Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 08

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би иргэн Д.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.*******д холбогдох 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Ажилд томилох тухай Б/02 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би улсад тасралтгүй 27 жил ажилласан. Эрүүл мэндийн газарт сүүлийн 12 жил орлогч дарга, мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 27-нд эмнэлэгийн тусламж үйлчилгээний хэлтсийн даргын ажлаас чөлөөлж өгөх хүсэлтийг аргагүйн эрхэнд гаргаж өгсөн. /учир нь манай хэлтэс 8 орон тоотой боловч тухайн үед 3 мэргэжилтэн ажиллаж ажлын ачаалал ихтэй, хэлтсийн дарга бусад ажлыг зохицуулдаг байсан./ Миний одоогийн хийж байгаа ажил нь сул орон тоо биш, миний хийж байсан ажил мөн. Иймд эмнэлэгийн тусламж үйлчилгээний хэлстийн даргаас чөлөөлж авахдаа 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Б/02 тоот тушаал гаргаж Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтаар авсан нь илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь маргаан бүхий 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Ажилд томилох тухай Б/02 дугаартай тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Ажилд томилох тухай Б/02 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь маргаан бүхий 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Ажилд томилох тухай Б/02 дугаартай тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.*******д холбогдогдуулж гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас 35100 төгрөг гаргуулж Д.*******т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР