Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2017/00019/И |
Дугаар | 20 |
Огноо | 2017-02-20 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1988 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 29 настай, жолооч мэргэжилтэй, бүрэн дунд боловсролтой, “Оюу Толгой” ХХК-нд хүнд машин механизмийн оператор ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гавилууд баг, Гоёотын 3-1 тоотод оршин суух Харчин овогт Бандийн Энхтүвшин /РД:КЙ88062674/-гийн нэхэмжлэлтэй,
Баттулгын Мөнгөнчимэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Б.Энхтүвшин би Б.Мөнгөнчимэгтэй 2011 онд танилцаж улмаар 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин М.Маргад-Эрдэнэ, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Э.Оч-Эрдэнэ нар мэндэлсэн. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд Б.Мөнгөнчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Ингээд охин Маргад-Эрдэнэ, хүү Оч-Эрдэнэ нар тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байна.
Иймд Б.Энхтүвшин намайг Б.Мөнгөнчимэгтэй хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын №77, 78 дугаартай тодорхойлолт, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин М.Маргад-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Оч-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Мөнгөнчимэгийг нас барсныг бүртгэж олгосон гэрчилгээний хуулбар, гэрч Ц.Намжилмаа, Б.Билэгсайхан нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхтүвшин нь Б.Мөнгөнчимэгтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Энхтүвшин нь Б.Мөнгөнчимэгтэй 2011 онд танилцаж, 2012 онд гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан ба хамтран амьдрах хугацаанд буюу 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин М.Маргад-Эрдэнэ, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Э.Оч-Эрдэнэ нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, охин М.Маргад-Эрдэнэ, хүү Э.Оч-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг дарга Д.Отгончулууны “КЙ88062674 регистрийн дугаартай Б.Энхтүвшин нь КГ88082606 регистрийн дугаартай Б.Мөнгөнчимэг болон 2 хүүхдийн хамт амьдарч байсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, гэрч Ц.Намжилмаагийн “...Миний хүү Б.Энхтүвшин нь 2011 онд Гурвантэс сумын харьяат Б.Мөнгөнчимэгтэй танилцсан гээд 2012 онд нэг гэрт орж гэрийн цайллага хийж байсан. Тэдний охин М.Маргад-Эрдэнэ 2012 онд, хүү Э.Оч-Эрдэнэ 2014 онд төрсөн. Гэтэл бэр Б.Мөнгөнчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өвчнөөр нас барсан. Хоёр ачдаа тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч энэ хүүхдүүд гэрлэлтээ батлуулаагүй байсан учир тухай тэтгэлэгт хамрагдаж чадахгүйд хүрсэн юм. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Билэгсайханы “...Манайх хөдөө мал малладаг байсан. Б.Энхтүвшин эхнэртэй болсон гээд 2012 оны гэрийн цайллагад урьж бид ирж бэртэйгээ анх танилцаж байсан. Тэдний охин М.Маргад-Эрдэнэ 2012 онд, хүү Э.Оч-Эрдэнэ 2014 онд төрсөн. Тэднийх 2013 онд аймаг луу нүүгээд өнгөрсөн хавар буцаж ирсэн. Аймагт байхад нь Б.Энхтүвшингийнхөөр байнга очдог байсан. Гэтэл бэр Б.Мөнгөнчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өвчнөөр нас барсан. Гэрлэлтээ батлуулаагүй болохоор 2 хүүхдэд нь тэтгэлэг тогтоолгож болохгүй гэсэн. Б.Энхтүвшингийн гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, Б.Энхтүвшинг 2012 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Б.Мөнгөнчимэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Харчин овогт Бандийн Энхтүвшинг Боржигон овогт Баттулгын Мөнгөнчимэгтэй 2012 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА