Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2016/00615/И |
Дугаар | 212/МА2017/00026 |
Огноо | 2017-02-17 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 212/МА2017/00026
Х.Б гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 714 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Х ын Б гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, Б ХХК-ны захирал Ш овогт Б н Х, Баян-Өлгий аймгийн Т сумын * дугаар багт оршин суух, С ХХК-ны захирал Ш овогт С ы Ө , Баян-Өлгий аймгийн Т сумын * дугаар багт оршин суух, Х хоршооны эзэн Б овогт Б н М нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, нэхэмжлэгч Х.Б /цахим сүлжээгээр/, хариуцагч Б.Х, Б.М, С.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцсоны хөлс 700000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүхэд, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны, 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд тус тус 13 иргэн, аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.
Эдгээр 13 иргэн, аж ахуйн нэгжийн маргааныг шат шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, үр дүнд хүрсэн бөгөөд бусад хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
Тухайн үед 13 иргэн, аж ахуйн нэгж тус бүртэй шүүхэд, түүний шийдвэр гүйцэтгэлд төлөөлж оролцсоны хөлсөнд 300000 төгрөгөөр тохиролцсон. Эндээс 10 иргэн, аж ахуйн нэгж тохирсон үнэ, хөлсөө тэр даруйд өгсөн. Гэтэл өдгөө 3 жилийн хугацаа өнгөрсөн ч зарим нэг аж ахуйн нэгж, түүний захирал, эзэд тохиролцсон хөлсөө төлөхгүй итгэл алдаж, хүн чанаргүй загнаж, чирэгдүүлж байна.
Иймд шүүхэд, түүний шийдвэр гүйцэтгэлд төлөөлөн оролцсоны хөлснөөс дутуу болон бүрэн төлөөгүй зарим нэг аж ахуйн нэгжүүд болох С ХХК-ны захирал С.Ө аас 200000 төгрөг, Х хоршооны эзэн Б.Мгээс 200000 төгрөг, Б ХХК-ны захирал Б.Хаас 300000 төгрөг, бүгд 700000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч С ХХК-ны захирал С.Ө ы шүүхэд ирүүлсэн тайлбарт: Миний зүгээс Х.Бд өгөх өр зээл байхгүй, ямар ч тооцоо байхгүй болно. гэжээ.
Хариуцагч Х хоршооны эзэн Б.Мгийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Миний зүгээс Х.Бд ямар нэгэн амаар буюу гэрээгээр мөнгөөр тохирсон явдал байхгүй. Иймд Х.Бд өгөх мөнгө үгүй тул тайлбар бичив. гэжээ.
Хариуцагч Б ХХК-ны захирал Б.Хийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: 13 иргэн, аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бд тухайн үед би 150000 төгрөгийг тоолж өгсөн. Өөр өгөхөөр тохиролцсон юм байхгүй тул нэмж төлөх төлбөр байхгүй юм. Бусад 13 иргэн, аж ахуйн эзэд ч 150000 төгрөгийг төлсөн бөгөөд илүү ямар ч төлж өгөх үндэслэл байхгүй юмгэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 714 дүгээр шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн С ХХК-иас 200000 төгрөг, Х хоршооноос 200000 төгрөг, Б ХХК-иас 300000 төгрөг, нийт 700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21350 төгрөгийг улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр 30-ны өдрийн 714 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь:
Нэхэмжлэгч Х.Б би Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагч 13 аж ахуйн нэгжийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу 100% хийж гүйцэтгэсэн. Даалгасан ажлын талаар дутуу гүйцэтгэсэн эсхүл нэхэмжлэлийг хангуулж чадаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хийгээгүй орхисон гэх төлөөлүүлэгчдээс ямар ч гомдол гаргаагүй байх тул би хийсэн ажлын хөлсөө авах эрхтэй бөгөөд өөрөөр хэлбэл хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалингаа авмаар байна. Ажлаа хийлгэчихээд хөлсөө төлөхгүй хүний хөдөлмөрийн мөлжлөг хийхийг зөвшөөрсөн хууль, тогтоомж хараахан үгүй билээ.
Бусад 10 буюу 77 %-ийн аж ахуйн нэгж тус бүр тохирсон ажлын хөлсийг төлсөн байхад эдгээр 3 буюу 23%-ийн аж ахуйн нэгж яагаад хөлсөө бүрэн төлөхгүй унждаг билээ. Бүх 13 аж ахуйн нэгж, иргэн нэгэн адил даалгаврын нөхцөлтэй, нэгэн адил эрх, үүрэгтэй, ижил хэмжээний төлөх хөлстэй, төлөөлүүлэгч бүгд эрх тэгш оролцоотой мөртлөө бусдаас ялгавартай 3 компани хөлс төлөхөөс татгалзах хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Тэгээд ч төлөөлүүлсэн 13 иргэн, аж ахуйн нэгжүүд 300,000 төгрөг гэж холбогдох баримт бичиг /итгэмжлэл/-ийн хэсэгт санал гаргаж тохиролцсоноо тухайн үед тэмдэглүүлээд гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулан хөлс төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж, төлөөлөгч миний бие түүнийг хүлээн авснаар хуулийн хүчин төгөлдөр болсон энгийн хэлбэрийн агуулгатай хэлцлийн шинжээр илэрхийлснийг шүүх эсрэгээр илэрхийлсэн нь тогтоогдохгүй гэж илт үгүйсгэж холбогдох хуулийн шаардлагыг буруу хэрэглэсэн байна.
Мөн тухайн үед итгэмжлэлд бүгд 23 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг бичигдсэн. Үүнээс зарим нь татгалзаж төлөөлүүлэгчээр оролцоогүй үлдсэнийг нь төлөөлүүлсэн 13 аж ахуйн нэгжээс татгалзаж төлөөлүүлээгүй гэж ойлгогдохоор зарим" гэж гуйвуулан тайлбарласан байна.
Тухайн үед бид нүүр тулан уулзаж гэрээ, хэлцэл гэж тусдаа бичиг, цаас давхар зүйл хийх хэрэггүй гэж талууд үзсэнээр төлөөлөгч миний гаргасан саналд төлөөлүүлэгч тэр даруй зөвшөөрч тохиролцсон хөлсийг итгэмжлэлийн гарын үсэг, тамга дарсан хэсэгт нэмж бичиж баталгаажуулсан болно.
Хийлгэсэн ажлын хөлсийг төлөхгүй чирэгдүүлж байгаа эдгээр 3 аж ахуйн нэгж нь өөрсдийн татгалзал, үгүйсгэж хэлсэн зүйлээ ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй, эх сурвалжаа зааж чадаагүй, үндэслэлээ хэлээгүй мөртлөө худал, гүтгэлгийн яриа төдийхөн тайлбарласан.
Эдгээр 3 аж ахуйн нэгж Захиргааны хэргийн 2 шатны шүүхэд холбогдох нэхэмжлэлээ төлөөлөгч миний оролцоо, хичээл зүтгэлээр хангуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгүүлж, дуусгавар болгож тэрбээр сургуулийн хүүхдийн хоол хийх болон халаалтын ажил, үйлчилгээг тэд өөртөө нэг мөсөн авснаар ирээдүйд насан туршид байнгын ажлын байртай болж, Улсын төсвийн санхүүжилтээр жилийн 80,0-120,0 сая төгрөгийн борлуулалтын гүйцэтгэл хийх боломжийг олж авч, тус ажил, үйлчилгээг хийж байгаа чухал ач холбогдолтой, ашигтай, амьдралд нь тустай сайн зүйл болохын хувьд түүнийг эргүүлэн олж авсан өчүүхэн хөлсийг төлөхгүй чирэгдүүлж, хүний мөсгүй загнаж буйг буруушааж, анхаарч үзнэ үү. Тэгээд ч миний хийж байгаа шүүхэд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйлдэл зайлшгүй хариу төлбөрийн шинжтэй байх тул төлөөлүүлэгчтэй тухайн хөлсийг харилцан тохиролцсон гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Тэд эхний төлбөрөө төлснөөр тус баримт бичиг /итгэмжпэл/-ийн хэсэг-ийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэлцлийн шинжийг агуулсан энэхүү хэсэгт гар бичмэлээр 300,000 төгрөг гэж бичигдсэн хөлс төлөх тохиролцоо ямар ч эргэлзээгүй байх тул хуулийн хучин төгөлдөр бичвэр гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 714 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хангаж өгч, хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.Хийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Миний бие Х.Б гэрээ хийн тохиролцож, 300000 төгрөгийн хөлс өгнө гэсэн зүйл байхгүй. 13 аж ахуйн нэгжийн адил 100000 төгрөг өгсөн. Хэрэв өгөөгүй байсан бол миний нэрийг хасаж оруулахгүй байх боломж байсан. Дараа уг тендерийн талаар маргаан гарч, өмгөөлөгч Х.З аас хууль зүйн туслалцаа авч, 70000 төгрөг өгч байсан. Гэтэл Х.Б гийн хөлс өндөр байна. Тухайн үед 300000 төгрөг гэж тохирсон бол нэг ч аж ахуйн нэгж оролцохгүй байсан. Тэгээд ч 10 аж ахуйн нэгжээс 30000 төгрөг өгсөн нь худлаа гэж бодож байна. Зөвхөн танидаг найз нөхдөөс 300000 төгрөг авсан болж 2 ширхэг баримт авсан байна. Х.Б Улаанхус сумын сургуулийн халаалтыг авсан бөгөөд үүнийг ажиллуулж чадахгүй маргаан гарч, шүүхэд хандаж байсан. Энэ талаар шүүхэд өгсөн материалд тодорхой байгаа. Тус тендер насан туршийн гэх баталгааг Х.Б өгч чадахгүй. Сургуулийн захирал солигдох бүрт маргаан гарч байна. Миний бие өгөх ёстой 100000 төгрөгийг тухайн үед өгсөн, одоо дахин өгөх боломж байхгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх Х.Б гийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд зааснаар үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж алдаа гаргасныг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Х.Б нь С ХХКомпани, Х хоршоо, Б ХХКомпанид холбогдуулан шүүхэд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлд төлөөлөн оролцсоны хөлс 700000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хариуцагч нараас Х.Бд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгосон бөгөөд ямар нэгэн хөлс төлөх талаар тохиролцоогүй гэж эс зөвшөөрч маргажээ.
2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаартай итгэмжлэлээр 13 иргэн, аж ахуйн нэгж, компаниудыг төлөөлөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Х.Бг төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгож, уг итгэмжлэлийн агуулгаас үзэхэд төлөөлүүлэгч нь хөлс төлөх талаар тохиролцож, хүсэл зоригоо талууд илэрхийлсэн нь тогтоогдохгүй байх бөгөөд төлөөлүүлэгч болох зарим иргэн, аж ахуйн нэгж, компаниудын нэр бичигдсэн хэсэгт гар бичмэлээр 300000 төгрөг гэж бичсэнийг хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой зөв сонгож хэрэглээгүйг зөвтгөх шаардлагатай байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан байхад маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ заасан хөлсөөр ажиллах гэрээний талууд буюу ажиллагч, ажиллуулагч нь хуулийн этгээд, иргэн байж болох ба гэрээний зүйлд бүх төрлийн ажил үйлчилгээ байж болохоор заасан байх тул талуудын хороонд хөлсөөр гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 714 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар... гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ