Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0413

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

О овогт Нийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт Нийн М,  Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-д цахилгаанчнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Н.М нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ... тоотод гэртээ эхнэр М.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хогийн шүүрийн ишээр мөр, гар, өгзөг хэсэг рүү нь цохиж,  зодож, өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ:

М.Б бид 2009 оноос хойш хамт амьдарч байна. Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн. Тэгээд Facebook-р хүнтэй мессеж бичиж байхад эхнэр харна гээд уурлаад байхаар нь харуулахгүй гэтэл явна гэж уурлаад би маргалдсан. Дараа нь 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр эхнэр гэрээсээ явна гэхээр нь би явуулахгүй гэж уурлаад хогийн шүүрээр М.Бгийн мөр, хөл рүү нь цохиж, мөн өшиглөсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Одоо бид хамт амьдарч байгаа гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1.Хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би гэрээсээ явах санаатай цүнхэндээ хувцсаа хийгээд байж байхдаа “би чамд авч өгсөн гар утасны лизинг төлөхгүй шүү, чи өөрөө төлөөрэй” гэж хэлсэн. М “битгий давраад байгаарай” гээд над дээр ирээд үсдээд, том өрөө рүү чирч оруулаад цохиж унагаасан. Үүдний өрөөнд орж гутал, бээлийгээ өмсөөд, баруун гарын хуруундаа төмөр хийгээд миний дээрээс дэвсэж, гараараа цохиж байгаад больсон. Мөн гал тогооны өрөөнд ороод улаан иштэй богино хутга авчираад намайг ална гэж дайрахад манай хүү “ааваа та болиоч” гэсэн чинь “чи цаанаа байж бай, чамайг уурлаад байх юм бол алаад хаячихна шүү” гээд дайраад байсан. Тэгэхээр нь нөхрөөсөө гуйгаад би дахиж тэгэхгүй, зүгээр чимээгүй байж байя гээд нилээн гуйсны эцэст нөхөр би явлаа гээд гэрээс гараад явсан. Тэр хооронд би хүүгээ хувцаслаа гэрээсээ гараад аавындаа очсон.

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Н.М хүнтэй чаталснаас болж салъя гэж маргалдаад 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тухайн маргаанаас болж салахаар шийдсэн болохоор би хувцсаа янзлаад явах гэж байхдаа “өнгөрсөн онд Мобикомоос 699.000 төгрөгөөр худалдан авч байсан “Huawei Y-6” маркийн гар утасны лизинг төлөхгүй” гэснээс болж маргалдсан. Намайг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цохиж зодоогүй. Тухайн үед шланкны төмрөөр хоолой боосон. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Н.М гартаа төмөр ороож байгаад намайг цохиж үүсгэсэн. ...Би Н.Мт зодуулсны дараа эмнэлгийн байгууллагад хандаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Н.Мтай хамт амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

 

2. Насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Итгэл /07 настай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн хэрэг гарсан өдөр гэртээ зурагт үзээд байж байтал аав М нь ээж Бтай зодолдоод байсан. Аав гал тогооны өрөөнөөс /би өнгө ялгаж чадна гэх/ улаан өнгийн иштэй хутга аваад ээж рүү дайрахаар нь би аав Мыг “та болиоч” гэсэн чинь аав намайг орон дээр чимээгүй суу гэхээр нь би уйлаад орон дээр очоод суусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 52 дугаар тал),

3. Гэрч Ц.Н /Н.Мын эх/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би мэдүүлэг өгнө. Юу болсон талаар М.Бгаас утсаар сонссон. Хэрэг болсон өдрөөс хойш хэд хоногийн дараа М намайг зодсон гэж хэлэхээр нь би цагдаад өг гэж хэлж байсан. Тухайн үед М.Б над руу өөрийн 80335700 гэсэн дугаараас ярьж “нөхөр Н.Мыг өөр хүнтэй явалдсан гэх шалтгаанаар маргалдсан” гэж хэлсэн.

Н.М нь 9 дүгээр сургуулийг 2007  онд төгсөөд барилгын коллежид цахилгаанчинаар суралцаж төгссөн. Манай хүү Н.М нь бэр М.Бтай 2009 онд танилцаж, 2012 оноос хойш нэг гэрт амьдарсан. 2012 онд дундаасаа Мөнх-Итгэл гэх хүүтэй болсон. Н.М нь архи бараг хэрэглэдэггүй, олон нийттэй харилцаа сайтай ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

4. Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед ... тоот гэртээ фэйсбүүкээр танилцсан эмэгтэйтэй чатлаад байж байтал М.Б миний гар утсыг булааж авч, чат харчихаад салъя гээд хэрэлдсэн. Тэгэхээр нь би М.Бгийн араас ариун цэврийн өрөө рүү ороод гар утсаа булааж авсан чинь М.Б би саллаа гээд гарах гээд байхаар нь би эхлээд тэвэрсэн. Миний гарыг тавиулахаар нь ариун цэврийн өрөөнд шланкаар хоолойг нь боогоод, нээх удаагүй больсон. Тэгээд бид хэрэлдэж байгаад унтсан.

2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн гэр болох ... тоотод байж байтал Б хувцсаа бэлдээд явах гэж байхад нь би буцаагаад хувцсыг нь гаргасан чинь одоо явна гээд хамаг юмаа аваад гарах гэж байхдаа “миний авч өгсөн утасны лизинг чи өөрөө төлөөрэй” гэхээр нь миний уур хүрээд М.Бг түлхсэн. Босоод ирэхээр нь би гэрт байсан хогийн шүүрийн ишийг баруун гартаа ороож байгаад М.Бгийн мөр, гар, өгзөг хэсэг рүү нь 3-4 удаа цохиход М.Б газар унахаар нь цээж хэсэг рүү нь хөлөөрөө дэвссэн. Тэгээд би гал тогооны өрөөнд байсан төмс арилгадаг улаан өнгийн хутгыг аваад ална шүү гэж Бг айлгахад хүүхдийн хажууд болиоч гээд байсан. Хүү Мөнх-Итгэл гарч ирээд “ааваа та болиоч” гэхээр нь би “та хоёр одоо явах гээд байгаа юм бол гурвуулаа үхчихье” гэсэн чинь Б “би тэгвэл явахаа болилоо, одоо дахиж явна гэж ярихгүй” гэхээр нь тайвшраад бид хоёр биенээсээ уучлалт гуйгаад хэрэлдэж, зодолдохоо больсон. М.Б намайг хардаад байхаар нь би цохиж зодсон. Хоёр гарын бугалга хэсэгт учирсан гэмтлийг би явуулахгүй гээд гараараа базаж үүсгэсэн. Харин бусад бүх гэмтлийг би гартаа төмөр ороож байгаад цохиж үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2432 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна 10х9 см, баруун бугалганы гадна дээд талд 7х7 см, зүүн өгзөгт 8х8 см, зүүн гуяны гадна 5х5 см, зүүн гуяны дотор гадаргууд 6х6 см, зүүн шилбэний дотор дээд талд 7х7 см шаргал өнгийн цус хуралтуудтай. Цээжний зүүн хажуу талд 7-8-р хавирганы түвшинд 3х4 см бүдэг хөх өнгийн цус хурсан.

Дүгнэлт: М.Бгийн биед хоёр гарын бугалга, шуу, өгзөг, цээжинд олон тооны цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч С.Одончимэг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

6. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал), 2020 оны 4 дүгээр  сарын 02-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 57-60 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн хурлын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаартай тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх хэсэг/ (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

7. Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  31 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар тал), Н.М нь гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), хүүхдийн төрсний гэрчилгээ (хавтаст хэргийн 51 дүгээр тал), “Маррий Майнинг Сервисэс” ХХК-ийн “...Н.М нь тус компанид цахилгаанчин албан тушаалаар ажилладаг ” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дугаар тал), Н.Мын“Хас” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 77-78 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Мт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.М нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ... тоот гэртээ эхнэр М.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хогийн шүүрийн ишээр мөр, гар, өгзөг хэсэг рүү нь цохиж, өшиглөж, зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.М нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянаж, шүүгдэгч Н.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Н.М, М.Б нар 2009 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдарч байгаа хүмүүс байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

Шүүгдэгч Н.М, хохирогч М.Б нар нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хардалтын улмаас хоорондоо маргалдсан байх ба, уг маргаан нь даамжирч, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хохирогч М.Б нь гэрээсээ явна гэх шалтгаанаар дахин тэдний хооронд таарамжгүй харилцаа үүссэн байна. Улмаар мөн өдөр шүүгдэгч Н.М нь ... тоот гэртээ эхнэр М.Бг “гэрээсээ явах гэлээ, гар утасны зээлийн төлбөрийг өөрөө төл” гэж хэллээ” гэх шалтгаанаар түүнийг хогийн шүүрний ишээр мөр, гар, өгзөг хэсэг рүү нь цохих, өшиглөх, үсдэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд “хоёр гарын бугалга, шуу, өгзөг, цээжинд олон тооны цус хуралтууд” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би гэрээсээ явах санаатай цүнхэндээ хувцсаа хийгээд байж байхдаа би “чамд авч өгсөн гар утасны лизинг би төлөхгүй шүү, өөрөө төлөөрэй” гэсэн чинь М “битгий давраад байгаарай” гээд ...үсдээд, том өрөө рүү чирч оруулж цохиж унагаасан. Үүдний өрөө орж гутал, бээлийгээ өмсөөд, баруун гарын хуруундаа төмөр хийгээд миний дээрээс дэвсэж, гараараа цохисон. Мөн гал тогооны өрөөнд ороод улаан иштэй богино хутга авчираад намайг ална гэж дайрсан. ...манай хүү “ааваа та болиоч” гэсэн чинь “чи цаанаа байж бай, чамайг уурлаад байх юм бол алаад хаячихна шүү” гээд дайраад байсан. ...гэмтлүүдийг Н.М гартаа төмөр ороож байгаад намайг цохиж үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

-насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Итгэл /07 настай/-ийн өгсөн “...Би тухайн хэрэг гарсан өдөр ...аав М нь ээж Бтай зодолдоод байсан. Аав гал тогооны өрөөнөөс ...улаан өнгийн иштэй хутга аваад ээж рүү дайрахаар нь би аав Мыг “та болиоч” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би юу болсон талаар М.Бгаас утсаар сонссон. ...хэрэг болсон өдрөөс хойш хэд хоногийн дараа М намайг зодсон гэж хэлэхээр нь би цагдаад өг гэж хэлж байсан. Тухайн үед М.Б над руу өөрийн 80335700 гэсэн дугаараас ярьж “нөхөр Н.Мыг өөр хүнтэй явалдсан гэх шалтгаанаар маргалдсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой ...фэйсбүүкээр танилцсан эмэгтэйтэй чатлаад байж байтал М.Б миний гар утсыг булааж авч, чат харчихаад салъя гээд хэрэлдсэн. ...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...Б хувцсаа бэлдээд явах гэж байхдаа ... “миний авч өгсөн утасны лизинг чи өөрөө төлөөрэй” гэхээр нь миний уур хүрээд М.Бг түлхсэн. ... би гэрт байсан хогийн шүүрний ишийг баруун гартаа ороож байгаад М.Бгийн мөр, гар, өгзөг хэсэг рүү 3-4 удаа цохисон. М.Б газар унахаар нь цээж хэсэг рүү нь хөлөөрөө дэвссэн. Тэгээд би галын тогооны өрөөнд байсан төмс арилгадаг улаан өнгийн хутгыг аваад ална шүү гэж Бг айлгасан. ...Хүү Мөнх-Итгэл гарч ирээд “ааваа та болиоч” гэсэн.... М.Б нь намайг хардаад байхаар нь би цохиж зодсон. Хоёр гарын бугалга хэсэгт учирсан гэмтлийг би явуулахгүй гээд гараараа базаж үүсгэсэн. Харин бусад бүх гэмтлийг би гартаа төмөр ороож байгаад цохиж үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2432 дугаартай дүгнэлтийн “...М.Бгийн биед 2 гарын бугалга, шуу, өгзөг, цээжинд олон тооны цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт болно. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн хурлын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаартай тэмдэглэл (хавтаст хэргийн 55-56 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 57-60 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Дээрх үйл баримтыг хууль зүйн хувьд дүгнэвэл шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Н.М нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын хоорондын үл ойлголцол, эр, эмийн хардалтаас болжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” талаар заасан ба, дээрх хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “санаатай” гэсэн гэмт хэргийн шинж нэмэлтээр орсон бөгөөд энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.М нь хохирогч М.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд М.Б нь хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлнийг тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Мтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.М нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэстэй.

Шүүгдэгч Н.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргасныг прокурор 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 94 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдөр танилцуулахад, яллагдагч нь зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Н.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний  орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. О овогт Нийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Н.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Мт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА