Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/147

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Б.Чангарав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 2025001140110 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.Бг согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн 09-09 тоотод эхнэр Б.Чангаравыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бгийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Чангаравын шүүх хуралдаанд мэдүүлсэн “Тэр өдөр модонд явах гэж

байсан. Энхбаяр согтуу ирсэн. 1 шил архи авсан. Тэгээд Октябрынд очиж 2-3 пиво уусан. Тэгээд гэртээ ирээд, буцаад гарах гэхээр нь гаргахгүй гэж маргалдсан. Гэтэл намайг татаж унагаж алгадаж цамцнаас заамдсан. Урьд зодож байгаагүй. Хааяа архи уухаараа эвгүй зан гаргадаг. Надад гомдол байхгүй гэх мэдүүлэг

-Хохирогч Б.Чангаравын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би нөхөр Бгийн хамт модонд явах гоожин авчихаад машиндаа өндөрлөгөө хийлгэж байтал Б руу Энхбаяр гээд найз нь утасдаж бид хоёрын байсан дугуй засвар дээр ирсэн. Тэгээд Энхбаяр архи уумаар байна гэхээр нь Б нэг шил архи авч өгсөн өөрөө уугаагүй тэгээд машинаа засаж дуусчихаад Энхбаярыг Октябрын гэрт хүргэж өгчихөөд бид хоёр явах гэтэл Б пивоноос нь 3 аягыг уусан. Тэгээд гэртээ ирээд явах гээд байхаар нь би чи пиво уучихаад одоо яаж явдаг юм гээд машины түлхүүр булаагаад авсан чинь намайг багалзуурдаад үснээс зулгааж хацар луу цохиж хацар, гарнаас хазсан... надад гомдол, санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-р хуудас/

- Гэрч Л.Должинжавын мэдүүлсэн ...Би 2020 оны 02 сарын 05-ны өдөр охин Чангаравын утас руу 21 цагийн үед залгасан чинь утсаа авахгүй байсан ба утас нь дарагдаад цаана нь Чангарав, Б хоёр хашгираад байсан тэгэхээр нь би цагдаа руу залгаж гэр рүү нь цагдаа явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

- Гэрч Д.Батхуягийн мэдүүлсэн...Б уурлаж хашиграад байсан. Зодож цохиж байгааг нь хараагүй. Айл гэрийн хэрүүл гэж бодоод өнгөрсөн. Зодож цохиж байгааг харсан бол ороод салгалгүй яахав. Зодож байхыг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаартай,... Б.Чангаравын биед баруун гарын ядам хуруунд шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн хацарт зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Баруун гарын ядам хуруунд шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 23-26-р хуудас/

-Баянцагаан багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 39-47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн 09-09 тоотод согтуурсан үедээ эхнэр Б.Чангаравыг зодож биед нь баруун гарын ядам хуруунд шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бичмэл баримтууд  зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлэг, Баянцагаан багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Бгийн үйлдэл бүрэн нотлогдсон ба түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Харин прокуророос Т.Бгийн дээрхи үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдснийг үндэслэлгүй байна гэж дүгнэв. Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Т.Бгийн үйлдэл гэр бүлий хүчирхийллийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй, Баянцагаан багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнд “хорт зуршил хэрэглээгүй үедээ гэр бүл амгалан тайван байдаг, бие биенээ хайрлан халамжилдаг, хүүхдүүддээ маш сайн анхаарал халамж тавьдаг”, ”хааяа хамт архи уудаг, архины хамааралтай” гэр бүл гэж дүгнэсэн ба цаашид нөхцөл байдлын үнэлгээ шаардлагатай гэж үзжээ. Т.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж үзэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Бгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд  шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Т.Б нь нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн 09-09 тоотод эхнэр Б.Чангаравыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд: Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэжээ.       

 Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.              

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэрэг гарах үеийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Чангарав нь гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын 1 хоногт  дүйцүүлэн тооцож 40 хоногийн хорих ял дээр  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Бд оногдуулсан 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ