| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01117/и |
| Дугаар | 151/ШШ2017/00186 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2017/00186
| 2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 151/ШШ2017/00186 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01177/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны 1а хэсэг, 78 тоотод оршин суух Боржигон овогт Бавуугийн Хандаа /НН65102762/-гийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Хандаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Хандаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Миний бие 1982 онд 8 дугаар анги төгсөөд малчин аав ээждээ тусалж байсан. 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд буюу Ундарган бригадад хоньчноор 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хайлаастад үхэрчнээр 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир архивын лавлагаа, гэрч нарын тодорхойлолтыг үндэслэн Заамар сумын Заамар нэгдлийн Хайлаастад 1984 оноос 1992 он хүртэл 6 жил 11 сар ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бавуугийн Хандаа нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ундарган бригадад 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хоньчноор, тус нэгдлийн Хайлааст бригадад 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Б.Хандаагийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Боржигон овогт Бавуугийн Хандаа нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан болох нь:
Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн 1991 онны 08 сарын 09-ний өдрийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай “...Б.Хандаа нарыг Хайлаастад үхэрчнээр...тус тус 1991 оны 08 сарын 01-ний өдрөөс...томилсугай...” гэх бичилттэй 57 дугаартай тушаал /хх-9/, гэрч Б.Түмэндэмбэрэлийн “...8 дугаар ангиа төгсөөд 1984 оноос Төв аймгийн заамар сумын Ундарган бригадад хоньчноор ажилд орсон. Тэгээд 1989 он хүртэл тус бригадад тасралтгүй хоньчноор ажилласан. 1989 оноос 1992 он хүртэл тус сумын Хайлаастай бригадад үхэрчнээр шилжин ажилласан...” гэх мэдүүлэг /хх-13/, гэрч Ц.Баатарчулууны “...1984 оноос Төв аймгийн заамар сумын Ундарган бригадад хоньчноор ажилд орсон. Тэгээд 1989 он хүртэл тус бригадад тасралтгүй хоньчноор ажилласан. 1989 оноос 1992 он хүртэл тус сумын Хайлаастай бригадад үхэрчнээр шилжин ажилласан...” гэх мэдүүлэг /хх-15/ зэргээр,
Мөн Б.Хандаа нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Заамар сумын Заамар Хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болох нь:
Төв аймгийн Заамар сумын ХК Ерөнхий захирлын 1992 оны 02 сарын 06-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...1992 оны ээлжийн амралт авах хүмүүсийн амралтын хувиарыг 1, 2, 3-р хавсралтаар баталсугай...хавсралтад Бавуугийн Хандаа...” гэх бичилттэй 52 дугаартай тушаал /хх-28-29/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин Б.Хандаагийн 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Заамар сумын Заамар нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг энэ удаа тогтоохгүйгээр нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэл гаргах эрхийг нь хангах үүднээс нээлттэй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Бавуугийн Хандаа нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр, мөн Төв аймгийн Заамар сумын Заамар Хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ