Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/36

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Ц.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогтой Ц-гийн Л-ид холбогдох эрүүгийн 2027000000024 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, ___ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, А- овогтой Ц-гийн Л- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг ___ гэх газар иргэн М.Б-ын монгол гэрт Г.Б-ыг үг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас баруун хөлний шилбэ хэсэгт 2 удаа хутгалж, нүүрэн хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л- нь өгсөн мэдүүлэгтээ:”... Хохирогч Г.Б- нь намайг унтаж байхад орон дээрээс татаж унагаасан. Тэгээд Б- нь нэг шил архи гаргаж ирсэн тэр архийг гурвуулаа хувааж уусан .....намайг хэл амаар доромжилоод хэрүүл маргаан хийсний улмаас мэсний хэрэг гарсан гэм буруугаа хүлээж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь гаргасан тайлбартаа: ”...Шүүхээс гэм буруутай тооцсон учир эрүүгийн хариуцлага оногдуулах зүйтэй юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа байдал. Хохирогчид эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн эмчилгээний зардлыг төлсөн. Хөдөө мал маллаж амьдардаг. 2 бага насны хүүхэдтэй эхнэр нь жирэмсэн өөрөө мал дээрээ байдаг. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хохирогчтой удаа дараа уулзаж уучлалт гуйсан, эвлэрсэн байдаг. Хохирол төлбөрийн тухайд өмнө нь 250 000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн тухай хохирогч өөрөө мэдүүлсэн. Өнөөдөр шүүх хуралдаан дээр 583 000 төгрөгийн баримт гаргаж өгч байна. Баримтаар гараагүй хохирол төлсөн. Эдгээр байдлыг харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хх-ийн 1-3-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 6-р хуудас/

Хохирогч Г.Б-ын 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн "...Би 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр...гэрлүүгээ явж байсан чинь Гэзэг гэх газар манай саахалт айлын О- гэх хүн Л- гэх залуутай хамт мотоциклийн гинж тасарчихлаа хүргээд өгөөч гэхээр нь би О-, Л- нарыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би очир, Л- нартай гэрт ороод сууж байсан чинь О- ах өврөөсөө нэг шил Нутгийн Буян гэсэн шошготой 0.5 граммын архи гаргаж ирсэн. Тэгээд надад очир ах архи хундагалж Өгөхөөр нь би уухгүй гээд өгсөн. Тэгээд би тамхи татах гээд гэрийн баруун хойд хэсэгт байсан орны доод хэсэгт суугаад тамхи ороох гээд сууж байсан чинь Л- миний доод талд ирж суусан. Тэгээд би доошоо хараад сууж байсан чинь нэг мэдсэн миний баруун хөлний шилбэ хэсэг рүү юм орчих шиг болсон. Тэгээд харсан чинь Л- хутга барьчихсан ахиад миний баруун хөлний шилбэ рүү ахиад хутгалсан. Тэгээд би Л-ийг найзыгаа хутгалдаг яаж байгаа юм гэсэн чинь Л- чамайг хутгалж байна гэхээр нь хоёр гарнаас нь бариад хутгыг нь авах гээд боссон чинь хөл дээрээ гишгэж чадахгүй газар унасан. Тэгээд намайг газар унасан чинь Л- намайг пизда алчихъя гээд миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд хэсэг ухаан алдаад сэрээд босоод харсан чинь Л- байхгүй, босох гэсэн чинь босож болдоггүй, гутал цусаар дүүрчихсэн байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р хуудас/

Хохирогч Г.Б-ын 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн "...Намайг аймаг авч явж эмнэлэгт үзүүлээд Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвд 7 хоног хэвтүүлж эмчилгээ хийлгүүлсэн. 250.000 гараг төгрөгийн эм тариа авч өгсөн. Цаашид би ахиж Улаанбаатар явж нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлмээр байгаа тул 1 сая төгрөгийг нэхэмжлэж байна. Энэ эмчилгээний зардлыг өгчихвөл гомдол санал алга байна. Одоохондоо эмчилгээний зардал байхгүй байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р хуудас/

 Гэрч М.Б-ын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн "...Тэгээд Л- бид хоёр манай гэрлүү явж байгаад Л-ийн мотоциклийн гинж тасарсан. Тэгээд бид Л- бид хоёр явган алхаад Б-ын гэрийг өнгөрөөд явж байсан чинь нэг мотоцикль унасан хүн явж байхаар дуудсан. Тэгээд тэр мотоцикльтой хүн ирэхээр харсан чинь манай саахалт айлын Б- байсан...Тэгээд манайд ороод Б-, Л-ийг чи намайг энэ голоос хөөж чадах юм уу Ц-гийн шээсээ гээд байсан. Тэгээд Б- өврөөсөө нэг шил Нутгийн буян гэсэн шошготой архи гаргаж ирсэн. Тэгээд Б- бид хоёр нэг, нэг хундага архи уусан. Тэгээд Л-ийг унтаж байсан чинь Б- энэ архинаас хамт уулц гээд Л-ийг орон дээрээс татаж унагаад сэрээсэн.Тэгээд бид гурав тэр архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд Б- орны доод талд суучихсан Л-ийг чи намайг ___-оос хөөж чадах юм уу гээд хэрэлдээд байсан. Тэгээд Л-, Б-ын доод талд гэрийн баруун дунд хэсэгт сууж байгаад манай гал тогооны тавиур дээр байсан хутгыг аваад Б-ын хөл рүү нь хутгалчихсан. Тэгээд Б- намайг хутгачихлаа гээд Л-тай барьцалдаж аваад зогсож байгаад унасан чинь Л-, Б-ын нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би тэр хоёрыг салгаад харсан чинь Б-ын хөл, хөмсөг хоёроос цус гарч байсан...Манай нутгийнхан намайг очир гэж дууддаг юм...Б-, Л- нар өвөлжөө, хаваржаанаас болоод Б-, Л-ийг чи намайг ___-ээс хөөн гэсэн биздээ гээд маргалдаад байсан...Ц.Л- нь Б-ын баруун хөлийн шилбэ хэсэгт хоёр удаа хутгалж, зүүн талын хөмсөг хэсэгт өшиглөж гэмтэл учруулсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р хуудас/

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн "...Үзүүлэгч Г.Б-ын биед баруун шилбэнд хатгагдсан шарх, толгойн дагз, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, дээд эрүүнд баруун 1 дүгээр шүдний паалангийн сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хенгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 43-44-р хуудас/

Эд мөрийн баримт болох хар иштэй ажлын хэсэг нь 14 см урттай, ишны урт нь 10 см урттай хутгыг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Л-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ц.Л- нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Б-ын баруун хөлний шилбэ хэсэгт 2 удаа хутгалж, нүүрэн хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөж бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч М.Б-ын мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №139 тоот актын Г.Б-ын биед баруун шилбэнд хатгагдсан шарх, толгойн дагз, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, дээд эрүүнд баруун 1 дүгээр шүдний паалангийн сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хенгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 43-44-р хуудас/, хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Л- шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч Г.Б-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун шилбэнд хатгагдсан шарх, толгойн дагз, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, дээд эрүүнд баруун 1 дүгээр шүдний паалангийн сэтэрсэн хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.Л- түүнийг хутгаар хатгаснаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос шүүгдэгч Ц.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний дээрх гэмт үйлдэлд нь тохирсон ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Л- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Г.Б-ын биед учирсан “...баруун шилбэнд хатгагдсан шарх, толгойн дагз, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, дээд эрүүнд баруун 1 дүгээр шүдний паалангийн сэтэрсэн хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Г.Б- нь “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ илэрхийлсэн баримт, мэдүүлэг /ХХ-ийн 19 хуудас/ тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Л-ид Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.Л- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, Ц.Л- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Ц.Л- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 /таван зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б- нь “хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй,” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А- овогтой Ц-гийн Л- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/ таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л- нь 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. .Шүүгдэгч Ц.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, цаашид хохирогчийн хохирсон талаараа нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шүүгдэгч Ц.Л-ийг хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах зорилгоор битүүмжилсэн Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаарт тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Л-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ц.ДАГИЙМАА