Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0377/3 |
Дугаар | 221/МА2022/0114 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2022/0114
“Б д х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Т.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны Улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 60-07-001/06 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 794 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Т.Б, А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2021/0377/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б д х” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хорооны Улсын ахлах байцаагчид тус тус холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны Улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 60-07-001/06 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 794 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Т.Б нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухайд:
Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үйлчлэх хүрээнд бүртгэлтэй дулаан түгээх, хангах үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж буй 20 орон сууцны байр (нийт 1549 хэрэглэгчид)-ны 7 СӨХ (Зайсан энхжин, Женерал таун, Астра вилла, Пийс виллаж, Эрчим өргөө 48, Эрчим 103, Алтаргана) барилга байгууламжийг барьж шилжүүлсэн 2 захиалагч ("Ач-Очир" ХХК, иргэн И.Мөнхдорж) аас дулаан түгээх, хангах үйл ажиллагааг "ОСНААУГ" ОНӨААТҮГ болон бусад мэргэжлийн байгууллагад шилжүүлэх хүсэлтийг Хороонд ирүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д "тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх" гэж заасны дагуу дээрх гомдлыг хүлээн авсан бөгөөд Хороо нь хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцүү хангах үүднээс нэхэмжлэгчийн түгээх, хангах үйл ажиллагаатай холбогдуулан дээрх нэр бүхий сууц өмчлөгчдийн холбоод болон оршин суугчдаас 2018-2020 онуудад Хороонд ирүүлсэн ергедел, гомдол, хүсэлтүүд болон тэдгээрийг шийдвэрлэсэн байдлын талаар судалгаа хийж өргөдөл гомдлууд бүрэн барагдахгүй байна гэж үзсэн.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолоор батлагдсан Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 2.9 дэх заалтын дагуу хэрэглэгч нь хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэйгээр аж ахуйн харилцаанд оролцох зохицуулалттай тул дээрх сууц өмчлөгчдийн холбоодын саналыг үндэслэн нэхэмжлэгчийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах асуудлыг Хорооны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх талаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/102 тоот албан бичиг хүргүүлсэн.
Нэхэмжлэгчийн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй орон сууцны байруудын оршин суугчдыг төлөөлж 7 сууц өмчлөгчдийн холбоо, барилга байгууламжийг барьж шилжүүлсэн 2 захиалагчаас ирүүлсэн хүсэлт, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар мэдээллийг Хорооны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хянан хэлэлцээд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6, 9.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан " Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан "Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 103 дугаар байр, мөн дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай "Алтаргана" хотхоны 44А, 44Б, 44B дугаартай байр, "Эрчим өргөө-21" хотхоны 48 дугаартай байруудын дулаан түгээх хангах үйл ажиллагааг нь "ОСНААУГ" ОНӨААТҮГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн үйлчлэх хүрээнээс хасагдсан 5 орон сууцны байрыг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссын актын хэрэгжилттэй холбоотой дараах зөрчлүүд илэрсэн нь дээрх шийдвэрийг гаргах үндэслэл болсон.
1. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай "Ач-Очир" ХХК-ийн захиалгаар баригдсан 44А, 44Б, 44В дугаартай орон сууц, "Атек" ХХК-ын захиалгаар баригдсан 48 дугаартай орон сууцнуудыг байнгын ашиглалтад оруулах 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2017/73, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2016/403 дугаар "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс акт"-д ашиглагч, өмчлөгчөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч, мэргэжлийн байгууллагын эрхтэй "ОСНААУГ" ОНӨААТҮГ тусгагдсан байсан боловч "Ач-Очир" ХХК, "Атек" ХХК-иуд нь дээрх орон сууцнуудын дулаан түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийг "ОСНААУГ" ОНӨААТҮГ-ын мэдэлд шилжүүлээгүй улмаар тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн байгууллагын эрхгүй байсан “Б д х” ХХК-д 2017 оны 3 дугаар сард дулаан түгээх, хангах үйл ажиллагааг шилжүүлсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 30.1.13 дахь заалт, Орон сууцны тухай хуулийн 3.1.6, 3.1.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 103 дугаартай орон сууцыг байнгын ашиглалтад оруулах 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2017/207 дугаар "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс акт"-д ашиглагч, өмчлөгчөөр тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн байгууллагын эрхгүй "Цонхлон үйлст" ХХК тусгагдаж улмаар Эрчим хүчний тухай хуулийн 30.1.13 дахь заалт, Орон сууцны тухай хуулийн 3.1.6, 3.1.8 дахь заалтуудыг тус тус зөрчин мэргэжлийн байгууллагын эзэмшилд байх дулаан түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийг 2017 онд шилжүүлэн авч Орон сууцны тухай хуулийн 81.1 дэх заалтад нийцэхгүйгээр ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаад “Б д х” ХХК-д шилжүүлсэн байна.
Иймд Хорооны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах тухай" 141 дүгээр тогтоолыг хүчингүй болгох боломжгүй болно. Эрчим хүчний зохицуулах хороо нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх тогтоолыг гаргасан.
Шуугч шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гол агуулга нь Эрчим хүчний зохицуулах хороо маргаан бүхий тогтоолыг гаргах эрхгүй гэж маргасан. Гэтэл шүүхээс Эрчим хүчний зохицуулах хороо нь тус тогтоолыг гаргах эрхтэй гэж үзсэн атлаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан "хуульд үндэслэх зарчим"-д нийцээгүй үр дагаврыг агуулж байна гэж дүгнэсэн нь өөрөө хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүйг харуулж байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад "тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага"-ыг тусгай зөвшөөрөлд тусгаж өгөхийг хуульчилсан бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагаар үйлчлэх хүрээг тогтоож өгдөг. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т "тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах" гэсэн заалтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага гэж юуг тодорхойлох түүнд ямар үзүүлэлтүүд байхыг хуульчилсан байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын үйлчлэх хүрээг тогтоож тусгай зөвшөөрлийн хавсралтаар баталдаг. Гэтэл шүүхээс тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад тусгадаг үйлчлэх хүрээг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 "энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох" гэсэн заалтад хамаарна гэж ойлгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр "Дүрэм батлах тухай" тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д "ЭХЗХ нь хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Нөхцөл, шаардлагын хавсралтаар үндсэн тоноглолын үзүүлэлт, үйлчлэх хүрээг тогтооно." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож өгдөг.
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д "тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд Үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх" гэж заасныг тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой эрх хэмжээ биш гэж тайлбарласан байна. Харин ч энэхүү маргаан бүхий тогтоол нь маш олон хэрэглэгчийн гомдлыг хянан шийдвэрлэж барагдуулах үүднээс гарсан тогтоол юм. Шүүх маргаан бүхий тогтоолын агуулгыг ойлгохгүйгээр тогтоолын үндэслэлийг буруу ойлгож дүгнэсэн байна.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар "Дүрэм батлах тухай" тогтоолоор батлагдсан Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын "Аж ахуйн харилцааны дүрэм"-ийн 2.9. "Хэрэглэгч нь дамжуулах, түгээх шугам сүлжээний эзэмшлийн байдал, техникийн хувьд боломжтой нөхцөлд хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэйгээр аж ахуйн харилцаанд оролцоно" гэж заасны дагуу хэрэглэгч хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхийг зөрчиж шүүх тогтоолын агуулгын цар хүрээ, зохицуулж буй харилцааг нь авч үзэлгүйгээр шийдвэр гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт "Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана" гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн заалтыг тусгадаг байна. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийн тогтоох хэсэгт Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.6 дахь заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд Эрчим хүчний зохицуулах хорооны маргаан бүхий актад мөн дээрх зүйл заалт буюу Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3. 9.1.6, 9.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “ Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан “Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 794 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг ханган шийдвэрлэв.
2.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч “Б д х” ХХК-аас “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 60-07-001/06 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хорооны улсын ахлах байцаагчид тус тус холбогдуулан гаргажээ.
2.2.Маргаан бүхий 141 дүгээр тогтоолоор[1] нэхэмжлэгч “Б д х” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 0.58 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 103 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай 1.94 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, Алтаргана хотхоны 44А, 44Б, 44В дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв, 1.06 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 48 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв”-ийг тус тус хасан, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс хасагдсан дээрх орон сууцны байруудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОНӨААТҮГ/-т 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэхийг нэхэмжлэгч компанид үүрэг болгосон.
2.3.Харин маргаан бүхий албан шаардлагаар[2] нэхэмжлэгч “Б д х” ХХК-иас маргаан бүхий 141 дүгээр тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэрэгжүүлж ажиллахыг шаарджээ.
2.4.Нэхэмжлэгч “Б д х” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос 89/2017 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авч, улмаар энэ тусгай зөвшөөрлөө 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар сунгуулсан.[3]
2.5.Нэхэмжлэгчээс хариуцагч 141 дүгээр тогтоолыг гаргах эрх байхгүй, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах, нэмэх, хасах гэсэн хуулийн зохицуулалт тодорхой бус, иргэдийн хувийн бизнест халдаж, иргэдийн сонгон үйлчлүүлэх хууль ёсны эрхэд халдаж болохгүй, 141 дүгээр тогтоол нь хууль бус учраас тэрхүү хууль бус тогтоолыг үндэслэсэн улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэх үндэслэлгүй” гэж, харин хариуцагчаас “хэрэглэгчдээс удаа дараа ирүүлсэн хүсэлт, гомдлыг ирүүлснийг судалж, хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх хэрэглэгчдийн эрхийг хангах үүднээс болон нэхэмжлэгч компани зөрчилтэй үйл ажиллагаа эрхэлж байсан тул маргаан бүхий актыг гаргасан” гэж тус тус маргажээ.
2.6.Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд нэхэмжлэгч компанитай холбоотойгоор 2018-2020 онуудад нэр бүхий сууц өмчлөгчдийн холбоод, хэрэглэгчдээс өргөдөл, гомдол ирүүлж, үүний дагуу хариуцагчаас удаа дараа нэхэмжлэгч компанид үүрэг даалгавар өгч байсан гэдэг нь хэрэгт авагдсан сууц өмчлөгчдийн холбоо, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлууд[4], хариуцагчийн нэхэмжлэгч компанид хүргүүлсэн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэсэн, зөрчил дутагдлыг арилгах, үүрэг даалгавар хүргүүлэх албан бичгүүд[5] зэрэг баримтуудаас тогтоогдож байна.
2.7.Мөн Эрчим хүчний зохицуулах хороо нь нэхэмжлэгч компанитай холбоотойгоор 2018-2020 онуудад нэр бүхий сууц өмчлөгчдийн холбоод, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын талаар судалгаа хийж, тухайн өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулахгүй байгаа нөхцөл байдлыг тогтоон, улмаар өргөдөл, гомдол гаргагч сууц өмчлөгчдийн холбоод, хэрэглэгчдийн “... “Б д х” контороос татгалзаж тус хотхоны конторын үйл ажиллагааг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлж өгнө үү” гэсэн санал, хүсэлт[6], уг өргөдөл, гомдолд нэхэмжлэгч компаниас гаргасан тайлбар, мэдээллийг Хорооны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хянан хэлэлцжээ[7].
2.8.Ийнхүү хурлаар хянан хэлэлцэх явцад “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 44А, 44Б, 44В дугаартай орон сууц, 48 дугаартай орон сууцнуудын анх ашиглалтад оруулахад тус орон сууцнуудын дулаан түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн байгууллагын эрхгүй байсан “Б д х” ХХК-д 2017 оны 03 дугаар сард шилжүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн 103 дугаар орон сууцыг анх ашиглалтад оруулахдаа тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн байгууллагын эрхгүй этгээдэд шилжүүлсэн, улмаар “Б д х” ХХК-д үргэлжлүүлэн шилжүүлсэн нь тус тус Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д –“Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй.” 30.1.13-д “нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх.”, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “"мэргэжлийн байгууллага" гэж орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээдийг”, 3.1.8-д “"хангагч" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.9, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.12-т заасан хуулийн этгээдийг” гэж заасныг зөрчсөн гэж үзэн маргаан бүхий актыг гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[8] тогтоогдож байна.
2.9.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх”, 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.” гэжээ.
2.10.Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан “Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 2.9-д “Хэрэглэгч нь дамжуулах, түгээх шугам сүлжээний эзэмшлийн байдал, техникийн хувьд боломжтой нөхцөлд хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэйгээр аж ахуйн харилцаанд оролцоно.” гэж, мөн хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.1-д “ЭХЗХ нь хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Нөхцөл, шаардлагын хавсралтаар үндсэн тоноглолын үзүүлэлт, үйлчлэх хүрээг тогтооно.” гэж тус тус зохицуулжээ.
2.11.Маргааны тохиолдлын хувьд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос дээр дурдсан 1/.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан бүрэн эрхийн дагуу хэрэглэгчээс ирүүлсэн нэхэмжлэгч компаниар үйлчлүүлэхээс татгалзсан өргөдөл, гомдлыг судлан, нэхэмжлэгч компанийн тайлбар, мэдүүлгийг авч, хурлаараа хянан хэлэлцээд “Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 2.9-д заасны дагуу хэрэглэгч нь хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэй байх шаардлага болон 2/.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.1-д заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн байгууллагын эрхгүй байсан үедээ зарим хэрэглэгчдийн дулаан түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийг шилжүүлэн авсан зөрчил гаргасан зэргийг тус тус үндэслэн нэхэмжлэгч компанийн хавсралтаар батлагдсан үйлчлэх хүрээнээс өргөдөл, гомдол гаргасан болон зөрчилтэй холбоотой орон сууцны хэрэглэгчдийг хасан тус компанийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан маргаан бүхий 141 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн маргаж буй “хариуцагч маргаан бүхий тогтоолыг гаргах эрх байхгүй” гэх үндэслэлээр хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.12.Маргаан бүхий 141 тогтоолын 2 дахь заалтаар “Тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс хасагдсан дээрх орон сууцны байруудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэхийг “Б д х” ХХК-д” үүрэг болгожээ.
2.13.Дээрх тогтоолын заалтыг нэхэмжлэгч компаниас хэрэгжүүлээгүй үндэслэлээр гаргасан маргаан бүхий улсын байцаагчийн албан шаардлага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:” 25.1.2-т “хууль тогтоомж...тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх” гэж заасантай нийцсэн байх тул түүнийг хууль бус гэж шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй байна.
2.14.Маргаан бүхий 141 дүгээр тогтоолын хувьд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, харин тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар хариуцагчид олгогдсон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах болон мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан хэлэлцэж, маргааныг шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулсан.
2.15.Гэтэл анхан шатны шүүхээс “Эрчим хүчний зохицуулах хороо нь “Б д х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг үндэслэх ёстой байжээ...Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтад ...энэ нь өмнө дүгнэсний адилаар тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой эрх хэмжээ биш, ...маргаан бүхий 141 дүгээр тогтоолд эрх зүйн үндэслэлийг заахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6 дахь заалтуудыг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2.16.Мөн анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудын үндэслэл, агуулга, зорилгыг тогтооход ач холбогдолтой үйл баримтыг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн бүрэн гүйцэд шинжлэн тогтоож, дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн буруу хуулийн заалтыг хэрэглэсэн үндэслэлээр маргаан бүхий актуудыг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий тогтоол нь маш олон хэрэглэгчийн гомдлыг хянан шийдвэрлэж барагдуулах үүднээс гаргасан тогтоол, хэрэглэгч хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхийг зөрчиж шүүх тогтоолын агуулгын цар хүрээ, зохицуулж буй харилцааг нь авч үзэлгүйгээр шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
2.17.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж заасны дагуу хариуцагчаас хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, хуульд нийцээгүй зөрчлийг арилгах зорилгоор уг асуудлыг судлан, хорооны хурлаараа нэхэмжлэгч компанийг байлцуулан тайлбар, мэдүүлэг авч маргаан бүхий 141 дүгээр тогтоолыг гаргасныг захиргаа сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлж, буруу хэрэглэсэн, өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан, хууль зөрчсөн тогтоол гаргасан гэдэг нь тогтоогдсонгүй.
2.18.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 794 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6, 25 дугаар зүйлийн 25.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б д х” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хорооны улсын ахлах байцаагчид тус тус холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 60-07-001/06 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 12 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 22 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 11 дэх тал
[4] Хэргийн 1-р хавтас 106-134, 2-р хавтас 45-51 дэх тал
[5] Хэргийн 1-р хавтас 238, 239, 2-р хавтас 8-9, 19-20 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 103-134 дэх тал
[7] Хэргийн 1-р хавтас 179-192 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 67-69, 2-р хавтас 164-166 дахь тал