Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох эрүүгийн 2025000830088 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Аыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 38-04 тоотод төрсөн эх П.Чунагбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Ээж архи уучихаад уйлаад байхаар нь би боль гэхэд таягаараа цохихоор нь таягийг нь булааж аваад 2-3 удаа цохисон. Харамсаж өөртөө гомдож байна. Миний буруу гэх мэдүүлэг, -Хохирогч П.Чунагбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн.... 2019 оны 01 сарын 31-ний орой он гарч байхад миний төрсөн хүү А “баяр болж байхад ширээн дээр хоол, цай, шампанск байхгүй” байна гэж надад уурлан агсам тавиад байсан. Тэгэхлээр нь би уурлаад битгий хуц гэж хүүдээ хэлсэн. Гэтэл хүү маань миний төмөр таягийг авч байгаад миний ууц нуруу, гар хөл рүү цохиж зодсон. Энэ үед миний таяг хугарсан. Сүүлдээ болохгүй болохоор нь би зөрүүлээд хүү Аын толгой руу нь 2 удаа таягаараа цохисон юм. Энэ үед манай ач охин Мөнгөнцэцэг орж ирээд бид хоёрыг салгаж цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Аыг авч явсан юм ..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/

 -Гэрч З.Болорхандын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...Анхаагийн гэрт ороход А өөрийнхөө ээж Чунагбаатарын хамт байсан. А согтуу байсан. Тэгээд манай хүү Чингис, А, Чунагбаатар эгч бид дөрөв манай авчирсан архийг хувааж уусан. Архи дуусчихсан чинь Чунагбаатар эгч манай хүүд 10000 төгрөг өгөөд ахин архи авчируулсан. Тэгээд тэр архийг ууж байгаад би нэг мэдсэн согтоод унтчихсан байсан. Тэгээд би шөнө сэртэл Анхаа гэртээ байхгүй байсан. Чунагбаатар эгч орон дээрээ хэвтэж байсан. А хаана байгаа юм бэ гэж асуухад Чунагбаатар эгч А намайг таягаар цохиж зодоод байхаар нь цагдаад өгөөд явуулчихсан гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 104 дугаартай... П.Чунагбаатарын биед баруун гар, гуя, баруун мөр, цээж, зүүн гарын сарвуунд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь 2020-01-03-ны өдөр үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун бугалга, гуя, нуруунд үүссэн зөөлөн эдийн цус хуралтууд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

-Хохирогч П.Чунагбаатарын цаашид гаргах гомдол саналгүй байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай баримт /хх-ийн 51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 38-04 тоотод төрсөн эх П.Чунагбаатарыг таягаар нь цохиж зодон биед нь баруун гар, гуя, баруун мөр, цээж, зүүн гарын сарвуунд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь төрсөн эх П.Чунагбаатарын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...П.Чунагбаатарын биед баруун гар, гуя, баруун мөр, цээж, зүүн гарын сарвуунд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 38-04 тоотод согтуурсан үедээ төрсөн эх П.Чунагбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хууралдаанд,миний буруу би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Би ээжийгээ харж байгаа тул цагийг нь богиносгож өгнө үү гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч П.Чунагбаатар нь цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

П.А шүүхийн шатанд 04 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Б.Аыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аын цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялын хэмжээг 318 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 318 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан срэгийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ