Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 0356

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтлөн,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Нын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаар, нэг хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Нын Х нь Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч  ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ буюу ... тоотод “хуурай дүү Гунгаажав гэгчтэй хардаж” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Мгийн хөл рүү үнсний сав шидэж, толгой хэсэг рүү нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “зүүн өвдөгт шарх, цус хуралт, баруун нүдний алим, баруун зүүн доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х: Мэдүүлэг гаргахгүй гэв.  

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1.Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед ... тоотод хамтран амьдрагч Хын хамт гэртээ байхад ...Хын хуурай дүү нь архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд Гунгаажав нь Хыг архи ууя гээд орноос нь босгоод аваад явсан. Тэр хоёр Баруун салааны тийшээ явж нэг газраас 0.75 литрийн архи, хоёр литрийн пиво аваад буцаж гэрт ирсэн. Архи, пивоо хувааж ууж байгаад, дүү нь надтай юм ярьсан чинь Х намайг дүүтэйгээ хардсан. Дүү нь унтлаа гэхээр нь би ор засаж өгөөд унтуулсан. Тэгээд Хтай орон дээр юм яриад сууж байсан чинь намайг элдэв янзаар хараагаад, хэрүүл өдөөд байхаар нь би “унтаач” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд миний үснээс зулгаасан. Би Хыг цааш түлхээд гэрийн баруун талд зогсож байсан чинь над руу аяга авч шидэхээр нь би бултсан. Дахиж газар байсан усны сав аваад шидэхэд миний зүүн хөлний өвдгийг оносон. Тэгээд газар сууж байхад Х миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Дүү нь сэрээд юу болоод байгаа юм, та болиоч гээд цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн талын өвдөг шархтай, баруун талын нүд хөхөрсөн байсан. ...Х бид хоёр 2019 оны 3 дугаар сараас хойш хамт амьдарч байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн хамтран амьдрагч Х миний биед учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

2. Шүүгдэгч Н.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ... тоотод хамтран амьдрагч Мтай хамт байхад 03 цагийн үед Гунгаажав архи уучихсан гэрт ирсэн. Тэгээд намайг “архи ууя” гээд гэрээс дагуулж гараад, бид ...караоке орж 0.75 литрийн Хараа, 4 шил пиво авсан. Тэгээд гэрт ирээд Гунгаажав бид хоёр архи уусан. М пиво уусан. Гунгаажав, М хоёр хоорондоо юм яриад байхаар нь би хардаад “та хоёр юу яриад байгаа юм” гэсэн. Бид 0.75 литрийн архиа дуусгаж чадаагүй, унтъя гээд М Гунгаажавт ор засаж өгөөд унтуулсан. М бид хоёр орон дээр юм ярьж сууж байгаад, хоорондоо маргалдаж, хэрэлдсэн. Би үснээс нь зулгаахад М миний гар руу цохиж тавиулаад, гэрийн баруун талд зогсож байхаар нь би зуухны хажууд байсан аяга авч шидэхэд М оногдоогүй бултсан. Тэгэхээр нь газарт үнсний сав байхаар нь дахиж аваад шидсэн чинь Мгийн зүүн талын хөлийг оносон. М газар суугаад хөлөө үзэж байхаар нь би очоод нүүрэнд нь гараараа цохисон. Тэгээд Гунгаажав босож ирээд цагдаад дуудлага өгсөн. М бид хоёр хамт амьдраад  1 жил гаруй болж байна. Мгийн биед учирсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1593 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний алимны гадна буланд улаан өнгийн цус хуралттай. Баруун зүүн нүдний доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн өвдөгний гадна хэсэгт мэс заслын 4 ширхэг L хэлбэрийн шархтай, хөндлөн байрлалтай мэс заслын оёдол бүхий 1 шархтай. Эргэн тойрны эдэд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай.

Дүгнэлт: “...М.Мгийн биед зүүн өвдөгт шарх, цус хуралт, баруун нүдний алим, баруун зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Даваасүрэн/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 60-64 дүгээр тал),

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

            5. Гэрч Г.Булганаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Х эхнэр Мтайгаа танилцаад 1 жил гаран болж байна. Тэр хоёр манай хашаанд гэр бариад тусдаа гарсан. Н.Х нь ааш зангийн хувьд муухай ааш авир гаргаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

            6. Гэрч О.Далайжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Н.Х согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Хэрэглэсэн үед агсам тавиад байдаггүй. Н.Х эхнэр Мтайгаа танилцаад 1 жил гаран болж байна. Тэр хоёр манай хашаанд гэр бариад тусдаа гарсан. Н.Х нь ааш зангийн хувьд муухай ааш авир гаргаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

7. Шүүгдэгч Н.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  30 дугаар тал), Н.Хын талаар “Асап” санд авагдсан лавлагаа (хавтатс хэргийн 45-47 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар тал), 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), түүний “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 39-43 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Хт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ “хуурай дүү Гунгаажав гэгчтэй хардаж” гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Мгийн хөл рүү үнсний сав шидэж, толгой хэсэг рүү нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Х нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Хын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Х, хохирогч М.М нар нь 2019 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн, нэг гэрт хамтран амьдарч байгаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө шүүгдэгч Н.Х, иргэн н.Гунгаажав, М.М нар ... тоотод архидан согтуурсан байна. Улмаар шүүгдэгч Н.Х согтуурсан үедээ гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Мг н.Гунгаажав хардаж”, үснээс нь зулгаах, үнсний сав түүн рүү авч шидэх, толгой хэсэг рүү нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд нь “зүүн өвдөгт шарх, цус хуралт, баруун нүдний алим, баруун зүүн доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-13б тоотод Гунгаажав ирж, ...Хыг архи ууя гэсэн.  ...Архи, пивоо ууж байгаад, ...Х намайг дүүтэйгээ хардсан. ...намайг элдэв янзаар хараагаад, хэрүүл өдөөд ...миний үснээс зулгаасан. ...над руу аяга авч шидэхээр нь би бултсан. Дахиж газар байсан усны сав аваад шидэхэд миний зүүн хөлний өвдгийг оносон юм. ...Х миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Миний зүүн талын өвдөг шархтай, баруун талын нүд хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

-шүүгдэгч Н.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ... тоотод ...03 цагийн үед Гунгаажав архи уучихсан ирсэн. ... Гунгаажав бид хоёр архи, М пиво уусан. Гунгаажав, М хоёр хоорондоо юм яриад байхаар нь би хардаад “та хоёр юу яриад байгаа юм” гэсэн. ...М бид хоёр ...хоорондоо хэрэлдсэн, ...би үснээс нь зулгаасан.  ...би зуухны хажууд байсан аяга авч шидэхэд М оногдоогүй бултсан. Тэгэхээр нь газарт үнсний сав байхаар нь дахиж аваад шидсэн чинь Мгийн зүүн талын хөлийг оносон. М газар суугаад хөлөө үзэж байхаар нь би очоод нүүр рүү гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1593 дугаартай дүгнэлтийн “....М.Мгийн биед зүүн өвдөгт шарх, цус хуралт, баруун нүдний алим, баруун зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /айдас түгшүүртэй байгаа гэх/(хавтаст хэргийн 60-64 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Дээрх үйл баримтыг хууль зүйн хувьд дүгнэвэл шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Н.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай амьдрагч М.Мг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, эр, эмийн хардалт, тухайн үед үүссэн үл ойлголцол зэргээр болжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” талаар заасан ба, дээрх хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “санаатай” гэсэн гэмт хэргийн шинжийг нэмэгдүүлсэн нэмэлт орсон бөгөөд энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.Х нь хохирогч М.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх боловч хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, “нэхэмжлэх зүйлгүй” гэж хохирогчоор мэдүүлснийг шүүхийн тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Хын дансанд 4000 төгрөгийн үлдэгдэлтэй,  ажил эрхэлж байгаа талаар баримтгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Х нь торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүгдэгч Н.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэ, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Н.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Н.Х нь хувиараа барилгын ажил хийдэг гэх боловч энэ талаар баримтгүй, санхүүгийн эх үүсвэр, цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримтгүй байгаа тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Х овогт Нын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Хт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.М нэхэмжлэх зүйлгүй тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА