| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0595/Э |
| Дугаар | 606 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 606
2020 07 27 2020/ШЦТ/606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
Улсын яллагч: П.Итгэл,
Хохирогч С.Мөнхбаяр
Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ихбилэгт овогт Оюунбатын О.Б /РД:ЙЗ94041815/-д холбогдох эрүүгийн 2011 0000 00625 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дугаар сарын 18-нЫ өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Юнител групп ХХК-д борлуулалтын менежер, ам бүл 3, эхнэр хүүхийн хамт Сүхбаатар дүүргийн 16-р хороо Бэлхийн 11-247 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, Ихбилэгт овогт Оюунбатын О.Б /РД: ЙЗ94041815/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Мөнхбаяртай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний шанаан тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, баруун зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, эрүүл саруул хүн. Хүнийг би зүгээр явж байхад нь цохихгүй. Би чигээрээ явж байхад миний хажууд талаас нэг машин орж ирээд дарсан. Би эхнэр хүүхэдтэйгээ хамт явж байсан. Би дарсан тал руу дариулж дархад зам гарч байсан хүмүүсийг би зогсоол дээр дайрахаа шахаад тулж очиж зогссон. Тэгээд би уурандаа очоод яаж байгаа юм бэ. Би хүн дайрах шахлаа гэж хэлсэн. Би хараалын үг хэлсэн. Би цохисон нь миний буруу байсан. Би цохиогүй гэж байгаа юм биш. Цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь өөр байдлаар эргэсэн бол хүн амины хэрэг байж болох байсан. Хоёрт машин тэрэгний осол аваар гарч болох байсан. Бас дээрээс нь юм байгаа л дээ. Манай хүүхдийн толгой гээд өөр юмнууд байна. Эмнэлэгт хэвтээд гараад асуудал цэгцэрсэн учраас тэр дээр юм ярихыг хүсэхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нөхцөл байдал өөрөөр эргэсэн бол өдийд би биш та энд зогсож байх байсан шүү гэж хэлье...” гэв.
Хохирогч С.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр би 7 буудлаас хотийн төв тал руу машин дотроо найзтайгаа хамт юм яриад явж байхад араас энэ залуу гэрлээ анивчуулж байсан. Би яагаад байгаа юм бол гээд урдуур нь шахаж ороод зайгаа бариад явж байхад энэ залуу араас хурдтай давхиж орж, аваараа татаад хааж зогсоод ямар ч үгийн зөрүүгүй бууж ирээд хүн рүү хараал урсгаж доромжлоод, дайраад байсан. Би “чи хүн цохиж болохгүй шүү” гэж хэлээд цагдаад дуудаж байх хооронд шүүгдэгч намайг шууд цохисон. Дараа нь энэ залууг залуу хүн байна. Гэмээ ухаараад, цаашдаа ийм байж болохгүй гээд хэлтэл утсаар дахин доромжилж, “намайг байгаа газар чинь очиж ална” гэж хэлсэн бичлэг нь надад байна. Би гомдолтой байна...” гэв.
Хавтаст хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч С.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 05 сарын 16-ны 20:50 минутын орчим өөрийн найз Золбоогийн хамт Чингэлтэйн 7 буудлаас Хайлаастын уулзвараас өөрийн 16-83 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байтал араас приус 30 маркийн усан цэнхэр өнгийн 57-79 УБӨ улсын дугаартай автомашин гэрээ анивчуулаад араас тулж ирээд байхаар нь би урдах машинтайгаа зайгаа шахаад явж байтал миний урдуур машинтайгаа гүйцэт түрүүлээд аваараа асааж зогсоод 5779 УБӨ улсын дугаартай автомашины жолооч бууж ирээд миний талын хаалгыг онгойлгоод “чамаас болж би хүн дайрлаа ш дээ, ална шүү” гээд намайг хараагаад байхаар би цагдаа дуудлаа гээд утсаа чихэн дээрээ барьчихсан байсан чинь Золбоо “Хөөе чи хүн зодлоо боль тайван байгаарай” гэж хэлээд дуусаагүй байтал утастай минь хавсраад шууд миний баруун талын чамархай толгой луу маш хүчтэй цохиод цааш машин луугаа явсан тэгээд би утсаа харсан чинь дэлгэц нь хагарсан байхаар нь араас нь “хөөе чи утас хагалчихлаа ш дээ” гэсэн чинь үл таних залуу “Цагдаагаараа олж аваарай” гэж хэлчихээд явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/
Гэрч А.Золбоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тус өдөр Мөнхбаярын хамт 20-21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17-ын автобусны буудлын зам дээр явж байтал гэнэт Мөнхбаярын машины урд Приус 30 маркын автомашин аваараа асааж зогсоод жолооч нь бууж ирээд “би чамаас болж хүн дайрах шахсан” гээд машины хаалга онголгойгоод хашгираад байхаар нь би “битгий зодоон хийгээрэй залуучуудаа” гэсэн чинь Мөнхбаяр “чи яагаад хүнийг писда гэж дуудаад байгаан” гэж хэлж дуусаагүй байтал приус 30 маркын автомашины жолооч Мөнхбаярын баруун толгойн чамархй хэсэг лүү нь 1 удаа цохихоор нь би цагдаа дуудна гэсэн чинь зугтаагаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Чулуунсүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5887 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. С.Мөнхбаярын биед тархи доргилт, баруун зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Г.Ганцэцэгийн 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн Дугаар 2786 тоот шинжээчийн дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд үзлэг хийхэд: Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй 15х7.3 см хэмжээтэй, нэг талын ирмэгт ногоон өнгийн 2 ш товчлуур, эсрэг талын ирмэгт улаан өнгийн товчлууртай, ар талдаа Samsung гэсэн саарал бичигтэй, хар өнгийн гадаргуутай гар утас байна. ...Уг гар утасны 15х7.3 см хэмжээтэй нүүрний хэсэгт гэмтэл гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн гар утасны нүүрэнд гарсан гэмтэл ямар хүчийн зүйлийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох зорилгоор микроскоп ашиглан шинжилж үзэхэд гэмтлийн зах ирмэг нэгэн жигд бус цуурсан, зарим хэсгээр жижиг хэсгүүд байхгүй болсон байгаа нь хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан хагаралт гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болж байна. Хэзээ гарсан, хүний чамархай хавсарч цохиход гарсан эсэхийг тогтоох боломжгүй” /хавтаст хэргийн 27-28-р хуудас/
Дамно ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн №ЧД2-20-359 тоот шинжээчийн дүгнэлт: “...Үнэлгээний дүн: 100.000 төгрөг” /хавтаст хэргийн 39-40-р хуудас/
Хохирогч С.Мөнхбаяраас Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 7-р хуудас/
Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтанд: “...Хаан банк дахь 5062082690 тоот Мөнхбаярын эзэмшлийн дансанд 346.000 төгрөг шилжүүлсэн” /хавтаст хэргийн 61-р хуудас/
Шүүгдэгч О.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49-р хуудас/
Шүүгдэгч О.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 54, 57-р хуудас/
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тус тус тогтоогдохгүй, хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота фиелдер загварын 16-83 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч С.Мөнхбаяртай “зам тавьж өгсөнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч С.Мөнхбаяр, гэрч А.Золбоо нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Чулуунхүүгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5887 тоот дугаартай дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийн талаар мэдэж байсан боловч зориуд хүсэж үйлдсэн, түүний үйлдлийн улмаас учирсан хохирол болон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Прокуророос шүүгдэгч О.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.Б нь хохирогч С.Мөнхбаярт гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 346.000 мянган төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2. дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон