Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 0502

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Долгормаа хөтлөн,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Д овогт Рийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д овогт Рийн Э, Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, “...”-д үйл ажиллагаа явуулдаг автомашин засварын газар засварчнаар ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Р.Э нь 2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоот хашааны гадна талд иргэн Ч.Мийг “машинаас буу гэлээ” гэж шалтаглан гараараа нүд рүү нь цохиж, түүний биед зовхинд цус хуралт үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э мэдүүлэхдээ:

2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Ч.Мийг машинаас буу гэхээр нь би согтуурхаад түүнийг цохисон, машины шилийг нь хагалсан байна лээ. Би гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1.Хохирогч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны оройн 22 цагийн үед Билгүүнийн хамт, түүний найз Э гэх залууг ... дээр очиж аваад буцаж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эын гэрийн ойролцоо машин дотор Э, Билгүүн нар пиво уусан. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад би Э, Билгүүн нарын хамт 02 цагийн үед Эын үүдэнд очсон. Эыг буу гэсэн чинь буухгүй байсан, үгийн зөрүүгүй Э миний зүүн нүд болон хацар хэсэг рүү машин дотор цохихоор нь би машинаас буугаад зугтааж байхад Э миний араас чулуу шидээд байсан. Тэр чулуу нь намайг оноогүй. Тэгээд би машинаас бууж зугтааж машины засмал зам дээр гарсан. Би цагдаа дуудаад цагдаатай хамт ирэхэд миний машины хажуу талд Э, Билгүүн нар байсан. Миний машины гэрэл, толь нь эвдэрчихсэн байсан. Билгүүнээс хэн эвдэлсэн бэ гэхэд Билгүүнээ би сая чамайг хайгаад олохгүй болохоор буцаад ирлээ, Э эвдсэн байх гэж хэлж байсан. Тэгтэл Эыг цагдаа нар авч яваад, намайг өргөдлөө бичээд хэлтэс дээр яваад очоорой гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед маргалдах шалтгаан огт байгаагүй. Э миний зүүн нүд рүү гараараа цохиод байсан. Тухайн үед миний толгой хөдлөөд, нүд хөхрөөд, зүүн хацар хавдсан. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Хэрэг гарсаны дараа Э миний бүх хохирлыг барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед миний Isuzu Wixard маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн зүүн талын их гэрэл, жолооч талын толь, нэмэлт прожектор гэрэл хагарсан. Би машинаа 2014 онд Японоос захиалж авчирч байсан. Зүүн талын их гэрлээ 100.000 төгрөгөөр, жолооч талын толийг 20.000 төгрөгөөр, прожектор гэрлээ 50.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

2. Гэрч Т.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би хэрэг гарсан өдрийг санахгүй байна. Ямар ч байсан би ажлаа тараад би Мэтэй өөрийн гэр болох ... тоот хашааны гадна талд Мийн цагаан өнгийн жийпэнд сууж уулзсан. Мэ бид хоёр ...эд ажил хийдэг найз Этай уулзах гэж ... рүү явсан. Тэгээд ...эд Этай уулзаад бид гурав буцаж манай гэр рүү явах замдаа Баянхошууны тойрог дээр байдаг дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр 4 ширхэгийг аваад манай гэрийн гадаа Э бид хоёр пиво ууж дуусгаад юм яриад сууж байтал Мэ Эыг буу гэж хэлсэн. Э согтуурхаад Мийг үгийн зөрүүгүй цохиод авсан. Тэгтэл Мэ цагдаа дуудна гээд машинаас буугаад явчихаар нь би Мий араас яваад хайгаад олоогүй. Тэгээд би буцаад Мийн машин дээр иртэл гэрэл нь хагарчихсан, толь нь салаад уначихсан байсан. Машины хажууд Э зогсож байсан. Би Э дээр очоод байж байтал миний араас Мэ цагдаа дагуулж ирээд надаас “миний машиныг хэн эвдчихсэн юм бэ” гэхээр нь би тухайн үед байгаагүй болохоор “би чамайг хайгаад олоогүй дөнгөж сая буцаж ирээд байж байна, Э эвдсэн байх” гэж хэлсэн. Цагдаа нар Эыг эрүүлжүүлэхээр авч яваад Мэ хэлтэс рүү явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

3. Шүүгдэгч Р.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... Би хэрэг гардаг өдөр ...эд ажил дээрээ ажлаа хийгээд дуусч байтал Билгүүн утсаар ярьж манай ажил дээр танихгүй залуутай хамт ирсэн. Тухайн үед тэр залуутай танилцахад Мэ гэж байсан. Тэгээд Билгүүн, Мэ бид гурав Баянхошуу руу явж байхдаа Баянхошууны тойргоос 4 сав 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авсан. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 9-4 тоот дахь Билгүүнийн гэрийн гадна талд Мийн Isuzu Wixard маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд уусан. Тухайн үед Мэ пивоноос огт уугаагүй эрүүл байсан. Тэгээд Билгүүнээ бид хоёр пивоо ууж дуусгачихаад юм яриад сууж байтал Мэ намайг гэртээ орж унт гэхээр нь миний уур хүрээд би Мийн зүүн хацар, шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон чинь Мэ цагдаа дуудна гээд машинаас буугаад явсан. Тэгтэл араас нь Билгүүн буугаад явчихаар нь би газар байсан чулуугаар Мийн машины зүүн талын их гэрэл, баруун талын толь, нэмэлт гэрлийг нь хагалсан. Төд удалгүй Билгүүн над дээр ирсэн чинь Мэ Билгүүний араас цагдаа дагуулж ирээд цагдаа нар намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Мэ, Билгүүн нар намайг хаяад явчихаар нь би чулуугаар машиныг нь гэмтээсэн юм. Би Мэд эмчилгээний зардал, машин засуулах мөнгийг нь бүгдийг нь тухайн хэрэг гардаг өдрийн дараа бэлнээр өгсөн. Мэ намайг зөрүүлж цохиогүй. Тухайн үед Билгүүн, Мэ бид гурав байсан, өөр хүн байгаагүй. Би одоо ...эд засварын газарт засварчингийн ажил хийж байгаа. Сард 850.000 төгрөгийн цалинтай. Цалингаа бэлнээр авдаг. Хас банкны дансанд хадгаламжтай. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-92 дугаар тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7995 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт 5х8см хүрэн улаан өнгийн цус хуралттай.

Дүгнэлт: “...Ч.Мийн биед зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /Шинжээч эмч Н.Туяа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар тал),

5. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-лааны гудамжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-21 дүгээр тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

6. Гэрч А.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн:“...Р.Э нь бусадтай маргалдаад байдаггүй, элдэв муу зуршил байхгүй. Өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

7. Шүүгдэгч Р.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  64 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар тал), “Хас банк”-нд эзэмшдэг түүний дансны хуулга (хавтаст хэргийн 80 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Р.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг яллагдагчид танилцуулахад зөвшөөрснийг үндэслэн хэргийг шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Р.Э нь 2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 9-4 тоот хашааны гадна талд иргэн Ч.Мийг “машинаас буу гэлээ” гэж шалтаглан гараараа нүд рүү нь цохиж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Р.Э нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Р.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Р.Э, хохирогч Ч.МөнхЭрдэнэ, гэрч Т.Билгүүн нар нь 2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 9-4 тоот хашааны гадна Ч.Мийн автомашинд согтууруулах ундаа хэрэглэж, архидан согтуурсан байна. Улмаар хохирогч Ч.Мэ нь шүүгдэгч Р.Эыг машинаас буу, гэртээ орж унт гэхэд шүүгдэгч Р.Э нь иргэн Ч.Мийг “машинаас буу гэлээ” гэх шалтгааны улмаас гараараа түүний нүд рүү цохиж эрүүл мэндэд нь “зовхинд цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 6 дугаар сарын 25-ны оройн 22 цагийн үед ...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эын гэрийн ойролцоо машин дотор Э, Билгүүн нар пиво уусан. ...02 цагийн үед Эын үүдэнд очоод Эыг буу гэсэн чинь буухгүй, үгийн зөрүүгүй Э миний зүүн нүд болон хацар хэсэг рүү машин дотор цохисон. ...Э миний зүүн нүд рүү гараараа цохиод байсан. Тухайн үед миний толгой хөдлөөд, нүд хөхрөөд, зүүн хацар хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-гэрч Т.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“......эд Этай уулзаад бид гурав буцаж манай гэр рүү явах замдаа Баянхошууны тойрог дээр байдаг дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр 4 ширхэгийг аваад манай гэрийн гадаа Э бид хоёр пиво ууж дуусгаад юм яриад сууж байтал Мэ Эыг буу гэж хэлтэл Э согтуурхаад Мийг үгийн зөрүүгүй цохиод авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-шүүгдэгч Р.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Билгүүн, Мэ бид гурав Баянхошуу руу явж байхдаа Баянхошууны тойргоос 4 сав 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 9-4 тоот Билгүүнийн гэрийн гадна талд Мийн Isuzu Wixard маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд уусан. ...Билгүүн бид хоёр пивоо ууж дуусгачихаад юм яриад сууж байтал Мэ намайг гэртээ орж унт гэхээр нь миний уур хүрээд би Мийн зүүн хацар, шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-92 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7995 дугаартай дүгнэлтийн “... Ч.Мийн биед зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. гэмтэл нь ...хөнгөн зэрэгт хамаарна. ...гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /Шинжээч эмч Н.Туяа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-21 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Р.Э нь хохирогч Ч.Мийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Эыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Р.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх явцдаа мөн хохирогч Ч.Мийн 8963 УНЛ улсын дугаартай ”Исузу визард” маркийн автомашины гэрэл, толийг хагалах зэргээр эд хөрөнгийг нь устгаж, гэмтээж хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх боловч “Мастер үнэлгээ” ХХК хөрөнгийн үнэлгээний байгууллага нь дээрх автомашинд учруулсан эвдрэл хохирлын үнийг 260.000 төгрөгөөр тогтоосон байх ба энэхүү хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнд буюу 301.000 төгрөг хүрэхгүй байх тул гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзэж, уг асуудлыг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгуулахаар шилжүүлсэн байгааг дурдах нь зүйтэй. /хх95/

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Р.Э нь хохирогч Ч.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх бөгөөд, хохирогч нь эрүүл мэндтэй холбоотой буюу шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн, өөр холбогдох баримтыг ирүүлээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад шүүгдэгч Р.Эаас хохирогч Ч.Мэ нь автомашины эд ангийг эвдсэн хохиролд 170.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримтыг /хх100/ хэрэгт ирүүлсэн байх ба, эрүүл мэндэд учирсан хохиролд хор уршгийн зардлыг нэхэмжлээгүй байх тул түүний нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүх тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Р.Этай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Р.Э нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Р.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Р.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байх ба, шүүгдэгч Р.Эт 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Р.Э нь зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Р.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүх шүүгдэгч Р.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Д овогт Рийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн ... дугаарт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.Мэ нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА