Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, 2 дугаар баг, Харзаг, Ар хороот гэх газар оршин суух Тулам овогт Балдандоржийн Гэрэлсүрэн /РД:КБ67121900/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Гэрэлсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Гэрэлсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1985 оны 07 сарын 22-ны өдрөөс 1989 оны 06 сарын 01-ийг хүртэл малын санитарчин ажил хийж байсан. Мөн 1989 оны 07 сарын 22-ны өдрөөс 1990 он хүртэл Харзаг багт малчин болсон тушаалууд байгаа боловч цалинг дутуу бичсэн тул тэтгэвэрт гарах гэсэн боловч жил дутуу байгааг гүйцээж өгөхийг хүсч байна. 1985 оноос 1988 он хүртэл Харзаг багт малын санитарчин, 1989-1990 он хүртэл малчин байсан жилүүдийг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй дутуу бичигдсэн тул гүйцээж тогтоож өгнө үү.

1985 оноос 1990 он хүртэл хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү.     1. С.Мөнх, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн малчин, өндөр насны тэтгэвэрт байгаа утас 88801427,

2. Д.Баярхүү, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум Харзаг багийн малчин, сумын төвд, эрхэлсэн ажилгүй, утас 88708188 ” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 871 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 5 дугаар хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Гэрэлсүрэн нь 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн Харзаг бригадад малын санитарчинаар, 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Говийн хөгжил нэгдэл, Харзаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Д.Баярхүү, С.Мөнх нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 871 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Баян-Овоо баг, Говийн хөгжил нэгдэлийн даргын 1990 оны 06 сарын 01-нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Б.Гэрэлсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тулам овогт Балдандоржийн Гэрэлсүрэнг

1985 оны 07 дугаар сарын 22-оос 1989 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн Хар заг бригадад малын санитарчнаар /малын эмчилгээний сувилагч/

1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн Хар заг бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО