Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0113

 

 

 

“Б” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Гомдлын шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0296852 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 742 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Ж.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0886/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0296852 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Шүүхийн шийдвэрт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн хоёрдмол утгагүйгээр гараашийн барилга нь мөнгөн хөрөнгөнөөс бусад эд хөрөнгө гэсэн ойлголтод хамаарч байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг хэлнэ гэж зааснаар гараашийн барилгыг бараанд оруулж тооцсон. Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрөөр заасан заалтууд бий. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл Албан татварын тэг /0/ хувь хэрэглэх, 5 дугаар зүйлийн 5.5-д “Энэ хуулийн 4.1.8, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэг тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй” гэх мэт нэлээд хэдэн заалтуудад хуульд өөрөөр зааж бараа болгоноос нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй юм.

Үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компанийн хувьд НББОУС-16 үндсэн хөрөнгөнд зааснаар:

Энэ стандартыг дараах зүйлсэд мөрдөхгүй:

/а/ СТОУС-5 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан үндсэн хөрөнгө ... гэж зааснаар бол үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компанийн хувьд үл хөдлөх хөрөнгө нь бараа гэсэн ойлголтод хамаарна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн суутган төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын босго заасан 50 сая төгрөгийн борлуулалтын хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхтэй хамааралтай заалт боловч үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй хөрөнгө хамаарахгүй гэсэн нь хуульд өөрөөр зааж үндсэн хөрөнгийг борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй мөн хасалт хийхгүй гэсэн утга санааг илэрхийлж байгаа болно.

Анхан шатны шүүх мөн маргааныг шийдвэрлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орсон өөрчлөлт маргааны үйл явдалд хамаарахгүй гэж үзсэн нь хууль бус юм.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Энэ хуулийн 3.2-т заасны дагуу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, зүйл, хэсэг, заалтыг тодорхойлох боломжгүй бол аль сүүлд батлагдсан хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтална” гэж заасан. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна” гэж зааж өгсөн нь нэмэгдсэн өртгийн албан татварын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн заалт юм.

Татварын ерөнхий хуулийн шударга байх зарчмын дагуу маргааныг хүснэгтээр тодруулж төлөх татварын хэмжээг харуулбал:

Хөрөнгийн нэр

Үнэлгээ

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1 хувь

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2 хувь

Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5 хасалт хийхгүй /2016.01.01 өдрийн/

Төлөх

Гараашийн барилга

1,800,000,00

18,000,000

36,000,000

163,000,000

163,000,000

380,000,000

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйл Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим,

5.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.3-д шударга байх зарчмын дагуу бол

Хөрөнгийн нэр

Үнэлгээ

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1 хувь

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2 хувь

Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5 хасалт хийхгүй /2019.03.22 өдрийн/

Төлөх

 

 

 

 

 

 

 

 

Татварын дүн

Гараашийн барилга

1,800,000,00

18,000,000

36,000,000

163,000,000

/163,000,000/

54,000,000

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1.Гомдол гаргагч “Б” ХХК-аас “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0296852 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цэнджав, Ж.Майнтуяа нарт холбогдуулан гаргажээ.

2.2.Хариуцагч улсын байцаагч нараас Татварын хяналт шалгалт хийх 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн томилолтын[1] дагуу “Б” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0296852 дугаар шийтгэлийн хуудсаар[2] 1,659,090,908.00 төгрөгийн татварын зөрчил илрүүлж, 165,909,089.00 төгрөгийн нөхөн татвар, 49,772,724.00 төгрөгийн торгууль, 1,161,453.00 төгрөгийн алданги, нийт 216,843,266.00 төгрөгийн төлбөр оногдуулжээ.

2.3.”Б” ХХК-аас “Н” ХХК-д Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж 33 тоот хаягт байрлах 714 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө гараашийг 1,800,000,000.00 төгрөгөөр 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 600,000,000.00 төгрөгийн урьдчилан бэлэн мөнгөөр төлж, үлдэгдэл 1,200,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаанд хуваан төлөхөөр худалдан борлуулсан боловч 1,636,363,636.00 төгрөгийн гараашийн барилга худалдан борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[3] тогтоогдож байна.

 2.4.Ийнхүү гомдол гаргагч компаниас 1,636,363,636.00 төгрөгийн гараашийн барилга худалдан борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчил нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 6 дугаар зүйлийн 6.1-д “татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2016 оны/ 4 дугаар зүйлийн 4.1.1-д ““борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэхийг”, 4.1.2-т ““бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг ..., түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж тус тус заасныг тус тус зөрчсөн гэж хариуцагчаас үзэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар гомдол гаргагчид компанид нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.5.Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр “Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгчийг тодорхойлох, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах”-тай холбоотой харилцааг зохицуулсан, уг Хоёрдугаар бүлэгт хамаарах 5 дугаар зүйлийн 5.5-д “Энэ хуулийн 4.1.8, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй” гэж заасан.

2.6.Энэхүү заалтын агуулга нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулж олсон  орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдрөөр тодорхойлох болон үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий албан татвар суутган төлөгч болохыг тодорхойлохдоо тухайн хуулийн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалтыг хамааруулахгүй байхаар заасан.

2.7.Энэ нь албан татвар суутган төлөгчийг тодорхойлох, бүртгэх үйл ажиллагаанд хамаарна, харин нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс хойших хугацаанд бий болсон албан татвар ногдох орлогод албан татвар тодорхойлоход хамаарахгүй, тодруулбал нэгэнт суутган төлөгчөөр бүртгэгдсэн этгээд үндсэн хөрөнгөө борлуулсан тохиолдолд албан татвараас чөлөөлөх, албан татварын хасалт хийх, буцаан олгох зэрэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамааруулсан агуулгыг илэрхийлсэн зохицуулалт гэж үзэхээргүй байна.

2.8.Гомдол гаргагч компанийн хувьд 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар суутган төлөгчөөр тодорхойлогдож ирсэн тул Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу гомдол гаргагч компанийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу  борлуулсан үндсэн хөрөнгийг уг заалтад хамааруулан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй хасалт хийх нь хуульд нийцэхгүй юм. 

2.9.Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “5 дугаар зүйлийн 5.5-д “... заалтуудад хуульд өөрөөр зааж бараа болгоноос нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй юм, ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн суутган төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын босго заасан 50 сая төгрөгийн борлуулалтын хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхтэй хамааралтай заалт боловч үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй хөрөнгө хамаарахгүй гэсэн нь хуульд өөрөөр зааж үндсэн хөрөнгийг борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй мөн хасалт хийхгүй гэсэн утга санааг илэрхийлж байгаа болно.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.10.Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:”, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна:” гэж заажээ.

2.11.Энэхүү хуулийн зохицуулалт нь үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг хасагдуулахтай холбоотой буюу импортоор бараа оруулж ирсэн эсхүл, бараа  худалдан авагч этгээдэд хамааралтай харин борлуулагч этгээдэд хамааралгүй байна.

2.12.Тодруулбал, гомдол гаргагч компаниас гараашийг импортоор оруулаагүй, худалдан аваагүй харин борлуулсан тул энэхүү хуулийн зохицуулалтын дагуу тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.

2.13.Иймээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Анхан шатны шүүх мөн маргааныг шийдвэрлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орсон өөрчлөлт маргааны үйл явдалд хамаарахгүй гэж үзсэн нь хууль бус юм.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэвв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10–ны өдрийн 742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 26 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 23 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 62-74 дэх тал