Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01234

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00402 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 799 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Б” ХХК

         Хариуцагч: “О” ХХК

         Хариуцагч: Б.Б нарт холбогдох

         Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид 10.418.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

   Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компани О ХХК-тай 2015-04- 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу өөрийн худалдан борлуулдаг бараанаас зээлээр нийлүүлсэн. Гэвч О ХХК зээлээр авсан барааны үнийг төлөөгүй тул гэрээг дуусгавар болгож тооцоо нийлсэн актаар О ХХК манай компанид 8 829 770 төгрөгийн өглөгтэй гарсан. Энэ өглөг дээр алданги бодогдож байна. Иймд хариуцагч О ХХК-иас  8 829 770 төгрөг, алданги 180 хоногоор тооцоход 1 589 220 төгрөг, нийт 10 418 990 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээ дүгнэсэн акт дээр Б.Б ирээгүй, дэлгүүрийн менежер Б.Содбаяр гэрээ дүгнэсэн актыг үйлдэж, тооцоо хийсэн. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Бид нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 6 905 182 төгрөгийн агуулахаас авсан барааны үнийг төлөхийг зөвшөөрч байна. Харин гэрээний дагуу тооллого хийж дутсан 1 924 588 төгрөг, алданги 1 589 220 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний огноо, гэрээний хавсралттай таардаггүйгээс гадна гэрээний хавсралтыг зөвхөн нэхэмжлэгч тал баталгаажуулсан, мөн тооллогын гэх зөвхөн нэхэмжлэгч талын кассын баримтыг хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч гаргаж өгдөг. Энэ нь 2015-10-30-ны өдрийн гэрээ дүгнэсэн актанд тааруулж хийсэн баримт гэж үзэж байна. Гэрээний хавсралт болон тооллого хийхэд талууд байх ёстой ч хариуцагч тал байлцаж, баталгаажуулаагүй. Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийн талаар гэрээгээр тохиролцоогүй тул төлөхөөс татгалзаж байна. Тухайн маргаан хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан тул Б.Бийг иргэний хувиар оролцуулах шаардлагагүй гэж үзэн Б.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00402 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-иас 6 905182 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,513,808 төгрөгийн шаардлагыг Б.Бт холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125 433 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 799 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “6 905 182” гэснийг “8 829 770” гэж, “3 513 808” гэснийг “1 589 220” гэж, 2 дахь заалтад “125 433” гэснийг “156 226” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2018-03-29-ний өдрийн 1113 дугаар магадлалыг гэрээний дагуу тооллого хийж дутсан гэх 1.924.588 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь,гэрээний огноо гэрээний хавсралттай таардаггүйгээс гадна гэрээний хавсралтыг зөвхөн нэхэмжлэгч тал баталгаажуулсныг хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу гаргаж өгсөн. Мөн тооллогын гэх зөвхөн нэхэмжлэгч талын кассын баримтыг мөн хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс гаргаж өгдөг. Энэ нь 2015-10- 30-ны өдрийн гэрээ дүгнэсэн актанд тааруулж хийсэн баримт гэж үзэж байна. Гэрээний хавсралтыг 2 тал батлах ёстой байсан. Энэ нь Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөл биш бөгөөд 200 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Тооллого хийхдээ 2 тал  хоёуулаа байх ёстой байсан ч хариуцагч тал байлцаагүй, тооллого хийсэн баримт нь мөн л зөвхөн нэхэмжлэгч талаас ирсэн баримт байдаг. Магадлалд тус тооллогын баримт дээр н.Содбаяр зурсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг тэр чигт нь зөрчиж байна. Мөн энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4, 12.1 дэх хэсгийг шүүх хэрэглэх байтал хэрэглээгүй нь буруу болжээ. Тухайн тооллогод гарын үсэг зурах эрхийг н.Содбаярт огт олгоогүй, төлөөлөх эрхгүй этгээд байсаар байхад ингэж шийдвэрлэсэн нь хууль бус юм. Мөн 2015-10-30-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг манай талаас баталгаажуулаагүй байгааг шүүх хуульд нийцүүлэн дүгнээгүй нь буруу болжээ. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, 1.924.588 төгрөгийг хасаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б ХХК 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр О ХХК, Б.Б нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, авсан барааны үнэ 6,905,182 төгрөг, дутагдсан барааны үнэ 1,924,588 төгрөг, алданги 1,589,220 төгрөг нийт 10,418,990 төгрөг шаардсан байна.     

       Хариуцагч О ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхдөө “...нэхэмжлэлээс барааны үнэ 6,905,182 төгрөгийг зөвшөөрнө, харин дутсан барааны үнэ гэх 1,924,588 төгрөг, алданги 1,589,220 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар /хх 109/ өгчээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “... бараа хүлээн авч байсан Б.Содбаяр “О” ХХК-ийг төлөөлж гэрээ дүгнэх эрх бүхий этгээд гэх үндэслэлгүй байна... актаар хариуцагч 1,924,588 төгрөгийн бараа дутагдуулсан нь тогтоогдоогүй гэж үзнэ... нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна...иймд хариуцагчаас барааны үнэ 6 905182 төгрөг гаргуулна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

        Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс дутагдуулсан барааны үнэ 1,924,588 төгрөгийн шаардлагыг нэмж хангахдаа “... дутагдсан барааны үнэ 1 924 588 төгрөгийг бусад төлбөрийн хамт 2015-11-15-ны дотор төлөх үүргийг хариуцагч актаар хүлээсэн байна...актыг О ХХК-г төлөөлөх эрхтэй этгээд үйлдсэн нь гэрээний  7.1, 7.2-г зөрчөөгүй... ” гэжээ.  

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч “О” ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Б ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр нэр бүхий барааг “О” ХХК-д хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч 6,905,182 төгрөгийн барааны үнэ төлөхийг татгалзаагүй байх тул хоёр шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 42.4-т нийцжээ. 

      “О” ХХК, Б ХХК гэрээний биелэлтийг дүгнэж 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр акт үйлдсэн нь /хх 9/ тогтоогдсон, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1, 7.2 дахь хэсгийн заалтаас үзвэл О ХХК-ийг Б.Содбаяр төлөөлөх буюу гэрээ байгуулах, бараа хүлээн авах, гэрээ дүгнэх, акт үйлдэх эрх бүхий этгээд байна. О ХХК нь хүлээн авсан бараанаасаа 1 924 588 төгрөгийн бараа дутагдуулсан нь тогтоогджээ.  

       Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, О ХХК худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 8 829 770 төгрөгийн үүргийг хариуцах үүрэгтэй  байна.

       Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхив. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 799 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайгийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 140.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ