| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/1005/Э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 552
2020 06 10 2020/ШЦТ/552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: Ш.Хосбаяр;
шүүгдэгч: А.О, түүний өмгөөлөгч Д.Бадам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Өргөө амаржих газарт нярайн эмч ажилтай, охины хамт, А.О
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч А.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нийслэлийн Өргөө амаржих газар”-ын нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус тасгийн нярайн фото аппарат нэг ширхэг, нярайн хүүхдийн ор /тэргэнцэр/ нэг ширхэг зэргийг өөрийн хувийн эмнэлэг болох “Бурам Оюу” нэртэй эмнэлэгтээ ашиглах замаар албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: “...Би Нярайн тасгийн эрхлэгчийн ажлыг 10 жилийн хугацаанд хийсэн. Нярайн тасгийн тоног төхөөрөмжийг авч ашигласан нь үнэн. Гэхдээ түр хувийн эмнэлэг дээрээ хэрэглэх зорилгоор авсан. Манай ажилчид авсныг мэдэж байсан. Би нууцаар аваагүй. Буцаагаад оруулж өгсөн. Үүнтэй холбоотойгоор байгууллагаас хурал хийгээд надад сахилгын шийтгэл оногдуулж, цалингийн хувь бууруулж, албан тушаал буурсан. Тиймээс зохих ёсны хариуцлага хүлээсэн гэж бодож байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Нийслэлийн Өргөө амаржих газраас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсралт /1хх-ийн 3-5/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 14/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батдаваа /1хх-ийн 16, 142-143/, гэрч Н.Алимаа /1хх-ийн 17, 144-145/, гэрч Ц.Даваадулам /1хх-ийн 18, 150-151/, гэрч Ж.Амарсанаа /1хх-ийн 20-21/, гэрч З.Болорцэцэг /1хх-ийн 22, 152-153/, гэрч Б.Өлзийсайхан /1хх-ийн 23-24, 33-34/, гэрч С.Мөнхзул /1хх-ийн 25-26/, гэрч М.Болормаа /1хх-ийн 27-28, 148-149/, гэрч Л.Дашмягмар /1хх-ийн 29-30/, гэрч Б.Адууч /1хх-ийн 31-32/, гэрч Я.Сайнзаяа /1хх-ийн 35-36/, гэрч С.Цэвэлсүрэн /1хх-ийн 37-38/, гэрч Ц.Алтантуяа /1хх-ийн 39-40, 154-155/, гэрч Ч.Гүндэгмаа /1хх-ийн 41-42, 146-147/, гэрч Н.Лхамжав /1хх-ийн 43-44/, гэрч Б.Болормаа /1хх-ийн 45-46/, гэрч Л.Саран /1хх-ийн 47-48/, гэрч Б.Содтунгалаг /1хх-ийн 49-50/, гэрч Э.Азжаргал /1хх-ийн 51-52/, гэрч Л.Төгсгэрэл /1хх-ийн 53-54/, гэрч С.Арша /1хх-ийн 55/, гэрч А.Гандулам /1хх-ийн 56/, гэрч Б.Өлзийхишиг /1хх-ийн 57, 156/, гэрч И.Сауле /1хх-ийн 58-59/, гэрч Х.Урмаа /1хх-ийн 60-61/, гэрч Ч.Мядаг /1хх-ийн 157/ нарын мэдүүлэг, Нярайн тасагт дутагдсан хөрөнгийн жагсаалт /1хх-ийн 62/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 63, 133-135/, Нийслэлийн Өргөө амаржих газартай холбоотой баримтууд /1хх-ийн 64-111, 233-250/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 115-116/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 137-138/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 139-141/, гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-ийн 158-159/, иргэний хариуцагч Н.Алимаагийн мэдүүлэг /1хх-ийн 163-164/, гэрч А.Дүүрэнбилэгийн мэдүүлэг /1хх-ийн 229-230/, Нийслэлийн Өргөө амаржих газрын албан бичиг, хавсралт /1хх-ийн 166-181/, А.Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 121-123, 231/, А.Оийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 182-186, 210-211/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нийслэлийн Өргөө амаржих газар”-ын нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус тасгийн эд хөрөнгө болох нярайн фото аппарат нэг ширхэг, нярайн хүүхдийн ор /тэргэнцэр/ нэг ширхэг зэргийг өөрийн хувийн эмнэлэг болох “Бурам Оюу” нэртэй эмнэлэгтээ ашиглах замаар албан тушаалын байдлаа ашиглаж завшсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батдаваагийн /1хх-ийн 16, 142-143/: “...хагас жилийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тооллогоор эд зүйлүүд бүгд бүрэн байсан. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нярайн тасгийн эд хариуцагч Н.Алимаа бид нарт “сүүлийн 2 сарын хугацаанд манай тасгаас тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд дутаад байна” гэж хэлсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тооллого хийж үзэхэд нярайн фото эмчилгээний аппарат 2 ширхэг, тарианы автомат шахуурга 2 ширхэг, өөр төрлийн тарианы автомат шахуурга 1 ширхэг, хүүхдийн жин 1 ширхэг, эмийн тэргэнцэр 1 ширхэг, хүүхдийн op 1 ширхэг, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 1 ширхэг, нярайн шарлалт хэмжигч аппарат 1 ширхэг, ларингископ 1 ширхэг, сахар тодорхойлогч аппарат 1 ширхэг зэрэг 12 ширхэг эд зүйлс дутаж 19.715.723 төгрөгийн хохирол учраад байна. ...хүчилтөрөгч өтгөрүүлэгч, ларингископ, сахар тодорхойлогч аппарат зэрэг нь манай байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй манай байгууллагын эд хөрөнгө биш. Тийм учраас нэхэмжлээгүй. Дансаар бүртгэлтэй дутагдсан эд хөрөнгүүдийг нэхэмжилж сүүлд жагсаалт гаргаж өгсөн. Одоо жагсаалтад дурдагдсан 7 нэр төрлийн 9 ширхэг эд хөрөнгийг нэхэмжилж байна. ...үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Алимаагийн /1хх-ийн 17, 144-145/: “...Би 2018 оны 6 сард хагас жилийн тооллогоо тоолоход бүгд бүрэн байсан. Түүнээс хойш тоолоогүй байж байгаад 2018 оны 10 сарын дундуур тооллого хийхэд эд зүйлс дутсан байсан. Манай байгууллагын эд зүйлс нь ажлын онцлогоос шалтгаалан нэг хүний нэр дээр бүртгэлгүй, хэрэгцээтэй газарт нь хэрэглээд явж байдаг зүйлс байгаа юм. Би хариуцаж ажиллах ёстой. Нярайн тасагт эмч, сувилагч, төрсөн эхчүүд хүүхдийн хамт ордог. Түүнээс бол гадны хүн огт ордоггүй. Манай байгууллагад хяналтын камер байдаг ч удаан хугацаанд хадгалдаггүй. ...Манай байгууллагаас өгсөн өргөдөлд бичигдсэн зүйлүүдээс 1 ширхэг хүүхдийн ор, нярайн фото эмчилгээний аппарат зэргийг нярайн тасгийн эрхлэгч А.О нь арга зүйч Оюун-Эрдэнэд хүлээлгэн өгсөн байна. Би ...сериал дугаарыг нь шалгахад алдагдсан гэх зүйлүүд мөн байсан. Бусад зүйлүүд нь олдоогүй байна. ...хүчилтөрөгч өтгөрүүлэгч, ларингискол, сахар тодорхойлогч аппарат зэрэг нь байгууллагад бүртгэлтэй хөрөнгө биш учраас нэхэмжлэхээ больсон. ...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жагсаалтад дурдагдсан 7 нэр төрлийн 9 ширхэг эд хөрөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Даваадуламын /1хх-ийн 18/: “...Би 2018 оны 6 дугаар сард ажлаа хийгээд тасаг руу яваад буцаж ирэхэд манай тасгийн цэвэрлэгч М.Болормаа нярайн тасгийн эрхлэгч А.Оийг хүүхдийн ор аваад гарсан талаар хэлсэн. Би тухайн үед дэвтэртээ бичээгүй байж байгаад дараагийн ээлжийн сувилагч Ч.Гүндэгмаад хэлж байсан. Энэ тухай 6 дугаар сарын 24-ний өдөр дэвтэртээ бичиж тэмдэглэсэн байгаа” гэх мэдүүлгээр,
гэрч М.Болормаагийн /1хх-ийн 27-28, 148-149/: “...эрхлэгч А.О эмч хүлээн авахаар хүүхдийн ор аваад гарч байхыг харсан. Өөр зүйл харж байгаагүй. ...Би А.О эмчийг ор авч гарсан талаар Ц.Даваадулам сувилагчид хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Алтантуяагийн /1хх-ийн 39-40, 154-155/: “...Намайг анх энэ ажилд ороход нярайн тасагт шарлалт хэмждэг аппарат 1 ширхэг байсан. Хүүхдүүдэд хүрдэггүй байсан. Гэтэл 1 шарлалт хэмжигч багажийг А.О эмч авчихаад хадгалаад байгаа юм уу, гаргаж өгдөггүй юм гэсэн яриа явдаг байсан. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр чанарын менежерийн ажил хавсарч гүйцэтгэхээр болсон. ...би “Энх бүсгүй” гэдэг хувийн эмнэлэгт биеэ үзүүлээд гарч явахад үүдэнд нь А.О эмчийн эмнэлэг байсан. Манай найз З.Болорцэцэг эмч ажиллаж байхаар нь орж уулзах гээд орсон чинь манай эмнэлгээс алга болсон хүүхдийн жин, хүчилтөрөгч хэмжигч аппарат, фото аппарат, шарлалт хэмжигч багаж байсан. Би фото аппарат, хүүхдийн жин, хүчилтөрөгч хэмжигч аппаратуудын зургийг авсан. Шарлалт хэмжигч агпаратын зургийг авах гэтэл хүн үзээд байсан болохоор авч чадаагүй. ...Би энэ талаар няравт хэлсэн. Тооллого бүртгэл явагдсан. Тооллогоор дутагдал гараад цагдаагийн байгууллагад шалгуулсан. ...А.О эмчид л байгаа байх гэж бодож байна. Эмч, сувилагч нарын хувьд бол тоног төхөөрөмжийг аваад гарах зүрх зоригтой хүн байхгүй, тэглээ ч овор хэмжээ ихтэй. А.О эмч бол тасгийн эрхлэгч байсан. А.О эмчийн эмнэлэг дээр алга болсон зүйл байхыг би нүдээрээ харсан. ...А.О энэ явдал болсноос хойш өөрийг нь юм аваад гарахыг харж байсан гэрчүүдийг албан тушаалаараа дарамталж, тэдгээр хүмүүс рүү муухай зан гаргаж, тасгийн хурал дээр өөртэй нь тааламжгүй харьцсан хүмүүсийг элдвээр хэлж доромжилж, хүмүүсийг хэцүү байдалд оруулж байгаа. Түүнд авсан юмаа авчирч өгөөчээ гэж шаардлага тавьсан хүмүүс рүү муухай зан гаргаж элдвээр хэлж элдэв явуулга явуулах болсон...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Өлзийхишигийн /1хх-ийн 57/: “...манай чанарын менежер Ц.Алтантуяа бидэнд хэлэхдээ “алга болсон гэх тэргэнцэр, бикс, жин, фото аппарат, шарлалт хэмжигч, хүчил төрөгчийн хангамж хэмжигч гэх тоног төхөөрөмжүүд тасгийн эрхлэгч А.О эмчийн хувийн эмнэлэг болох “Бурам Оюун” эмнэлэг дээр З.Болорцэцэг эмч ашиглаад хүүхэд үзэж байсан” гээд зургийг нь үзүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Гандуламын /1хх-ийн 56/: “...манай тасгийн хурал болох үеэр шарлагын фото аппарат, хүүхдийн ор зэрэг эд зүйлс алдагдсан байна гэж тоног төхөөрөмж хариуцсан хэлтсийн дарга О.Батдаваа хэлэхэд асрагч Болормаа, туслах сувилагч Гүндэгмаа, туслах сувилагч Ц.Даваадулам нар нь “нярайн тасгийн эрхлэгч А.О эмч эдгээр эд зүйлсийг нярайн эмч З.Болорцэцэгийн хамт аваад явсныг нь харсан” гэж хэлж байсан. ...энэ асуудал болсны дараа телевиз, хэвлэл мэдээллээр ...мэдээ мэдээлэл цацагдаад эхлэнгүүт А.О эмч дээрх шарлагын аппаратыг эмнэлэгт буцааж авчирч өгсөн байсан...” гэх мэдүүлгээр,
А.Оийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 121-123, 231/: “...2018 оны 06 дугаар сард би нярайн тасгийн фото эмчилгээний аппарат, хүүхдийн ор хоёрыг хүлээн авахын хаалгаар гаргаад өөрийн ажиллуулдаг “Бурам Оюу” нэртэй эмнэлэгтээ ашигласан. 2018 оны 10 дугаар сард тооллого болоод эд зүйл дутлаа гэхээр нь фото эмчилгээний аппарат, хүүхдийн ор зэргийг эмнэлэгт буцааж оруулсан. ...хувийн эмнэлэгтээ ашиглахдаа “Өргөө амаржих газрын” удирдлага, эд хариуцагчид мэдэгдэлгүйгээр авч ашигласан. Миний хувийн эмнэлэгт шаардлагатай болохоор нь авсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, А.Оийг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, байгууллагаас албан ажлын шаардлагын дагуу нярайн тасагт эд хөрөнгийг шилжүүлж өгсөн болохыг, шүүгдэгч нь тасгийн эрхлэгчийн хувьд байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн өөрийн өмчийн адил хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан, хяналт шалгалт, тооллогоор байгууллагын эд хөрөнгө дутагдсаныг тогтоосон, энэ байдлын улмаас шүүгдэгч нь байгууллагын эд хөрөнгийг буцааж өгсөн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгчийн зүгээс “А.О нь тоног төхөөрөмж итгэмжлэн хариуцагч биш байсан, байгууллагын зүгээс энэ хууль бус үйлдэлд тодорхой хариуцлага тооцсон, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй учраас энэ үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх боловч хэрэгт цугларсан шүүгдэгчийг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, түүний үйлдлийн арга, сэдэлт зэргээс үзэхэд албан тушаалын байдалтай нягт холбоотой өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт гэрээ хэлцэл, хууль дүрэм, албан ажлын шаардлагын дагуу тухайн этгээдийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг хууль зүйн дагуу шилжүүлсэн байдаг.
Гэтэл А.О нь “Нийслэлийн Өргөө амаржих газар”-т нярайн тасгийн эрхлэгчээр ажиллахдаа өөрийнх нь албан ажлын шаардлагын дагуу байгууллагаас итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүйгээр, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хувийн эмнэлэгтээ ашиглаж буй нь “Хөрөнгө завших” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг бүрэн агуулж байгаа болно. Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлгүй.
Ийнхүү А.О нь “Нийслэлийн Өргөө амаржих газар”-ын нярайн тасгийн эрхлэгчээр ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Нийслэлийн Өргөө амаржих газар”-ын дансанд бүртгэлтэй тоног төхөөрөмж болох фото аппарат нэг ширхэг, нярайн хүүхдийн ор /тэргэнцэр/ нэг ширхэг зэргийг хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүйгээр өөрийнхөө хувийн “Бурам Оюу” эмнэлэгт ашигласан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч А.Оийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь өөртөө ашиглаж байсан байгууллагын эд хөрөнгийг буцааж хүлээлгэн өгсөн тул бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Оийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заас-
наар шүүгдэгч А.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч А.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ