| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0030/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/35 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/35
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Энхжин
Улсын яллагч: Н.Өнөрбаяр
Шүүгдэгч: Г.О-, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн Г-ын О-д холбогдох эрүүгийн 2027000250016 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган орхон багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн Г-ын О- /РД: ___/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 21 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг Ганган орхон мойлтын ___ гудамж ___ тоотод өөрийн хашааны гадна хаалга нүдсэн, өөрийг нь болон ээж Б.У-ийг харааж доромжилсон гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газар нь нэг удаа, гэдэс нь тус газар гараараа нэг удаа тус тус цохиж иргэн М.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Г.О- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 21 цаг 30 минутын орчим хохирогч М.Б- нь манай ээжийг доромжлоод хараагаад байсан. Хохирогч нь надаас архи нэхэж байнга согтуу явж байдаг. М.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу мягмар гаригт надаас архи нэхээд байхаар нь би гэрт нь хүргэж өгсөн...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Гэмтэлийн зэрэг хүндэтвэр гарсан хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нь шүүгдэгч Г.О-гийн ээжийг доромжилсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч М.Б- нь “___” дэлгүүрт орж ирчихээд архи нэхээд байсан байдал, шүүгдэгчийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн байдал, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзаж өгнө үү.
Шүүгдэгчийг гэм буруутай эсэх дээр бол улсын яллагч гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байгаа дээр маргаангүй. Шүүгдэгч Г.О- хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, оршин суух хаягтай, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх боломжтой, мөн бага насны хүүхдүүд эхнэрээ тэжээн тэтгэн ар гэр авч явдаг байдал болон хувь хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэв.
Хохирогч М.Б-ы 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн "...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 21 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын дээд өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулж байгаа “___” дэлгүүрийн үүдэнд С-тай тааралдсан юм...Харин тэр үед С- би “___” дэлгүүрээс нэг шил архи авна чи Г.О-гийн гадаа ирээд намайг дуудчихаараа гэж хэлсэн. Тэгээд би “___” дэлгүүрийн гадаа зогсож байгаад Д.Н-тай тааралдсан юм...Д.Н- бид хоёр Г.О-гийн хашааны гадаа очиж С-г дуудсан. Тэр үед хашааны дотор талд Г.О-гийн ээж У- зогсоод хашааны хаалга онгойлгохгүй та нар яагаад айлын хашаа нүдээд байгаа юм бэ? гэж бид хоёрыг загнасан. Тэгээд байж байсан чинь Г.О- хашааны жижиг хаалгыг онгойлгож гарч ирээд яагаад та нар айлын хашааны хаалга нүдээд байгаа юм бэ? гэж хэлсэн.
Харин би Г.О-д хандаж С-г дуудчих гэж хэлсэн чинь Г.О- уурлаж гараараа миний зүүн нүдний орчим хоёр удаа цохиж мөн баруун талын хавирганы орчим нэг удаа өшиглөсөн. Тэгээд би Г.О-г бариад авсан чинь Д.Н- хажуугаас Г.О- бид хоёрыг салгасан. Тэгээд намайг Д.Н- гэрт хүргэж өгсөн...Би Б.У-ийг аашлаж загнасан нь үнэн. Би маргаан болох үед Г.О-г загнаж чамайг зодно гэж хэлсэн үнэн. Би хашааны хаалга мөргөөгүй...Би бага зэрэг халамцуу байсан...Надад нэг сая зургаан зуун мянган төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Надад Г.О- таван зуун мянган төгрөг өгсөн...Одоо би Г.О-гээс нэг сая нэг зуун мянган төгрөг нэхэмжлэж байна.... шүүх хуралд сууна...” гэх мэдүүлэг /хх-н 17-19-р хуудас/
Гэрч Д.Н-гийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн "...2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 21 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын дээд өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулж байгаа “___” гэсэн хаягтай дэлгүүрийн үүдэнд М.Б-тай бид хоёр тааралдсан. Тэгээд М.Б- бид хоёр Г.О-гийн хашааны гадна очиж С-г дуудсан. Г.О-гийн хашааны гадаа С-г дуудаад зогсож байсан чинь Г.О- гарч ирээд та нар яагаад айлын хашаа нүдээд байгаа юм бэ? гэж хэлсэн чинь М.Б- согтуурхаж Г.О-г “чи муу чацаг ямар овоо чацаг вэ?” гэж хэлээд М.Б- Г.О- нар маш богино хугацаанд маргалдаж байгаад Г.О- М.Б-ы нүүр орчим гараараа нэг удаа цохисон. Тэгээд М.Б-, Г.О- нар хоорондоо зууралдаж Г.О- М.Б-ы дээрээс нь дарж унагаагаад хоорондоо зууралдаад байхаар нь би салгасан...Г.О- эрүүл байсан. М.Б- нэлээд согтуу байх шиг байсан. Би бага зэрэг халамцуу байсан...2О2О оны 01 дүгээр сарын 23-ны орой 21 цаг 00 минутын орчим М.Б- бид хоёр ___ дэлгүүрийн гадаа анх уулзахад М.Б-ы нүүр зүгээр байсан. Маргаан болсон гудамж гэрэлгүй гудамж байгаа юм..." гэх мэдүүлэг, /хх-н 22-24-р хуудас/
Гэрч Б.У-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн "...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 21 цаг 25 минутын орчим гэрээсээ шээх санаатай гарсан чинь манай хашааны хаалгыг гаднаас нь хүн нүдээд байхаар нь явж очоод яагаад хаалга нүдээд байгаа юм бэ? гэж хэлсэн чинь үгэнд орохгүй хашааны хаалга нүдээд байсан. Тэгээд байж байсан чинь манай хүү Г.О- ирээд хашааны хаалга нүдэж байсан хүмүүсийг та нар яагаад хашааны хаалга нүдээд байгаа юм бэ? гэж хэлээд хашааны хаалга онгойлгож гарсан чинь Г.О-гийн өөдөөс Б- гуай согтуурхаж Г.О-г хараагаад байсан... Эгч нь худлаа ярьж чаддаггүй юм. Яг үнэндээ маргаан болох үед Б- авгай минь цаашаа бай гээд хараагаад байсан юм. Энэ үед хүү Г.О- намайг өмөөрөөд Б-ыг нүүр орчим газар гараараа нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг, /хх-н 25-27-р хуудас/
Гэрч Б.С-гийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн "...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 22 цаг 40 минутын орчим гэртээ байж байсан чинь манай аав М.Б- миний утас руу залаад аав нь хүнд зодуулчихлаа манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би аавын гэрт очсон чинь аавын хамраас цус гарчихсан мөн зүүн нүдний орчим хөхөрч хавдсан, зүүн хацар ясны орчим хонхойчихсон байсан. Тэгээд би ааваас юу болсон талаар асуусан чинь урд айлын Г.О- намайг цохичихлоо гэж ярьж байсан. Тэгээд би аавыг аваад эмнэлэг рүү явж М- эмчид үзүүлсэн..." гэх мэдүүлэг, /хх-н 28-29-р хуудас/
Гэрч П.М-ы 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн "...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 23 цаг 00 минутын орчим М- овогтой Б- гэх хүн эмнэлэг дээр ирж надад үзүүлсэн. Би М.Б-аас юу болсон талаар асуусан чинь хүнд зодуулсан гэж ярьж байсан. Тухайн үед М.Б-ы зүүн нүдний ухархай хөхөрч хавдсан. Мөн зүүн хацар шанаа хэсэг нь хавдчихсан байсан. Мөн баруун талын хавирганы орчим өвдөж байна гэх зовууртай байсан...Улаанбаатар хот руу явж дээд шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж зөвлөгөө өгөөд явуулсан...М.Б- бага зэрэг согтуу байсан..." гэх мэдүүлэг, /хх-н 30-31-р хуудас/
Гэрч Д.Д-ын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн "...2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 21 цаг 00 минутын орчим М.Б-, Д.Н- нар ___ дэлгүүрт орж ирээд нэг шил архи зээлээр өгөөч гээд нэхээд байсан юм. Би тэр үед М.Б-, Д.Н- нарт архи зээлээр өгөхгүй гэж хэлсэн чинь М.Б- согтуурхаж намайг хараагаад байхаар нь би бушуухан М.Б-, Д.Н- нарыг дэлгүүрээс гаргаж дэлгүүрийг хаасан..." гэх мэдүүлэг, /хх-н 32-33-р хуудас/
Шинжээч эмч Т.Чимэд-Очирийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн "...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Лазермэд эмнэлгийн эмчийн толгойн КТГ-ийн зургийн дүгнэлтэд суурь ясны бага далавч хугаралтай байна гэж дүгнэсэн байдлыг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу дүгнэлтээ гаргасан..." гэх мэдүүлэг, /хх-н 36-37-р хуудас/
Шинжээч эмч О.Оюунбаясгалангийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн "...Толгойн компьютер томографикийн зураг зөрүүтэй уншигдсанаас болж гэмтлийн зэрэг өөр өөр гарах болсон..." гэх мэдүүлэг, /хх-н 38-39-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Б.Ариунзул, О.Оюунбаясгалан нарын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "...М.Б-ы биед зүүн нүдний ухархайн гадна хана “sutura spheno zygomatic” хэсгээр, доод хана, гайморовын хөндийн гадна хана, урд хана, зүүн хацар ясны нумыг хамарсан нийлмэл хугарал, зүүн талын хацар, шанаа, эрүү, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун талын 4-р хавирганы далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хх-н 65-68-р хуудас/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,
-хохирогч М.Б-ы Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.О-д гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Г.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт М.Б-ы гараараа нүүрэн тус газар нь нэг удаа, гэдэс нь тус газар гараараа нэг удаа тус тус цохиж бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
гэрч Б.С-гийн мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №431 тоот актын М.Б-ы биед зүүн нүдний ухархайн гадна хана “sutura spheno zygomatic хэсгээр”, доод хана, гайморовын хөндийн гадна хана, урд хана, зүүн хацар ясны нумыг хамарсан нийлмэл хугарал, зүүн талын хацар, шанаа, эрүү, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун талын 4-р хавирганы далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт,/хх-н 65-68-р хуудас/, хохирогч М.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.О- шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч М.Б-ы биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...зүүн нүдний ухархайн гадна хана sutura spheno zygomatic хэсгээр, доод хана, гайморовын хөндийн гадна хана, урд хана, зүүн хацар ясны нумыг хамарсан нийлмэл хугарал, зүүн талын хацар, шанаа, эрүү, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун талын 4-р хавирганы далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Г.О- түүнийг цохисоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос шүүгдэгч Г.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний дээрх гэмт үйлдэлд нь тохирсон ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч М.Б-ы биед учирсан “...зүүн нүдний ухархайн гадна хана sutura spheno zygomatic хэсгээр, доод хана, гайморовын хөндийн гадна хана, урд хана, зүүн хацар ясны нумыг хамарсан нийлмэл хугарал, зүүн талын хацар, шанаа, эрүү, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун талын 4-р хавирганы далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч М.Б- нь шүүх шатанд “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б- Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.О- “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, Г.О- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Г.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуун мянган / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б- нь “хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй,” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овгийн Г-ын О- хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Г-ын О-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.О- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА