Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 551

 

    2020       06          10                                    2020/ШЦТ/551

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Б.Мөнгөншагай;  

хохирогч: О.Мөнх-Эрдэнэ;

шүүгдэгч: С.Э, Б.З, тэдгээрийн өмгөөлөгч Р.Мөнхтариа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З, С.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Оросын Холбооны Улсын Буриад Улсын Анагаах ухааны коллежийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, ах нарын хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Э;

 

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүү нарын хамт  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.З

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Э, Б.З нар бүлэглэж 2019 оны 07 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спасе лаунж”-ийн үүдэнд иргэн О.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, шилбэ, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, цээж, зүүн чихэнд цус хуралт, хамар ясны зүүн хажуу хананд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Өнгөрсөн зун Спасе лоунжид манай үеэл С.Бат-Эрдэнэ найз дээрээ очиж төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Тэгээд буцаад гарч яваад Б.З, С.Э болон бусад найзуудад нь зодуулсан. Гурван эмэгтэй, 8 эрэгтэй байсан. Анх тамхинаас болж маргаан үүссэн. Бат-Эрдэнийг С.Э цохисон. Миний нүд рүү цохисон. Би шилтэй байсан. Зүүн зовхиноос цус гарсан. Б.З миний хамар руу цохисон. Миний хамар тухайн үед зүгээр байсан боловч одоо битүү шарх сорвитой болсон. Хамраа эмчлүүлэх төлбөр нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Анхнаасаа бүлэглэж зодсон гэх асуудал байхгүй. Би хоёр удаа цохисон. Б.Зыг хамсаатан болгож оруулж ирж байгаад гомдолтой байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “...Тэр өдөр С.Э нь С.Бат-Эрдэнэ, О.Мөнх-Эрдэнэ хоёртой барьцалдсан байж байсан. Би С.Эийг зодуулж байна гэж ойлгоод очиж салгасан...” гэв.   

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 11, 76/, гэрч С.Бат-Эрдэнэ /хх-ийн 12-13, 65/, гэрч Э.Батлуу /хх-ийн 17-18/, гэрч Ч.Адъяабазар /хх-ийн 19-20/, гэрч Ш.Галаа /хх-ийн 23/, гэрч Б.Төгөлдөр /хх-ийн 66/, гэрч П.Эрдэнэбилэг /хх-ийн 67-69/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8813 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг /хх-ийн 34/, хохирогч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 71-72/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 73/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 74-75/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 113/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 114-118/, хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 463 дугаар, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 635 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 141-145, 164-166/, С.Эий яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-47, 61-63, 175, 191/, С.Эий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49, 77/, Б.Зын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 182-183/, Б.Зын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 169-174/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 189-190/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Б.Э, Б.З нар нь 2019 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спасе лаунж”-ийн үүдэнд иргэн О.Мөнх-Эрдэнэтэй “тамхилсангүй” гэх шалтгаанаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч О.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 11, 76/: “...2019 оны 07 дугаар сарын 16-ны орой 23 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “Спайс Лоунж”-ийн үүдэнд найз С.Бат-Эрдэнийн хамт тамхи татаж байсан. Танихгүй нэг залуу ирээд С.Бат-Эрдэнийг “ганц тамхилчихаач” гэхэд нь “тамхилах ёстой юм уу” гэж хэлсэн. Тэр танихгүй залуу шууд С.Бат-Эрдэнийг гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. ...миний биед учирсан зүүн зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг С.Э гараараа цохиж учруулсан. Харин хамар руу маань Зози болон бусад нь цохисон байх...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Бат-Эрдэнийн / хх-ийн 12-13, 65/: “...би өөрийн найз болох Эрдэнэбилэг рүү яриад “хаана байгаа юм” гэхэд “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, фантамын зүүн урд талд байрлах “Спасе” нэртэй лаунжид байна, ...төрсөн өдөр болоод тэмдэглэж байна” гэхээр нь Зозид төрсөн өдрийн мэнд хүргэх гээд О.Мөнх-Эрдэнэ бид 2 очсон. ...О.Мөнх-Эрдэнэ бид 2 гарч тамхилчихаад гэр лүүгээ харих гээд гартал лаунжийн гадаа Зози болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд гараад ирчихсэн “караоке орно” гэж яриад байж байсан. О.Мөнх-Эрдэнэ бид 2 тамхи
татаад лаунжийн гадаах цагаан өнгийн хашлаган дээр сууж байтал нөгөө залуустай
хамт явж байсан гэх нэг танихгүй залуу ирээд намайг “тамхилаач” гэхээр нь “тамхилах ёстой юм уу” гэхэд “юун сүртэй юм” гээд нүүр лүү гараараа 3-4 удаа
цохисон. О.Мөнх-Эрдэнэ тэр залууг болиулах гээд тэр залууг түлхэж байх шиг
байсан. ...О.Мөнх-Эрдэнийг Зози гэх залуу нүүрэн хэсэгт нь цохихыг би харсан. ...С.Э, Зози хоёр О.Мөнх-Эрдэнийн нүүрэн хэсэгт нь цохиж байсан...” гэх мэдүүлгээр,

 

С.Эий яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 45-47/: “...2019 оны 07 дугаар сарын 16-ны орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Space” лоунжид найз Б.Зын төрсөн өдрийг тэмдлэглэж байсан. ... манай найзуудын найз гэх 2 залуу орж ирээд найзуудтай гар барилцчихаад өөр ширээн дээр суусан. Тэгээд 23 цагийн үед лоунжаас гарах гээд Эрхэмбилэг, Э.Батлуу, Энгүүн бид 4 тооцоогоо хийж байтал нөгөө 2 залуу манай найзуудтай гадаа тамхилаад байж байсан. Би гараад С.Бат-Эрдэнэ гэх залуугаас нь тамхи асуутал “яахлаараа өгөх ёстой юм” гээд шоолоод, нөгөө найзтайгаа бие бие рүүгээ хараад инээлдээд, хэгжүүрхээд, над руу харж байгаад С.Бат-Эрдэнэ нь миний урдхан талд шүлсээ хаяад байсан. Би С.Бат-Эрдэний эрүүнийх нь зүүн доод хэсэг рүү гараараа 1 удаа цохиход хажуу талаас нөгөө найз нь орж ирээд намайг баруун чих рүү гараараа 1 удаа цохисон. Манай найзууд зодоон цохион боллоо гээд бужигналдаад салгасан. ...Би буцаж очоод О.Мөнх-Эрдэнийн нүүрнийх нь зүүн тал руу гараараа 2 удаа цохисон. ...О.Мөнх-Эрдэнэ рүү очоод уучлалт гуйгаад гар барих гэхэд өөдөөс салаавч гаргасан. ...би О.Мөнх-Эрдэнийг татаад газар унагаасан...” гэх мэдүүлгээр,

 

О.Мөнх-Эрдэнийн биед “зүүн зовхи, шилбэ, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, цээж, зүүн чихэнд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8813 дугаар дүгнэлтээр /хх-ийн 31/,

 

мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн “...О.Мөнх-Эрдэнийн биед зүүн нүдний зовхи, зүүн шилбэ, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, цээжний баруун дээд хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 141-143/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийг 2 хүн зодсоныг хохирогч, гэрч нар хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

           

Шүүгдэгч Б.З, С.Э, өмгөөлөгчийн хамтаар “О.Мөнх-Эрдэнийг хөнгөн гэмтээсэн хэрэгт Б.З оролцоогүй, хохирогчийн хамарт тухайн үед гэмтэл учирсан нь эргэлзээтэй” гэх боловч  шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.

Хэдийгээр хохирогч О.Мөнх-Эрдэнэ тухайн үед өөрийг нь олон хүн нийлж зодсон, чухам хэн нь ямар байдлаар гэмтэл учруулсныг мэдэхгүй байсан талаар анх мэдүүлж байсан боловч мөрдлөгийн явцад энэ байдлыг тодруулж, өөрийг нь зодсон хүмүүсийг биечлэн харсан гэрч С.Бат-Эрдэнээр дамжуулан өөрийг нь Б.З, С.Э нар бүлэглэн зодсоныг хохирогч О.Мөнх-Эрдэнэ мэдүүлэгтээ тогтвортойгоор шууд зааж мэдүүлсэн, хохирогчоос гадна гэрч С.Бат-Эрдэнэ хохирогч О.Мөнх-Эрдэнийг С.Э, Б.З нар нийлж бүлэглэн нүүрэн хэсэгт нь цохиж байсныг тодорхой мэдүүлсэн байна.

Энэ хэргийн бусад гэрч нарын хувьд тухайлбал Э.Батлуу, Ч.Адъяабазар, Б.Төгөлдөр, П.Эрдэмбилэг нарын хувьд тодорхой цаг хугацаанд үргэлжилсэн С.Э, Б.З, С.Бат-Эрдэнэ, О.Мөнх-Эрдэнэ нарын хооронд болсон маргаан, хүч хэрэглэсэн үйлдлийг сүүлд өөр өөр орон зай, цаг хугацаанаас хамаарч харсанаа мэдүүлсэн нь С.Э, Б.З нарын гэм бурууг үгүйсгэхгүй болно.

Хохирогч О.Мөнх-Эрдэнэ, гэрч С.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэдэнд хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль сануулан мэдүүлэг авсан тул гэмт хэрэг үйлдэхэд оролцсон шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт гэж үзэж, тэдний мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.

Хохирогч О.Мөнх-Эрдэнэ зодуулсны маргааш буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шинжээч томилуулан улмаар түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг шинжээч тогтоосон. Хожим энэ дүгнэлтэд өөрийнх нь биед учирсан хамрын гэмтэл орхигдсон талаар хохирогч санал хүсэлтдээ тодорхой бичсэн байна.

Үүнийг үндэслэн хохирогчоос гаргаж өгсөн эмнэлгийн баримтуудыг үндэслэн хамар ясны гэмтэл учирсан талаар шинжээч дүгнэлт гаргасан.

Дээрх байдлаас дүгнэхэд Б.З, С.Э нар хоёулаа нийлж хохирогч О.Мөнх-Эрдэнийн нүүр, толгой хэсэгт цохиж зодож зүүн зовхинд зулгаралт, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, цээж, зүүн чихэнд цус хуралт, хамар ясны зүүн хажуу хананд хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан нь тодорхой байна.

 Иймээс Б.З, С.Э нар энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогчийг бүлэглэн зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн С.Э, Б.З нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 175.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу тус бүрээс 87.500 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мөнх-Эрдэнэд олгох нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд хохирогч О.Мөнх-Эрдэнэ “хамраа эмчлүүлэх зардалд 3.550.000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч энэ талаархи нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Э, Б.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тус бүрийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

 

шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Эийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Б.З нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Б.З нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.      

   

5. Шүүгдэгч С.Э, Б.З нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.Э, Б.З нараас нийт 175.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч тус бүрээс 87.500 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мөнх-Эрдэнэд олгож, хохирогч О.Мөнх-Эрдэнийн 3.550.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э, Б.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ