| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00145/и |
| Дугаар | 151/ШШ2017/00208 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2017/00208
| 2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2017/00208 | Зуунмод |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00145/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: 1956 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн, Төв аймгийн, Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багт оршин суух, Хорин нэг овогт Дамдинбазарын Ёндонжамц /РД:АК56012911/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ёндонжамц, гэрч С.Замбал, Ц.Арцат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ёндонжамц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “- Д.Ёндонжамц миний бие нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр 7 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд туслах малчинаар 1971 оны 06 сарын 30-нд анх ажилд орж тэгээд тус нэгдэлдээ 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл адуучин, тууварчин, манаач зэрэг ажлуудыг хийж байгаад хувьчлал болж нэгдэл маань тарсан. Ингээд миний бие тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж, анх орсон тушаал олдохгүй зэргээс тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд Д.Ёндонжамц миний биеийг архивын лавлагаа, ажиллаж байсан тухай тушаалуудын хуулбар мөн тухайн үед хамт ажиллаж байсан С.Замбал, Ц.Арцат нарын тодорхойлолтуудыг үндэслэн 1971 оны 06 сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Хайрхан нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дамдинбазарын Ёндонжамц нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1971 оны 06 сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Д.Ёндонжамц нь Архангай аймгийн Хайрхан нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ны өдрөөс 1989 оны 07 сарын 18-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин түүний 1971 оны 06 сарын 30-ны өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлын талаар гэрч Ц.Арцат, С.Замбал нар мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох нотлох бичгийн нотлох баримт шүүхэд ирээгүй тул уг хугацаанд ажиллаж байсан байдлыг хангах боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Дамдинбазарын Ёндонжамц нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 сарын 18-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн болзол дүгнэх тухай “...Сүрэг мэнд Төл бүрэн социалист уралдааны болзол биелүүлсэн 118 суурьт болзолд заасан шагналыг олгосугай...тогтоолын хавсралтад...Хорогдолтой...19 дугаарт Д.Ёндонжамц...” гэх бичилттэй 23 дугаар тогтоол /хх-5-7/, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн болзол дүгнэх тухай “...болзол хангасан 36 суурийг шалгаруулж шагнахаар тогтоосугай...болзол биелүүсэн шагналын тооцооны 26-д Д.Ёндонжамц...” гэх бичилттэй 24 дугаар тогтоол /хх-8-9/, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шагнах тухай “...Д.Ёндонжамц...нарт баярын бичиг, нэгдлийн хүндэт үнэмлэх болон тус бүр 3 ширхэг 16 төгрөг 2 мөнгөний үнэтэй шаазангаар шагнахаар тогтоосугай...” гэх бичилттэй 75 дугаар тогтоол /хх-10/, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ажилд томилох тухай “...Д.Ёндонжамц...нарыг 1987 оны 02 сарын 10-наас эхлэн томилсугай...” гэх бичилттэй 96 дугаар тушаал /хх-11/, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн төлбөрийн тухай “... Өгөөмөр бригадын адуучин Д.Ёндонжамцын дутагдуулсан 154 адууны 116 адууг нь төлүүлж, чононд идүүлсэн, алдаж үрэгдүүлсэн 38 адууг мөн 1989 оны 173 адууны хөөвөр, хялгас, дэл сүүлний 818 төгрөг 40 мөнгийг тус тус төлбөрөөс чөлөөлөхөөр тогтоосугай...” гэх бичилттэй 58 дугаар тогтоол /хх-12/, гэрч С.Замбалын “...Д.Ёндонжамц нь Хамтын зориг нэгдэлд 1974 онд цэргээс халагдаж ирээд 1989 он хүртэл сантехникч хийж байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, гэрч Ц.Арцатын “...Д.Ёндонжамцтай Архангай аймгийн Хамтын зориг нэгдэлд 1970 оноос 1984 он хүртэл хамт малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1984 оноос хотод орж ирсэн. 1971 оноос сургуулаасаа гараад мал дээр гарсан. Дандаа адуу малладаг байсан. Бид хоёр цуг илгээлтээр гарч байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.
Иймд Д.Ёндонжамцын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дамдинбазарын Ёндонжамц нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ