Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/160

 

                                          

 

 

 

 

 

                   

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

            Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

            Хохирогч Ё.Дэлгэрмөрөн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат,

            Шүүгдэгч Ё.А нарыг оролцуулан, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан /авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс 2 буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Ад холбогдох эрүүгийн 1914005760491 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ё.А

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Ё.Аг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Бага хөндий гэх газарт 2019 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгороос Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замд 51-88 ОРХ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бага насны зорчигч Б.Маргад-Эрдэнэ, А.Саруулчимэг нарын амь нас хохирсон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Агийн мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байна. Маш их харамсаж байна. Би тамхи татдаггүй, Ё.Дэлгэрмөрөнгийн тамхийг авч хаясан. Тэгэхэд хажуу талаас бэр “ээжээ” гэх шиг болсон. Нүд ирмэхийн зуур л болсон. Сүүлд бодохнээ би сандраад хааз гишгэсэн байх гэж бодсон гэх мэдүүлэг,

-хохирогч Ё.Дэлгөрмөрөнгийн мэдүүлсэн “Эгчийг ингээд суулгаж байгаадаа харамсаж байна. Ийм байдалд оруулсандаа харамсаж байна. 2 хүүхдийг нь бодохоор яс хавтайж байна. Би хойно суугаад машин хөдлөөгүй байхад тамхиа би асаасан. Ё.А тамхи аваад шидэх агшинд л “ээжээ” гээд л... мэдэхгүй байгаа. Надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-14-р хуудас/

-3ам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 18-19-р хуудас/

-Хохирогч Ё.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Тэгээд нилээд удаан явсан барагцаагаар 30, 40 минут яваад манай бага хүү огцом чарлаж уйлсан. Би машин дотроо нилээд аргалаад л явсан ч манай хүү чимээгүй болохгүй байхаар нь Ад газар ойрхон байгаа юм чинь машинаа өгье гээд гүйцэж түрүүлсэн юм. Тэгээд Аагий машинаасаа бууж ирээд жолоон дээр суухад би хойно нь хүүхэдтэй ноцолдож байсан. Аагий машины жолоон дээр суугаад 50м газар ч яваагүй байсан юм. Тэгээд л гэнэт ээжээ гэх шиг болоод л осол болсон байсан. Нүд эрмэхийн зуур л болсон. Би маргааш үдээс хойно Баянхонгор аймгийн эмнэлэг дээр сэрсэн юм. Надад гомдол санал байхгүй. Би эгчийнхээ төлөө л харамсаж байна... ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22-р хуудас/

 -Хохирогч Н.Саранчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Би Дэлгэрмөрөн, А хоёрыг жолоо солихоос өмнө би Дэлгэрмөрөнгийн хүүхдийг тэвэрчихсэн явж байхад 3 сартай хүү нь уйлаад байхаар нь Дэлгэрмөрөн хүүхдээ хөхүүлэх гээд Агийн машины араас нь очоод сигналдсаар байгаад зогсоосон юм. Тэгээд Аг машинаас нь аваад Дэлгэрмөрөн хүүхдээ аваад ард суусан юм. Аагий эгч жолоон дээр суугаад машин хажуу тийшээгээ далийгаад 2 тийшээгээ дайвалзаад, далийгаад байсан, тэгээд хальт санахнээ муу усны нүх шиг хоёр нүхтэй замын хажууруу унасан байх шиг санагдаж байна. Яг осол гарах үед А, Дэлгэрмөрөн хоёр тамхи татсан юм. Тэгээд А тамхиа хаях гэж байсан уу юу болсныг мэдэхгүй замын хажуу тийшээ далийсан юм. Тэгээд би яаж яваад байгаа юм бэ Аагий эгчээ гээд тэгээд осол гараад би маргааш нь эмнэлэгт толгойдоо оёдол тавиулсан хэвтэж байсан юм...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28-р хуудас/... Дэлгэрмөрөн сайхан тамхи татая гээд тэр хоёр нэг нэг тамхи асаагаад хөдлөөд явсан. Тамхиа татаж байхдаа машинаа барьж явсан юм. Үнсээ хаях гэсэн үү, тамхиа хаях гэсэн үү хажуу тийшээ буюу гадагшаа хазайх үедээ рүлээ цааш дараад замаас гарсан. Урд талын машин Аг буулгаад шууд хөдлөөд явсан. А машинд суугаад шууд бүсээ зүгээд тэгээд тамхиа асаагаад хөдөлсөн... гэх мэдүүлэг/хх-ийн 181-182-р хуудас/... хөдлөөд явж байхдаа А үнсээ хаях гэсэн үү, тамхиа хаях гэсэн үү хажуу тийшээ хазайх үедээ рулээ хажуу тийш нь дараад замаас гарсан. Хүүе Аагий эгчээ яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь огцом хурд аваад ниссэн. Осол болсон... бага насны хүүхдээ алдаж, өөрөө эрүүл мэндээрээ хохирсон. Зүрхний хэм алдах, бөөрний дутагдал гэсэн оношлогдож байгаа.., гомдолтой байна. цаашид эмчилгээний зардлыг гаргуулах шаардлагатай байна. би 15 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 183-184-р хуудас/

 

-Гэрч Ж.Ёндонжунайгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Өлзийт сумын цаад хэсгээр байх асфальтан хучилттай зам дуусаж шороон зам орох хэсгээс 1 км цаана байх аваар осол болсон байсан. Би өөрөө хамгийн урд нь явж байсан болохоор шороон зам руу салдаг дээр ирээд хойно явж байгаа хэдийгээ хүлээгээд зогсож байсан чинь араас Цэндбаяр ирсэн. Тэгээд нөгөө хэдийг яав гэж асуусан чинь /талийгаач/ Марал-Эрдэний гэдэс нь өвдөөд байсан тэрийг л бие засуулж байгаа байх гэж хэлсэн. Тэгэхээр нь хэсэг хүлээгээд байхгүй байхаар нь хөгшин бид хоёр эргээд явж байсан чинь Агийн барьж явсан приус 20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу хэсгийн газарт унасан, онхолдсон байсан. Тийшээгээ эхнэр бид хоёр л очсон юм. Тэнд очиход А би хүн алчихлаа гээд орилоод байсан. Манай хүн ч очоод уйлаад орилолдоод бөөн юм болсон. Би ч өөрөө сандарсан байсан. Лав миний ажигласнаар А, Дэлгэрмөрөн, охиноо /Саранчимэг/ нар машинаас гадаа гараад ирсэн байсан. Мөн 2 талийгаачийг машины гадаа гаргаж хэвтүүлсэн байсан. Бид хоёрыг очиход 2 хүүхэд нас барсан байсан. Тэгээд бид Дэлгэрмөрөн, Саранчимэг нарыг машиндаа суулгаад эхнэрээ тэнд үлдээгээд наашаагаа буюу Өлзийт сум руу яваад замдаа Цэндбаяр луу болсон явдлыг хэлээд эмнэлэг рүү ирээд нөгөө хэдийг эмчид үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/ “...Тэгээд би Баянхонгор орох засмал замын төгсгөл дээр нөгөө 2 машиныг хүлээж байхад нэг машин нь ирж байна гээд хөгшин буугаад Цэндбаярын машинаас нөгөө машин нь яасан бэ гэхэд? Цэндбаяр бие засаж байгаа байхаа гэж хэлсэн юм. Тэгээд удаагүй нөгөө машин дээрээ очиход 2,3 км байсан, тэгтэл осол болсон байсан. Тэнд байсан хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн...Машин нь явж байсан замын эсрэг тал руугаа буюу /нарийн тээлрүүгээ/ харсан байдалтай байсан. Тухайн зам нь огцом зам огт биш жоохон нэг тал руугаа налуу л газар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

 

-Гэрч С.Цэндбаярын мэдүүлсэн... хэрэг болсон гэх газрын цаад талд нь бид нар зогсоод хадам за бүгдээрээ ойрхон болгоомжтой яваарай гэж хэлээд хөдөлсөн араас нь би хөдөлсөн юм. Тэгээд тэр газраас хөдлөөд 200 метрийн зайнд байх дээшээгээ өгсөж овгор хэсэг рүү гарч ирдэг юм байна лээ. Тэнд зогсож хойшоогоо харахад А эд нар араас хөдөлж байсан. Тэгэхээр нь араас явж байгаа юм байна гэж бодоод хөдлөөд явсан юм. Тэгээд яг асфальт дуусаж шороон зам руу салдаг дээр ирэхэд хадам машинтайгаа зогсож байсан. Тэгээд би очиж зогсоход нөгөө хэд яав гэхээр нь араас ирж байгаа байх гэж хэлээд байж байсан хэсэг хүлээсэн нөгөө хэд ирээгүй. Тэгээд хадам үзчихээд ирье гэж хэлээд явсан. Удаач үгүй хадам аав машинтайгаа буцаж ирээд нөгөө хэд үхэх гэж байна хурдал гэж хэлсэн. Тэгэхээр нь тийшээгээ яваад очсон чинь аваар болсон машин замын хажуу шороонд зогссон байсан. Машины урд шил нь хагарсан, хойд хэсэг нь хумигдсан, сууж явсан хүмүүс нь бүгд гадаанаа гараад зогссон, нас барсан 2 хүүхэд машины цонхоор шидэгдсэн юм шиг байна лээ, тэр хоёрыг зэрэгцүүлж хэвтүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/

-Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 519 дугаартай Н.Саранчимэгийн биед тархи доргилт, дух, зулай, дагз зүүн сарвуунд шарх, дух, зовхи, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 49-р дугаар хуудас/

-Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 66 дугаартай.... Талийгаач А.Саруулчимэгийн цогцост гавлын зүүн чамархайн яснаас урагшаа суурь ясны зүүн дунд хонхрын голоор хугарсан, уг хугарлаас зүүн дунд хонхрын чулуулаг ясны гадна хэсэг хүрсэн цөмөрсөн хугарал, их тархины зүүн тап бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн хажуугийн ховдол дахь цусан хураа, толгойн хуйхны дотор гадаргуун дух, чамархай, дагзны хэсгийн цус хуралт, зүүн чамархайд шарх, зүүн хацар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх ба тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь гавал, тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач А.Саруулчимэгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал, тархины хавсарсан хүнд гэмтэл авсан ба уг гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн байна. Талийгаач нь О (I) бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/

-Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 59-67-р хуудас/

-Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарынн 04-ний өдрийн 67 дугаартай..... Талийгаач Б.Маргад-Эрдэнийн цогцост гавлын зүүн чамархайн болон суурь ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дагз, суурийн хэсэг, баруунд талд зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины орой хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, зүүн 7, 8, 9, 10, 11- р хавирганы хугарал, зүүн уушгины язарсан шарх, цус хуралдалт /200гр/, толгойн хуйхны дотор гадаргуун чамархай, дагзны хэсгийн цус хуралт, дух, цээж, хэвлий, шилбэ, мөр, нуруу бугалга, шуунд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх ба тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь гавал, тархи, цээжний хэсгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Б.Маргад-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задпан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид гавал, тархи, цээжний хэсгийн хавсарсан хүнд гэмтэл учирсан ба уг гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн байна. Талийгаач нь О (I) бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 72-73-р хуудас/

-Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 74-82-р хуудас/

-Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн...Тухайн зам тээврийн осол нь Тоёота приус-20 маркийн 51-88 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ёндонжунай овогтой А /РД:МЭ84051163/-ны буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн ослын гарах болсон шууд шалтгаан нь Түмэд овогт Ёндонжунайн А нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Тухайн зам тээврийн осол нь замын нөхцөл байдлаас шалтгаалж гараагүй байна. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн нэгдсэн сангаас Түмэд овогт Ёндонжунайгийн А \РД:МЭ84051163\-ийн жолоочийн эрхтэй эсэх талаар шалгахад жолоочийн В ангиллын 1021012 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна. Тоёота приус-20 маркийн 51-88 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан Түмэд овогт Ёндонжунайгийн А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь МИЗ 130 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн тус тус заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна” гэсэн дүгнэлт/хх-ийн 86-87-р хуудас/

 

- “Орхон аймгийн Авто тээврийн төв”-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/49 дугаартай ...“Тоуоtа prius 20 маркийн тээврийн хэрэгслийн техникийн  дүгнэлт” /хх-ийн 199-205-р хуудас/

-“Далайван Аудит” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/18 дугаартай... Үнэлгээнд хамрагдсан prius 20 маркийн авто машины засварласан болон сольсон эд ангийн нийт үнэлгээ зах зээлийн үнэлгээ 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 3,585,000 төгрөг ” гэх дүгнэлт /хх-ийн 211-217-р хуудас/

-Хохирогч Н.Саранчимэгийн нэхэмжлэл хохирлын баримтууд /хх-ийн 227-243-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 361 дугаартай ...Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №519 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Саранчимэгийн биед тархи доргилт, дух, зулай, дагз, зүүн сарвуунд шарх, дух, зовхи, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн өөрийн нэяр хаяг бүхий амбулаторийн картанд шинээр илэрсэн гэмтэл тогтоогдоогүй. Н.Саранчимэг нь эмнэлэгт хүргэгдэх үедээ ухаангүй байсан эсэх талаархи эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй болно.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 32-35-р хуудас/

-Яллагдагч Ё.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...Тэгээд хүүхэд нь уйлаад байхаар нь би тал тамхийг нь аваад цонхоороо шидчихээд, Дэлгэрмөрөнд бохь өгсөн, тэгээд араандаа хийгээд машин хөдөлсөн юм. Энэ үйлдэл нь машин хөдлөхөөс өмнө болсон асуудал байгаа юм. Би Дэлгэрмөрөнгийн машиныг бариад ерөөсөө нээх удаагүй 5-10 минут хүрэхгүй зайтай осол болсон юм. Тэр хугацаанд надад машины гэмтэл огт мэдэгдээгүй. Би тухайн машиныг бариад 20-30 км хурдтай машин барьж явсан. Тухайн машинд 3 том хүн 3 хүүхэд сууж явсан юм. Би өөрөө суудлын бүсээ зүүчихээд бусад зорчигчидоо суудлын бүсээ зүүгээрэй гэж хэлээд л суусан юм. Хойно бол бүсэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Намайг Дэлгэрмөрөн гуйгаад тэгээд би машиныг нь барьж өгсөн юм. Би сайн мэдэхгүй байна. Яг болсон үйлдлийг нэг нэгэнгүй санахгүй байна. Осол болох үеээр Прүис-20 маркийн тээврийн хэрэгслийн үрүүл булаах шиг болсон тэгээд л осол болсон байсан. Машин жолоодоод 100 метр ч яваагүй байх тэгээд л юу болсныг санахгүй байгаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 15-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.

              2019 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Бага хөндий гэх газарт Баянхонгороос Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замд 51-88 ОРХ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч Ё.А нь Ё.Дэлгэрмөрөнгөөс жолоо шилжүүлэн авч жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах  хэрэгсэл нь МИЗ 130 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн журмыг зөрчиж осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны зорчигч Б.Маргад-Эрдэнэ, А.Саруулчимэг нарын амь нас хохирсон, хохирогч Н.Саранчимэгийн биед хөнгөн гэмтэл хохирол учирч, 51-88 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,858,000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, хэмжилт хийж тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн  бичмэл нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ё.А нь  51-88 ОРХ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж 2 хүний амь нас хохироосон,1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөд эвдрэл хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан, жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.А нь Приүс маркийн 51-88 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь МИЗ 130 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн журмыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба энэ дүгнэлтийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эсэргүүцээгүй байна. Мөн хохирогч Н.Саранчимэгийн биед хөнгөн гэмтэл учирсныг шинжээчийн 519, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоожээ.

Шүүгдэгч Ё.Агийн үйлдлийн улмаас 2 хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ё.А Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ё.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд ,шүүгдэгч Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Бага хөндий гэх газарт 2019 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгороос Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замд 51-88 ОРХ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэн авч жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч бага насны зорчигч Б.Маргад-Эрдэнэ, А.Саруулчимэг нарын амь нас хохирсон болох нь шинжлэн судалсан нотлх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ё.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2          жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гаргуулах төлбөргүй гэсэн саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирогч Саранчимэгт 10 сая төгрөг төлсөн, гарсан эмчилгээний зардлын баримтыг үндэслэн төлсөн. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Асрамжинд нь бага насны 2 хүүхэд байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа. Иймд хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлнэ үү гэжээ.

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирол, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Н.Саранчимэгт 10,000,000 төгрөг төлсөн баримт, хохирогч Ё.Дэлгэрмөрөнд 3,000,000 төгрөг төлсөн баримт болон хохирогч нарын “нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар баримт хэрэгт авагдсан /шүүхийн шатанд/ байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.  

Шүүгдэгчийн асрамжинд байгаа насанд хүрээгүй хоёр хүүхдэд Баян-Өндөр сумын Засаг дарга асран хамгаалагч тогтоосон захирамж хэрэгт хавсаргагдсан байх тул шүүх энэ талаар шийдвэртээ заах шаардлагагүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Ё.Агийн №1021012 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Ё.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ё.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн №1021012 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,  төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ