Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00214

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00214

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00066/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: 1966 оны 12-р сарын 07-нд төрсөн, Төв аймаг, Алтанбулаг сум, 1-р баг, Сумт дэнж 2-р гудамж, 5 тоотод оршин суух, Цуян хамба овогт Зундуйн Батсайхан /НА66120762-ы/ хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Батсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Миний бие нь 1984 онд Төв аймгийн Алтанбулаг сумын 10-н жилийн сургуулийг төгссөн. Тэгээд Алтанбулаг сумын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 12-р сарын 17-ны өдрөөс 1990 оны 11-р сарын 30-ны өдөр хүртэл нярваар ажиллаж байсан. 1990 оны 11-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл “Эд хэрэглээний Туул” хоршоонд худалдагч, 1992 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэ мандал хоршоонд тус тус ажиллаж байсан. Ажлаас халсан тушаалууд байхгүй байгаа. Ажлаасаа гараад буцаад орж байсан 1993 оны 8-р сарын 2-ны өдрийн тушаал байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр тамга тэмдэг нь буруу дарагдсан, бичилт дутуу байгаа учир ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү”  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Зундуйн Батсайхан нь Алтанбулаг сумын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 12-р сарын 17-ны өдрөөс 1990 оны 11-р сарын 30-ны өдөр хүртэл нярваар, “Эд хэрэглээний Туул” хоршоонд 1990 оны 11-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл худалдагч, 1992 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэ мандал хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээд З.Батсайханы ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

З.Батсайхан нь Төв аймгийн Алтанбулаг сумын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 12-р сарын 14-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл кассчин, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 11-р сарын 03-ны өдөр хүртэл нярав, 1990 оны 11-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл “Эд хэрэглээний Туул” хоршоонд худалдагч, 1992 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 08-р сарын 02-ны өдөр хүртэл Эрдэнэ мандал хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1984 оны 12 сарын 14-ний өдөр Зундуйн Батсайханд олгосон №073000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-н 5-6/, Худалдаа бэлтгэлийн ангийн хамт олонтойгоо 1989, 1992, 2011 онуудад татуулсан гэрэл зургийн хуулбарууд /хх-н 25/, гэрч Н.Нямдоржийн “...З.Батсайхан нь Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав, худалдагчаар  1984 оны 12 сараас 1995 он хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 28/, гэрч Б.Даариймаагийн “...З.Батсайхан нь Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид анх 1984 оны сүүл 12 сард кассчингаар ажилд ороод, 1985 оны эхээр худалдагч болоод тэгээд 1995 оныг дуустал ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29/, Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ажлаас өөрчлөх тухай “...Монголын Худалдааны байгууллагын системд өөрчлөлт орж  сумдын Худалдааны байгууллага хэрэглээний хоршоод болж байгаатай уялдуулан Аймгийн ХБУГазрын шийдвэр, бүх гишүүдийн 1990 оны 04 сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн нийт ажилчин албан хаагчдыг /нэрсийг хавсаргав/ Худалдаа бэлтгэлийн ангийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...тушаалын хавсралтын... 12 дугаарт З.Батсайхан...” гэх бичилттэй 13 дугаартай тушаал /хх-н 39-40/, Төв аймгийн Алтанбулаг сумын Эд хэрэглээний “Эрдэнэмандал” ББХ хувийн хоршооны удирдлагын 1992 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Хоршоонд ажиллагсдын цалингийн дундаж болон шагнал, нэмэгдэл тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох материалын хариуцлага тооцох тухай” шийдвэр /хх-н 41-45/, Төв аймгийн Алтанбулаг сумын Эд хэрэглээний “Эрдэнэмандал” ББХ хувийн хоршооны удирдлагын 1992 оны 05 сарын 20-ны өдрийн зарим ажлтныг ажлаас өөрчлөх болон цаг үеийн бусад ажлын талаар “Монголын бүх ард түмний спартакиадын анхан шатны тэмцээнд амжилттай оролцсон... З.Батсайхан...нарт дурсгалын зүйл гардуулах...” гэх бичилттэй 06 дугаартай шийдвэр /хх-н 46/, Төв аймгийн Алтанбулаг сумын Эд хэрэглээний “Эрдэнэмандал” ББХ хувийн хоршооны удирдлагын 1993 оны 08 сарын 02-ны өдрийн ажилд авах, ажлаас халах тухай “...З.Батсайхан нарыг тус тусын үүрэгт ажлаас чөлөөлж сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэлэв...” гэх бичилттэй 19 дугаартай шийдвэр /хх-н 47/ зэрэг болно.

Иймд З.Батсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нь түүний Төв аймгийн Алтанбулаг сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 11-р сарын 03-ны өдөр хүртэл нярав, 1990 оны 11-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл “Эд хэрэглээний Туул” хоршоонд худалдагч, 1992 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 08-р сарын 02-ны өдөр хүртэл Эрдэнэ мандал хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэх зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зундуйн Батсайхан нь Төв аймгийн Алтанбулаг сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 11-р сарын 03-ны өдөр хүртэл нярав, 1990 оны 11-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл “Эд хэрэглээний Туул” хоршоонд худалдагч, 1992 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 08-р сарын 02-ны өдөр хүртэл Эрдэнэ мандал хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.МӨНХЦЭЦЭГ