Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/41

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү- овгийн Б-ын Ө-ад холбогдох эрүүгийн 2027000000041 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарыг 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр баг, тахилаг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ү- овгийн Б-ын Ө- РД: ___

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ө- нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум Мөнхбулаг 2 дугаар баг ___ тоотод  Г.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар Г.Б-ий зүүн гарын бугалга хэсэгт нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Б.Ө- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хх-ийн 1-2-р хуудас/

Хохирогч Г.Б-ийн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би Ө-ын гэрт очиж “Соёрхол” нэртэй архи хувааж уусан. Тэндээсээ Б- гэх айлд очсон тэднийд хүмүүс архи ууж байсан. Б- гэх айлд Б.Ө- бид хоёр архи уучхаад Б- гэх айлаас би Э- гэх ахтай гараад бид хоёр манай гэрт очсон удалгүй араас манай гэрт Б.Ө- ирсэн. Э- ах Б.Ө- хоёр манайхаас буцаж гараад айлаас тамхи аваад ирье гээд яваад буцаад хүрээд ирсэн. Б.Ө- манайд хонины толгой мөлжиж сууж байсан. Би манай гэрт 30 кг ноолуур байсан байхгүй байна эхнэр аваад явчхаж гэж хэлсэн чинь Б.Ө- уурлаад чи ноолуураа алдчихсан юм уу? Чамд 30 кг ноолуур байхгүй 10 кг ноолуур байсан шүү дээ гээд уурлаад мах идэж байсан хутгаараа миний зүүн гар руу хутгалчихсан юм. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаагийнхан ирсэн...мөрдөгч асуулт: Та хоёр юун дээрээс болж маргалдах болсон юм? хариулт. Архи уучихсан байсан нэгнийхээ үгийг даагаагүй. Манайд байсан ноолуурыг алга болчихсон байна гэхээр л Б.Ө- өөрийн авчихсан гэж хардаад байна гэж бодоод уурласан...Б.Ө-, Э- бид гурав байсан өөр хүн байгаагүй...Манай гэрийн хутга...Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч С.Э-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б- гэх айлд байж байсан чинь гаднаас Г.Б-, Б.Ө- нар орж ирсэн. Тэднийхээс Г.Б- бид хоёр Г.Б-ий гэр рүү явсан. Удалгүй араас Б.Ө- Г.Б-ийн гэр рүү орж ирсэн.Би Б.Ө-ад хандаж намайг Б- гэх айл руу хүргээд өгчих ах нь тамхиа авья гэж хэлээд Б.Ө- бид хоёр Б-ынд оччихоод буцаад Г.Б-ий гэрт очсон. Г.Б- гэх хүн Б.Ө- гэх хүнд хандаж манайд байсан 30 кг ноолуур алга байна эхнэр Өвөрхангай аймаг руу аваад явчихлаа гээд байсан. Б.Ө- гэх хүн Г.Б-д хандаж чамд 30 кг ноолуур байхгүй 10 кг ноолуур байсан гээд байх шиг байсан. Удалгүй гэнэт Г.Б- намайг хутгалчихлаа гээд орилсон харсан чинь гараас нь цус гарч байсан. Би гарыг нь боож өгсөн. Удалгүй цагдаа, эмнэлгийнхэн ирсэн. Б.Ө- миний ___ дугаартай утсаар эхнэр рүү гээ залгаад эхнэртээ хандаж би хүн хутгалчихлаа гэж хэлж байсан...нэг ноолуурын асуудал яриад байсан. Учрыг нь би ойлгоогүй. Гэнэт Г.Б- гэх хүн Б.Ө-ад хандаж чи намайг хутгалчихлаа гээд байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн

“...Үзүүлэгч Г.Б--ний биед зүүн гарын бугалга хэсэгт шарх гэмтэл, зүүн гарын бугалга шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо

...Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

...Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 202 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх- ийн 24-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Б.Ө- нь Г.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар хохирогч Г.Б-ий зүүн гарын бугалга хэсэгт нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас, гэрч С.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ө-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ө- нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Ө-ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Ө-ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүгдэгч Б.Ө- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав,

Шүүгдэгч Б.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш устгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үүрэн овгийн Б-ын Ө- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Үүрэн овгийн Б-ын Ө-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ө- нь битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ө-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ө-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА