлт гаргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар амь хохирогч С.Дончомбыг шүүгдэгч Б.Б хутгалсан, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан шалтгаант холбоо тогтоогдож байгаа боловч хэрэг үйл явдал болсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд амь хохирогч С.Д нь шүүгдэгч Б.Бгийн биед халдаж, түүнийг үсдэж, толгойг нь доош нь дарах, толгойд нь өшиглөх зэргээр халдсан, хууль бус довтолгоон хийсэн байна. Тодруулбал амь хохирогч С.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Бгийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, үснээс нь зулгааж, толгойд нь өшиглөх зэрэг хийсэн үйлдэл нь түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм. Мөн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3009 дугаартай дүгнэлтээр ”Б.Бгийн биед баруун шууны зулгаралт гэмтэл” тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.
Хууль зүйн хувьд тодруулбал Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл юм. Аргагүй хамгаалалт нь зодох, түлхэх, гэмтэл учруулах гэх зэрэг үйлдлүүдээр илэрнэ.
Тухайн хэргийн хувьд амь хохирогч С.Д нь шүүгдэгч Б.Бг үсдэж, толгойд нь өшиглөсөн хүч хэрэглэсэн хууль бус үйлдэл хийснийг нь тэрээр таслан зогсоох зорилгоор, аргагүй хамгаалалт хийх эрх үүссэн байх ба Б.Бгийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болгосны улмаас эсэргүүцэн довтолж хохирогчийн биед хутгаар хатгаж, түүний амь насыг нь хохироосон байна.
Мөн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 577 дугаар дүгнэлтээр “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээжний зүүн хэсэгт суганы дунд шугамаар 4-5-р хавирганы түвшинд 5-р хавирганы дээд ирмэгийг зүсэж, цээжний гялтанг нэвтэлж, зүүн уушгины 3-р сегментийг нэвтэрсэн зүүнээс баруун тийш, доороос дээш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон талаар дүгнэсэн ба, уг дүгнэлтээс үзвэл амь хохирогчийн биед нэвтэрсэн хутганы чиглэл нь доороос дээш чиглэлтэй хатгагдсан байх ба, шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “амь хохирогч намайг үсдэж, доош нь дарсан, толгой руу өшиглөсөн, энэ үед би хутгаар хатгасан” гэж байрлалын хувьд ийнхүү мэдүүлсэн мэдүүлэгтэй нөхцөл байдлын хувьд тохирч байгаа зэргээр уг гэмт хэргийг санаатай хүнийг алсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, амь хохирогчийн бодитой хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл нь аргагүй хамгаалалт хийх үндэслэл болсон байх тул шүүгдэгч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, амь насыг аюулаас хамгаалсан үндэслэл тогтоогдож байна. Түүнчлэн амь хохирогч нь хэдийгээр хүнд зэргийн согтолттой байсан боловч шүүгдэгчийн эсрэг идэвхитэй үйлдлээр хүч хэрэглэсэн үйлдэл хийжээ.
Нөгөө талаас хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч Д.Баатархүүгийн “.... 2019 оны 10 дугаар сард, ...гэртээ иртэл ээж Бгийн гар хөхөрсөн байхаар нь ...асуусан чинь аавтай чинь маргалдаад, ...гар руу цохичихлоо гэж хэлж байсан. Мөн 2020 оны 1 сард намайг гэртээ байхгүй үед ...ээж гадуур хонолоо гээд маргалдсан чинь ээжийг зодсон байсан. Ээж энэ тухай надад өөрөө хэлсэн. Хэрхэн яаж зодсон юм бэ гэхэд үснээс нь зулгаасан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх62-63/,
-гэрч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 онд Бтэй уулзахад манай нөхөр Д намайг хардаад нэг удаа зодож байсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх59-60/,
-насанд хүрээгүй гэрч Д.Оюундалайн “....Аав архи уухаараа хааяа уурлаад гэрт ээжид агсан тавиад зоддог байсан. ...” гэх мэдүүлэг /1хх68-69/ болон, бусад баримтууд буюу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “... тоотоос “...2018.10.03-д “нөхөр агсам тавиад байна..” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагаа, дуудлага өгсөн хүн Б.Б... “ гэж тэмдэглэсэн хэсэг /1хх2458/, мөн хэлтэст дээрх хаяг, тоотоос 2018.12.13-нд 21:45:18 секундэд “согтуу хүн эхнэрээ зодоод байна, долоо хоногт 3 удаа зодлоо” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагаа, дуудлага өгсөн хүн Б.Б /1хх247/ ...” гэж тэмдэглэсэн хэсэг, Гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэлд “2019.10.04-нд ... тоотоос “согтуу хүн агсан тавиад байна” гэх дуудлага, гомдол мэдээлэл гаргасан хүн Бын Б гэж тэмдэглэсэн хэсэг /2хх08/ зэрэгт дүгнэлт хийхэд өмнө нь амь хохирогч С.Д нь эхнэр Б.Бд хүч хэрэглэдэг, зоддог байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б тухайн хэрэг үйл явдал болсон өдөр амь насаа алдах аюулаас өөрийгөө хамгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээр улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Аргагүй хамгаалалтаас учирсан гэм хорыг арилгах үүргийг уг үйлдэл хийсэн этгээд хүлээхгүй тул амь хохирогчийн оршуулгын зардлыг гаргуулах үндэслэлгүй байна.
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга нэг ширхэг, амь хохирогчийн өмсөж байсан цэнхэр өнгийн майк нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устах комисст даалгаж, шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 74 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Бын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байдал тогтоогдсон” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аргагүй хамгаалалт” хийсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 25-наас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 74 /далан дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор өнгийн иштэй модон хутга нэг ширхэг, амь хохирогчийн өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн майк нэг ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
4. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Л.БААТАР