Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 0029

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 10 өдөр

              Дугаар      123/ШШ2018/0029

Төв аймаг

                               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянцагаан сумын иргэн Т.Хишигсүрэн,

Хариуцагч: Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Улсын бүртгэлийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2001 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г.Дашдуламд олгосон 0012159 дугаарын гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай,

Гуравдагч этгээд Г.Дашдуламын  “Төв аймгийн Улсын бүртгэлийн газрын Үл хөдлөх эд хөрөнгийн газраас Т.Хишигсүрэнд олгосон 00012693 тоот Ү-1409002090 дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдорж, өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх, гуравдагч этгээд Г.Дашдулам, өмгөөлөгч С.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Хишигсүрэн Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий колонкид оруулсан сэргээн засвар, хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаж, оруулсан нийт хөрөнгө оруулалтаа баталгаажуулж үнэлүүлэх шаардлагатай байна. Иймд бидний дундах холилдсон эд хөрөнгө, өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлсний дараа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Г.Дашдулам, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бол бид бие даасан шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдорж “Төв аймгийн Улсын бүртгэлийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2001 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г.Дашдуламд олгосон 0012159 дугаарын гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч...нэхэмжлэлээсээ  бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах... эрх эдлэнэ” гэж, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь , эсхүл хэсэгчлэн татгалзаж болно“, 66.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.Хишигсүрэн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, Төв аймгийн Улсын Бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдоржид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болох, 69 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгосноо илэрхийлсэн байна.

Гуравдагч этгээд Г.Дашдулам “Төв аймгийн Улсын бүртгэлийн газрын Үл хөдлөх эд хөрөнгийн газраас Т.Хишигсүрэнд олгосон 00012693 тоот Ү-1409002090 дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гуравдагч этгээд Г.Дашдулам, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нар  “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бол бид бие даасан шаардлагаасаа татгалзаж байна” гэсэн тайлбар гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч...нэхэмжлэлээсээ  бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах... эрх эдлэнэ” гэж, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь , эсхүл хэсэгчлэн татгалзаж болно“ гэж зааснаар гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчдод хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна”, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Т.Хишигсүрэн “Төв аймгийн Улсын бүртгэлийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2001 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г.Дашдуламд олгосон 0012159 дугаарын гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ, гуравдагч этгээд Г.Дашдулам “Төв аймгийн Улсын бүртгэлийн газрын Үл хөдлөх эд хөрөнгийн газраас Т.Хишигсүрэнд олгосон 00012693 тоот Ү-1409002090 дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид тухайн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ОДСҮРЭН