Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 10

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох Өндөр насны тэтгэврийг 2001-2005 оныхоор өөрчлөн тогтоолгож, 2012-2018 оныг дуусталх Засгийн газрын нэмэгдлийг бүрэн олгуулах, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий иргэн Ө.*******ын нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өндөр насны тэтгэврээ нэмэгдэх үндэстэй гэж үзээд 2001-2005 онуудаар сонголт хийж өндөр насны тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор өргөдлөө өгсөн юм. Би өргөдлөө 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр бичиг хэрэгт нь өгсөн. Гэтэл Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 1/3379 тоот чиглэлийг баримтлаж Засгийн газрын 2012-2016 оныг дуусталх нэмэгдэл олгохгүй гээд байгаа юм. Би өндөр насны тэтгэврээ өөрчлөн тогтоолгохдоо Засгийн газрын нэмэгдлийг 2012-2018 оныг дуустал бүрэн авах зорилготой гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ө.******* миний нэхэмжлэлтэй Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэгч миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Улиастай сумын иргэн Ө.******* нь тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан хүсэлтйг шүүхэд ирүүлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын иргэн Ө.*******ын тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох Өндөр насны тэтгэврийг 2001-2005 оныхоор өөрчлөн тогтоолгож 2012-2018 оныг дуусталх Засгийн газрын нэмэгдлийг бүрэн олгуулах, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР