Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00184

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00184

Төв аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар-49, Энхтайваны өргөн чөлөө-16а, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн  нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр багийн 1 тоотод оршин суух Р.Билэгсайханд холбогдох,

Зээлийн гэрээний төлбөр 79 730 485 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч М.Наран-Эрдэнэ, хариуцагч Р.Билэгсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, А.Мөнхтулга, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч М.Наран-Эрдэнэ нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Алдангийн 26 000 000 сая төгрөгөөс 5 000 000 төгрөгийг үндсэн төлбөр дээрээ нэмж 58 153 657 төгрөгийг төлнө гэвэл эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч болно. Харин 2 жилээс дээш хугацаа өгөх боломжгүй байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Эвлэрэх хүсэлтэй байгаа. Тракторын үндсэн үнэ болон алданги 5 000 000 төгрөг  нийт  58 153 657 төгрөгийг 2-3 жилийн хугацаатай төлж барагдуулна ” гэв.

Хариуцагч Р.Билэгсайхан шүүх хуралдаанд гаргасан эвлэрэх саналдаа: “-3 жилийн хугацаанд төлөх саналыг гаргасан юм. За 2 жилд хуваан төлөхээр эвлэрье” гэв.

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “-Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас иргэн Р.Билэгсайханд /НШ70042895/ холбогдуулан МТЗ-1221 тракторын үнэ болох 53 153 657 төгрөг, анз болох 26 576 828 төгрөг, нийт 79 730 485 төгрөгийг нэхэмжилсэн.

Өнөөдрийн шүүх хурал дээр бид хэлэлцэн эвлэрлийн гэрээ байгуулж үндсэн төлбөр болох 53 153 657 төгрөг, анзын 5 000 000 төгрөг, нийт 58 153 657 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч М.Наран-Эрдэнэ нь хариуцагч Р.Билэгсайханаас нэхэмжилсэн 79 730 485 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  21 576 828 төгрөгөөр багасгаж, хариуцагч Р.Билэгсайхан нь  58 153 657 төгрөгийг 2 жилийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р.Билэгсайханаас 58 153 657 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 448 718 төгрөгийн 50 хувь 224 359 төгрөгийг хариуцагч Р.Билэгсайханаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Билэгсайханд холбогдох иргэний хэргийн зохигчид 58 153 657 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Р.Билэгсайхан нь  58 153 657 төгрөгийг 2 жилийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р.Билэгсайханаас 58 153 657 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 448 718 төгрөгийн 50 хувь 224 359 төгрөгийг хариуцагч Р.Билэгсайханаас гаргуулж улсын орлогод оруулах.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Л.МӨНХЦЭЦЭГ