Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0112

 

 

Ю.Б-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Гомдлын шаардлага: “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0178703 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар

Хэргийн индекс: 124/2021/0059/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ю.Б нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-т холбогдуулан “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0178703 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Ю.Б нь 2020 оны 10 дугаар сард орон нутгийн сонгуульд Ховд суманд Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшихдээ Ховд сумын Хаанбанкинд данс нээлгэсэн. Тухайн үед сонгуульд нэр дэвшиж байхдаа Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зардлын дансны мэдээллээ сумынхаа Ардчилсан намын даргад өгсөн. Сумын Ардчилсан намын дарга н.Т нь нэр дэвшигч 21 хүнийхээ зардлын дансны мэдээллийг нэгтгээд аймгийн Ардчилсан намд хүргүүлснийг аймгийн Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дарга н.Б Ховд сумын Ардчилсан намаас зардлын дансны мэдээллээ хуулийн хугацаанд хүргүүлсэн байна. Мөн Ардчилсан намын дарга н.С нь Ховд сумын Ардчилсан намаас нэр дэвшигчдийн зардлын дансны мэдээлэл хуулийн хугацаанд манайд ирүүлсэн байна. Мөн Ардчилсан намын дарга н.С нь Ховд сумын Ардчилсан намын нэр дэвшигчдийн зардлын дансны мэдээлэл хуулийн хугацаанд манайд ирүүлсэн гэх албан бичиг ирүүлсэн байгаагаас үзэхэд тухайн нэр дэвшигч маань дансны мэдээллээ Төрийн аудитын газар хугацаандаа хүргүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд данс бүртгүүлэх үүргийг нэр дэвшигчид хүлээлгэжээ гэжээ. Тухайн хуульд нэр дэвшигч өөрийн биеэр ирж бүртгүүлэх үүрэгтэй гэх заалт огт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1.Гомдол гаргагч Ю.Б-с “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0178703 дугаар шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-т холбогдуулан гаргажээ.

2.2.Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн  2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0178703 дугаар шийтгэлийн хуудсаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ховд сумын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ю.Б нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.”, 48.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.”, 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.”, 56 дугаар зүйлийн 56.3-д “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж тус тус заажээ.

2.4.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, мөн зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэжээ.

2.5.Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ...хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, мөн зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

2.6.Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч нь 1.сонгуулийн зардлын дансыг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нээлгэх, 2.уг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх, 3.зардлын тайландаа аудитын дүгнэлт гаргуулан, аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байхаар тус тусад нь зааж, “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх”, “сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх” үүргээ биелүүлээгүй тохиолдлыг тус бүрт нь сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчилд тооцохоор зохицуулжээ.

2.7.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ховд сумын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ю.Б нь сонгуулийн санал хураах өдрөөс 20 хоногийн өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны дотор сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас[2] тогтоогджээ.

2.8.“Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй үйлдэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасан журмыг зөрчсөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэхээр байх тул нэр дэвшигч Ю.Б-д энэ үндэслэлээр шийтгэх хуудсаар торгуулийн шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

2.9.Гомдол гаргагч Ю.Б нь “сумын Ардчилсан намд хуулийн хугацаанд дансны мэдээллээ хүргүүлсэн, сумын Ардчилсан нам, аймгийн Ардчилсан намаар дамжуулан Увс аймгийн аудитын газарт хүргүүлсэн” гэж маргаж байгаа боловч уг тайлбар нь зөрчлийг зөвтгөх, гомдол гаргагчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

2.10.Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.” гэж зааснаар нэр дэвшигчид өөрт нь хуулиар үүрэг болгосон, иймээс нэр дэвшигч Ю.Б нь өөрөө аудитын байгууллагад сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг 20-оос доошгүй хоногийн өмнө бүртгүүлэхээр байжээ.

2.11.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19–ний өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ю.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 7 дахь тал

[2] Хэргийн 33-34, 87-92, 111, 114, 117-120 дахь тал